Tuesday, February 3, 2015

Зөв ба Буруу


Сайн хүн гэж хэн бэ. Муу хүн гэж хэн бэ.

"Баяраа ёстой сайн залуу. Даруухан, хүнд гэм хоргүй." гэж ярихыг бид сонсоно. Бидэнд сайн муугийн тухай ойлголт, хэмжүүр бий. Гэхдээ энэ нь үндэстэн бүрт өөрөөр тодорхойлогдож байх шиг.

Жишээ нь амбицтай хүн Монголд муу хүн бол, Америкт хүнийг амбицтай байхыг шаардаж байх.

Харин философид сайн, муугийн ойлголт байдаггүй. Философид зөвхөн зөв (virtue) ба буруугийн (vice) тухай авч үздэг.

Сайн боловч буруу хүн гэж байна. Муу харагддаг боловч зөв хүн гэж байна.

Бусдад тусархуу, эелдэг даруу, хорхойд хоргүй - сайн хүн байна. Гэтэл хүүхдийнх нь боловсрол ангалын ирмэг дээр ирчихээд байхад дув дуугүй суувал буруу хүн болно.

Бүүр дэлхий хавтгай гэж боддог сайн эмээ, үр ач нартаа дэлхий хавтгай гээд заагаад эхэлбэл буруу эмээ болж хувирна.

Зөв ба бурууг авч үздэг учраас философид МЭДЛЭГ маш чухал сэдэв.

Мэдлэггүй хүн сайн байгаад ямар ч нэмэргүй. Үйлдэл, үг, хөдлөл нь буруу болж хувирч байдаг. Буруу үр дагавар дагуулж байдаг.

Монголын улс төрч нар бүгдээрээ л хүний аав, хүний хань, хүний хүүхэд - монгол орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс гэж би итгэдэг.

Харамсалтай нь МЭДЛЭГ үгүй бол хичнээн сайн хүн байгаад үйлдэл нь дандаа л буруу үр дагавар авчирна.

Бид хүүхдүүдээ сайн биш, харин зөв хүмүүс болгохын тулд боловсролын системээ эрс шинэчлэхээс өөр аргаггүй. Мэдээ, мэдээлэл өгдөг боловсролын систем буруу хүмүүсийг л бэлдэж гаргана. Бидэнд МЭДЛЭГ өгдөг боловсролын систем хэрэгтэй.

Бид үр хүүхдээ АМБИЦТАЙ (эрээ цээргүй), ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ (онгироо), ЗОРИЛГОТОЙ (том цээжтэй), ХЭЛЭХ ҮГТЭЙ (цор цор хийсэн) хүмүүс болгож өсгөж өндийлгөх хэрэгтэй.  

No comments: