ИНФЛЯЦИ
Сонин дээр гарсан нийтлэлээ бүрэн эхээр нь тавив...
Нүүдэлчин сэтгэлгээНүүдэлчин түмэн хэдэн мянганы турш байгал дэлхийтэйгээ нягт зохицолдон амьдарсаар ирсэн билээ. Тиймдээ ч байгалийн эрхшээлээр жилийн дөрвөн улиралдаа тааруулж өвөлжөө, хаваржаа сэлгэн нүүдэллсээр ирсэн юм. Мэдээж энэ нь байгалийн хүчийг сөрж, нийгмээр хамтран амьдрах философи бүхий суурьшмал иргэншилээс маш олон талаар өөр билээ.
Монголчууд бидний аливаа ажилд уужуу тайван, төлөвлөгөөгүй ханддаг нүүдэлчин маягийн сэтгэлгээ 21-р зуун гарсаар ч амь бөхтэй оршин тогтносоор байна. Үүний нэг жишээ нь сүүлийн үед манай эдийн засагт нүүрлээд байгаа өндөр инфляци юм. Өнгөрсөн оны сүүлчийн улиралд тэртэй тэргүй тасралтгүй өсч байсан үл хөдлөх хөрөнгийн үнэ даруй 30-50 хувиар өссөн. Энэ нь барилгын материалын үнэ огцом өссөнтэй холбоотой гэх. Үүний араас хүнсний бүтээгдэхүүн, хэрэглээний бараа үйлчилгээ, бензин шатахууны үнэ дуу дуугаа авалцан огцом өсөв. Статистикаас харахад оны сүүлчээр инфляци 30 гаруй хувьтай гарах боломж байсан боловч 6-р сарын сүүлчийн цахилгаан, дулааны үнийн 15-20 хувийн өсөлт, одоо дуншиж байгаа бензиний 20-30 орчим хувийн өсөлтийг тооцоод үзэхээр инфляци оны эцэс гэхэд хамгийн багадаа 45 хувийн өсөлттэй гарахаар хүлээгдэж байна. Энэ бүхний буруутан нь нөгөөх л Монголчууд бидний асуудалд аясаар нь төлөвлөгөөгүй ханддаг нүүдэлчин хандлага гэх.
Төрийн оролцоо
Уламжлал ёсоор улс орны эдийн засаг дах төрийн оролцоог тодорхойлдог эдийн засгийн онолын үндсэн хоёр урсгал байдаг. Тэдгээрийн нэг нь төрийн оролцоог аль болох бага байлгахыг чухалчилдаг бол харин нөгөө нь төрөөс зохицуулалт хийх нь зүйтэй гэж сургадаг билээ. Харин орчин үед эдийн засаг дах төрийн оролцоог хангалттай бага төвшинд байлгах нь зөв гэж үзэхийн хажуугаар төрийн үндсэн үүргийг Эдийн засаг дах үнэ ханшийн огцом хэлбэлзэлийг бууруулах гэж тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл төр эдийн засагт хүчээр зохицуулалт хийхгүй боловч эдийн засаг дах үнэ ханшийн аливаа огцом өөрчлөлтийг багасгах арга хэмжээг авна. Тухайлбал Монголын хувьд олон улсын зах зээл дээрх үнийн өсөлттэй холбоотойгоор бензиний үнэ өсөх нь зайлшгүй боловч үнийн өсөлтийг аль болох алгуур хийснээр ард иргэд өндөр үнэнд хэрэглээгээ зохицуулах, бизнесүүд өндөр үнэнд тааруулж цалин хөлсөө нэмэх гэх мэт маш олон хариу үйлдлүүдийг хийх боломжийг олгодог. Нэгэнт л үнэ ханш гэдэг нь олон улсын зах зээл дээр эдийн засаг, улс төр, байгал орчин, нийгмийн шинж чанартай маш олон хүчин зүйлийн улмаас өсч буурч байдаг зүйл тул түүнийг төрөөс аль нэг тийш нь чиглүүлэх, барих оролдлого хийх нь боломжгүй юм. Харин ард түмний нуруун дээр ирэх жинг нь аль болох алгуур нэмэгдүүлэх үйлдэл хийх нь зүй ёсны билээ.
Орон сууц
Инфляцийн огцом өсөлтөнд Монголбанкийг буруутнаар тодруулж, хариу арга хэмжээг зөвхөн тэндээс хүлээх нь буруу хэрэг юм. Угтаа одоо нүүрлээд байгаа инфляцийг зах зээл дээр байгаа мөнгөний эрэлт нийлүүлэлтийн хэмжээг зохицуулах оролдлого хийх замаар удирдах нь төдийлөн амжилт олохгүй болов уу. Учир нь энэхүү инфляци нь хэрэглээний чанартай эрэлт огцом өссөн үед нийлүүлэлт хангалттай хэмжээгээр өсөөгүйтэй холбоотой. Жишээлэхэд орон сууцны үнэ огцом өссөн нь тээвэрлэлт болон хүн ам зүйн бодлогод урт хугацааны стратеги төлөвлөлт алдагдсанаас, мөн санхүүгийн салбарт шинээр орон сууцны зээлийн бүтээгдэхүүн нэвтэрсэн, гадаад хөрөнгө оруулагчид Монголд байр орон сууц ихээр худалдан авах болсон зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой. Тухайлбал барилгын ид оргил үед төмөр зам ачааллаа дийлэхээ больсноос урд хөршид нэг тонн цементийн үнэ 70-80 орчим мянган төгрөг байхад манайд тээвэрлэлт саатлаас шалтгаалж 150 мянган төгрөг хүртлээ өссөнийг юу гэж тайлбарлах вэ. Үнэн хэрэгтээ 40 мянган айлын орон сууцны хөтөлбөр, хүн амыг хямд төсөр орон сууцаар хангах, мянганы зам гэх мэт төрөөс явуулж стратеги бодлогын чанартай зорилтуудын хаагуур нь төмөр зам гэдэг айл өнгөрчихөв гэдэг нь сонирхолтой юм. Урд хөрш болон манай хоорондын тээврийн эргэлт хэдхэн жилийн дотор хэд дахин нэмэгдэнэ гэдгийг яагаад улс орны тээвэрлэлтийн бодлогын хэмжээнд авч үзэн хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр дорвитой ажил хийгдсэнгүй вэ. Нөгөө талаас хүн амын хэт төвлөрөл Улаанбаатар хотод явагдаж байгаа нь хүн ам зүйн бодлого үгүйлэгдэж байгааг харуулж байна. Одоо нийслэл хотынхоны 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн мэдээ бий. Үнэн хэрэгтээ үүнээс хэр илүү болохыг нарийн тодорхой хэлэх боломжгүй юм. Мэдээж эдгээр өрхүүд амьдрах нөхцлөө сайжруулж байр орон сууцтай болохыг нэг зорилгоо болгон тавьж байгаа нь ойлгомжтой зүйл юм. Харин нийслэл хотын хүн амын талаас илүү хувь нь байртай болох хэрэгцээ шаардлага байхад нийслэл хотын дэд бүтцийг өргөжүүлэх ажил ямар төлөвлөгөөтэй явна вэ? Хэрэв бидэнд ямар ч хэрэгжиж байгаа төлөвлөгөө байхгүй бол энэ маягаараа бол тун удахгүй орон сууцны үнийн өсөлтийн хоёрдох давалгаа явж мэдэхээр байна.
Бензин, бензин
Дараагийн хүндрэл бол мэдээж олон улсын зах дээрх нефтийн үнийн өсөлттэй холбоотой дотоод дахь бензиний үнийн өсөлт юм. Монгол улсын нийт импортын хэмжээ өчүүхэн тул аливаа стратегийн гэрээ хэлцлийг томоохон нийлүүлэгчидтэй хийх замаар үнийг тогтоох нь боломжгүй юм. Нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх нь зүйтэй санаа болов ч урт хугацаанд явц муутай, цор ганцаар нь хэрэглэхэд олигтой үр дүн гарах хувилбар биш юм. Харин нефтийн бүтээгдэхүүний нөөц сан бүрдүүлэхийн хажуугаар олон улсын зах зээл дээр үнийн өсөлтөөс хамгаалах хэлцлүүдийг хийх бүрэн боломжтой. Энэ боломжийг манай орны импортолдог өчүүхэн хэмжээ бидэнд олгоно. Мэдээж Америк, Хятад мэтийн нүсэр эдийн засагтай орнууд бүх хэрэглэх нефтийн бүтээгдэхүүнээ үнийн өсөлтөөс хамгаалах санхүүгийн хэлцэл хийх боломжгүй. Харин Монголчууд бидний хувьд Нью-Йоркийн таваарын бирж дээрх томоохон нефтийн арилжаа эрхлэгч байгууллагуудтай хэлцэл хийж нефтийн үнийг ирэх 1-2 жилд одоогийн төвшин дээр барих, эсвэл үнэ өссөн тохиолдолд тэдгээр байгууллагуудаас манай засгийн газарт тодорхой хэмжээний нөхөн төлбөр олгох нөхцөл бүхий гэрээ хийх бүрэн боломжтой. Хэрэв үнэ өссөн тохиолдолд засгийн газарт эдгээр байгууллагууд нөхөн төлбөр төлөх бөгөөд харин эргүүлээд засгийн газар маань нефт импортлогч компаниудад татаас олгох байдлаар дотоодын зах зээл дээрх үнийн өсөлтийг хязгаарлах, алгуур хийх боломжтой болох юм.Олон улсын биржүүд дээр иймэрхүү үнэ ханшийн өсөлтөөс хамгаалах санхүүгийн хэлцэл хийх практик тогтоод зуу гаруй жилийг ардаа орхисон.
Монголчууд бид одоо төлөвлөгөөтэй, стратегитай, бодлоготой хандаж, төрийн байгууллагууд хоорондын болон бизнесийн байгууллагуудынхаа хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох бололцоог өргөжүүлж ажиллах шаардлагатай байна. Олон улсын эдийн засаг, санхүүгийн зах зээл дээр нүүрлээд байгаа хүндрэлтэй байдал нь манай эдийн засгийг тойрч гарахгүй нь лавтай.
No comments:
Post a Comment