Wednesday, August 14, 2013

Цай, талх

Сэтгэл зүй - Психологи бол миний хувьд Философитой адил сонирхолтой сэдэв.

Дилер хийдэг байхдаа дэлгэцэн дээр тасралтгүй жирэлзэх олон тоог биш харин тэдгээрийг хөдөлгөж байгаа этгээдүүдийн сэтгэл зүйг илүү их сонирхдог байв.

Байгууллагын Сэтгэл Зүй бол менежментийн ухаанд шинэ сэдэв. Бага судлагдсан, гэхдээ хамгийн чухал сэдэв.

Би өнөөдөр байгууллагын сэтгэл зүйн талаар нэг хоёр зүйлийг бичих гэсэн юм.


НЭГ. СОНГОЛТ ГЭЖ ҮҮ
Гэр бүл үү, Ажил уу гэсэн томъёололыг би их олон удаа сонссон доо. Яг л 90-ээд онд эхнэрүүд Архи уу эсвэл Би юу, одоо Сонго! гэж нөхрөөсөө асуудаг байсан шиг.

Ер нь бол Сонголт нь өөрөө аль нэгийг нь л сонгох эсвэл аль алинийг нь сонгох гэсэн хоёр хувилбартай байж болох юм.

Архи болон Эхнэр хоёрын аль нэгийг нь Сонгохоос өөр аргагүй нь ойлгомжтой байх. Гэтэл логикийн болон хүний амьдралын философийн үүднээс Ажил уу, Гэр бүл үү гэдгийн аль нэгийг нь л сонгох гээд байдгийг би харин огт ойлгодоггүй юм.

Би үүнийг өглөөний цайтай зүйрлэж ярих дуртай. Өглөөний цай сайхан халуун цай эсвэл кофе, тэгээд өндөгтэй шарсан талхнаас бүрдэнэ гэж үзье л дээ. Цай байхгүй бол горойно. Өндөгтэй талх байхгүй бол өлсөнө. Хоёулаа байж л энэ өөрөө өглөөний цай болно.

Хүний амьдрал тэгвэл Өглөөний цайтай л адил юм. Цай нь Гэр бүл, Талх нь Ажил. Энд аль нэгийг нь сонгоод байх шаардлага байхгүй, харин хольцийг нь тааруулах л асуудал байна.

Хэрэв чи ажилдаа хэт улайраад гэр бүлээ огоорвол кофе биш, бүүр цай ч биш, зүгээр буцалсан ус ууж магадгүй л юм. Нөгөө талаас Гэр бүл, гэр бүл гээд Ажлаа хаявал өндөг байтугай талх ч идэхгүй байж мэдэх л.

Ажлаасаа болоод үр хүүхдээ золиослоод байна гэж ярьдаг. Тэгвэл үр хүүхдийнхээ хажууд өдөржингөө хэвтээд байвал Хүүхдүүд чинь бие даалт байхгүй, өөрөө өндөгтэй талх шараад идчихэж чадахгүй тийм л хүмүүс болно. Амьдрал бол хольцийг нь л тааруулах асуудал болохоос биш ультиматум тавиад нэгийг нь сонгоод байх асуудал биш гэдгийг ойлгоосой.

Бас өөрийн дуртай ажлаа хийх үү, өндөр цалинтай дургүй ажлаа хийх үү гэдэг асуулт их гардаг даа. Би лекцүүддээ жишээ болгож ярьдаг - Анх ажлын гараагаа эхлэхдээ 400 долларын цалинтай төслийн ня-богийн ажлаа хаяад өөрийн сэтгэл зүрхнийхээ дуудлага болох 80 мянган төгрөгний цалинтай дилерийн ажилд орж байлаа гэж. Ажил бол хүний амьдрал болохоос биш зүгээр л мөнгө олдог, гэр бүлийн дараа хоёрт орох зүйл биш юм. Ухаараасай. Гэр бүл цай нь, ажил бол талх нь.

Хүүхдүүдээ өндөр төлбөртэй сургуульд оруулахын тулд сэтгэл зүрхнийхээ дуудлагыг дагаж биш харин өндөр цалинтай газар суудал бөглөж суудаг хүмүүс хэдэн мянгаараа байдаг. Би тэд нарт хэлдэг юм. Дэлхийн хамгийн агуу суутнууд хамгийн үнэтэй сургуулиудаас биш харин шороон дундаас төрдөг юм гэж. Яагаад гэвэл дэлхийн ард түмэн ядуу амьдардаг юм. Эгэл жирийн хөдөлмөрч ард түмний амьдралыг мэдэхгүй төлбөртэй сургууль, авилгач, хулгайч, наймаачдын хүүхдүүдтэй сураад магадгүй мундаг дипломтой хүүхэд гарч ирэх байх л даа. Гэхдээ энд бас эцэг эхийн үүргийг хэтрүүлж ойлгоод байх шиг. Эцэг эх үр хүүхэддээ зөв амьдралыг зааж, зөв хүмүүжлийг олгож шудрага, хөдөлмөрч иргэн болгож бэлтгэх үүрэгтэй болохоос биш хүнээс дутаахгүй нь энэ гээд бэлэнчилэх сэтгэлгээтэй бэртэгчин болгож болохгүй нь.

Дээхнэ танил эгч маань хүүхдээ Америк сургуульд явуулж хүний хүүхдээс дутаахгүй гээд ярьж байна аа. Монголд маш танил яриа тийм үү. Би мань хүнд хэлсэн юм "Хүн хүнээс дутуугаа мэдэрч байж Хүн болдог юм аа - таны хүүхдээ хүнээс дутаахгүй гэж ярьж байгаа чинь зүгээр л өөрийнхөө сэтгэлийг хуурч байгаа хэрэг". Бид хүүхдэд хөдөлмөрийн үнэ цэнийг, өөрөө өөрийнхөө амьдралд эзэн болох тэр л хүмүүжлийг өгөх ёстой болохоос биш өөрсдөө кайф авах гэж гангалаад, Америк сургуульд явуулаад яах юм.

Амжилттай карьерийн нууц - Өөрийн дуртай ажлаа хийх - гээд одоо хэдэн мянган номонд бичиж, хэдэн арван мянган алдартан хэлсэн байх. Яагаад гэвэл хүн өөрийн дуртай ажлаа хийвэл Бүтээл бүтээж чадна. Бүтээл харин хэдэн зуун мянгаар биш хэдэн зуун саяар үнэлэгдэх боломжтой.


ХОЁР. СЭТГЭЦИЙН ЭМГЭГ

Ажлын байран дээр түгээмэл тохиолддог  сэтгэцийн эмгэгийн тухай жаахан бичье гэж бодлоо.

Хүн Гэр бүл буюу Цай, Ажил буй Талх гэсэн Өглөөний цай буюу Амьдралыг зооглодог. Цай ч кайф төрүүлэх ёстой, Талх ч сайхан амттай байх ёстой. Тэгэж байж л сайхан өглөөний цай болно.

Гэтэл мянга мянган хүмүүс нэг бол Гэр бүлээсээ хайр халамжыг мэдэрч чаддаггүй. Эсвэл сэтгэл зүрхнийхээ дуудлагаар биш мөнгөөр сонгосон ажлаасаа хийж бүтээхийн кайфыг авч чаддаггүй.

Ингээд амтгүй цайгаа ахиухан талхаар, эсвэл аргуу талхаа өтгөн цайгаар нөхөх гэж оролддог. Энэ нь даамжирч явсаар Сэтгэцийн эмгэг болтлоо гүнзгийрч сүүлдээ Бодит байдлаас хөндийрч Параной болдог тохиолдол элбэг байна.

Гэр бүлээсээ авч чадаагүй зүйлээ Ажлаасаа авах гэж дэмий оролдлого хийгээд хэт эмзэг болох, ажил дээрээ бүтээл гаргаж чадахгүй байх. Үүндээ бүүр шоконд орох, унасан спиралд орох, ийм хандлага маш их байна. Эсвэл Ажил дээрээс авч чадахгүй таашаалаа гэр бүлээсээ авах гэж оролдох.

Ер нь энэ дэлхийд дан Цай эсвэл дан Талхтай тийм Өглөөний цай хаана байна.

Энэ сэтгэцийн эмгэгээс болж түмэн зүйл, мянган төрлийн Сэтгэл зүйн асуудал үүсч Хүн бодит байдлаас тасарч, Рационал шийдвэр гаргаж чадахаа больж эхэлдэг байна. Ажил дээр юун багийн тоглогч болохтой манатай - харин ч багийн дайсан, хагалган бутаргагч болж хувирдаг.

Ажил дээрээ чи профешионал, Гэртээ чи аав эсвэл ээж байх ёстой. Энэ дүрүүдийг хольж хутгаад байх явдал байхгүй. Хольж хутгах боломжгүй.

No comments: