Хүн амьдралын туршдаа бага багаар боловсорч, боловсрохын хэрээр ертөнцийн юмс үзэгдэлийг үзэх үзэл, тэдэнд хандах хандлага нь өөрчлөгддөг билээ. Физиологийн үзүүлэлтүүдээс бусдаар бол залуу ба хөгшин хүний ялгаа нь харьцангуй байдлаар зөвхөн энэхүү боловсролтой холбогдон бий болох юм. Тухайлбал 30 настай ба 20 настай залуу хоёрын хооронд тархины үйл ажиллагаан дах физиологийн ялгаа илрэхгүй ба харин сэтгэлгээний хувьд нэлээн том ялгаа байгааг харж болно. Энэ нь амьдралын философи буюу тэдгээр хоёр хүний ертөнцийг үзэх үзэл хэрхэн зөрүүтэй байгаагаас болох юм. Зарим философичид хүн 25 нас хүрээд ертөнцийг үзэх үзэл нь тогтдог хэмээн сургадаг. Эсрэгээр хүний амьдралын туршид түүний ертөнцийг үзэх үзэл буюу амьдралын философи төлөвших бөгөөд насан эцэслэх тэр мөчид нэгтгэгддэг бөлгөө. Тухайн хүний амьдралаас таашаал авах хэлбэр нь материаллаг эсвэл оюунлаг байхаас үл хамаараад эцсийн тэр цаг мөчид материаллаг бүхэн үнэ цэнээ алдах нь ойлгомжтой.
Ертөнцийг үзэх үзлийн хувьд бүрэн төлөвшиж дууссан хүн бол Би хэн бэ? гэсэн асуултандаа бүрэн хариулт авч чадсан хүн юм. Ийм хүн нь нэг бол аливаа шашинд хөдөлбөргүй нэвтрэн орсон буюу хариултыг бусдаас эрэн олж авсан хүн, эсвэл энэхүү амьдралын мөн чанарыг өөрөө тунгаан бодсоор олсон хүн байх юм. Аль ч тохиолдолд энэ дэлхий дээр буй материаллаг баялаг нь огт үнэ цэнэгүй болох нь тодорхой. Гэвч хүн насан туршдаа материаллаг баялагийн төлөө хөдөлмөрлөх ба энэхүү баялаг нь эргээд тухайн хүний амьдрах насыг уртасгахад чиглэгдсэн байх юм. Илүү урт наслах нь эргүүлээд юуг төрүүлэх билээ.
Энд логик байдлаар авч үзвэл хоёр төрлийн хариулт гарах юм.
1рт хүн үндсэн асуултын хариултыг олж чадахгүй буй тул хугацаа хождог. Би хэн бэ? маш олон хувилбартай байж болох энэ асуултын хариултыг хүн насан туршдаа эрдэг.
2рт хүн өөрийн үндсэн үүргийг аль болох далайцтай хийхийн тулд хугацаа хожихыг эрмэлздэг. Үндсэн үүрэг нь нийгэмд тус хүргэхээс авахуулаад үр хүүхдээ эрийн цээнд хүргэх гэх мэт маш олон төрөлт байж болох боловч ерөнхийдөө бусдад туслах гэсэн үндсэн санааг агуулсан байх юм. Эдийн засагч, философич Адам Смит "Хүн гэгч амьтан нь хэдий амин хувиа хичээсэн боловч өөрсдөд зөвхөн харж таашаал авахаас бусдаар шууд ашиг тус өгөхгүй нөхцөлд бусдын аз жаргалаас баяр хөөрийг авч байдаг" гэж тодорхойлсон байдаг. Энэ нь хүн энэ насандаа сайн буян хийвэл ирэх насандаа диваажинд очино хэмээгч маш том тархи угаалттай холбоотой юу эсвэл түүний төрөлхийн шинж үү?
No comments:
Post a Comment