Ухамсарт боловсролын төвшин доошлох тусам Монгол хүн шиг дээд төрөлт, ухаант гентэй хүн үгүй гэсэн ойлголт газар авдаг юм шиг харагддаг. Бодвол Чингис хаанаас болоод тэгэж ярьдаг байх.
Тэгмэгцээ алив ажлын өмнө очоод хийж чадахгүйгээ мэдэрч гөлөлзөнө.
Өөрөөс нь илүү дээд төрөлт хүмүүн үгүй гэсэн ойлголт, бусдын хийж чаддагийг хийж чадахгүй гэдгээ байнга мэдрэх мэдрэмж хоёр хэрхэн нэг хүмүүнд зэрэгцэн оршдог юм бол.
Ийм эсрэг тэсрэг мэдрэмжтэй хүн "өөрийн ухамсарласан" бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж буй хүнийг хүлээж авах чадвар нь муудна. Нэгэнт хариу аргумент хэлж чадахгүй тул "онгироо" гэж цоллоод өнгөрнө.
Бизнесийн дээд нь мануфактуринг. Бизнесийн доод нь худалдаа. Худалдаа бол хөгийн, өөрөө юу ч бүтээхгүй, зүгээр нэг хүмүүний бүтээлийг нөгөө хүнд арилжиж дунд нь хэдэн зоос унагах өрөвдөлтэй бизнес. Худалдаа хийгээд дэлхийд өрсөлддөг тийм ном байхгүй.
Худалдааны бизнес хийгээд бизнесийг мэддэг ухаан үгүй. Бизнесийн боловсрол, гэгээрлийн тал дээр бол их санасан газар 9000 хононо.
Бүтээл бүтээж байгаа хүн яаж бүтээлээ сайн хийх вэ л гэдгийг бодож байдаг. Тийм учраас эрүүл ухамсар, зөв сэдэл, олон ургальч үзлийг байнга эрэлхийлж явдаг. Үзэл бодлоо итгэл үнэмшилтэй илэрхийлж байгаа хүнийг талархан хүлээж авна. Өөрийн бүтээл бүтээх явцад нь хэрэг болох зүйлийг нь нааж авна. Санал зөрвөл аргумент тавьж чадна.
Монголчууд хэзээнээс эхлээд дандаа "даруу, төлөв залуу"-г удирдагчаар сонгодог болчихсон юм. Хэнтэй ч зөрдөггүй, хэнд ч аргумент тавьдаггүй, хэнийг ч уруу татаж манлайлдаггүй тийм "удирдагч" нарыг сонгоод эхэлсэн юм бэ. Өөрийн итгэл үнэмшил байхгүй, өөрийн ухамсарт бодол зорилго үгүй, бусдын өмнө хариуцлага хүлээдэггүй хүмүүс хэзээнээс эхлээд нийгмийн жишиг болчихов оо.
Өөрийн гэсэн бодолгүй, хаашаа ч холбирч чадах тийм нөхрийг удирдагчаараа сонгочихоод утсан хүүхэлдэй тоглуулж байх нь хэнд ашигтай байдаг юм.
Улс орныг хөгжүүлэх өөрийн гэсэн эрхэмсэг оршихуйтай, идей биш ноу хаутай, туршлагатай, түүндээ итгэх итгэл үнэмшилтэй хүн бол заавал аргумент хийнэ, диалог өрнүүлнэ, бусадтай мэтгэлцэнэ, бусдыг ятгана, манлайлах гэж оролдоно.
Хажуугаар нь харин Барак Обамагийн илтгэлийг 5 удаа сонсчихсон дүр эсгэсэн этгээдүүд байна л даа. Тэрнийг жинхэнэ иттгэл үнэмшилтэй хүнээс ялгахад 2 асуулт л хангалттай.
No comments:
Post a Comment