Стандартыг бид тогтооно!
Загвар зохион бүтээгч шинээр загвар зохиосноор хүмүүс шинэ загварын хувцас өмсч эхэлдэг. Armani шинэ хослолын загвар гаргасан учраас чи түүнийг өмсөх хэрэгтэй... Versace хийсвэр мөрөөдлийн ертөнцдөө хөтлөгдөж шинээр загвараа зохиож, түүнийг нь хүмүүс авахаар хошуурцгаадаг... Том төөрөгдөл мэт санагдана.
Үнэн хэрэгтээ тухайн загвар алдар хүндэд хүрэх эсэхийг тодорхойлдог өөр хүчин зүйл байх юм. Энэ хүчин зүйл нь үнэндээ нийгэмд нөлөөтэй бүлэг хүмүүсийн сонголт юм. Нийгэм бүхэлдээ эдгээр хүмүүсийн хөдөлгөөнийг давтаж байдаг. Тухайн загвар амжилттай болох эсэхийг энэ хүмүүс шийддэг. Энэ хүмүүсийн таалалд нийцсэн шинэ загвар л амжилтанд хүрэх хувьтай ажээ. Загвар зохион бүтээгч бол ердөө л эдгээр хүмүүсийн хүслийг түрүүлж мэдэрч чаддаг авъяастан юм. Магадгүй алдартай загвар зохион бүтээгч нь ихэнхдээ ийм хүмүүсийн нэг байдаг биз. СТАНДАРТЫГ БИД ТОГТООНО!!! Хэмээх энэ гайхалтай үгийг хэлэх хувь заяа нийгэмд, бидний дунд орших тэр хэсэгхэн бүлэг хүмүүст заяажээ...
Гэхдээ загвар зохион бүтээгчийн бүтээл бүр нь үргэлж амжилттай байх боломжгүй. Нийгмийн оршин тогтнолын үндсэн чанар болох хувьсал өөрчлөлтийн зарчмын дагуу Стандартыг тогтоогч хэд хэдэн бүлэгүүд аливаа нийгэмд оршдог байж таарна. Цаг хугацааны явцад нийгмийн стандартыг тогтоогч бүлгүүд харилцан өөр хоорондоо эрх мэдлийг шилжүүлдэг болов уу.
No comments:
Post a Comment