Sunday, May 27, 2012

61 biases

Саяхан интернетээс хүний зан төлөв, шийдвэр гаргалтын 61 "гажиг"-г уншлаа. Өмнө нь 10-аадхан байсан санагдах юм.

Гажиг гажиг юмнууд их байна аа. Жишээ нь 18-р гажиг болох Empathy Bias дээр "Чи маш их баяртай байгаа бол бусад хүмүүс яагаад гунигтай байгааг ойлгохгүй" гэнээ. Сэтгэл хөдлөлийн аль нэг төвшинд байгаа хүн өөр төвшинд байгаа хүнийг ойлгохгүй юм байх. Бодоход бидэнд үргэлж тохиолддог зүйл байх даа.

Энэ irrational behaviour-г бодхоор Spock буюу Startrek-н эмоцийг өөрөөсөө бүрэн аваад хаях - дутагдлын шоктой - баатар санаанд ороод байдаг юм.

Эмоци бол хутга адил гэж санагддаг юм. Хутгыг бид зөв ашиглаж их зүйлс хийж болох боловч түүнийг зориуд буруу ашиглах, мэдэлгүйгээр буруу ашиглаж өөрсдийгөө хорлож болно.

Тэгэхээр хутгыг зөв ашиглаж сурахын тулд түүний онцлог, эргономик, аюул, хор хөнөөлтэй байж болох нөхцлийг сайтар мэдэх нь чухал.

Эмоци ихдэх нь хүнийг, эргэн тойронд байгаа хүмүүстэй нь живүүлдэг бол Эмоци нь нөгөө талаас хүний уран бүтээлч байдлыг нөхцөлдүүлж байдаг үндсэн хүчин зүйл юм болов уу гэж боддог юм.

Saturday, May 26, 2012

Life span

Сүүн тэжээлт амьтадын зүрх ерөнхийдөө 1 тэрбум орчим цохилох хязгаартай. Хүнийх харин 70-80 наслахад 2.5 - 3 тэрбум хүртэл цохилно.

Оготны зүрх маш хурдан цохилдог учир Заанаас эрт нүд аньж байх жишээтэй. Зааны зүрх минутанд 30 цохилж байхад хүний 70 орчим, Оготных 500, муурных 150 цохилно. Энгийн арифметик бодож үзэхэд л эдгээр амьтадын наслалт дээр хэдэн арван жилийн зөрүү гараад ирдэг.

Тэгэхээр их хөдөлгөөн хортой гэсэн логик харагдаж байна.

Оготныг жаахан өлсгөөд үзэхэд (хоол идсэний дараа зүрх хурдан цохилдог) амьдрал нь даруй 50 хувиар уртасч болсон бол Ялааны хөдөлгөөнийг жаахан хориход амьдрал нь даруй 30 хувиар уртассан байдаг.

Огт хөдлөхгүй, өлсөөд хэвтээд бол хүмүүс үзсэн. Жишээ нь лам нарыг дурьдаж болж байна. Ингэлээ гээд нэг их амьдрал нь уртасч гавидаггүй байна.

Учир нь тодорхой хэмжээний дасгал нь судасны системд сайнаар нөлөөлж, зүрхийг үр ашигтай ажиллах боломжтой болгодог. Огт хөдлөхгүй байгаад байхаар зүрх судасны системийн үр ашигт ажиллагаа нь мууддаг байна. Ингээд яваандаа зүрх дэлсээд эхэлдэг. Судас нь нарийсаад эхэлбэл зүрх илүү их цохилж бодисын солилцоо явуулах хэрэгтэй болох нь ойлгомжтой.

Зүрх судасны системийн бүтээмж сайжраад ирэхтэй зэрэгцээд зүрх хүн амарч байх үед удаан цохилох боломжтой болно. Тухайлбал зарим хөнгөн атлетикийн дэлхийн одуудын зүрх дунджаар минутад 40-50 цохилдог байна. Арифметик бодоод үзвэл овоо хэдэн жилээр илүү наслах боломжтой болж байна.

Ямартай ч үүнийг одоогоор хэвээр үргэлжилж буй эртний их иргэншлүүд болох Энэтхэг ба Хятадын амьдралын хэвшлээс харж болно.

Тухайлбал Энэтхэгийн Йога нь зүрхэнд их ачаалал өгөхгүйгээр хөдөлгөх логиктой -
- Хүн өөрийнхөө жингээс илүү биш харин зөвхөн өөрийнхөө жинг бүрэн төгс даах тэнхээ
- Сунгалтын дасгалаар судас, булчин, эдийн уян хатан байдлыг дэмжих гэсэн хоёр зорилготой юм шиг харагддаг.

Мөн Хятадын Тайчи-Чуан буюу өглөө Хятадуудын хийдэг дасгал нь мөн зүрхийг ачаалахгүйгээр биеийн уян хатан байдлыг дэмжиж, бодисын солилцоог түргэтгэх онцлогтой мэт харагддаг.

Эрдэмтэд саяхан ямар нэг гене нь хүнийг 25 нас хүрмэгц биеийн нөхөн сэргэх процесст "ЗОГС" дохио өгөөд, түүнээс цааш хүн ерөнхийдөө ҮХЭЖ эхэлдэг болохыг нээсэн.

Тэгэхээр огт хөдлөхгүй байснаас байнгын зүрхийг бага ачааллаж хөдлөх буюу Энэтхэгийн Йога, Хятадын Тайчи нараар хичээллэх, мөн хооллолтыг яг тааруулж, амин дэмээр баяжуулж хэрэглэх - ингэснээр 20 орчим жил илүү наслах боломж байна.



Friday, May 25, 2012

Ордонг яаж хамгаалах вэ


Венесуэль кино үздэг байв даа. Халтар Царайт Эстэрлита гээд. Улс орны зарим хэсэг нь үлгэрийн мэт баян тансаг, орд харшид, харин ихэнх нь ядуусын хороололд амьдарна. Ядуусын хороололд ямар ч мөрөөдөл, сайн сайхны гэрэл гэгээ байхгүй. 90-ээд онд энэ киног гарахад Улаанбаатарын гудамжинд машин байтугай, хүн, хүн байтугай нохой ч алга болдог байв. Бүгд кино үзэхээр...

Одоо бодоход Монголчууд өөрсдийнхөө ирээдүйг үзэж байсан мэт.

Яг л Монголтой адилхан газрын тосны арвин их баялагтай орон. Харамсалтай нь баялагаа зөв хуваарилах санхүү, хөрөнгийн захаа хөгжүүлж чадаагүй учраас хэсэгхэн хувь нь баяжаад үлдсэн ихэнх нь ядуурсан нь тэр.

Бурхан, төр, хаан, комунист нам хэн ч бай баялаг, нөөцийг зөв хуваарилж чаддаггүй юм байнаа гэдгийг, хүн төрлөхтөн 10 мянган жилийн турш цусаараа, хөлсөөрөө ойлгосон. Орчин үеийн эдийн засгийн гайхамшиг нь чөлөөт Зах Зээл гээч шудрага, хэнээс ч, хэний ч үзэл бодол сонирхлоос үл хамаарах өөрөө хөгжигч МЕХАНИЗМ баялаг, нөөцийг хуваарилдагт оршимой.

Тэрхүү Халтар Царайт хэмээх зохиолын сэдэв болох Венесуэль одоо их өөрчлөгдсөн. Баялагийн хуваарилалт зөв явагдаагүйгээс болж ард түмний амьдрал 20 жилээр ухарч, ядуурал газар авсан гэж байгаа. Мэдээж ийм нөхцөл нь Уго Чавес мэтийн хагас хийрхэлтэй ч юм шиг нөхдүүдэд боломж гаргаж Хаант засаглал байгуулах боломжийг бүрдүүлж өгдөг. Төв талбай дээрээ очиж жагсаал зохион байгуулж - Авлигач-Олигархуудыг бүгдийг нь алаад өгье гэнэ. Хэрэв ард түмэн тэр чигээрээ ядууралд автсан байгаа бол тэдэнд сонголт үгүй, дагаад л хусна. Хувьсгал маягийн юм болж Ардчилал гэж зүйл нь өөрөө байхгүй болно. Уго Чавесийн "хаант" засаглал гарч ирнэ.

Уго Чавес одоо харин баячуудын хөрөнгийг хураах тухай юм ярина. Компаниудыг улсын болгож хурааж авна. Ах дүүгээ даргаар нь тавина. Ингээд лист хөвөрнө биз дээ.

Харамсалтай нь ийм юм болсоны буруутан нь Уго Чавес ч биш, мэдлэг боловсролгүй болж ядуурсан ард түмэн ч биш - харин нөгөө компаниа, хөрөнгөө хураалгасан баячууд, улс төрийн лидерүүд нь байвал яах билээ.

-----------------------

Ордонтой хүн Ордонг хамгаалдаг 2 арга байна аа. 1. Ордонгоо тойруулж Өндөр хэрэм бариад, хүн өөрийгөө хамгаалахын тулд галт зэвсэг хэрэглэж болдог хууль батлуулаад, АК-тай хамгаалагч нар тойруулах.

Эсвэл

2. Бүх хүнийг ордонтой болгох боломжоор хангаж өгөөд ордонтой болгох. Ингэвэл хашаа, цагдаа ч хэрэггүй. Яагаад гэвэл чиний ордон хэнд ч сонин биш. Чиний үр хүүхэд хэдэн үр удмаараа шудрага нийгэмд амьдарна гэдэгт бат итгэлтэй, айх аюулгүй нүд аних болно.

1-р аргын харамсалтай тал нь хэзээ нэгэн цагт Уго Чавес үзэгдэл болоход л оршиж байгаа юм.



Sunday, May 20, 2012

Lets change the paradigm

Хэдүүлээ одоо "Ядуурлыг бууруулна" гэж ярихаа болъё л доо.

Харин "Баячуудыг бий болгоно" гэж яривал яасан юм бэ дээ.

Ядуурал бууруулахаар, 2 сая ядуу байсныг нь 1,9 сая ядуу болгох гээд байгаа ч юм шиг. Өдөрт нэг талх иддэг байсныг нь 1,5 болгох гээд байгаа ч юм шиг сонсогдоод байх юм. Нэг л их олон ядуурлыг бууруулах олон улсын төсөл. Үгүй ер нь ингэхэд баячуудыг бий болгодог НҮБ-н төсөл байна уу.

Иймэрхүү үзэл дэлхий даяар хавтгай, Монголд бол гүнзгий байна. Үүнийг л ухамсарын доройтол гээд байгаа юм.

Баячуудыг бий болгоноо гэж яриад эхлэвэл бодох бодол нь хүртэл шал өөр болох юм л даа.

Ядаж л за нөгөө баячууд чинь ямар ордонд амьдрах билээ, ямар эмнэлгээр үйлчлүүлэх билээ, боловсрол нь ийм муу байж таарахгүй, асар өндөр үнэтэй машин унах учраас ийм замаар явж таарахгүй гээд л - тоглоомын өгөгдөл их л өөр болно. Баячууд хортой агаартай, урантай устай газар амьдарч болохгүй гээд л.

Гэтэл нэг л их ядуурал бууруулцгаасан улсууд - одоо бүүр явж явж гайгүй шиг машин Америкаас оруулж ирээд унаж болохгүй - хэрэглээг нь танаж байгаа юм. Баабар гуай бүүр сонин логик айлдсан.

Мах бол дэлхийд их үнэтэй идээ. Баян хүн л мах иддэг. Тэгэхээр Монголчууд их мах иддэг юм чинь ядуу биш юм байна - гэхчилэн.

Найзуудаа, ард түмнийг 20 жил доош нь чангаалаа. Тэнэг мангараар нь дуудлаа. Одоо нэг жаахан ч гэсэн гэрэл хайрлаач, уул нь дэлхийг захирч явсан юм шүү дээ, миний ард түмэн.

Tuesday, May 15, 2012

faster than the light

Нейтрино гэрлээс хурдан хөдлөөгүй харин GPS кабелаа буруу залгасан болохыг нэмэлт судлагаагаар тогтоожээ.

Sunday, May 13, 2012

Уул уурхай л Монгол улсыг хөгжүүлнэ гэж бодвол уул уурхай л хөгжүүлдэг байхдаа.

Энтрепренер хүн гэж - хог новширсон, салхи салхилсан, хэн ч тоохгүй, хэн ч авахгүй мухрыг Усан оргилуур цацарч, Өндөр шилэн байшин сүндэрлэсэн том хот байна гэж хардаг хүнийг хэлдэг.

Гэтэл ихэнх хүмүүс нь Усан оргилуур цацарч, Өндөр байшин сүндэрлэсэн хотод очиж хамгийн өндөр үнээр нь байр худалдаж авдаг. Үүнд л ялгаа оршдог.

Энтрепренер хүн нэгэнт өөрийгөө өөртөө баталчихсан тул бусад хүмүүст өөрийгөө батлах шаардлагагүй. Түүнд цүнх хэрэгтэй болохоос биш LV хэрэггүй. Түүнд машин л хэрэгтэй болохоос биш Бугатти хэрэггүй.

Saturday, May 12, 2012

Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ, гэхдээ хүмүүс буцахгүй гай болдог тал бас байна. Буруу замаа зөв гэж өөртөө итгүүлэх, хүмүүсийг ятгах, өөрөө ганцаараа буруутахгүйн тулд бусад хүмүүсийг буруу замаар явуулж өөрөө 60 чуганцын нэг нь болох, зөв замаар явах гэж байгаа нэгнийгээ taboo болгож хяхаж хавчих нь түгээмэл хандлага. Буруу замаар албан тушаал, нийгмийн байр суурь, мөнгө хөрөнгөтэй болсон хүн, буруу замаа үхтэл хамгаалдаг. Бид харин мөнгө, албан тушаал дагаж мэдлэг ирдэг гэж боддог. Гэтэл үнэндээ тийм биш байх нь байна шүү. Буруу замаа хамгаалж, зөв бүхнийг нухчин дарж, бурууг зөв хэмээн итгүүлэхийг оролдож эхэлдэг тийм хүмүүсийг босоо ороолон гэж нэрлэвэл зохих байх. Энэ хорвоод муу хүн гэж үгүй. Хүүхэд хэзээ ч дээрэмчин төрдөггүй. Харин босоо ороолон нэгэнт болчихсон хүн засрана гэж хэцүү. Итгэл үнэмшилгүй хүнд хорвоо дэлхий хөмөрсөн тогоо мэт. Итгэл үнэмшилтэй хүн түүнийгээ хамгаалж үхэхэд бэлхэн. Харин буруу замаар явсан хүн ичсэн нүүрэндээ хүн алахад бэлэн. Хүн алдаа гаргах нь гарцаагүй. Гагцхүү алдаагаа хүлээн зөвшөөрөх нь цорын ганц оршин тогтнох арга зам. Буруу замаар замнагсадын зохион байгуулсан будлиантай "гал тогоо" бүхий нийгэмд хувьсгал гарна. Хувьсгал заавал жагсаал цуглаан байх албагүй. Хүн бол ертөнцийн хамгийн агуу үзэгдлүүдийн нэг. Түүний мөн чанар нь Буруу замаар замнагсад, босоо ороолонгуудаас үл хамаарах тул зам хаашдаа л зөв болох юм. Гэтэл хүн төрлөхтөний доторх нэг хэсэг болох Монгол үндэстний өрсөлдөх чадварын тухай асуудал яриад эхлэхээр буруу замнагсадын харгайгаар өрсөлдөөнд хугацаа алдаад байна. Өрсөлдөөнд хамгийн хүчтэй нь биш, хамгийн хурдан нь биш, цаг үедээ зөв хөдөлсөн нь ялдаг. Буруу замаар замнагсадад хувь хүний байтугай үндэсний бүүр хүн төрлөхтөний эрх ашиг огтхон ч хамаагүй. Зөвхөн буруу замаа зөв гэж ард түмэнд итгүүлэх өчүүхэн амбиц, тэрэнд нь саад бологсодыг алахад ч бэлхэн араатан эрх ашиг - өөр юу ч байхгүй.

Saturday, May 5, 2012

Анхны философийн олон талт илтгэлээ тавилаа. Мөн чанар, Шинж чанар, Дутагдлын шок, Гологдлын шок, Өөртөө итгэлтэй байх асуудал, Астрофизикийн ажиглалтууд, Квант физикийн парадокс буюу үл ойлгогдох зүйлс, Хүний итгэл үнэмшил, Амьдралын зорилго, Эдийн засгийн мөн чанар, Ардчилал, Санхүүгийн зах зээл баялагийг хэрхэн хуваарилдаг, Төр яагаад унтлаганы өрөөнд ороод ирчихсэн явж байгаа ---- гэх зэрэг Эгэл бодисийн механикаас эхлээд Хувь хүний учир шалтгаан, Санхүүгийн зах зээл, Орчин үеийн эдийн засгийн гайхамшиг, Улс орны байр суурь, Сансар огторгуй гээд бүхий л асуудлыг хамруулахыг хичээлээ. 10 жилийн турш маш олон газар, хэдэн мянган хүмүүст санхүү, менежмент, макро эдийн засаг, бүртгэл, удирдахуйн асуудлаар илтгэл тавьсаны эцэст зориглож ийнхүү анхны философийн илтгэлээ тавьлаа. Миний илтгэл философийг эдийн засагтай, квант физиктэй холбохыг оролдсоноороо магадгүй онцлог байх. Онол, сэтгэлгээний түүх ярихыг хүссэнгүй. Мэдэх ч үгүй. Ганзориг гэдэг эгэл философичийн 26 жилийн турш ажигласан, ойлгосон, ухаарсан зүйлсийг сайн муу гэж ялгалгүй ярив. Garden of Democracy хэмээх ном гарчээ. Энд философи, ардчилалыг эдийн засагтай, тухайлбал орчин үеийн эдийн засгийн хямралтай холбон тайлбарлажээ. Яагаад бид цаашаа явахгүй болсон талаар бичсэн байна. Түүврийг нь уншаад миний төсөөлж байсан зарим зүйлсийг илүү тодорхой бичиж гаргасан байгааг харж жаахан адгав. Уул нь Монгол хүн ийм ном бичих байсан юм. Гэхдээ бидэнд бас хийх юмс байна. Саяхан нэгэн докторын урьдчилсан хамгаалалт, шүүмж дээр суув. Эдийн засгийн хямралын үе дэх банкны эрсдлийн удирдлага сэдэвтэй юм байна. Шүүмжээ хэлэх болоход - макро эдийн засаг, санхүүгийн загварчлалын олон таамаглалууд саяны хямралаар цохилтонд орсон тул докторын ажлаа дорвитойхон хийгээд "эдийн засгийн ухааны" шинэ аргачлал, хандлагын талаар нээлт хийгээд өгөөчээ гэж урамшуулав. Одоо бид Монгол мэтийн орны эдийн засгийг удирдах цоо шинэ аргачлал боловсруулж болж байна жишээ нь. Харвардын профессор яагаад ч барахгүй нь ойлгомжтой.

Thursday, May 3, 2012

Цаг хугацаа - бидний ойлгоцоор бол эхлэл, төгсгөл ба үргэлжлэлийг заадаг. Гэтэл сүүлийн үед цаг хугацаа бол юмс үзэгдлийг "орчуулж" ойлгох бидний тархины функц болохоос биш 4-дэх хэмжээс биш юм гэсэн хандлага физикчдийн дунд гарч ирсэн талаар би өмнө нь мэдээлсэн. Цаг хугацааг бид захирч чадахгүй. Цаг хугацаа бол бидэнд байгаа хамгийн олдошгүй зүйл гэх мэт ойлголтууд бидэнд бий. Цаг хугацаа байгаа цагт ертөнцөд эхлэл төгсгөл байх ёстой болдог. Хэзээ эхэлсэн бэ хэзээ дуусах вэ гэсэн асуултууд гарч ирдэг. Гэтэл хэрэв цаг хугацаа гэж зүйл байдаггүй юм бол эхлэх төгсгөлийн тухай асуудлыг ярих нь шаардлагагүй болно. Харин цаг хугацааг үгүй хийчихвэл бид зөвхөн өөрчлөлтийн тухай асуудлыг ярьж эхэлнэ. Өөрчлөлт хэмээх шинэ хэмжигдэхүүн гарч ирнэ гэсэн үг. Өөрчлөлт нь цаг хугацаанаас тодорхой ялгаатай. Өөрчлөлт эхлэх болон төгсгөлийг заах албагүй. Цаг хугацаа тогтмол хэмжигдэхүүн бол өөрчлөлт нь харин тогтмол байх албагүй. Өөрчлөлтийн хувьд түүний далайцыг ярьж эхэлнэ. Хэдий хэмжээний өөрчлөлт гарсан бэ - гэх мэт. Бидний амьдрал хязгаартай. Гэтэл ертөнц тийм байх албагүй. Бид өөрчлөлтийн нэг хэсэг, бас удирдагчид нь байж болно. Магадгүй цаг хугацааг үгүй хийчихвэл бидний амьдрал хэд насалсанаараа биш харин хэр их өөрчлөлтийн эзэн болсноороо, эсвэл хэр их өөрчлөлтийг тусгаж үзсэнээрээ хэмжигдэх юм болов уу. Зарим зүйлсийг цаг хугацаа хийж өгдөг юм - гэж хүмүүс хэлэх дуртай. Гэтэл өөрчлөлтийн хувьд асуудал огт өөрөөр тавигдана. Өөрчлөлтийг ямар хугацаанд хийсэн бэ биш харин өөрчлөлтийг хийсэн үү, үгүй юу - хэр их өөрчлөгдсөн бэ гэдэг асуудал яригдаж эхэлнэ. Ингээд харахад бидний тархи толгой тэр чигээрээ цагийн зүүний дагуу програмчлагдсан байна. Өөрчлөлтийг шинэ хэмжигдэхүүн болгон оруулж ирэхэд бидний сэтгэлгээ, хэл яриа хүртэл нийцэхгүй байна. Нар мандаж, жаргасаар л...