Saturday, August 9, 2008

ИНФЛЯЦИ

ИНФЛЯЦИ

Сонин дээр гарсан нийтлэлээ бүрэн эхээр нь тавив...

Нүүдэлчин сэтгэлгээ

Нүүдэлчин түмэн хэдэн мянганы турш байгал дэлхийтэйгээ нягт зохицолдон амьдарсаар ирсэн билээ. Тиймдээ ч байгалийн эрхшээлээр жилийн дөрвөн улиралдаа тааруулж өвөлжөө, хаваржаа сэлгэн нүүдэллсээр ирсэн юм. Мэдээж энэ нь байгалийн хүчийг сөрж, нийгмээр хамтран амьдрах философи бүхий суурьшмал иргэншилээс маш олон талаар өөр билээ.

Монголчууд бидний аливаа ажилд уужуу тайван, төлөвлөгөөгүй ханддаг нүүдэлчин маягийн сэтгэлгээ 21-р зуун гарсаар ч амь бөхтэй оршин тогтносоор байна. Үүний нэг жишээ нь сүүлийн үед манай эдийн засагт нүүрлээд байгаа өндөр инфляци юм. Өнгөрсөн оны сүүлчийн улиралд тэртэй тэргүй тасралтгүй өсч байсан үл хөдлөх хөрөнгийн үнэ даруй 30-50 хувиар өссөн. Энэ нь барилгын материалын үнэ огцом өссөнтэй холбоотой гэх. Үүний араас хүнсний бүтээгдэхүүн, хэрэглээний бараа үйлчилгээ, бензин шатахууны үнэ дуу дуугаа авалцан огцом өсөв. Статистикаас харахад оны сүүлчээр инфляци 30 гаруй хувьтай гарах боломж байсан боловч 6-р сарын сүүлчийн цахилгаан, дулааны үнийн 15-20 хувийн өсөлт, одоо дуншиж байгаа бензиний 20-30 орчим хувийн өсөлтийг тооцоод үзэхээр инфляци оны эцэс гэхэд хамгийн багадаа 45 хувийн өсөлттэй гарахаар хүлээгдэж байна. Энэ бүхний буруутан нь нөгөөх л Монголчууд бидний асуудалд аясаар нь төлөвлөгөөгүй ханддаг нүүдэлчин хандлага гэх.

Төрийн оролцоо

Уламжлал ёсоор улс орны эдийн засаг дах төрийн оролцоог тодорхойлдог эдийн засгийн онолын үндсэн хоёр урсгал байдаг. Тэдгээрийн нэг нь төрийн оролцоог аль болох бага байлгахыг чухалчилдаг бол харин нөгөө нь төрөөс зохицуулалт хийх нь зүйтэй гэж сургадаг билээ. Харин орчин үед эдийн засаг дах төрийн оролцоог хангалттай бага төвшинд байлгах нь зөв гэж үзэхийн хажуугаар төрийн үндсэн үүргийг Эдийн засаг дах үнэ ханшийн огцом хэлбэлзэлийг бууруулах гэж тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл төр эдийн засагт хүчээр зохицуулалт хийхгүй боловч эдийн засаг дах үнэ ханшийн аливаа огцом өөрчлөлтийг багасгах арга хэмжээг авна. Тухайлбал Монголын хувьд олон улсын зах зээл дээрх үнийн өсөлттэй холбоотойгоор бензиний үнэ өсөх нь зайлшгүй боловч үнийн өсөлтийг аль болох алгуур хийснээр ард иргэд өндөр үнэнд хэрэглээгээ зохицуулах, бизнесүүд өндөр үнэнд тааруулж цалин хөлсөө нэмэх гэх мэт маш олон хариу үйлдлүүдийг хийх боломжийг олгодог. Нэгэнт л үнэ ханш гэдэг нь олон улсын зах зээл дээр эдийн засаг, улс төр, байгал орчин, нийгмийн шинж чанартай маш олон хүчин зүйлийн улмаас өсч буурч байдаг зүйл тул түүнийг төрөөс аль нэг тийш нь чиглүүлэх, барих оролдлого хийх нь боломжгүй юм. Харин ард түмний нуруун дээр ирэх жинг нь аль болох алгуур нэмэгдүүлэх үйлдэл хийх нь зүй ёсны билээ.

Орон сууц

Инфляцийн огцом өсөлтөнд Монголбанкийг буруутнаар тодруулж, хариу арга хэмжээг зөвхөн тэндээс хүлээх нь буруу хэрэг юм. Угтаа одоо нүүрлээд байгаа инфляцийг зах зээл дээр байгаа мөнгөний эрэлт нийлүүлэлтийн хэмжээг зохицуулах оролдлого хийх замаар удирдах нь төдийлөн амжилт олохгүй болов уу. Учир нь энэхүү инфляци нь хэрэглээний чанартай эрэлт огцом өссөн үед нийлүүлэлт хангалттай хэмжээгээр өсөөгүйтэй холбоотой. Жишээлэхэд орон сууцны үнэ огцом өссөн нь тээвэрлэлт болон хүн ам зүйн бодлогод урт хугацааны стратеги төлөвлөлт алдагдсанаас, мөн санхүүгийн салбарт шинээр орон сууцны зээлийн бүтээгдэхүүн нэвтэрсэн, гадаад хөрөнгө оруулагчид Монголд байр орон сууц ихээр худалдан авах болсон зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой. Тухайлбал барилгын ид оргил үед төмөр зам ачааллаа дийлэхээ больсноос урд хөршид нэг тонн цементийн үнэ 70-80 орчим мянган төгрөг байхад манайд тээвэрлэлт саатлаас шалтгаалж 150 мянган төгрөг хүртлээ өссөнийг юу гэж тайлбарлах вэ. Үнэн хэрэгтээ 40 мянган айлын орон сууцны хөтөлбөр, хүн амыг хямд төсөр орон сууцаар хангах, мянганы зам гэх мэт төрөөс явуулж стратеги бодлогын чанартай зорилтуудын хаагуур нь төмөр зам гэдэг айл өнгөрчихөв гэдэг нь сонирхолтой юм. Урд хөрш болон манай хоорондын тээврийн эргэлт хэдхэн жилийн дотор хэд дахин нэмэгдэнэ гэдгийг яагаад улс орны тээвэрлэлтийн бодлогын хэмжээнд авч үзэн хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр дорвитой ажил хийгдсэнгүй вэ. Нөгөө талаас хүн амын хэт төвлөрөл Улаанбаатар хотод явагдаж байгаа нь хүн ам зүйн бодлого үгүйлэгдэж байгааг харуулж байна. Одоо нийслэл хотынхоны 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн мэдээ бий. Үнэн хэрэгтээ үүнээс хэр илүү болохыг нарийн тодорхой хэлэх боломжгүй юм. Мэдээж эдгээр өрхүүд амьдрах нөхцлөө сайжруулж байр орон сууцтай болохыг нэг зорилгоо болгон тавьж байгаа нь ойлгомжтой зүйл юм. Харин нийслэл хотын хүн амын талаас илүү хувь нь байртай болох хэрэгцээ шаардлага байхад нийслэл хотын дэд бүтцийг өргөжүүлэх ажил ямар төлөвлөгөөтэй явна вэ? Хэрэв бидэнд ямар ч хэрэгжиж байгаа төлөвлөгөө байхгүй бол энэ маягаараа бол тун удахгүй орон сууцны үнийн өсөлтийн хоёрдох давалгаа явж мэдэхээр байна.

Бензин, бензин

Дараагийн хүндрэл бол мэдээж олон улсын зах дээрх нефтийн үнийн өсөлттэй холбоотой дотоод дахь бензиний үнийн өсөлт юм. Монгол улсын нийт импортын хэмжээ өчүүхэн тул аливаа стратегийн гэрээ хэлцлийг томоохон нийлүүлэгчидтэй хийх замаар үнийг тогтоох нь боломжгүй юм. Нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх нь зүйтэй санаа болов ч урт хугацаанд явц муутай, цор ганцаар нь хэрэглэхэд олигтой үр дүн гарах хувилбар биш юм. Харин нефтийн бүтээгдэхүүний нөөц сан бүрдүүлэхийн хажуугаар олон улсын зах зээл дээр үнийн өсөлтөөс хамгаалах хэлцлүүдийг хийх бүрэн боломжтой. Энэ боломжийг манай орны импортолдог өчүүхэн хэмжээ бидэнд олгоно. Мэдээж Америк, Хятад мэтийн нүсэр эдийн засагтай орнууд бүх хэрэглэх нефтийн бүтээгдэхүүнээ үнийн өсөлтөөс хамгаалах санхүүгийн хэлцэл хийх боломжгүй. Харин Монголчууд бидний хувьд Нью-Йоркийн таваарын бирж дээрх томоохон нефтийн арилжаа эрхлэгч байгууллагуудтай хэлцэл хийж нефтийн үнийг ирэх 1-2 жилд одоогийн төвшин дээр барих, эсвэл үнэ өссөн тохиолдолд тэдгээр байгууллагуудаас манай засгийн газарт тодорхой хэмжээний нөхөн төлбөр олгох нөхцөл бүхий гэрээ хийх бүрэн боломжтой. Хэрэв үнэ өссөн тохиолдолд засгийн газарт эдгээр байгууллагууд нөхөн төлбөр төлөх бөгөөд харин эргүүлээд засгийн газар маань нефт импортлогч компаниудад татаас олгох байдлаар дотоодын зах зээл дээрх үнийн өсөлтийг хязгаарлах, алгуур хийх боломжтой болох юм.Олон улсын биржүүд дээр иймэрхүү үнэ ханшийн өсөлтөөс хамгаалах санхүүгийн хэлцэл хийх практик тогтоод зуу гаруй жилийг ардаа орхисон.

Монголчууд бид одоо төлөвлөгөөтэй, стратегитай, бодлоготой хандаж, төрийн байгууллагууд хоорондын болон бизнесийн байгууллагуудынхаа хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох бололцоог өргөжүүлж ажиллах шаардлагатай байна. Олон улсын эдийн засаг, санхүүгийн зах зээл дээр нүүрлээд байгаа хүндрэлтэй байдал нь манай эдийн засгийг тойрч гарахгүй нь лавтай.

Sunday, August 3, 2008

Ном битгий унш

Дээхнэ УИХ-ын нэлээн нэр хүнд бүхий гишүүнтэй нэгэн зөвлөгөөн дээр тааралдав. Мань хүн нэлээн ухаантай гэж үнэлэгддэг юм. Олон хүний дунд мэдэгдэл хийв. Би оксфорд аналитика уншдаг хүнийг ухаантай гэж үзнэ, тэрнийг уншдаггүй хүн бол тэнэг ухааны юм яриадхав. Мэдээж би тэрнийг нь анх удаа сонссондоо дургүйлхэж эгдүүцсэнгүй харин ямар өчүүхнээр хүмүүсийг хэмжиж байгааг нь мэдээд гайхав. Тэрнийг нь олж үзэв. Зүгээр байдаг л нэг анализ, репорт...
Би л лав тиймэрхүү чанартай мэдээлэлд өөрийн олон улсын эдийн засаг, улс төрийн дүгнэлтээ бүрэн найдахгүй байсан.

Энэ нь надад бас нэг зүйлийг санагдуулав. Би 2004 оны үед багшилж байхдаа оюутнууддаа та нар ном битгий уншиж бай, номонд хэт найдвал оюун ухаан чинь балартаж өөрийнхөөрөө сэтгэж чадахаа байна шүү гэж хэлж тэднийг гайхшруулж байсан билээ. Тухайн үед миний хэлсэн зүйлийн учрыг оюутнууд маань бүрэн ойлгосон эсэхийг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ энэ нь миний байнга санаа зовдог зүйлтэй холбогдон гарч ирсэн сургааль билээ. Эртнээс ажиглаад байхад монгол залуус маань ном, хүний хэлсэн үг, үзэл баримтлалд маш их дулдуйдаж, итгэж хүлээж авдаг билээ. Гэтэл энэ нь эцэстээ ямар хортой бохир зүйл болохыг хэн маань ч төсөөлдөггүй байх. Гадаад ардчилсан нийгмийг хархад тэнд олон ургальч үзэл, асуудалд шүүмжлэлтэй, олон талын соирхлоос харж дүгнэж хандлага маш давамгай хөгсөн байдаг. Хүмүүс асуудалд иймэрхүү байр суурьнаас хандаад эхлэх үед тухайн хэлэлцэж буй асуудал нь маш төгс төгөлдөр болж чаддаг гэж би итгэдэг юм.

Ном бол хэн нэгэн хүний, нэлээн дээр үед бодож байсан бодлуудын цуглуулга болохоос биш замыг зааж, чигийг гэрэлтүүлэгч crystal ball биш шүү дээ. Орчлон дэлхий маань тасралтгүй өөрчлөгдөж байна. Түүнийгээ дагаад хүмүүс, нийгэм, түүний юмс үзэгдэл бас байнга өөрчлөгдөж байна. Гэтэл ном бол зүгээр л нэг түүх юм шүү дээ. Энд мэдээж би номын ач холбогдолыг дарах гээгүй, гэхдээ цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байдаг гэдгийг уншигч авгай байнга санаж ухаарч байх учиртай юмаа.











Элит казах хүү

Саяхан Алма-Атыд очиж хэд хонов. Сайхан ногоон хот юм. Хот төлөвлөлтөө сайн хийжээ. 20 жил барьсан метро нь одоо нээлтээ хийнэ гэнэ. Хүн амын тоогоор манай Улаанбаатартай ойролцоо юм.

Очихдоо хоёр Уйгар луйварчинд хальт хэдэн бакс луйвардуулсныг эс тооцвол ер нь дажгүй.
Хамгийн тансаг дискод нь орж үзэв. Тавьж буй аянууд нь транс, нэлээн сайн DJ нартай юм. Гэхдээ сайн бүжиглэдэггүй санагдлаа. Жоохон 10 хэдтэй хүүхдүүд хэд хэдээрээ наргицгаах, гайхалтай нь бараг хүүхэд бүрийн хажууд нэг бие хамгаалагч зогсох юм. Хэнээс, юунаас хамгаалдаг нь тун тодорхойгүй. Би дээхнэ манай монгол бацаанууд бас бие хамгаалагчтай шоуддаг гэж сонсоод инээж байсан минь талаар болов. Үнэндээ Монгол ба Казахад асуудал яасхийж ялзарч байгаа нь тодорхой байгаа юм. Энэ хоёр нийгэмд сэтгэл тэнүүн амьдардаг хүн гэж үгүй ажээ. Баян ч ядуу ч байнгын дарамттай амьдардаг нь илт. Мөнгөтэй хүн мөнгөнөөсөө айж, хэзээ шоронд хийх бол, хэзээ рекетлэх бол гэж, мөнгөгүй хүн нь бас л нэлээн төстэй юмнаас айгаад амьдарч явах юм.

Казахын маш томоохон банкны ГЗ, ДЗ нар Назарбаевын хүргэнтэй муудсаны дараа ор сураггүй болсон гэх. Мэдээж эдний эхний 3 т ордог банк манайхтай харьцахгүй л дээ. Тэгэхээр ямархуу том скандал болсон нь ойлгомжтой. Алма-Аты урдаа Богд уул шиг уултай, мөн өөрсдийн Зайсан толгойтой. За бараг л нэр нь Зайсан гээгүй санагдана. Ер нь ижил үг олонтой юм. Хүмүүс нь тэр уулныхаа орой дээрээс энэ жалганд сөрөг хүчний тэр лидер бизнесмэнийг жолоочтой, хамгаалагчтай юутай хээтэй нь буудсан шүү дээ гэж хүүрнэх. Манай талийгч Зоригийн хэрэг шиг л юм байх. Ялгаатай нь хүн бүр хэн бүрэлгэснийг нь нэртэй устай нь хэлэх юм. Манай тохиолдол азгүй тохиолдол байсан байж мэдэх ч улс төрийн байх магадлал нь нэлээн өндөр юм.

Казахад байрны үнэ нэлээн өндөр, гэхдээ олон барилгын компани захиалга аваад дампуурсан байна. Манайд давтах магадлал тун өндөр харагдаж байгаа нь сэтгэл зовоож байна. Хэрэв барилгын компаниуд эхнээсээ яваад эхэлбэл манай хөгжил мөгжил дахиад хэдэн жилээр ухрана.










Элит

Төлөөлөл--
Саяны 7 сарын 1-ний үйл явдлын дараа энэ бодол орж ирсэн юм. Өмнө нь яагаад ч юм би өөрийгөө ард түмний төлөөлөл гэж үзэж явдаг байжээ. Тэр орой өөрийн бизнесийн үйл ажиллагааг эргэхээр очихдоо үйл явдал болсон газрын хажуугаар дайрч өнгөрсөн билээ. Тэгэхэд л би ард түмэн гэж хэн бэ гэдгийг харах шиг болов. Өмнө нь хэдэн жилийн өмнө Нийслэл хотын бонд гаргах ажлаар нийслэл хотын хүн ам зүй, дэд бүтэц, орон сууцны хэрэгцээ шаардлагыг судлаж байхдаа түгшиж байсан бодол маань биелэлээ олсоныг харсан. Би яагаад ч тэр хүмүүсийн төлөөл биш, миний найзууд таньдаг хүмүүс маань бүгдээрээ тэр хүмүүсийн төлөөлөл биш юм. Ялгаа маш хурдан бөгөөд маш хурц явсан байлаа. Гэтэл би өөрөө мөнгөтэй давхаргын хүн биш, энгийн сэхээтэнлэг давхаргын хүн байж таараад байдаг. Үйл явдлын дараа ихэнх "сэхээтэн" хүмүүс баахан согтуу, хулгайч дээрэмчин улсууд тэнд байсан мэтээр яриад байв. Мэдээж тийм л дээ. Харин яагаад тийм олон согтуу, хулгайч хүмүүс тэнд очивоо. Энэ асуултыг өөртөө тавьсан хүн байгаа болов уу. Учраа олохгүй баахан хүмүүс тэнд очсон гэнэм. Яагаад хүмүүс учраа ололгүй тэнд очив? Сонирхолтой л санагдана. Яагаад ард түмэн учраа олохоо болиод, архи дарс уугаад, хэдэн мянгаараа хотын төв талбайдаа очиж жагсаал тэмцэл хийвээ...

Сэхээтэн--
Миний бодлоор сэхээтэн анги гэдэг нь нийгмийн дээхнэ хэсэгт байж ард түмнийг бүхэлд нь зөв замд уруу татах үүрэгтэй хүмүүс юм. Гэтэл манай сэхээтэн анги ард түмнээсээ тасарч, ард түмнээ ойлгохоо байсан шиг санагдаж байна. Тэднийг тодорхойлохдоо хэт явцууруулж
3 үе дамжсан дээд боловсролтой гэх мэт сонирхолтой шаардлагууд тавьжээ.

Элит--
Монголчууд бид нарын ойлголтоор Элит давхарга гэдэг нь мөнгөтэй, өндөр албан тушаалтай болохоороо элит гэж нэрлэгддэг юм байх. Тэгэхээр энэ харьцангуй хоёр хэмжүүрт хүрэхдээ ямар арга хэрэглэсэн хийгээд цаашид ямар замналаар замнах гэж байгаа нь онцын хамаагүй юм байна. Гэтэл би элит анги гэдэг нь жинхэнэ ард түмнийг төлөөлж чаддаг анги байх ёстой гэж үзээд байдаг. Чухамдаа элит нөхдүүд л ардчилсан улс орныг зөв замд нь залж чадна, учир нь тэд ард түмнийг гадна доторгүй нэвт шувт мэддэг. Хүн хэзээ юмыг нэвт шувт мэддэг болдог вэ гэхээр хайртай болсон үедээ л хүн аливаа юмыг тийм итгэлтэй нэвт шувт мэдэж чаддаг. 7 буудалд амьдралдаа нэг ч удаа очиж үзээгүй улс төрч элит байж чадах уу? Яагаад хүмүүс тэнд жагсаж цуглаан тэмцэл хийснийг ойлгож чадах уу?
Манайд мөнгөний хэмжүүрээр бол мэдээж элит анги гарсан. Харин жинхэнэ утгаараа элит анги байна уу?

Элит хүү--
Мэдээж мөнгөөр нь хэмжих тул элит ангийхан маш цөөхүүлээ. Дээрээс нь сүүлийн үед олигополизм эрчээ авч байна. Энэ маягаараа элитүүд цаашид улам цөөрөх нь тодорхой. Тун ойрын ирээдүйд элит хүү цэцэрлэгт явж чадхаа болино. Тэрний оронд гэр дотор нь зөвхөн өөрт нь зориулагдсан цэцэрлэг байгуулагдах болно. Элит хүүгийн хувь заяа маш бүрхэг харагдаж байгаа юм даа... Элит хүүгийн нийгэм аль нь вэ? Шороондоо хутгалдсан, замгүй, цэцэрлэггүй, сургуульгүй, эмнэлэггүй, цагдаагүй долоон буудлын халтар жаал уу... Америкт цугтаа хай скүүл төгссөн хар бацаан уу...
Элит аав элит хүүгийхээ хувь заяаг хэрхэн төсөөлж байгаа юм бол. Миний ойлгосноор хүн сайхан, хүчтэй, чадалтай нийгэм дотор элит гишүүн нь болж амьдарч гэмээнэ амьдралын утга учир биелэх мэт... Бугатти унаад явахад хэн нь ч ойлгохгүй тийм ядуу нийгэмд бугатти унаж явах хэрэг байна уу? Эсвэл нийгмээ хүчтэй сайхан болгохын тулд элит давхарга нь өнөөдрөөс ажиллаж эхлэх ёстой юм уу...




Sunday, July 13, 2008

Стандартыг бид тогтооно!

Стандартыг бид тогтооно!

Загвар зохион бүтээгч шинээр загвар зохиосноор хүмүүс шинэ загварын хувцас өмсч эхэлдэг. Armani шинэ хослолын загвар гаргасан учраас чи түүнийг өмсөх хэрэгтэй... Versace хийсвэр мөрөөдлийн ертөнцдөө хөтлөгдөж шинээр загвараа зохиож, түүнийг нь хүмүүс авахаар хошуурцгаадаг... Том төөрөгдөл мэт санагдана.

Үнэн хэрэгтээ тухайн загвар алдар хүндэд хүрэх эсэхийг тодорхойлдог өөр хүчин зүйл байх юм. Энэ хүчин зүйл нь үнэндээ нийгэмд нөлөөтэй бүлэг хүмүүсийн сонголт юм. Нийгэм бүхэлдээ эдгээр хүмүүсийн хөдөлгөөнийг давтаж байдаг. Тухайн загвар амжилттай болох эсэхийг энэ хүмүүс шийддэг. Энэ хүмүүсийн таалалд нийцсэн шинэ загвар л амжилтанд хүрэх хувьтай ажээ. Загвар зохион бүтээгч бол ердөө л эдгээр хүмүүсийн хүслийг түрүүлж мэдэрч чаддаг авъяастан юм. Магадгүй алдартай загвар зохион бүтээгч нь ихэнхдээ ийм хүмүүсийн нэг байдаг биз. СТАНДАРТЫГ БИД ТОГТООНО!!! Хэмээх энэ гайхалтай үгийг хэлэх хувь заяа нийгэмд, бидний дунд орших тэр хэсэгхэн бүлэг хүмүүст заяажээ...

Гэхдээ загвар зохион бүтээгчийн бүтээл бүр нь үргэлж амжилттай байх боломжгүй. Нийгмийн оршин тогтнолын үндсэн чанар болох хувьсал өөрчлөлтийн зарчмын дагуу Стандартыг тогтоогч хэд хэдэн бүлэгүүд аливаа нийгэмд оршдог байж таарна. Цаг хугацааны явцад нийгмийн стандартыг тогтоогч бүлгүүд харилцан өөр хоорондоо эрх мэдлийг шилжүүлдэг болов уу.

Буруу хандлага гэж үгүй зөв үр дүн л гэж бий

Буруу хандлага гэж үгүй зөв үр дүн л гэж бий

Ихэнх тохиолдолд хүмүүс аливаа асуудалд хандах зөв хандлагыг олж тогтоон түүнийгээ амьдралдаа удиртгал болгохыг хичээдэг. Тухайлбал менежментийн зөв хэлбэр, багшлах зөв арга барил гэх мэт.

Үүнийгээ зарим талаар амьдралын философи буюу ертөнцийг үзэх үзэлтэй андуурч ойлгох нь бий. Гэтэл үнэн хэрэгтээ эдгээр нь агуулгын хувьд ихээхэн зөрүүтэй байх нь бий.

Нэгэнт хүний амьдралын туйлын утга учрыг ямар ч эрдэмтэн, тэр байтугай шашин хүртэл тайлбарлаж чадаагүй байгаа нөхцөлд тэрхүү утга учрыг гүйцэлдүүлж буй үйлдэлүүдийн хувьд зөв хандлагыг тогтоох нь боломжгүй юм. Мэдээж хандлага буюу аргын хувьд ямар ч шалгуур тавих боломжгүй мэт боловч энэ нь зарим зарчмуудыг хангаж иржээ. Тухайлбал хандлагад агуулагдах үйлдэл тус бүр нь бусад хүмүүст хор учруулахгүй байх ёстой, эдгээр үйлдлүүд нь хүрээлэн буй орчны эсрэг байж болохгүй гэх мэт хязгаарлалтууд нь ёс суртахуун, ухамсар, энэрхүй гэсэн ойлголтуудын хүрээнд эрт үеэс хүний нийгэмд бүрэлдэн тогтсон байна. Чухам эдгээр хязгаарлалтуудын талаар ойлголт өгөх нь аливаа шашны үндсэн зорилго мэт харагдана. Гэхдээ хязгаарлалтыг хэтэрхий төрөлжүүлж аргыг сонгоход хүмүүст нөлөө үзүүлэхээр болговол энэ нь буруу зүйл болно. Ардчилсан зарчимын үзэл санаа эндээс маш тодорхой болж байна. Бусдын амьд явах эрхээр хязгаарлагдсан өөрийн эрх гэдэг нь үнэн хэрэгтээ амьдралын туйлын зорилгоо биелүүлэх явцдаа бусдыг гэмтээхгүй, бусдад хор учруулахгүй гэсэн хязгаарлалтад хамаарч байгаа юм. Дээрээс нь ардчилалын золиосны тухай ойлголт гарна. Бүх нийтийн хувьд хамаарах арга, үйлдлийг сонгох болоход тухайн нийгмийг бүрдүүлэгчидийн дийлэнхийн сонгосон хандлагыг үндсэн арга болгон сонгодог. Үүний үндсэн үзэл санаа нь хариуцлага хүлээх чадвартай холбоотой. Хэдий чинээ олон хүн байна тэр хэмжээгээр илүү өндөр хариуцлага хүлээх чадвартай гэсэн санаа юм.

Ингээд дүгнээд үзэхэд нийгэм өөрөө тухайн хандлагын хувьд маш олон хувилбарт байх бөгөөд чухам аль хандлага буюу арга нь зөв гэдгийг тухайн цаг мөчид шүүх боломжгүй зөвхөн үр дүнг үнэлж буй хүмүүсийн дүгнэлтээр л өнгөрсөн хойно нь шүүх боломжтой.

Тэгэхээр аливаа менежментийн ухааны хувьд туйлын зөв арга барил, хандлагыг тодорхойлох нь зарчмын хувьд боломжгүй зүйл юм. Учир нь 1. Аль арга нь зөв гэдгийг тухайн үед мэдэх боломжгүй 2. Үр дүнгээс харахад зөв байсан аргыг одоо үед хэрэглэх боломжгүй. Учир нь нийгмийн хандлага цаг хугацаа өнгөрөх бүрт байнга өөрчлөгдөж байдаг.

Мэдлэг, ухаан, сэтгэл

Мэдлэг, ухаан, сэтгэл

Мэдлэг бол хүч гэдэг ойлголт нь олон мянган жилийн турш бүрэлдэн тогтсон юм. Харьцангуй утгаараа үнэн боловч туйлын утгаараа тийм байж үл чадах энэхүү ойлголт нь нийгмийн сэтгэлзүйд маш гүн суусан байдаг. Ялангуяа социалист чиг баримжаатай нийгмийн сэтгэлгээнд энэ нь лоозон маягтайгаар тун хүчтэй илэрдэг. Ихэнх хүмүүс мэдлэг ба ухаан хоёрыг нэг зүйл хэмээн хольж хутгадаг нь илт юм.

Миний бие ч мөн адил мэдлэгийг эрэлхийлж, мэдлэгтэй хүмүүсийг эрхэмлэж ирсэн билээ.

Гэвч мэдээллийн технологийн салбарт гарсан хувьсгал нь мэдлэгийн талаарх ойлголтыг өөр өнцгөөс харахыг шаардаж эхэллээ. Өмнө нь бид мэдлэгийг олж авахын тулд ихээхэн хүч хөдөлмөр зарцуулдаг байсан бол орчин үед интернетийн тусламжтайгаар бид мэдлэгийг үнэ төлбөргүй буюу маш багахан зардлаар асар богино хугацаанд олж авах боломжтой болсон. Үүнээс гадна их хэмжээний мэдлэгийг мэдээлэл хадгалах технологийн тусламжтай хадгалах, сүлжээний програм хангамжийн тусламжтайгаар түүнд хандалт хийх үйл ажилбарууд нь өмнө нь зөгнөлт ном зохиолд ч гарч байгаагүй өндөр төвшинд хүрсэн нь өмнөх үеийн нийгмийн ухамсарыг өөрчлөхөд хүргэж байгаа юм. Ийнхүү олж авсан мэдлэгийн үнэ цэнэ өмнөх үетэй харьцуулахад багасч байгаагаас гадна нийгмийн соёл, шинжлэх ухааны мэдлэгийн цар хүрээ, хэлбэр маш хурдан өөрчлөгдөж байгаа нь мэдлэгийг байнга шинэчлэхийг шаардаж эхэлсэн. Тэгэхээр мэдлэг бол хүч гэдэг ойлголт нь тун харьцангуй болж ирж байгаа юм.

Дараагийн шатанд ухааныг төрлөх шинж чанартай холбож тархины өндөр чадвар бүхий хүмүүсийг эрэлхийлж эхэлсэн. Ухаантай хүн гэдэгт ерөнхийдөө мэдлэгийг олж авах хурд, мэдээллийг боловсруулах байдал, түүнээс шинэ мэдлэгт хүрэх, логик дүгнэлт хийх чадвар зэрэг ихэвчилэн төрөлхийн давуу шинж чанаруудыг өөртөө цогцлоосон хүмүүнийг ойлгож ирсэн. Мэдээж дундажтай харьцуулахад оюуны харьцангуй өндөр чадамжтай буюу ухаантай хүмүүс нь мэдлэгтэй хүмүүсээс харьцангуй цөөхөн байв. Ухаантай хүмүүс нь ялангуяа мэдээллийг үнэлэх тал дээр бусад хүмүүсээс ялгарч байлаа. Ихэнх хүмүүс аливаа мэдээллийг шууд мэдлэгт хөрвүүлэн хүлээж авдаг бол ухаантай хүмүүс мэдээллийг үнэлж цэгнэх өөрийн шалгууртай байдгаараа ялгагдах юм. Энэ нь мэдээлэлд хандах логик хандалт, мэдээллийг боловсруулж анализ хийх чадваруудыг өөртөө багтаадаг. Гэхдээ бүтээмж болон амжилтын хэмжүүрээр харж үзэхэд ухаантай хүмүүс нь өөр хоорондоо харилцан адилгүй болох нь тодорхой болно. Бүх ухаантай хүмүүс амжилттай байдаггүй байна.

Ингээд амьдралын философи ба сэтгэлийн тухай ойлголт гарч ирсэн. Үнэн хэрэгтээ эдгээр нь тодорхойлоход тун төвөгтэй боловч хүнд зайлшгүй байх үндсэн чанарууд нь юм. Бүдүүлэг байдлаар авч үзвэл энэ нь тухайн хүний амьдралд хандах хандлага, ертөнцийг үзэх үзэл, өөрийн үзэлдээ үзүүлэх хариу үйлдлүүдээр тодорхойлогдоно. Маш олон ухаантай хүмүүс нийгэмд өөрийн гүйцэтгэх ёстой үүргийг хангалттай төвшинд гүйцэтгэхгүй байгаа мэт санагдаж байв. Шуудхан хэлэхэд ихэнх хүмүүст асуудлыг барьж авах зориг, итгэл бөгөөд түүнийг эцэст нь тултал хийх сэтгэл дутдаг. Хүн эдгээр зүйлсийг цогцлооход түүний хуримтлуулсан мэдлэг, туршлага, түүний тархины төрлөх чадвар онцын нөлөө үзүүлдэггүй гэж үзэж байна. Гэхдээ эсрэгээр нийгэмд гүйцэтгэх үүргээ хангалттай төвшинд ухамсарладаг, амьдралын философио зөв төлөвшүүлж чадсан хүнд ухаан бөгөөд мэдлэг олж авах хүсэл хангалттай төвшинд заяадаг ажээ.

Ухаан зөвхөн хангалттай бөгөөд хүрэлцээтэй байхад л болох юм байна гэж би үзсэн. Яагаад бүх ухаантай хүмүүс амжилт олдоггүй вэ? Яагаад зарим маш тархины чадвар сайтай хүмүүс ажлыг хангалттай сайн гүйцэтгэж чадахгүй байв?

Сэтгэл л хүмүүст маш том эрч хүчийг өгдөгийг олж мэдсэн юм. Үнэн хэрэгтээ сэтгэл гэдэгт маш олон зүйлийг оруулан хэлж болох боловч аль ч талыг хангахаар бүрэн тодорхойлолт одоохондоо бодож олоогүй байна. Сэтгэл хүнд ирээдүйг харах итгэл найдвар, өөртөө итгэх хүч, бусдыг хайрлах хайр, ажил хийх эрч хүч, их зүйлд хүрэх хүсэл эрмэлзэл өгдөг.

Сэтгэл үнэн хэрэгтээ нийгмийн гурвалжины онолтой шууд хамааралтай гэдэг нь илт харагдана. Мэдээж зөв болон буруу сэтгэл гэж байхгүй боловч зарим онцлог сэтгэл бүхий цөөн тооны хүмүүс өөрсдийгөө нийгмийн төлөө зориулдаг. Төгс биш төгсийн үзэл баримтлалаас авч үзэхэд зөв сэтгэлийг мэдээж тодорхойлох боломжгүй. Дээрээс нь тэрхүү нийгмийн өндөр амбиц бүхий хувь хүмүүсийн үргэлж зөв байдаг гэж хэлэх нь өрөөсгөл болох юм.

Тодорхой хэмжээний дасгалжуулалт хийсний эцэст ухааныг ядаж мэдлэгийн төвшинд дээшлүүлж болох нь тодорхой юм. Харин сэтгэлийг өөрчилж болохгүй гэж би үзсэн. Ямартай ч өдийг хүртэл мянга мянган оролдлогын эцэст би ингэж дүгнэлээ. Ингэхээр сэтгэл л тухайн хүний үндсэн шинж чанарыг бүрэлдүүлж, тухайн хүн нийгэмд өөрийн гэсэн онцлог тамгыг дарах цорын ганц нөхцөл болж байдаг байна. Мэдээж энд бид тухайн үеийн цаг агаар, тэр хүний биеийн байдал, орчны түр зуурын нөлөөлөлтэй хамааралтай түр зуурын сэтгэлийн өөрчлөлтийг тооцолгүй үлдээх нь зүйтэй. Хүмүүсийг ажиглаж үзэхэд сэтгэл ерөнхийдөө удамшдаг байж болзошгүй гэсэн таамаглалд хүрсэн. Магадгүй сэтгэл нь хүний генийн мэдээллийн санд хадгалагдаж байж болох юм. Мэдээж өнөөг хүртэл шинжлэх ухаан аливаа нээлт хийгээгүй байгаа тул бид сүнстэй холбож тайлбарлаж болно. Гэхдээ бурхан байгааг батлаагүй цагт иймэрхүү таамаглал хийх нь учир зүй багатай юм.

Нийгмийн хувьд сэтгэл ямар байх ёстой талаар нийгмийн харьцангуй төгс хувилбар хэдэн мянган жилийн турш бүрэлдэн бий болсон байх юм. Тухайлбал үнэнч шудрага хүн, том мөрөөдөлтэй залуу, ажилд махруу хүн, зоригтой байх, өгөөмөр байх гэх мэт сэтгэлийн олон хэмжүүрүүд дээр иймэрхүү conventional wisdom буюу нийгмийн тогтсон ойлголт бий болжээ. Тэгэхээр тухайн хүн үнэхээр төрөлхийн сэтгэлийн өндөр хэмжүүртэй хүн мөн үү үгүй юу гэдгийг мэдэх нь бас л бэрхшээлтэй асуудал юм.