Friday, February 6, 2015

Шүүгчийн морал

Харих замдаа ВВС сонсож явтал "138 хүнд цаазлах ял, 200 хүнд бүх насаар нь хорих ял оноосон шүүгчийн дуулианы тухай" мэдээ байна.

Эндээс бодов.

Шүүгч шийдвэрээ ямар өнцгөөр гаргах ёстой вэ. Яллах, буруутгах өнцгөөс үү, цагаатгах, өршөөх өнцгөөс үү.

Шүүх цагдаагаар олон жил явахаар Хүн бүрийг буруутай, хуудуутай гэж харддаг болдог гэж зарим нь ярих. Энэ зөв үү.

Нобелийн шагналт психологич Д.Каннманын номыг уншиж байхад Германы шүүгч нар өглөөгүүр их өгөөмөр байгаад өдөр тийшээ цайны цаг дөхөх үед юу юугүй хатуу ял оноож эхэлсэн байгаа юм. (Миний нэг найз "өлсөхөөр уур хүрээд байдаг юм" гэж хэлдэг нь санаанд орно.)

Шүүгч бол шудрага үнэнийг хамгаалагч. Шудрага үнэн гэж юу вэ?

Шудрага үнэн хүн бүрийн хувьд өөрөөр тодорхойлогддог уу. Шүүгч хүний үзэмжээр, мэдлэгийн цар хүрээгээр шудрага үнэн тодорхойлогдох уу.

Шүүгч хүний мэдлэг бүх асуудлыг зөв өнцгөөс харахад хүрэлцэхгүй нь мэдээж. Мэдлэггүй хүн зөв бурууг ялгаж чадахгүй харин сайн мууг ялгах тухай ярьж эхэлдэг тухай би өмнөх нийтлэлдээ бичсээн.

Эдийн засаг, санхүү, татвар, бизнесийн нарийн төвөгтэй харилцааг шүүж чадах шүүгч нар Монголд хэр олон бий билээ. Хар тамхи, биеэ үнэлэх, эрхтэний наймаа гэх мэт "шинэлэг" нарийн төвөгтэй хэргүүдийн үнэн мөнийг тунгааж чадах туршлага бид нарт бий билүү.

Нэгэнт мэдлэг нь хүрэхгүй юм чинь сайн ба мууг ялгаж хүмүүсийг хэлмэгдүүлж эхэлбэл яах билээ.

Философийн ухаанд сайн ба муугийн тухай ойлголт байдаггүй. Харин зөв ба буруугийн тухай судладаг гэж би бичсэн.

Ардчилсан нийгэм үүссэнээс хойш 3000 орчим жил өнгөрлөө. Спартад бүх хүний оролцоотой ардчилал байх үеэс эхлээд л Ардчилсан нийгмийн зөв буруугийн тухай ФИЛОСОФИ үүсч хөгжиж эхэлсэн юм. Чөлөөт зах зээлийн харилцаа үүссэнээс хойш ЧӨЛӨӨТ Эдийн засгийн ФИЛОСОФИ үүсч хөгжсөн.

Ардчилан нийгэм дэх зөв ба буруу, Чөлөөт эдийн засгийн харилцааны зөв ба бурууг шүүхийн тулд ШҮҮГЧ хүн ФИЛОСОФИЧ байх ёстой. Философийн ухаанд нэвтэрхий байж л өөрийнх нь мэдлэгээс хэтэрсэн олон нарийн төвөгтэй харилцааны зөв бурууг олж чадна.

Ардчилсан төрийн философи, Чөлөөт эдийн засгийн философид нэвтэрсэн хүн хэдий чинээ тухайн харилцааны хувьд мэдлэггүй байх боловч ЗӨВ ба БУРУУГ ялгаж чадна.

Өөрт нь сайн юм шиг санагдсан талаа хэлтрүүлж, муу юм шиг санагдсан талаа шийтгээд яваад байж болохгүй ээ.

Манай шүүгч нар философи уншдаг болов уу, оролддог болов уу. Шүүгч болохын тулд философийн мэдлэгээ шалгуулдаг болов уу.

ШУДРАГА ЁС эмоци- сэтгэл хөдлөл дээр биш харин ХУВИРШГҮЙ ФИЛОСОФИЙН ИТГЭЛ ҮНЭМШИЛ ДЭЭР л тогтоно.

No comments: