Саяхан нисэхийн зүгээс ирж явлаа. Гэтэл гадны зочин төлөөлөгчид явж зам боолоо. Тэдгээрийн ардхантай хотын төвийг чиглэн явлаа.
Олон улсын нисэх буудлаас хотын төв хүрэх зам нь барууны стандартаар бол ердөө нэг урсгалын өргөнтэй шахуу, тэгээд тэрүүгээр нь тохой шүргэх зайнд хоёр машин 80 км цагийн хурдтай (crash test 60 дээр хийгддэг) зөрж өнгөрдөг, автобус нь зам дээрээ зогсч зорчигчоо авдаг, явган хүний гарц нь замтайгаа нэг төвшинд огтлолцдог, туслах зам, уулзвар нь өргөтгөгдөөгүй, хашлагагүй замтай улс дэлхийд хэд бий бол. 150 сая төгрөгийн үнэтэй Lexus 570 уначихаад урд суудал дээрээ ангир үрээ зогсоогоор нь урд самбарыг түшүүлчихсэн явуулж байдаг ийм дүүрчихсэн хүмүүс өөр хаана байдаг юм бол.
Монгол хүнийг доош нь хийсэн харцыг цаг тутам мэдэрч, тэр харц болгонтой олон жил тулалджээ. Гадны хүнд Монгол хүний төлөөлөл болж Монгол хүн бол тэднээс огт дутахгүй гэдгийг байнга бүх талаар харуулахыг эрмэлзэн явж ирлээ.
Гэтэл ийм сүйрчихсэн замаар яваад Төрийн ордонд маань очиж буй гадны том дипломатад Монгол хүнийг хүндэтгэх сэтгэл төрөх үү? Монгол улсыг маань өрөвдөж дооглох биш үү.
Энэ зам дээр, тэр зам дээр гэр бүлээрээ 5, 10, 15-аараа үхэжээ л гэдэг. Аан л гэдэг. Уул нь эгнээг нь тусгаарлаад хашлага л барьчихвал болох юм шүү дээ. Арай дэндэж байгаа юм биш үү.
Бид хичнээн удаан ядуу, тэнэгээ гайхуулж явах ёстой вэ. Ингэж гуйлгачин байх нь Монгол бахархал мөн үү. Эсвэл энэ нь нөгөө Монгол омогшил нь юм болов уу. Гуйлгачин царайлж, гуйлга гуйхыгаа Монгол омогшил гээд байгаа юм уу.
Монгол хүн дэлхийд дээд төвшинд байж чадна гэдгийг харуулахын тулд Харвардын профессортой хүртэл ном хаялцаад дийлж болно.
Гэхдээ одоо энэ сонин биш байна. Гадны зочин Монголын ард түмнийг доош нь хийж, "тэнэг нүүдэлчин" гэсэн харцаар харахаас өөр аргагүй болгох нөхцөл байдлыг бид өөрсдөө бүрдүүлж болохгүй. Бид гадны хүнтэй Монгол нэрээр уулзаад хулхидаж болохгүй, хулгай хийж болохгүй.
Өнөөдөр Орос хүнийг дэлхийн бизнесийн талбарын аль ч өнцөгт жигшиж байна. Дэндүү увайгүй загнаж, дэндүү их луйвардлаа. Хэдхэн муу бизнесмэн, орос хүний оронцогуудаас болж Оросын ард түмний нэр хүнд унаж байна. Үүнийг бид өөрсөд дээрээ давтах хэрэггүй.
Монгол хүмүүс дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж чадна. Чадахын тулд харин 100 литр хөлс урсгах хэрэгтэй. Хөдлөхгүй бол хөлс гарахгүй. Энэ яваа насандаа Lexus 570 авах гэж (тэгээд урд суудал дээр нь хүүхдээ зогсоож дэлхийн хамгийн наад захын хүний мэддэг хамгийн аймшигтай эрсдэлд оруулах гэж) амьдрах юм уу. Эсвэл 100 жилийн дараа Монгол хүмүүс хүн төрлөхтөнийг өнгөлөх хөрсийг бэлдэх "чийгийн улаан" болох гэж амьдрах уу. Бид энэ яваа насандаа түүнийг харахгүй нь лавтай.
Гэхдээ хэзээ ч харахгүй мөрөөдлийнхөө төлөө бид өнөөдөр амьдрахгүй бол ирээдүйд Монгол хүн гэж байх эс байх тухай асуудал яригдана. Бидний мөрөөдлийг бидний үр хүүхэд харахад л хангалттай байх тийм аймшигтай өндөр төвшний ухамсартай байж бид чадах уу?
No comments:
Post a Comment