Буруу хандлага гэж үгүй зөв үр дүн л гэж бий
Ихэнх тохиолдолд хүмүүс аливаа асуудалд хандах зөв хандлагыг олж тогтоон түүнийгээ амьдралдаа удиртгал болгохыг хичээдэг. Тухайлбал менежментийн зөв хэлбэр, багшлах зөв арга барил гэх мэт.
Үүнийгээ зарим талаар амьдралын философи буюу ертөнцийг үзэх үзэлтэй андуурч ойлгох нь бий. Гэтэл үнэн хэрэгтээ эдгээр нь агуулгын хувьд ихээхэн зөрүүтэй байх нь бий.
Нэгэнт хүний амьдралын туйлын утга учрыг ямар ч эрдэмтэн, тэр байтугай шашин хүртэл тайлбарлаж чадаагүй байгаа нөхцөлд тэрхүү утга учрыг гүйцэлдүүлж буй үйлдэлүүдийн хувьд зөв хандлагыг тогтоох нь боломжгүй юм. Мэдээж хандлага буюу аргын хувьд ямар ч шалгуур тавих боломжгүй мэт боловч энэ нь зарим зарчмуудыг хангаж иржээ. Тухайлбал хандлагад агуулагдах үйлдэл тус бүр нь бусад хүмүүст хор учруулахгүй байх ёстой, эдгээр үйлдлүүд нь хүрээлэн буй орчны эсрэг байж болохгүй гэх мэт хязгаарлалтууд нь ёс суртахуун, ухамсар, энэрхүй гэсэн ойлголтуудын хүрээнд эрт үеэс хүний нийгэмд бүрэлдэн тогтсон байна. Чухам эдгээр хязгаарлалтуудын талаар ойлголт өгөх нь аливаа шашны үндсэн зорилго мэт харагдана. Гэхдээ хязгаарлалтыг хэтэрхий төрөлжүүлж аргыг сонгоход хүмүүст нөлөө үзүүлэхээр болговол энэ нь буруу зүйл болно. Ардчилсан зарчимын үзэл санаа эндээс маш тодорхой болж байна. Бусдын амьд явах эрхээр хязгаарлагдсан өөрийн эрх гэдэг нь үнэн хэрэгтээ амьдралын туйлын зорилгоо биелүүлэх явцдаа бусдыг гэмтээхгүй, бусдад хор учруулахгүй гэсэн хязгаарлалтад хамаарч байгаа юм. Дээрээс нь ардчилалын золиосны тухай ойлголт гарна. Бүх нийтийн хувьд хамаарах арга, үйлдлийг сонгох болоход тухайн нийгмийг бүрдүүлэгчидийн дийлэнхийн сонгосон хандлагыг үндсэн арга болгон сонгодог. Үүний үндсэн үзэл санаа нь хариуцлага хүлээх чадвартай холбоотой. Хэдий чинээ олон хүн байна тэр хэмжээгээр илүү өндөр хариуцлага хүлээх чадвартай гэсэн санаа юм.
Ингээд дүгнээд үзэхэд нийгэм өөрөө тухайн хандлагын хувьд маш олон хувилбарт байх бөгөөд чухам аль хандлага буюу арга нь зөв гэдгийг тухайн цаг мөчид шүүх боломжгүй зөвхөн үр дүнг үнэлж буй хүмүүсийн дүгнэлтээр л өнгөрсөн хойно нь шүүх боломжтой.
Тэгэхээр аливаа менежментийн ухааны хувьд туйлын зөв арга барил, хандлагыг тодорхойлох нь зарчмын хувьд боломжгүй зүйл юм. Учир нь 1. Аль арга нь зөв гэдгийг тухайн үед мэдэх боломжгүй 2. Үр дүнгээс харахад зөв байсан аргыг одоо үед хэрэглэх боломжгүй. Учир нь нийгмийн хандлага цаг хугацаа өнгөрөх бүрт байнга өөрчлөгдөж байдаг.
No comments:
Post a Comment