Tuesday, June 19, 2012

Физик ба эдийн засаг

Физикийн буюу юмс үзэгдлийн ухаан нь эдийн засгийн ухаантай төстэй юм.

Ганцхан хүний эдийн засгийн сонирхол, хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол дээр суурилсан эдийн засаг, улс орны эдийн засгийн асуудал нь үлгэрлэвэл.

Хамгийн жижиг нэгж буюу quantum төвшин дэх физикийн хуулиуд (Quantum физикээр тайлбарлагдана), макро төвшиний физикийн үзэгдлүүд (Ньютоны физикээр тайлбарлагдана), Гариг эрхэсийн төвшний (астрофизик) физикийн хуулиуд гэхчилэн 3 төвшинд - өөр хоорондоо төдийлэн уялдаа холбоотой биш мэт байгаатай төстэй юм.

Ньютоны физик ба Квант физик, Астрофизик нар өөр хоорондоо огт уялдахгүйгээр үл барам бие биенийгээ бүрэн тайлбарлаж чадахгүй гацсан маягтайгаар бид энэ өндөр "хөгжил" дэвшлийн зуунаа үргэлжлүүлж байгааг та бид мэднэ.

Түүнтэй яг адилаар Хувь хүний эдийн засгийн шийдвэр гаргалт, Өрх айлын шийдвэр гаргалт болон Улс орны эдийн засгийн асуудал нь өөр хоорондоо хэрхэн уялдаж буй хийгээд, түүнийг хэрхэн удирдах тал дээр бид ямархуу төвшинд явж байгаагийн сайхан баталгаа нь Европийн бүсийн хямрал жишээ нь байна.

Хамгийн хачирхалтай нь хүн гэдэг нэг л нэгжээс бүх том нэгжүүд бүрэлдэн тогтож буй боловч эдийн засгийн хуулиуд нь төвшин бүртээ огт өөр өөр болон хувирч, улам бүр нарийн төвөгтэй болох жишээтэй. Улс орны эдийн засгийн төвшинд хийсэн ажиглалт, эдийн засгийн онол нь Хувь хүний төвшинд ирэхээрээ худлаа болж байх жишээтэй.

Хүн ганцаараа байхад гарцаагүй хийх үйлдэл нь Өөр хүн тайзан дээр гарч ирмэгц өөрчлөгдөж байх жишээтэй. Хүн өөр хүний хажууд яагаад ч ганцаараа хийх байсан үйлдлээ хийхгүй. Тэгвэл энэ нь бодис юмсын хувьд мөн үнэн мэт.

Ньютоны физикээр тайлбарлагдах энерги ба бодисийн харилцан хамаарал нь Квант төвшинд орж ирэхэд огт "худлаа" болж байх жишээтэй. Wave Particle duality буюу Бодисын бодислог болон долгиолог хосолмол (таны урд байгаа компьютер бодис байхаас гадна долгиолог шинжтэй байна гээд төсөөлөөд үз дээ) шинж чанарыг макро төвшинд тайлбарлах ямар ч боломжгүй.

Гэтэл нөгөө талаас Гариг эрхэсийн төвшин дэх учир битүүлэг Хар энерги гэгч нь юу вэ. Яагаад Ньютоны физик болон Квант физикийн ажиглалтууд ёсоор анх Их Тэлэлтийн дагуу үүссэн ертөнцийн тэлэлтийн хурд улам бүр удааширч байх ёстой байтал улам бүр хурдасаад байна вэ. Яаж ч бодсон усанд чулуу шидэхэд түүнээс үүссэн долгион нь улам удааширч сарнидаг нь энгийн физик биз дээ. Гэтэл яагаад сансар огторгуйн төвшинд очихоороо улам хурдасаад байдаг билээ.

Гэх мэтчилэн учир шалтгаан, юмсын харилцан холбоо нь түүний анхдагч нэгжийг бүрэн таньж мэдэхээс эхлэлтэй. Бид бодисыг бүрдүүлэгч хамгийн жижиг хэсгийг нээн илрүүлж түүний физик шинж чанарыг бүрэн танин мэдсэн цагт л макро болон гариг эрхэсийн төвшинд тайлбар хийж чадна.

Эдийн засаг ч мөн адил, бид хүн гэдэг амьтаныг бүрэн таньж мэдээгүй нөхцөлд гэр бүлийн байтугай улс орны эдийн засгийг тайлбарлах, удирдах нь боломжгүй зүйл мэт.

Ийнхүү анхдагч, суурьт тэмүүлэх сэтгэлгээний хэлбэрийг би фундаментал сэтгэлгээ гэж нэрлэсэн билээ. Аливаа зүйлсийг дүгнэж тодорхойлохдоо нүдэнд харагдаж, гарт баригдаж байгаа хэлбэрээр нь биш (худлаа байх нь их) харин түүнийг бүрдүүлэгч үндсэн нэгжийг судлан мэдэхээр оролдох нь хамаагүй үр дүнтэй мэт санагддаг билээ.

Фэйнманий аливаа юмс үзэгдэл нь нэг биш, хоёр биш харин байж болох бүхий л түүхтэй юм гэдэг санаа нь энэ орчлон ертөнцөд үүсэн бий болсон бүх мэдээлэл нь устаж үгүй болохгүй гэсэн логикт хөтөлж аваачих юм. Мэдээж хойд нас, урд нас байхгүй хийгээд, сүнстэй ярилцах боломж нь хүний тархины чадварт огт тохиромжгүй нь үнэн боловч философийн зарим ажиглалтууд нь одоо хүртэл тайлагдаагүй хэвээр.

Хүний оршин тогтнолын үндэс нь түүний эерэг сэдэл мөн боловч энэ нь амьтай ба амьгүй байгалийг хэрхэн зааглаж байна вэ. Бид ч гэсэн устай л адил атомоос бүрддэг.

Орчлон ертөнц хязгааргүй байх боломжгүй. Яагаад гэвэл хязгааргүй тоологддог бодит зүйл гэж байж болохгүй нь логикоос харагдах боловч (хаанаас үүссэн, ямар энергиэр үүссэн гээд л шийдэгдэхгүй баахан асуултууд гарах учраас) тоо жишээ нь хязгааргүй байж болж байна. Бидний сэтгэхүйд тоо хязгааргүй байж болж байна. Гэтэл тоологддог бодис нь хязгаартай байж таарч байна. Хэрэв ертөнц хязгааргүй бол тэр нь ердөө бидний сэтгэхүйд л тийм байх боломжтой юм. Хязгаартай зүйлээс хэрхэн хязгааргүй сэтгэлгээ үүсэн бий болох вэ гэдэг нь өөрөө бас сонирхолтой асуудал болох байх.

Аливаа матери өгөгдсөн моментод орчлон ертөнцийн хаана ч байх магадлалтай байх тухай квант физикийн ажиглалт бий. Мөн quantum entanglement буюу квант холбоос гээч үзэгдэл бий. Энэ нь протон электрон хоёрыг хооронд нь нийлүүлээд (нэг нь эерэг, нөгөө сөрөг цэнэгтэй байна) эргүүлж салгаад нэгийг нь дэлхий дээр, нөгөөг нь ертөнцийн мухарт аваачаад - зөвхөн нэгнийх нь цэнэгийг өөрчлөхөд нөгөөгийн цэнэг дагаж өөрчлөгддөг тийм гаж үзэгдэл байх юм.

Энэ бүгдээс бодож үзэхэд ертөнц өөрөө маш том усан бөмбөрцөг мэт. Ертөнц бол нэг бүхэл. Түүнээс биш бидний төсөөлдөг шиг маш том вакуум - хоосон орон зайд хэдэн гариг, галактикууд байгаа биш. Ертөнц өөрөө аварга том усан бөмбөрцөг - тэр усан дотор харин галактик гариг, бодис юмс байгаа мэтээр төсөөлөх нь зүйтэй юм шиг.

Энэ ус нь өөрөө маш сонирхолтой шинж чанартай байж таарна. Ертөнцийн аль ч зах хязгаарт болж байгаа үйл явдал нь үнэн хэрэгтээ нэг л усан бөмбөлөг дотор болж байгаа учир дээрх квант үзэгдлүүд тайлбарлагдах боломжоор хангагдаж эхэлнэ. Тэгэхээр аварга том усан бөмбөлөг боловч энэ нь өөрөө мэдээллийн нэг л систем маягтай байж болох юм.



























Sunday, June 10, 2012

Лоозон

Би улс төр огт сонирхдоггүй. Би харин politics-г маш ихээр сонирхдог.

"Хүн шиг амьдаръя" гэж АН харин арай гэж ойлгосон бололтой дуугарч байна. Ямартай ч бидний шинэ он тоолол эхэлсэнээс хойш 22 жилийн дараа ийнхүү, 4 жил хамтран засаг барьсан Ардчилсан Нам - аягүй фундаментал байдлаар "Хүн шиг амьдаръя" (одоо бол нохой шиг амьдарч байгаа) гэж хэлэв. Магадгүй Ардчилсан намынхан засаг барилцаж, сайд хийх явцдаа ямартай ч хүн шиг амьдруулах дорвитой нэг ч бодлогын алхам хийж чадаагүй боловч ард түмэн нь ХҮН ШИГ АМЬДРАХГҮЙ байгааг ийнхүү "ойлгожээ". Энэ нь итгэл үнэмшил нь байгаасай гэж хүсч байна. Бүхэл бүтэн 22 жилийн дараа ийнхүү ойлгосон нь "бахархалтай" санагдаж байна.

Харин нөгөө талд нь "Иргэнд тэгш боломж, Нийгэмд шудрага ёс" гэв. Бас л бархирч баяр хүргэж алга ташин, дуу дуулмаар том "Нээлт" хийцгээсэн байна. Одоо болтол бидэнд тэгш боломж, нийгэмд маань шудрага ёс байхгүй байгааг ийнхүү "хүлээн зөвшөөрнө" гэдэг чинь маш том үсрэлт ч юм шиг. Амьдралынхаа бүхэл бүтэн 40-50 жилийг огт өөр итгэл үнэмшилтэй мэтээр харагдаж явсанаа гэнэтхэн сар гаруйхан хугацаан ийнхүү төрөл арилжсан мэт болсонд нь итгэж ядан ч байх шиг.

Бас л хүмүүс юм сурна сурна гэхэд 22 жил сурна гэдэг бол бас л овоо юмаа. Хүн магистрийг 2 жилд, докторыг 3-4 жилд хийх боломжтой, нийлээд 5-6 жил. Гэтэл бүхэл бүтэн 22 жилийн дараа Ард түмэн ердөө л хүн шиг амьдрахыг хүсдэг бөгөөд, нийгэмд нь шудрага ёс, тэгш боломж л байвал болно гэдгийг "ойлгоцгоосон" нь уур хүрмээр ч юм шиг, баярлаж гомдлын нулимс унагамаар ч юм шиг.

Хүн хүн шиг хотоор алхаад, хүн шиг хоол идээд, хүн шиг эмнэлэгт үйлчлүүлээд, хүн шиг сургуульд сураад, хүн шиг агаараар амьсгалаад явбал л уул нь болчих гээд байгаа юм л даа. Үлдсэнийг нь харин хүн өөрөө хийдэг жамтай. Тэр үлдсэн хэсгийг нь чөлөөт зах зээл гээд байгаа.

Хамгийн гол нь Яг одоо УИХ-ч мэргэжлээр амьдралынхаа талыг өнгөрөөсөн хичнээн хүмүүс нэр дэвшиж буй вэ? Хүмүүс ер нь ийм удаашралтай юм уу, энэ эсвэл квант физикээс ч хэцүү сэдэв үү.

Би бодохдоо дурын монгол залуу 22 жил квант физик барьж аваад ноцолдоход арай нобелийн шагналын төвшний нээлт хийдэггүй юм гэхэд дэлхийд данстай монгол эрдэмтэн болж болно гэж харах юм.

Улс төрд хууран мэхлэлт, нуруунд хутга зоох, өрсөлдөгчийг замаас зайлуулах гэх мэт олон арга технологи байдаг байх л даа.

Гэхдээ төрт ёсоны түүхийг сайтар уншиж үзвэл аль ч тохиолдолд гайхамшигийг бүтээх цорын ганц замнал нь Улс төрийн итгэл үнэмшилтэй байх явдал гэдэг нь ойлгогдох байхаа.

Saturday, June 9, 2012

Баялагийн хуваарилалт

Сайхан цөмөрцгөөж байна аа. За юу юу, яадаг яадаг гэнээ.

Байгалийн баялагийг хуваарилах тухай сүүлдээ хийрхээд учраа олохоо больцгоож байх шиг байна.

Яг ер нь байгалийн баялагаас ард түмэн нь юу авах гээд байгаагаа ч ойлгохгүй, улс төрчид нь юу өгөх гээд байгаагаа ч мэдэж байгаа юм алга. Ер нь бол ард түмний буруу гэж юу байхав.

Байгалийн баялаг ард түмэнд яаж очих вэ гэвэл. Хүн болгонд тарааж өгдөг тийм ёс, ном, эдийн засгийн ухаан гэж хаана ч байхгүй.

Харин тэр чинь дэлхийд тэргүүлэх Эрүүл Мэндийн үйлчилгээ болж очих юм.
Бас дэлхийн зиндаанд өндөр цалин авах Боловсролын систем болж очих юм.
Тэр чинь бас хоггүй гудамжаар (хог хаядаггүй биш, харин хог хаяхын аргагүй цэвэрхэн), утаагүй агаар амьсгалж алхахыг хэлэх юм.

Тэрнээс хүн болгонд мөнгө тарааж өгч, олигархиудыг цээрлүүлнэ (өөрсдийгөө олигархи биш магнат гэсэн шүү) энэ тэр гээд энэ хийрхэлээ одоо болихгүй бол ард түмний ухамсарт муугаар нөлөөлөх нь байна.

Өвөө, эмээ нар коммунист нийгэмдээ буцаж очмоор байна гэж байна гэнээ. Яагаад гэвэл тэнд хувьцаа ба мөнгө алийг нь авах вэ гэх мэт өөрсдөө байтугай Харвардын эдийн засгийн доктор ч гаргаж чадахгүй шийдвэрийг гаргуулдаггүй байсан юм байх. Хүн өдөрт хонины 3, 100 гр иднэ гэх мэтчилэн төлөвлөөд өгчихдөг байсан учраас амьдрал амар байж л дээ. Сайхан юм болох нь л дээ.

"Хөдөө талын малчин айлд, Сансрын нисгэгч хүүхэд байжээ" - гээд л бид нар дуулаад хөдөө морин дэл дээр салхи татуулан давхидаг байв даа. Тэгэхэд хичнээн хөдөө байгаа ч гэсэн сансарт хүртэл нисч чадах юм байна гэж балчир надад санагддаг байв.

300 жил Манжид дарлуулаад, тэмбүү, хир дагандаа баригдаад, Энхтайвны өргөн чөлөөндөө (бодвол тэр үеийн) шууд хормой дэвсэж суугаад л - ... юу яачихдаг... - байсан (францчууд Монгол улсын ерөнхийлөгчийг очиход нь тэр бичлэгийг үзүүлж "даажигнасан") Монголчуудыг Сансарт нисгэх амбицтай болох хүртэл их л юм хийсэн байх даа.

Гэтэл 20 жилийн дараа "БИД НАРТ МЭРГЭЖЛИЙН ХАР АЖИЛЧИД ХЭРЭГТЭЙ БАЙНА" гэсэн шүү юм Улс төрийн лидерэнцэрүүд - УИХ-ч гишүүн мэргэжилтэй БААГИЙНУУД нь яриад, ард түмэн нь юун сансарт нисэх байтугай нийгмийн наад захын шаардлага хангах түвшинд ч шаардлага нэхэх чадваргүй (хүнд өдөр болгон бантан л өгөөд байвал стэйк нэхэх тухай ойлголт тэр хүнээс арчигдана)  чадваргүй болчихов доо.

Тийм л учраас Монголбанк Бодлогын хүүгээ өсгөх бүрт нь л миний зүгээс "Үгүй ээ, Ард түмэн хэрэглэж үзэх хэрэгтэй, хямд хүүн дээр мөнгө зээлээд хэрэглэх хэрэгтэй байна" гээд байгаа. Автомашины татварыг нэмэхэд хүртэл би маш ихээр эгдүүцсэн. Энэ ард түмэн хэрэглэж байж л улс төрчдөөс юм нэхнэ. Эд мэдэхгүй хүн эд гутаана гэж. Хэрэглэж үзээгүй хүнд төсөөлөл үгүй, тэгээд л 50 мянган төгрөгөд явна.

Харин манай найзууд яахав дээ, статистик харж байсан чинь "муусайн ард түмэн" нь гэнэт машин ихээр импортлоодхож. Тэгэхээр нь л ард түмэнд өгөх 21 мянган төгрөгөө нөгөө хармаанаас нь авч байгаа жижигхэн заль нь тэр. Тэрнийгээ утааг бууруулах гэж тайлбарлаад байгаа.

Эрүүл саруул ухаанаар бодож үзвэл бөглөрөлд ороод хэдэн цаг гацаад мотор нь ажиллаад зогсож байгаа жижиг мотортой машин, боломжийн хурдаар яваад өнгөрч байгаа том мотортой машин хоёрын аль нь их бохирдол гаргахав дээ. Том мотор дагаж тансаг хэрэглээ ирдэг юм. Тансаг хэрэглээг баячууд буюу нөгөө муусайн олигархиуд чинь хэрэглэх учраас ард түмэнд хүртээлгүй л дээ.

Яагаад гэвэл Монголын ард түмэн Монголын улс төрчдийн ухамсарт үүрд ядуу, боловсролгүй, өвчин зовлонтой байхаар програмчлагджээ. Тийм л учраас одоог хүртэл "БАЯЧУУДЫГ БИЙ БОЛГОЦГООЁ" гэж ярихгүй "ЯДУУРЛЫГ БУУРУУЛНАА" л гээд байгаа юм даа.

Өөрсдөө л энэ ард түмнийг тийм болгоод байгаа. Аль 2005 онд л Засгийн Газар Олон улсын зах дээр евробондоо гаргаж хэдэн тэрбум доллар аваад бүтээн байгуулалт хийх байсан юм. Зээлээр авсан мөнгийг юу юугүй идэж ууж чадахгүй байсан юм. Одоо харин уул уурхайн мөнгийг бол хэнээс ч зээлээгүй (юу ч мэдэхгүй ард түмнийх учраас) юм чинь харин ч нэг идэж ууж өгнө биз дээ.

Ард түмэн нь дэлхийн хамгийн ядуу төвшинд амьдарч байхад ичих ч үгүй гадаадаас их зээл авах юм бол Монголд зарцуулах төсөл байхгүй гээд сууж байсан. Ямар сайндаа л олон улсын байгууллагууд нь элч төлөөлөгч нараа явуулж зээл авбал та нар өөрсдөө юу гэдэг билээ "Өргүй бол баян гэдэг биз дээ" гэж тавласан. Өөрсдийг нь очоод хараарай. Яг өнөөдөр Өр ба ДНБ харьцаагаар Монгол шиг эрүүл улс байхгүй. Япон л гэхэд энэ харьцаа нь манайхаас 10 дахин муу.

Эдийн засаг мэддэггүй, ард түмний өмнөөс шийдвэр гаргаж чаддаггүй юм бол зайлаад өгцгөөх хэрэгтэй. Улс орны хамгийн чухал албан тушаалуудыг эзлээд, таглаас болоод суугаад байх шаардлага байхгүй.

Энэ ард түмэн эрүүл, боловсролтой, аюулгүй орчинд л амьдрах ёстой болохоос биш тэр Өр- ДНБ хэнд хамаатай юм. Монгол шиг барьцаалах баялагтай оронд харин ч тэрэн шиг амархан юм байхгүй.

Өнөөдөр нэг залуу улс төрч ТВ-ээр ярьж байна. Эх орон гэдэг бол Хүн ард болохоос биш уул, ус биш гэж. Би зөв гэж бодож байна. Бид одоо уул, ус, ямаа энэ тэр ярихаа болиод Хүнээ яримаар байгаа юм. Тэр уул, ус, ямаа гурав дараа нь болно доо болно.

Ямар сайндаа л Монгол Орны өрсөлдөх чадвар ярисан чинь Ямааны ноолуур уу, Хонины ноос уу гэж яриад хүний аазгай хөдөлгөхөв дээ.

Өнөөдөр Америкт генийн ахисан төвшний судлагаа шинжилгээ хориотой байна. Солонгост ч хориотой л байна. Тэгвэл Монголд хийе л дээ. Хорт хавдарыг генийн төвшинд нь эмчилдэг технологийг бий болгоё, технологичид нь Монголчууд байг. Эсвэл малчин удамтай юм чинь чадахгүй юм уу?

Ахисан төвшний шинжлэх ухаануудад цөөхөн хэдэн төгрөг зараад, Монгол улсын давуу байдлаа ашиглан (ядуу гэдэг давуу талаа) шинэ технологиуд гаргаж олон улсын зах дээр зарж болно. Харвардын профессорын жилийн цалин нь 100 гаруй мянган доллар л юм билээ.

Миний ах Катарын Хааны их Сургуульд эрдэмтэн хийж байна. Тэнд мундаг өндөр технологитой сургуулиуд байгуулаад Америкийн их сургуулиудаас эрдэмтэдийн багуудыг нь худалдан авч ажиллуулж байна. Ах маань гэхэд Диабетийг эмчлэх шинэ төсөл дээр ажиллаж байх жишээтэй. Эхний судлагаанууд нь нэлээд амжилттай явж байна гэж сонссон. Тэр хүнд жишээ нь Монголд ирэх ямар ч нөхцөл алга.

Монголд ахисан шатны шинжлэх ухаанд жилдээ 100 хүрэхгүй сая төгрөг хуваарилдаг (нэг яамны даргын машины үнэд ч хүрэхгүй) гэвэл итгэх үү.

Диабетийг эмчлэх шинэ технологи гаргалаа гэхэд энэ бол дэлхийд жилдээ 150 тэрбум долларын сектор байх жишээтэй. Юун Оюу толгой, Юун Таван толгой.

Би эртээд нэг залуу эрдэмтэнтэй уулзсан. Токиод өндөр технологиор доктор хамгаалсан. Тэгээд цоо шинэ хөдөлгөөнт радио холбооны хагас дамжуулагчийн технологи дээр ажиллаж байгаа. Хэрэв амжилттай болвол дэлхийд цоо шинэ зүйл болно гэж байгаа. Мань хүнд ердөө өөрийн цаасан дээр гаргасан онолоо туршихад эхлээд 200 мянгахан доллар хэрэгтэй байгаа. Бүтэн 3 жил хөөцөлдөөд олж чадаагүй байна. Ах маань ч гэсэн Монголдоо ирж диабетийг эмчлэх технологио гаргаж, Монголын гэсэн бүтээл болгох хүсэлтэй. Гэвч энд юу ч алга. Сургууль, лаборатори, удирдлага, бодлого, зохион байгуулалт, мөнгө юу ч алга.

Хамгийн гол нь Монголд Монгол хүн сайн сайхан амьдарч, Монгол улс дэлхийн цээжинд цохилж чадна гэдэгт итгэсэн, итгэл үнэмшлээ үйл хэрэг болгосон, амбицтай удирдагч нар огт алга.

Monday, June 4, 2012

Би танаас хүсье

Арваад жилийн өмнө дөө, сонгууль дөхөв. Манай тойрогт нэгэн нэр хүндтэй эрхэмийн сонгогчидтой хийх уулзалт ярилцлага дугаар сургууль дээр өрнөв.

Нэр хүндтэй эрхэм тул, ер нь юу ярьдаг юм очиж үзье гээд очив.

Голцуу хөгшин хөвөө улсууд дүүрэн суусан өрөөнд яриа эхэллээ. Эдийн засгийн бүтээн байгуулалт, хөгжлийн төлөв хандлага, цаашид манай улсын хийх ажил гэхчилэн зүйлс сонсохоор очлоо.

Очоод харин шоконд орсон юм.

Нэг эмээ босоод дугаар байрны урд бесетка байхгүй гэж гомдоллоод суухад л нөгөө нэг өвөө нь босч орцны цэвэрлэгээ муу байгаа талаар ярина. Тэнд очсон сонгогчидийн agenda нь улс орны хөгжил биш, үр хүүхдийнх нь ирээдүй биш, монгол улсын хувь заяа биш - харин зүгээр л хаалга, хаяа, хэтэвчний асуудал байлаа. Магадгүй дэлхийн бүх улсад л ингэдэг биз.

Нэг эмээ, нэг өвөөг өмөөрөөд өнгөрч болноо. Харин Монгол улсын бүх эмээ өвөө иймэрхүү байвал Сонгогдогч эрхэм хичнээн мундаг боловсролтой зорилготой байгаад ч их л хэцүү зүйл болно.

Тэр эрхэмд би урам хугарсан, бас өрөвдсөн. Амыг нь дагуулаад л "тиймээ сүүдрэвч барьж өгнө" гэхчилэн тойруулж суулаа. Хэрэв миний эмээ өвөө тиймэрхүү байдалтай байгааг би яг дэргэдээс нь харсан бол бас л урам хугарч, өрөвдөх байлаа.

Би тийм Өвөө болохгүй гэж шийдсэн. Надад миний жижигхэн эрх ашиг биш харин миний үр хүүхдийн, Монголын ард түмний эрх ашиг л сонин байгаасай гэж би тэгэхэд л шийдсэн.

Би насаараа л өөрийнхөө л байшинг гоё болгох гэж, бусдаас гоё машин унах гэж, байрныхаа урд сүүдрэвч бариулах гэж амьдраад, үхэхдээ хүртэл тэрнийгээ ярьсаар дуусахыг хүсэхгүй. Би харин хүмүүст хийсэн бүтээснээрээ бахархаж байгаад үхнэ.

Би хүмүүст сайн сайхан зүйлс хийж бүтээснээр амьдралын мөн чанарыг олж авдаг гэдгийг мэдэхгүй, ойлгоогүй, ойлгох боломж нь олдоогүй залууст түүнийг ойлгуулахын төлөө зүтгэнэ. Надад хэн ч баярлалаа гэж хэлэхгүйг би мэднэ. Мэддэг учраас би хэнийг ч надад баярлалаа гэж хэлээсэй гэж найдахгүй.

Тийм учраас би жинхэнэ утгаараа хариу нэхэхгүй өгнө. Амьдралаас хамгийн ихийг өгч хамгийн томыг авдаг гэдгийг би өөрийнхөө амьдралаар харуулна.

Миний үр хүүхэд, бусад бүх хүмүүсийн хүүхдүүдтэй ижил боломжоор хангагдаж, өөрийн хүссэн амьдралыг цогцлоож, аз жаргалтай тийм нийгэмд амьдрах боломжийг би өнөөдөр бэлдэнэ. Тэрнээс биш би хүүхэддээ хамгийн үнэтэй сургуульд явуулж, хамгийн тансаг хувцас өмсгөж, баячуудын хүүхдүүдтэй нөхөрлүүлж, өөрийнхөө бизнесийг өвлүүлж үлдээхгүй.

Тийм учраас би өөрийнхөө төлөө биш, өөрийнхөө хүүхдийн төлөө биш харин нийт ард түмний сайн сайхны төлөө хөдөлмөрлөж амьдрана. Хариуд нь юу ч хүсэхгүй.

Friday, June 1, 2012

Failed Democracy

20 жилийн дараа Монгол "Бүтэлгүйтсэн Ардчилал" болох төлөврүүгээ түргэн түргэн алхаж эхэллээ.

Олонх нь ядуу Ард түмэн болон Улс төрчид - Бизнесийн лидерүүдийн хооронд маш том ангал байна. Дийлэнх улс төрчид нь ардчилалын мөн чанараа ухамсарлаагүй буюу Ард түмний үнэн хүсэл зоригийг ойлгоогүй байхад Бизнесменүүд нь чөлөөт зах зээлийн мөн чанарыг мөн ухамсарлалгүй, зөвхөн тухайн өдрийн ашгийн хойноос хөөцөлдөнө. Харин Ард түмний хувьд Маргааш үргэлж тодорхойгүй тул, өдөр хоногоо аргацаасан шийдвэр гаргацгаана.

Системийн дэд бүтцийн гол байгуулалтууд болох БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН салбар өнгөрсөн 20 жилд огт хаягдав. Хөрөнгө оруулалт огт хийлгүй, урсгал засвар хийсээр - өнөөдөр тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл маш ядуу, ажиллагсад нь 20 жилийн өмнөх хамгийн өндөр цалинтай хүмүүсээс, хамгийн бага цалинтай төвшинд шилжин орж ирлээ.

Төрд Монгол улсын, Монголын ард түмний эрх ашгийг төлөөлдөг төлөөлөл байхгүй мэт болов. Гагцхүү тухайн жалга, дугаар байрны орцыг төлөөлөгчид бүхий засаглалын гажиг систем бий болсоноор (болгосноор) Улс орны стратеги, Өрсөлдөх чадвар, Бүтээн байгуулалт бүрэн орхигдов.

Монгол иргэний боловсролын асуудал орхигдов. Хамгийн бага цалинтай хүмүүс ямар ч багаж хэрэгсэлгүйгээр дэлхийд өрсөлдөх иргэдийг бэлтгэж чадахгүй нь тодорхой. Маш хүчтэй, төрийн анхаарлын төвд байсан Монгол улсын шинжлэх ухааны академи зүгээр л цаасан дээрх хэдэн төсөл болж хувирав. Хэдэн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нь хоосон байшингууд боллоо. Улсын Их сургуулиуд нь захирал болохын төлөөх дотоод улс төрийн тэмцэл, Хувийн сургуулиуд нь ихэнхдээ диплом үйлдвэрлэгч нар болон төлөвшив.

Чөлөөт зах зээл - Ардчилал - Хүний эрх, эрх чөлөө - хоорондох уялдаа холбоог бүрэн ухаж ойлгоогүйгээс буруу системүүд хаа сайгүй төлөвшив. Улс төрчид нь өөрт байгаа мэдээллийн давуу байдлыг ашиглан Ард түмнээс байнга "авч" (insider trading), ард түмэн нь боловсрол маш доогуур тул юу болж байгааг үл ойлгох тийм байдалд шилжив.

Хорт хавдарын нас баралтаараа дэлхийд тэргүүлж, Их сургуулиудыг нь мэргэжлээ мэдэх байтугай хүнтэй Мэндэлж ч чадахгүй хүүхдүүд төгсч байх энэхэн үед Төр нь мэргэжлийн хар ажилчид бэлтгэх сургуулиудыг олноор байгуулж эхэллээ. Монголчуудаа, бүгдээрээ барилгачин, уурхайчин болцгооё! гэж арай л лоозогночихгүй байна, энэ мөчид.

Малчин байсан Монголын ард түмнийг 70 хан жилийн дотор Эрдэмтэд, Багш нар, Эмч нар болгосон боловч 20 жилийн дотор эргүүлээд Барилгачин, Уурхайчин болгочихлоо.

Монголын Эдийн засгийн форум дээр нь Монгол улсын өрсөлдөх чадварын тухай хэлэлцүүлэг болоход - Малын ноос, ноолуурын асуудал яриад суух тийм төвшиндөө хүртэл ухамсарын доройтолд оров.

Улсыг хөгжүүлэх болоход Төр Зах зээлд бүгдийг чихэх боловч, Зах зээлийг зохицуулах болоход бүх алхам, хөдөлгөөнийг лицензжүүлэн Авилгалын цогц системийг бий болгов. Энэ системд эзэн байхгүй боловч бүгд холбогдоно. Хэн ч ийм юм болно гэж төсөөлөөгүй. Авилгалаас яагаад Олон улс айдаг вэ гэвэл энэ нь өөрөө эзэнгүй, өөрөө өөрийгөө хөгжүүлдэг асар том Мангас учраас тэр. Энэ системд зохиолч, хянагч эзэн үгүй - Харин энэ амьгүй мөртлөө аврага, амьд мэт байнга хөгжиж байдаг систем гишүүдээ элсүүлж, өөртөө аятай таатай нөхцлийг бий болгож байдаг хачин ч юм шиг, амьд ч юм шиг, эзэнтэй гэж хардахаар онцлогтой.

Сонгогдохын тулд Монгол улсын ирээдүй, Үр хүүхдүүдийнхээ сайн сайхны тухай яриад бүтэхгүй. Харин өнөөдрийн талхны тухай ярьчихвал болно. Эсвэл дугаар байрны урд нэг саравч бариад сонгогдож болно. Эсвэл засаг даргын зохион байгуулж зассан замыг өөрөө зассан мэт яриад бас сонгогдож ч болно.

Сонгогч, сонгогдогч хоёрын хэнд нь ч маргааш сонин биш. Энэ бол өөрөө бас аймшигтай систем. Түүнээс биш ямар ч Монгол хүн, хулгайч, улс төрч, хэн ч байлаа гэсэн Монголын ард түмнээ зовж, Монгол улс ертөнцөд шившиг болохыг (одоо ч шившигээ тарьж дуусч байна л даа) хүсэхгүй. Энэ бол систем. Амьгүй, өөрөө хөгжиж, өөрийгөө цэнэглэдэг систем.

Гагцхүү энэ системийг бүүр газар авч БҮТЭЛГҮЙТСЭН АРДЧИЛАЛ болохоос нь өмнө дарж авахын тулд зөв цэгт нь онилж ганц дайрах хэрэгтэй. Тэр бол Ард түмний боловсрол.

Бид аль хэдийнэ 20 жилээ алдчихсан. Одоо ардчилалыг ухамсарлуулж, энэ заваарсан системийг даван туулахад дахиад 20 жил хэрэгтэй. Хэрэв бид өнөөдөр эхлэхгүй бол бүтэлгүйтсэн ардчилал болно.

Тэнд яадаг вэ гэхээр, яван явсаар нэг хэсэг нь улам баяжин баяжсаар, ард түмэн нь улам ядууран ядуурсаар - ухамсарын гүнзгий доройтолд хүртэл унасан хойно нь хэн нэгэн мэдрэл муут диктатор гарч ирэн хаан ширээнд залрана. Өөр том улсын тоглоомын улс, золиос болох гээд дараа дараагийн хувь тавилангууд гарч ирж ч мэднэ.

Бид хэтэрхий оройтох гээд байна.

Систем бүүр сүүлийн үед эерэг юм ярьсан, өөрчлөлт хийх гэсэн хүмүүсийг хүртэл ангуучилах хандлагатай болсон байна. Зөв зүйл ярьсан хүнрүү хүмүүс муухай харж, аягүйцэх төвшин, хандлага хүртэл анзаарагдаж эхэлсэн тул ийнхүү бичлээ. Систем улам томорч, тодорч байна.

Өвөө нар нь дуусаагүй байхад Өөртөө Ардчилал - Чөлөөт зах зээл байтугай өөрийнхөө учрыг хүртэл ойлгоогүй хийрхэлтэй залуусыг элсүүлж эхэлсэн байна. Энэ систем бол нэг нам биш, төр биш, нэг компани биш харин улс орныг хамарсан удирдагчгүй, хянагчгүй, өөрөө өөрийгөө хөгжүүлэгч мангас юм.

Failed Democracy


After 20 years transforming into democracy, Mongolia swiftly approaches a state of Failed Democracy.
A huge gap is established between the people, whom majority are poor, and politicians, who 
constantly fail to understand the real values and philosophies of Democracy and the needs of the People as well as
business leaders who fails to understand true meaning of free market economy and only seek after money most of the time. 
Systems infrastructure organizations as such as EDUCATION and HEALTH were deserted. Their status fell from
the top social institution (socialist time) to a low grade, low attention government entity level. 
As a result, generations after generations of children received/has been receiving dismal education from the lowest
paid teachers - at public secondary schools and colleges. 
As a result, there is no national policy and enforcement to lengthen people's lives, to make the living environment 
safer, healthier and to prevent people from acquiring diseases that are from an unhealthy environment. 
Mongolia ranks NUMBER ONE in the world, with highest number of people dying from cancer per 100,000 population.
In a typical FAILED DEMOCRACY the following observations are made…
Free is often misunderstood as denoting - Free from Responsibility. Rights is understood as Right to use priviliged information 
for own sake. That is synonumous as Politician is using priviliged information (not available to public) for his own business.
Market means here, that government does not have any responsibility for Development and/or Going forward, but when it 
comes to licensing, every step is controlled strictly by government, which proliferates Corruption.
It was initially thanks to a misunderstanding and mostly natural. But eventually uneducated population is kept from education
so that they do not and can not understand what is happening. Politicians themselves become victims of this vicious cycle.
It is only worth to promise more bread to get elected, TOMORROW is not a matter in a Failed democracry.
A group of leaders can change this by maximizing impact using synergy.