Сонсож сурах хэцүү, Уншиж ойлгох түүнээс хэцүү, Бодож сурах их хэцүү, Бясалгаж сурах бүүр ч хэцүү, Бодлоо хүнд ярина гэдэг маш хэцүү, Харин бичиж ойлгуулна гэдэг бол боломжгүй хэцүү.
Бодож өөрийнхөө тархины бүтээлийг гаргах нь байтугай сонсож ч сураагүй хүн Яриад эхлэвэл юу болох нь ойлгомжтой. Тийм маш олон хүмүүс дуу дуугаа авалцаад яриад эхэлвэл бүүр хачин юм болдог.
Энэ бол өндөр барилгатай адил юм. Сонсох чадвар бол түүний суурь нь юм. Суурь үгүй бол барилга хэрхэн орших билээ.
Бясалгаж чаддаг хүн л итгэл үнэмшилтэй байж чадна. Итгэл үнэмшилгүй хүний амьдрал бол өдөр бүрийн там. Итгэл үнэмшилгүй Харвардын доктор, итгэл үнэмшилтэй малчин хоёрыг харьцуулах ямар ч арга байхгүй.
Хүн хүн болж төлөвшсөн эсэх тухай асуултыг зөвхөн энэхүү итгэл үнэмшил бүрэлдэн тогтсон уу үгүй юу гэсэн хариултаар тодорхойлоход хангалттай. Тэрнээс биш Америкийн ерөнхийлөгч хийх эсвэл Харвардыг төгсчихөөрөө хүн хүн болчихдоггүй юм.
Итгэл үнэмшил бүрэлдэн тогтох насандаа тийм зүйл бий болохгүй бол хүн яван явсаар хүн сүг эсвэл хүн араатан болон хувирна.
Итгэл үнэмшил зөв сэдэлттэй байх нь мэдээж гарцаагүй нөхцөл юм. Олон хүн хайртай хүнийхээ өмнөөс үхэж чадахгүй байж магадгүй. Гэхдээ итгэл үнэмшилтэй хүн түүнийгээ хамгаалж үхэж чаддаг. Итгэл үнэмшил зөвхөн үйл хэрэгтээ итгэх итгэл, үнэмших үнэмшилээр л дамжин гарч ирэх болохос биш бурхан орших эс орших тухай асуудал биш юм.
Аль болох олон иргэн итгэл үнэмшилтэй болон төлөвших боломжийг бүрдүүлэх нь нийгмийн байгуулалтын зорилго бөгөөд төрийн үүрэг. Үүнийг гүйцэлдүүлэх маш олон талт ажлын нэг нь боловсролын систем юм. Тийм учраас суурь боловсрол үнэгүй байх нь гарцаагүй үзэгдэл.
Суурь боловсролыг гүйцэлдүүлэх том арга хэрэгсэл нь шашин хийгээд уламжлал, дэг жаяг юм. Би шашин гэж философийн системийг ярьж байгаа болохоос биш мөнгө авч маань уншдаг мухар сүсгийг яриагүй байна.
Монголчууд нүүдэлчин уламжлал, дэг жаягтай байж ирэв. Гэтэл бидний амьдрал суурьшмал хэлбэрт сүүлчийн 50 жилд хурдацтайгаар шилжиж одоо хүн амын дийлэнх нь суурьшлаа. Өмнөх уламжлал, дэг жаягийг шинэчлэхээс өөр аргагүй болов.
Үүнийг хэн хариуцах вэ. Уул нь бол шашин хийж ирсэн практик байна. Гэтэл орчин үед энэ нь явцгүй болоод байна.
Шинжлэх ухаан, нийгмийн хөгжил, ухамсрын дээшлэлт, мэдээллийн технологи харилцааны хурдац үүнийг явцгүй болгож орхив.
Гэтэл үүнийг хэн барьж авч хийх ёстой вэ. Жишээлбэл яг энэ үед Америкт энэ нь маш том асуудал болоод байна. Дэлхий даяараа л асуудал болж байна. Асуудлыг таньж мэдсэнээр асуудал хэлбэрждэг юм биш. Асуудал байж л байдаг, гүнзгийрдэг. Хүн төрлөхтөн үүнийг ухаарна. Дийлнэ, хөгжинө.
Зүгээр л өнөөдөр Монголчууд бид нарт үүнийг дэлхийд анхлан хийх зай гарч ирлээ. Боломжийг харин бид бий болгож чадах уу. Тархины тураал гээд тэр Япон хүний бичсэн Монголруу миний бодлоор их хөндлөн орчуулсан зүйлээс харвал бидэнд ямар том сорилт тулгарч байгаа нь харагдаж байна.
Өнөөдөр Америк, Европ, Ази бүхэлдээ явцуурав. Шашин өмнө гүйцэтгэж байсан үүргээ гүйцэтгэж чадахгүй болов. Социализмийн үзэл санаанд авууштай зүйл их боловч практикт бүтэлгүйтэв. Хүн төрлөхтөнд шинэ философийн сургууль хэрэгтэй болж байна.
Өнөөдөр хамгийн мундаг технологитой нь дэлхийд өнгөлөхгүй. Харин түгээмэл философи, цор үнэнг хамгийн түрүүлж аль болох олон иргэндээ төлөвшүүлсэн тэр улс нь дэлхийд өнгөлнө. Гэхдээ ахисан төвшинд үндэс угсааг ярьдаггүй.
Бид философийн цоо шинэ сургууль, ард түмэнд түгээх арга хэлбэрийг бий болгож чадах уу.
No comments:
Post a Comment