Би дээхнэ нэг стратегийн ном уншсан
юм. Түүнд “Сайн стратеги гэдэг бол цаасан дээр бичээд орхисон лоозон биш, харин
а. Нөхцөл байдлын нарийвчилсан дүн шинжилгээ, б. Ирээдүйд хөтлөх бодлого, в.
Түүнийг хэрэгжүүлэх дэс дараалласан өөр хоорондоо уялдаа холбоо бүхий
алхамуудын нэгдмэл цогц юм” гэж тодорхойлсон байдаг.
Монгол улс ирээдүйн Вижн үгүй,
Өнөөгийн нөхцөл байдлын дүн шинжилгээ үгүй, Ирээдүйд биднийг хөтлөх бодлого
үгүй, Түүнийг хэрэгжүүлж буй алхамууд (уялдаа холбоогоо байг гэхэд) үгүй ийм
нөхцөл байдалд буюу Стратеги үгүй тийм нөхцөл байдалд та бид амьдарч байна.
Монголын иргэний бодит орлого хэдэн
онд АНУ-н иргэний хэмжээнд хүрэх вэ гэдэг талаар хэн хэзээ Вижн ярьсан бэ. Хэн
хэзээ одоогийн давуу ба сул талуудад үндэслэж тийм төвшинд хүргэх бодлого ярив.
Хаана төрийн ямар институциүд тэр бодлогыг хэрэгжүүлэх уялдаа холбоотой
алхамуудыг авч ажиллаад байна.
Үүний оронд харин 4-хөн жилийн мөчлөг
бүхий сонгуулийн Пи-Арын бодлого бүхий улс төрийн намууд, нөгөө талд нь Ард
түмнийг зовлонг ойлгогч дүр эсгэсэн бие даагч “алиалагч” нар (талбай дээр очиж өлсгөлөн зарлаж, үнэ буулгахыг шаарддаг) л байна. Нэг
тал нь олоод авчихсан баялагаа хамгаалах зорилготой, нөгөө тал нь харин
баялагаас хүртэх ийм л зорилготой этгээдүүд.
Глобалчилагдсан дэлхийд Монгол
үндэстэн 100, 500, 1000 жилийн дараа дэлхийн тавцнаа хаана, хэрхэн байх, аль
эсвэл бүүр арчигдан үгүй болох эсэх нь Монголын удирдагч нарын, Монголын ард
түмний өнөөдрийн үйл хөдлөлөөс шууд хамаарна. Социалист байгуулалтын үед бид
улс орноо 5, 5 жилээр төлөвлөж, 5 жилийн дараа хаана байх вэ гэдэг зорилтоо
тавиад түүнд хүрэхийн тулд дэс дараалласан, уялдаа холбоотой алхамуудыг авч
хэрэгжүүлж улсынхаа хөгжлийг ахиулдаг байв. Бид харин өнгөрсөн 23 жилд улс
орныхоо ирээдүйг Адам Смитийн “далд гар”-т даатган орхисноор өнөөдөр ийм
байдалд хүрэв.
Бид улс орныхоо хөгжлийг дан ганц
гадаадын зөвлөхүүдийн зөвлөгөөг хэрэгжүүлэх төдийгээр хязгаарлаж том алдав.
Уялдаа холбоо, Ирээдүй гэж юм үгүй болов.
Солонгосын хөрөнгө оруулалтаар барьсан Bluesky tower бол бидний хөгжил
дэвшил бишээ. Apple-н хийсэн Iphone олон хүн барьж байгаа
нь бидний хөгжлийг илэрхийлэхгүй. 2002 онд АНУ нэг хүнд ногдох ДНБ $38К, Монголынх $700 байв. Харин 2012 онд АНУ $50K, Монголынх $1600 л байна. Өөрөөр хэлбэл 10 жилд АНУ иргэн 10 мянган
доллараар баян болсон байхад, Монгол ердөө 1000 доллараар л баян болсон байна.
Өнөөдрийн бидний “ийм” байдал гээд байгаа нь ийм учиртай. Биднийг ганцхан алхам
хийгээд тэрнийгээ тэмдэглэж баярлаж хөөрч байх хооронд бидний хүрэхийг
тэмүүлдэг бенчмарк маань 10 алхам хийгээд байна.
Ингэж 1990 он гэхэд гайгүй ойртуулж
ирээд байсан зааг ялгаа улам холдсоор байх уу.
Хүндрэл байсаан. Хүндрэлийг давж гарах
үүрэг удирдагчынх болохоос биш харин шалтаг тоочих биш. Глобалчилагдсан орчинд
дэлхийн бүх улс ийм л муу гүйцэтгэлтэй байсан бол ойлгож болохсон. Хэрэв бид
өөрсдийгөө хятадтай харьцуулбал тэд нэг алхаж байхад манайх унтаж хоцорч байна.
Монголын удирдагчид, Монголын
олигархиуд, Гадныханы хувьд Монголын ард түмэн чадахгүй юм шиг санагддаг
бололтой байдаг. "Наадуул чинь өнгөрсөөн, амиа бодоорой" гэх маягийн
яриа огт сонсоно гэж бодоогүй газраасаа сонсч л байлаа. Яг л компанийн захирал "удахгүй дампуурах компаниас ахиухан хусаад хурдхан арилъя гэх шиг".
Чадахгүй, хоцрогдсон бүдүүлэг, "Нүүдэлчин соёл"-оосоо
өөр юм ярьдаггүй, Ухнаа, Үхрээ, Адуугаа хүртэл гадаадаас авчирдаг болтлоо мал
аж ахуй нь доройтсон, нүүрснээс өөр зарах юм юу ч байхгүй ийм нүүдэлчин улс
байж болноо.
Чадъя, бүтээе, Америкийн толгойд 100 жилийн дараа цахиур хагалъя,
Глобал зах зээлд зардаг Робот, Сансрын хөлөг, Монголphone гаргах улс орны
эхлэлийг тавъя гээд үзье. Чадахгүй, болохгүй бол тэр л биз дээ. Үхэх цаг
болоход оролдоод үзэхгүй яав даа гэж ядаж харамсахгүй юм биш үү. Роллс Ройс
ямар ч утгагүй төмөр болох тэр цагт бахархалтай нүд аних биш үү.
Өнөөдөр бид роллс ройс унах уу эсвэл, харин бид өөрсдөө огт
амьдарч, өөрсдийн нүдээр үзэж, гараар баригдахгүй 100 жилийн дараах хүчирхэг
Монгол улсын эхлэлийг тавихад амьдралаа зориулъя. Магадгүй бидний хөшөө дурсгал
босох байх. Магадгүй 50 жилийн дараа хэрхэн өөртөө итгэлгүй болсон Монгол улс
цурман дундаас босч ирсэнийг дэлхийн эрдэмтэд судлах байх. Магадгүй тийм
юм огт болохгүй бид мартагдаж хоцорч ч мэднэ.
No comments:
Post a Comment