Sunday, November 24, 2013

Fundamental Thinking

...Эдийн засагчид 90-ээд оны АНУ-н гэмт хэргийн өсөлтийг тун баргараар урьдчилан таамаглаж байлаа. Бараг л Нью Йоркийн гудамжууд цусан далайд умбана гэж хүртэл хэлж байв. (нөгөө математик моделиуд нь тэгэж хэлсэн хэрэг) Гэтэл гэнэт гайхмаар зүйл болж гэмт хэргийн гаралт огцом унасан юм. Бүүр 40 жилийн өмнө байсан төвшиндээ очив. Улс төрчид, эдийн засагчид харин энэ үед Цагдаагийн байгууллагын шинэ арга тактик, Шоронжуулсаны үр дүн, Эдийн засгийн өсөлт, Насжилт гэх мэт хавийн зүйлст гэмт хэргийн бууралтын "бурууг" тохож эхэлсэн.
       Яг үнэндээ 1970-аад оны эхэн үед абортыг АНУ-д зөвшөөрсөн. Ихэнхдээ үр хүүхдээ тэжээх эдийн засгийн боломж бололцоо багатай эхчүүд аборт хийлгэдэг. Харин гэмт хэрэгтнүүд ихэнхдээ нийгмийн ядуу, эцэг эхийн хайр халамж авах боломж багатай тийм л хэсгээс гардаг... (Freakonomics номын хэсгээс)

Хүн бүр үхнэ. Харин эхээс муу хүн төрдөггүй. Муу хар санаатай, эсвэл сайхан сэтгэлтэй нялх хүүхэд гэж байхгүй. Хулгайч хүүхэд төрнө гэж байхгүй.

Хүн төрөлхийн л нэг бол өнгөний өндөр мэдрэмжтэй, эсвэл хөдөлгөөний өндөр эвсэлтэй, тайван алгуур байдалтай, эсвэл хурц шалмаг хөдөлгөөнтэй байхаас - Удаан боддог, хурдан боддог хүн гэж байхгүй. Мэдлэгтэй, мэдлэггүй хүүхэд төрнө гэж үгүй.

Хүний одоо байгаа байр байдлыг нь орчин нь тодорхойлсон байдаг.

Хүн бүр үхдэг учраас хүн бүрийн амьдралын учир шалтгаан нь ижил юм. Хэрэв та үргэлж л бусад хүмүүсээс ямар их өөр болохоо мэдэрдэг, эсвэл хүмүүс бие биенээсээ ямар их ялгаатай болохыг мэдэрдэг бол та ШИНЖ ЧАНАРТ хэт суурилаад байгаа байж мэднэ.

Хүн бүр ижил юм гэх үзэл нь - ФУНДАМЕНТАЛ СЭТГЭЛГЭЭний нэг жишээ бодол юм. Шинж чанарын сэтгэлгээ хүмүүсийн ялгаатай талуудыг олж хардаг бол, Фундаментал сэтгэлгээ нь хүмүүсийн суурь ижил тал буюу хүн гэж амьтаны МӨН ЧАНАРыг олж харахыг эрмэлзэнэ.

Шинж чанарын сэтгэлгээ нь Сайн менежер хүмүүсийг олоод тэдний шинж чанаруудыг тоочсоноор Сайн менежер байх нууцыг нээлээ гэж зарлах (Бусдад таалагдах 5 арга, Маркетингийн 4 дүрэм, Лидер болох 9 нууц гэх мэт) бол ---- Фундаментал сэтгэлгээ нь Сайн менежер байх үндсэн мөн чанарыг Өнгөрсөн, Одоо, Ирээдүй цагт үнэн байхаар тодорхойлохыг оролдоно.

Ө.х. Фундаментал сэтгэлгээ нь ТУЙЛЫН ҮНЭН бий гэдэгт итгэдэг гэсэн үг. Гэхдээ туйлын үнэн нь өнгөрсөн, одоо, ирээдүйд динамик байдалтайгаар хувьсан үнэн байж, өөрчлөгдөхгүй байна гэж үзнэ.

Гэтэл шинж чанар нь ихэнхдээ зөвхөн тухайн ажиглалтын момент дээрх үнэний нэг хувилбарыг л харуулдаг. Шинж чанарт хэт дулдуйдан хууль, онол нээх гэж оролдох нь өөрөө парадокс юм гэдгийг юмс үзэгдлийн ХАОС онол (http://en.wikipedia.org/wiki/Chaos_theory), эсвэл Хоукингийн Гранд Дизайнд бичигдсэн математикч Конвейгийн Game of Lifeаас (http://en.wikipedia.org/wiki/Conway's_Game_of_Life) харж болно. Хууль нь өөрөө шинж чанарын хувьд динамикаар хувьсан өөрчлөгддөг байж болох юм гэсэн онолын санааг эндээс харж болно.

Фундаментал сэтгэлгээ бол Шинжлэх ухаанч сэтгэлгээ юм. Хүний тархи өөрөө шинж чанаруудаас хөөж мөн чанарыг гаргаж ирэхээр загварчлагдсан мэт байдаг. Тухайлбал "хурц шүдтэй юм чинь махчин л байж таараа" гэх зэргээр. Гэтэл юмс үзэгдлийн нууцад нэвтэрч мөн чанарыг ойлгоход энэ нь хангалтгүй гэдэг нь дээрх жишээнүүдээс харагдана. Тийм учраас Фундаментал сэтгэлгээ бол Философийн сэтгэлгээний нэг хандлага юм.

Философи өөрөө мөн чанарыг нээх зорилго бүхий шинжлэх ухаан билээ. Гэхдээ философи нь чоно махчин уу үгүй юу гэдэг асуултыг биш харин хамаагүй ахисан төвшний - тухайлбал - хүний амьдралын утга учир юу вэ - гэх зэрэг асуултуудын хариуг хайж байдаг.

Фундаментал сэтгэлгээг ашиглан гэр бүл салалтыг бууруулах, хэрхэн амжилттай компани босгохыг, яаж карьераа ахиулж том захирал болохыг гэх мэт олон асуудлын хариултыг амархан гаргаж болно.


Saturday, November 16, 2013

Economists Dilemma

Сүүлийн хэд хоног "эдийн засагчид"-тай нэлээд байлдаантай өнгөрөв. Юуны өмнө эдийн засагч гэж хэн бэ? Баруунд доктор хамгаалсан хүн, "эдийн засагч бол эдийн засгаар зэрэг дэв хийсэн хүн юмаа" гэж байна.

Эдийн засгийн ном уншсан хүн бол эдийн засагч мөн, эсвэл Эдийн засгаар ямар нэг эрдэм шинжилгээний ажил хийж зэрэг хамгаалсан хүн бол эдийн засагч юм - эсвэл бүүр над шиг ТВ-р эдийн засагч гэж цоллуулаад л эдийн засагч болоод хувирчихсан байж ч мэднэ. Гэхдээ энэ өнөөдрийн сэдэв биш.

Би өнөөдөр фактууд, бас олон улсын санхүүгийн зах зээл дээр дилерээр ажилласан он жилүүд, уншсан эдийн засгийн онолууд - тэд хэрхэн нурж унаж байсныг харсан ажиглалт дээрээ үндэслэж ярина.

2008 онд эхлээд Америкт, цаашлаад олон улсын санхүүгийн зах зээлийн хямрал болсоон. Үүнээс болж Дэлхийн түүхэн дэх хамгийн том Эдийн засгийн хямрал болсонтой ямар ч "эдийн засагч" маргахгүй байх. Энэ бол факт.

Санхүүгийн зах зээл эдийн засгийг хямруулчихдаг юм байна. Санхүүгийн зах зээл яагаад хямарсан бэ гэвэл тэнд ажиллаж байсан маш олон тооны санхүүгийн супер гэгдэж байсан математик моделиуд юуг ч урьдчилж таамаглаж чадаагүйтэй зарим талаар холбогдоно. Энэ санхүүгийн моделиуд чинь эдийн засгийн моделиудтай ус агаар мэт адил.

Эдийн засаг ярих гэж байгаа юм бол Санхүүгийн зах зээл ярихгүй бол болохгүй тийм л эрин үед бид амьдарч байна. Эдийн засгаар доктороо хийчихээд санхүүгийн зах зээл огт мэдэхгүй бол өөрийгөө макро эдийн засагч гэж нэрлэхэд эргэлзээтэй л болох нь.

Санхүүгийн зах зээл олон гипотез дээр суурилж моделиудаа гаргадаг. Түүний нэг нь efficient market hypothesis юм. Зах зээл дээр мэдээлэл ижил жигд тусч, оролцогчид рационал (монголд ухаалаг гэж орчуулсан байгаа) шийдвэр гаргадаг гэсэн таамаглал. Амьдрал дээр хэзээ ч тийм юм байх боломжгүй гэдгийг би дилерийн туршлагаасаа хэлнэ. Таамаглал нь худлаа юм чинь мэдээж математик модел нь худлаа байж таарч байгаа юм.

Одоо эргээд эдийн засгийн хамгийн суурь "хуулиуд"-н нэг болох Эрэлт нийлүүлэлтийн хуулийг авч үзнэ. Стандарт логикоор бол үнэ өсөх тутам эрэлт буурна. Би алтны дилер хийдэг байсан үнэ өсөх тутам алтны эрэлт яаж өсдөгийг мэднэ. Энэ бол эдийн засагчдын зах зээлд оролцогчид рационал шийдвэр гаргадаг гэдгийн няцаалт мөн. Зах зээлд оролцогчид нэг дор рационал мөн иррационал байдаг.

Стандарт сэтгэлгээ
Дээхнэ үеийн Монголын нэртэй эдийн засагчтай би олон жилийн өмнө ярилцах завшаан тохиосон билээ. Тэр хүнийхээр Монгол эдийн засгаа загварчлаад тавьчих хэрэгтэй, АНУ 50 жилээр эдийн засгаа загварчлаад харчихсан байдаг гэнэ. Би Хаосын тухай юу гэж бодож байгааг нь асуухад "Жоохон хүүхдүүд ийм юм ярьдаггүй юм" гэж хариулж билээ. Чухамдаа Эрвээхэйн далавчны нөлөөлөл (butterfly effect) буюу юмс үзэгдлийн ХАОС шинж чанар нь ирээдүйн тухай таамаглалыг утга учиргүй юм болгож хувиргадаг билээ. Сангийн яам 2000 гаруй, Монголбанк 20000 гаруй хувьсагчтай эдийн засгийн тэгшитгэлтэй -түүгээрээ эдийн засгаа загварчилж хардаг гэж байгаа. Би буруутгаагүй байна. Энэ бол маш хэрэгтэй зүйл. Гэхдээ энэ чиглэл заагч гэж битгий стандарт бурангуй сэтгэлгээгээр хараачээ л гэж байгаа юм. Эдийн засгийн математик загварчилал ирээдүйд байж болох 20,000 дүр зурагийн нэг л хувилбарыг харуулж чадвал их юм гээд хэлчихвэл буруутчихдаг юм болов уу.

Ер нь Академик эдийн засагч нар өөрсдийн таамаглах чадвар, математик модел, эдийн засгийн хууль гэж нэрлээд байгаа эмпирик ажиглалтууддаа "хэтэрхий их" үнэн өгөөд байдаг учраас л би үе үе тэдэнтэй тун сүрхий маргалддаг юм.

Энэ дэлхийн юм үзэгдлийн үндэсийг тайлбарладаг физик, квант физикийн бүх тохиолдолд нотлогдсон хуулиуд нь ч гарч амжаагүй байхад юун эдийн засгийн хөдлөшгүй онол билээ? Юун эдийн засгийн хууль билээ.

Чухамдаа эрдэмтэн хүн гажигтай байгааг нь мэдсээр байгаа хуулинцаруудаа хамгаалж байхын оронд хамтдаа ажиллаж илүү дэвшилттэй, илүү үнэнд ойрхон хууль гаргах тал дээр анхаарлаа хандуулах ёстой юм шиг.

Психологийн шинжлэх ухаан нь хүн хэрхэн шийдвэр гаргадаг талаар А ч үгүй явж байгаа энэ үед маш олон хүмүүсийн үйл хөдлөлийн нийлмэл болсон Эдийн засаг - түүний хөдлөшгүй хуулийн талаар бид нар ярьж болохгүй байхаа?

Монгол улсын эдийн засгийн бодлого олон жилийн турш парадокст явж ирлээ. Тухайлбал мөнгөний нийлүүлэлт нэмэгдүүлэхгүй бол хэрэглээ өсөхгүй. Хэрэглээ өсөхгүй бол хүн амын ухамсар дээшлэхгүй... Тиймээ хэрэглээ өсөхгүй бол УХАМСАР дээшлэхгүй. Ухамсар дээшлэхгүй бол бүтээмж өсөхгүй. Эдийн засагч байхын тулд бас философич байх ёстой. Ухамсар гэж юу вэ гэдгийг ойлгодог байх хэрэгтэй.

Мөнгөнийн нийлүүлэлт, инфляцийн загвараар л эдийн засгийг удирдчихдаг юм биш. Бид фундаментал сэтгэлгээг ашиглан гүнд нь орох ёстой.

Олон жилийн турш инфляцийн дарамтанд (Монголын ард түмэнд хэрэглээний эрэлт маш их байна) байсан учраас нөгөө талд нь бодлогын хүүгээ өндөр барьж ирэв. Бодлогын хүү өндөр учраас компаниудын санхүүжилтийн зардал өндөр байж ирэв. Санхүүжилтийн зардал өндөр учраас өрсөлдөх чадвар муудаж (Хятадын компаниуд 5 хувиар зээл авч байхад Манайхан 25 хувиар) бодит сектор ерөөсөө сэргэж чадалгүй өнөөдрийг хүрлээ. Эдийн засгийн онол ёсоор мөнгөний нийлүүлэлт өсвөл инфляци өснө. Үгүй ээ бас тэгдэггүй юм байна. Мөнгөний нийлүүлэлт өсөөд байхад инфляци өсөхгүй байж болж байна. Тийм эмпирик ажиглалт бас зарим улс орнуудад байна.

Гагцхүү ухамсар, боловсрол, соёл, вижн зэрэг "эдийн засгийн бус" ойлголтуудыг шатрын хөлгөн дээр оруулж ирэх гарцаагүй шаардлага байгаа юм. "Бүх зүйл тогтмол байна гэж үзэхэд" гээд унзан хоолойгоор стандартчилагдаад байж болохгүй нь ээ эдийн засагчдаа.

Инфляци өсөх бүрт хэрэглээг яаж танах тухай ярьж ирэв. Энэ бол ПАРАДОКС. Монголын иргэд хэрэглэх үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. Баялагийн тухай асуудал ярьж байна. Хэн авсандаа мөнгөө авч оддог вэ? Тийм хүн түүхэнд гарав уу. Ард түмэн баян бол улс баян гэдэг. Баялаг гэж юу вэ? Тэр бол хэрэглээ юм. Монгол хүн Америк хүнтэй адил эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, хоол хүнс, байр сууц, унаа машин унасан тэр цагт л Америктай тэнцэж очлоо гэж бид ярина.

Гэтэл тэр хэрэглээг нь танах тухай байнга яриад байдаг? "Эдийн засгийн өсөлт маш өндөр хоёр оронтой тоонд байна, бусад орнуудын өсөлт бага байхад хэрэв ингэж өсөөд байвал инфляци өсч, эдийн засаг хална - тийм учраас өсөлтөө сааруулах хэрэгтэй" гэж баруунд эдийн засгаар доктор хийсэн залуу хэлэхийг хоёр чихээрээ сонслоо. Энэ бол аймшигтай бүдүүлэг ПАРАДОКС, завхарсан стандарт сэтгэлгээ.

АНУ-н нэг хүнд ногдох ДНБ 50,000 доллар байна. Монголынх 3,700 доллар. Тэгээд бид энэ эдийн засгийн профессорынхоор бол хэзээ АНУ-г гүйцэж очихоор байна?

Үгүй ээ, бид эдийн засгийн шинэ онол гаргах ёстой. Эдийн засгаа жилд 30,40 хувиар яаж өсгөхөв, харин энэ хооронд яаж инфляцийг огт өсгөхгүй мөртөө зээлийн хүүг 5 хувь болтол буулгах вэ гэдэг дэлхий дээр хэний ч хийгээгүй шинэ онолыг гаргах ёстой. Тэгэхгүй бол бид хэзээ ч АНУ-г гүйцэхгүй нь.

Англи, Америк гэх мэт хөгжчихсөн орны эдийн засгийг удирдахтай холбогдуулж гаргасан эдийн засгийн ном зохиол, онол, хуулиа хойш нь тавиад дэлхий дээр хэний ч хийгээгүй Монголд зориулсан хууль яаж гаргах вэ.

Чухамдаа Эдийн засагч гэж иргэдээ яаж баян чинээлэг болгох вэ гэдэг талаар санаа зовж, Монгол хүмүүсийг 20 жилийн дотор Америкчуудаас давж гарах арга аргачлалыг боловсруулдаг хүн бус уу. Эсвэл хэрэглээг танаад, эдийн засгийн өсөлтөө бууруулаад, барууны худлаа гэдэг нь байн байн нотлогддог онолуудын үнэ мөнийг гайхаад сууж байх юм уу.

Олон улсын валютын сангийн ахлах эдийн засагчтай би маргаж байлаа. Деривативийг Монголд огт хэрэглэж болохгүй, яагаад гэвэл деривативаас болж эдийн засаг хямарсан юм гэж тэр хүнийг хэлэхэд нь - би - дериватив бол хутгатай адил юм. Хүн амины хэрэгт хэзээ ч хутга буруутдаггүй юмаа гэж хариу барьж байлаа. 2005 онд Дэлхийн банк эдийн засагчдийн бүрэлдэхүүнээ явуулж Монгол улс огт бонд гаргаж болохгүй ээ - гэхэд нь яагаад гэж намайг асуухад - тэр Монгол хүний ирээдүй өөрт нь огт сонин биш ахлах эдийн засагч хүүхэн - "Танай өр, ДНБ харьцаа чинь их болчихно шүү дээ" гэж хэлж намайг алмайруулж билээ. Ирээдүйн вижнээ тодорхой харсан, түүндээ хүрэх ойлгомжтой төлөвлөгөөтэй улс оронд тэр дэлхийн банк ямар харьцаагаа яаж харах нь хамаатай байх уу?

Дэлхийн хаана ОУВС, Дэлхийн банкны тэр мундаг Харвард, Колумбын эдийн засгийн сургууль төгссөн зөвлөхүүдээс зөвлөгөө аваад хөгжсөн улс орон байна? Би энэ сургуулиудыг үгүйсгэх гээгүй юм шүү.

Өнөөдрийг хүртэл хүн төрлөхтөний гаргасан шинжлэх ухаан, Эдийн засгийн онолуудаас авах юм их бий. Ажилладаг юмнууд тоо тоймшгүй олон. Уншигч авгай бүү намайг эдгээрийг үгүйсгэж байна гэж бодоорой. Би хүн төрлөхтөний өнөөдрийг хүртэл байгалийн болон нийгмийн шинжлэх ухааны салбарт гаргасан амжилтыг нь магтан шагшихын зэрэгцээ - хийвэл зохих нээлтүүд, нээвэл зохих хуулиудынхаа хаана ч хүрээгүй байгааг нь харж гайхаж байна. Бидний өмнө хийх ямар их ажил байна аа. Тэгэхэд бүх юмыг нээчихсэн, болчихсон юм шиг аяглавал юутай харамсалтай.

Гагцхүү би Стандарт сэтгэлгээнээсээ салж Фундаментал сэтгэлгээгээр сэтгэх цаг болсон гэдгийг харуулахыг хичээлээ.


Wednesday, October 23, 2013

Мартин Писториус

Ээж минь надруу дүүрэн нулистай хоёр нүдээрээ харж "Чи үхэх ёстой", "Чи үхэх ёстой" гэж алгуурхан хэлчихээд өрөөнөөс гараад явахад хорвоо дэлхий орвонгоороо эргэж үхэхээс өөр сонголт надад үлдээгүй юм...  гэж Мартин өгүүлнэ.

Мартин бусдын л адил эрүүл цовоо хүү байсан боловч гэнэт 12 настайд нь толгой нь маш ихээр өвджээ. Хэд хоноод л зүгээр болчих байх гэж бүгд бодож байсан боловч тэгсэнгүй. Тархинд нь үл мэдэгдэх халдвар орсоноор эд эсүүд нь үхжиж, ирэх саруудын турш тэрээр бага багаар ой ухаанаа, мэдрэлээ алдсаар байв. Хөдөлгөөн нь хумигдаж, олон цагаар унтаж, мартамхай болж байлаа. 1 жилийн дараа гэхэд эмч нар аргаа барж, тэрээр хариу үйлдэл үзүүлдэггүй амьд робот болон хувирсан байв.

Одоо бүгд түүнийг амьсгал хураахыг л хүлээж байлаа. Аав ээж хоёр нь түүнд эмч нарын хэлсэний дагуу өдөрт өгдөг багахан хүнсийг нь тасалж амийг нь таслахыг хүссэнгүй. Хоёр жилийн дараа түүнийг асрамжийн газарт өгчээ. Гэхдээ орой бүр түүнийг гэрт нь авчирдаг байв.




4 жилийн дараа буюу 16 настайд нь түүний ой ухаан бага багаар сэргэж эхэлсэн байна. 19 настайдаа тэрээр өөрт нь юу тохиолдсоныг, түүнээс амьдралыг нь бүхэлд нь булааж авсаныг бүрэн ухаарсан байна.

Мартин цоо эрүүл ухаантай боловч ямар ч үйлдэл үзүүлэх чадваргүй зомби болсоноо мэдсэн юм. Тэр толгойгоо хөдөлгөж, хүмүүст "би энд байна" гэж харуулах гэж байдаг чадлаараа хичээв ч хүн бүр түүнийг "амьд хүүр" гэж бодсон хэвээрээ. Өөрөөр хэлбэл тархи нь бүрэн үхсэн-мах. Мэдрэлээ бүрэн алдсан учраас тэрээр юугаа ч өчүүхэн ч төдий хөдөлгөж үл чадна.

Орой гэрийнхэн нь ирж авахгүй, замдаа осолд орсон байх вий гэсэн айдас. Үхэхээс өөр юуг ч хүсэхгүй, асрамжийн газрын утас дуугарах болгонд гэрийнхэнд нь муу юм тохиолдсон байх вий гэж үхтлээ айх. Яагаад гэвэлд түүнд сайнаар хандах өөр хэн ч байхгүй. Халуун цай уулгаж амыг нь түлхэд тэрээр хэлж чадахгүй тэсвэрлээд л сууж байхаас өөр аргагүй.

...Аав минь тэсвэр хатуужлын дээд цэгийг харуулж байлаа. Өдөр бүр тэрээр надад хоол өгч, усанд оруулахад гар нь дандаа эелдэг зөөлхөн байдаг байв. Би харин "Ааваа би байна, хүү чинь энд байна" гэж хичнээн хэлэхийг оролдов ч яаж ч чадахгүй. Би гараа хөдөлгөж дохио өгөхийг оролдовч аавд минь анзаарагдахгүй... Аав минь өдөр бүр намайг арчилж байх үед ээж минь харин надад ойртохгүй - түүний сэтгэл санаа хэтэрхий их унаснаас болж намайг харахыг ч хүсэхгүй байх шиг санагддаг байлаа. Тэр амиа хорлохоор эм уусан юм. Гэвч аав минь түүнийг аварч - түүнээс хойш ээж минь намайг асарч тойлох болсон доо...

Асрамжийн газар дадлагаар ажиллаж байсан массажист эмэгтэй Мартинд сайнаар хандаж, түүнтэй байнга ярилцдаг байв. Энэ үед Мартин толгойгоо үл ялиг хөдөлгөж чаддаг болсон байв. Энэ эмэгтэй Мартиний нүдэнд ухаан байна гэж итгэж байв. Ингээд нэгэн өдөр санаандгүй ТВ-р харилцааны бэрхшээлтэй хүмүүстэй харилцах шинэ аргачлалын талаар үзжээ. Мартиний аав ээжийг ятгаж, туршиж үзэхийг гуйсан байна.

25 настайд нь буюу 13 жилийн дараа хүмүүс анх удаа Мартинийг ой ухаантай, сав саруул ажилладаг болохыг нь ингэж мэджээ.



-----------------------------------------------------------------------------------

Би буруу бодож байж магадгүй юм. Гэхдээ хүнд тохиолдож болох хамгийн аймшигтай, үхлээс илүү аймшигтай зүйл бол бүрэн сэтгэдэг тархи, ямар ч үйлдэлгүй биен дотор оршин байх болов уу. Мартин 13 жилийн турш өдөр бүр, цаг минут тутамд тэмцэлдсээр өөрийгөө олж аван одоо вэб девелоперийн ажил хийж, сайхан эхнэртэйгээ  аз жаргалтай сайхан амьдарч байна.

Өмнө нь би төрөлхийн 4 мөчгүй, Ник Вужичийн тухай бичсэн. Мартиний амссан зүйл бол энэ дэлхийд төсөөлөхөд хэцүү, үгээр хэлж, үйлдлээр дүрсэлж боломгүй аймшигтай зүйл юм гэж бодогдож байна.

Үүнийг даваад хүн гараад ирдэг юм байна. Гэтэл бид цоо эрүүл байж ямар жижигхэн бэрхшээлийн өмнө шантарч, ямар хөгийн бодолтой, ямар бэртэгчин, аймхай, залхуу, арчаагүй байдаг билээ.

Дэлхийн хамгийн амархан Англи хэл сурах гэж л үйлээ үзэж, үгээ бардаг хүмүүс шүү дээ бид нар. Магадгүй Мартиний түүхийг залхуу дүү нартаа уншуулах хэрэгтэй байх. Гар хөл нь олигтой ажилладаггүй тэр өдөржин шөнөжин сууж веб девелоперийн мэргэжил эзэмшсэн - тэр ийм ажил хийж, тэгэж сурах нь түүний хувьд энэ дэлхий дээрх үгээр илэрхийлэхийн аргагүй хамгийн гайхалтай аз жаргал нь байсан юм. Гэтэл манай оюутнууд яаж залхуурцгаадаг билээ дээ.

Аз жаргал дэргэд чинь, ариун цагаан хөдөлмөрт, хайр сэтгэл, сайн сайхан бүхэнд оршин байна залуусаа.

Saturday, September 21, 2013

Дутагдлын шок

Бидэнд хамгаалах ёстой хоёр зүйл бий. Нэг нь Ардчилсан нийгэм, нөгөө нь Чөлөөт зах зээл.

Энэ бол бид. Энэ замыг бид сонгосон.

Би дээхнээс Монгол улсын дорой байдлын буруутанаар дунд шатны албан тушаалтнуудыг тодруулсан. Улс төрчид бишээ, ард түмэн бүүр ч биш. Харин аливаа улс орныг авч явдаг профессионалуудыг (мэргэжилтэн биш шүү) яриад байна.

Ардчилсан нийгмийн үнэт зүйлс, ардчилалын философи гэж байна. Тэрнийгээ дунд сургуульдаа заалгаагүй хүмүүс, их сургуульдаа үзээгүй улсууд яаж Ардчилсан нийгмийг хамгаалах юм бэ.

Чөлөөт зах зээлийн онол гэж байна, түүний тоглоомын дүрэм гэж байна. Тэрнийгээ дунд сургуульдаа заалгаагүй, их сургуульдаа үзээгүй хүмүүс яаж Чөлөөт өрсөлдөөнт зах зээлийг барьж байгуулах билээ.

Нэг хоолны газар байгуулагдаад тусгай зөвшөөрлөө авах гээд бүтэн 6 сар болохыг нь би харлаа. Энэ ресторанд оруулсан хөрөнгө оруулалт, ажилд авсан хүмүүсийн асуудал юу болох нь тэр вэ. Монгол улсад ресторан байгуулж болохгүй гэсэн хууль байна уу, ажлын байр нэмэгдүүлж болохгүй гэсэн бодлого байна уу. Яахаараа нэг муу ресторан байгуулахад бүтэн 6 сар хүлээдэг юм. Ямар казино байгуулж байгаа биш.

Энэ бол зүгээр л ардчилалын философио огт ойлгохгүй, чөлөөт зах зээлийн дүрмээ мэдэхгүй нэг төрийн албан тушаалтаны л гай. Хувийн үзэл бодлоороо шийддэг, хувийн бодлоороо хуулийг тайлбарладаг ийм байдал хэрээс хэтэрээд энэ улсаас гадаадын хөрөнгө оруулалт үргээд байгаа юм. Тэрнээс биш яг нарийн яривал тэр буруу гаргасан гээд байгаа хуулиас болоогүй юм шүү.

Телевизээр сүр дуулиантай гарч байнаа. Зочид буудалд найзуудаараа өрөө аван орж орой 12 цагаас хойш архидсан гээд. Сэтгүүлч нар нь цагдаа нартайгаа нийлж очоод "дэлбэлчихсэн" нүүр царайг нь түмэнд харуулаад, зочид буудлынх нь нэрийг нь гаргаж сүржин мэдэгдэл хийгээд л.

Энэ улс чинь Хойд Солонгос биш, Хятад ч биш. Монгол бол Ардчилсан чөлөөт зах зээлт орон. Энэ орны үнэт зүйл нь хувь хүний эрх чөлөө юмаа. Би хөдөө гараад архиа ууна уу, гэртээ ууна уу, зочид буудалд өрөө аваад ууна уу - миний хуулиар хамгаалагдсан эрх юмаа.

Сүүлдээ бүүр УИХ-н гишүүн нь Түрээсийг зохицуулах хууль санаачилаад явж байх жишээтэй. Түрээсээ байн байн нэмдэг нөхдүүдийг дарж авах юм гэнэ. Төрийн агентлагийн дарга нь байрны үнийг тодорхойлдог болчихож.

Энэ бүх хийрхэл, солиорол юунаас үүднэ вэ.

Монголчууд түгээмэл Дутагдлын шоконд нэрвэгдээд байгаа тухай олон жилийн өмнө бичсэн санагдана. Ерөөсөө өөртөө итгэлгүй хүмүүсийн армийг манай боловсролын систем бэлтгэж байна. Бусдаас байнга дутуу гэдгээ мэдэрч, түүнтэйгээ эвлэрсэн - жишээ нь хэзээ ч Америк шиг хөгжилтэй болохгүй юм чинь гадаадад гарч л амьдаръя гэсэн гутранги үзэлтэй Элит ангитай улс чинь Монгол шүү дээ.

Мундаг боловсрол дипломтой мөртлөө ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээх ухамсар үгүй элит ангитай улс бол Монгол.

Дутагдлын шоктой хүмүүс байнга дутагдлаа мэдэрч байдаг юм. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс сэтгэл зүйн эмгэгтэй учраас өөрсдийгөө мэдрэх давагдашгүй хүсэлтэй. Хэрэв жишээ нь ийм хүн төрийн дунд шатанд сууж байвал өөрийнхөө чухлыг мэдрэх хүслээ биелүүлэхийн тулд л чиний бизнес, тусгай зөвшөөрлийг чинь таг гацаачихна. Чи гуйгаад очихоор нөгөө дутагдлын шок нь өчүүхэн ч гэсэн "дэвтэж" байгаа юм.

Тэнэг учраас бишээ, ядуу учраас бүүр ч биш. Ердөө л философигүй, үнэт зүйл үгүй, тоглоомын дүрмийг мэдэхгүй байгаа учраас тэр шүү дээ.

Монголын бүх их дээд сургуульд Эдийн засгийн онол заадаг, философи заадаг. Тэнд юу зааж байна. Онолын ангилал зүй зааж байна. Хэлбэр зааж байна. Агуулга заахгүй байна. Лекцдээд өнгөрч байна, семинардахгүй байна. Ардчилалын философи юу юм бэ - мэдэж байгаа хэдэн уншигч байна? Чөлөөт зах зээлийн амин сүнс нь юу вэ - заалгасан хүн байна уу?

Ардчилалын талаар хөгийн ойлголттой, чөлөөт зах зээл гадарлах ч үгүй бакалавр ня-богоор төгсөөд татварт орлоо. Орлогын 30 хүртэл хувиар торгох тухай заалтыг яаж энэ хүн хэрэгжүүлэх вэ. Шууд л очоод ямар ч луйвар хийгээгүй, ямар ч юм нууж хаагаагүй, ердөө л бүртгэлийн бичилтээ "буруу" хийсэн компанийг "за Орлогын чинь 30 хувиар торгоноо, хууль нь ийм байнаа" л гэнэ. 5хан хувийн ашгийн төлөө хуруу хумсаа хугалж ажилладаг бизнес орлогынхоо 30 хувиар торгуулна гэж байх уу нөхдөө. Энэ бол шууд дампуурал гэсэн үг, энэ бол шууд л тэр байцаагчид авилга өг гэсэн үг шүү дээ. Хуулиараа авилгалыг хуульчилаад заагаад өгчихсөн улс бол Монгол шүү дээ.

Монгол улсад ирээд төрийнх нь тамгатай гэрээ, гэрчилгээтэй газар аваад дээр нь барилга барих гэж байтал нь хураагаад, цуцлаад авчихаж байна. Гадаадын ямар ч хөрөнгө оруулагч Монголд авилга өгөх гэж ирдэггүй юм. Одоо тэр мөнгөтэй хүн л бол луйварчин гэдэг хөгийн ойлголтоосоо салах цаг болсон.

Монгол улсад нүүрс ачих буулгах талбай байгуулахад 2 сая доллар хийгээд зөвшөөрлөө авч чадахгүй гацчихсан хөрөнгө оруулагчтай уулзаж байлаа. Манайх хэд дахин илүү байхад манай хажуу талын талбай ямар ч шаардлага хангаагүй байж ажиллаад байна гээд нүд нь том болчихсон яриад байна билээ. Энэ хүн зовж байж олсон хэдэн төгрөгөө шатаачихлаа. Монголчуудын бүдүүлгийг, Монголын хуулийн ойлгомжгүйг, Монголын хүнд сурталтны увайгүйг дэлхийгээр нэг яриад - битгий тийшээ зүглээрээй - гээд яриад яваад байна.

Бүрдүүлэх материал - гэхээрээ 1, 2, 3 гэж байснаа Бусад гээд аймшигтай том нүх бүх хуулинд байна. Тэрийг нь төрийн дунд албан тушаалтан гуйвуулдаг, мушигдаг - огт бүрдүүлэх боломжгүй юм шаардаад л гадаад ч гэлтгүй дотоодын компаниудыг авилгалын торлуугаа татаад оруулчихаж байна.

Би ердөө нэг нэгхэн л жишээ авч байна. Тоймгүй олон жишээ бичиж чадна.

Философи мэдэхгүй, чөлөөт зах зээлээ ойлгохгүй, дутагдлын шок нь эмгэг болж хувирсан хүн хэлбэр л харна. "Өө, энэ Ганзориг яасан онгироо нөхөр вэ", "Ганзориг ийм хувцас өсчихсөн байна шүү" ийм л юм бодно, тэгэж л дүгнэнэ. Ганзориг юуг бодоод, яаж хэлэв - ерөөсөө хамаагүй.

Эргүү царайлаад чимээгүй сууж байдаг хүн бол "Ёстой сайн даруухан залуу". Философио яриад, бас мэдлэгт нь дусал нэмэр болчих гээд цор цор хийсэн хүн бол "Онгироо баагий". Бидний ухамсар бүүр ингэтлээ доройтож байна.

Монгол улсыг Монгол улсын профессионалууд буюу элит анги нь унагаж байна. Энэ хооронд улс төрчид нь ард түмэн харанхуй учраас бид популизм хийхээс өөр аргагүй байна шүү дээ маягийн юм яриад л, ард түмэн нь агуулгадахгүй - харин хэлбэрдээд л сууж байна.

Асуудал тодорхой байна. Шалтгаан нь ойлгомжтой байна. Бид зам барих тухай биш харин яаж боловсролын системээ орвонгоор нь өөрчлөх талаар л ярьж байх ёстой. Манай хараацайнууд яахав дээ, системтэй боловсрол олж авч амжаагүй, дам сургаар сонссон зүйлсээ багцлаад нэг мэдлэг шиг юм болгочихсон - өөр манайд огт хамаагүй улс орны жишээг баруун солгойгүй ярихдаа гарамгай юм чинь - "боловсрол бол байгалийн шалгарал" маягийн юм яриад явж байгаа юм.

Оксфордыг Монголд хуулахгүй ээ. Яагаад?

Ардчилалын философи, Чөлөөт зах зээлийн дүрэм Англи Америкт 600 жил хөгжөөд - одоо бүүр нүдэнд харагдаж, цаасан дээр бичэгдээгүй соёл болоод нийгэмд нь суучихаад байна.

Яг л 10 жил ажиллачихсан компанийг үргэлжлүүлээд ажиллуулах, цоо шинээр компани байгуулах хоёрын хооронд ямар аймаар ялгаа байдагтай адилхан.  Тэнд төрийн албан тушаалтан Бусад гэдэг заалтыг яаж ашиглахаа мэдэж байна. Яаж ашиглахгүйгээ бас итгэл үнэмшил болтлоо ухамсарлаад байна.

Социализмийн философи, үнэт зүйл - Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тоглоомын дүрэм гэж байсан юм. Харин манай ардчилалынх, манай зах зээлийнх хаа явна вэ. Хаа ч байхгүй учраас л улс төрчид, компанийн захирлууд, хэвлэл мэдээлэл нь агуулга биш зөвхөн хэлбэр 23 жил ярилаа.

Гадаадад багаасаа амьдраагүй л бол тэнд сургууль төгсөөд ирж байгаа хүмүүс ч гэсэн ихэнхдээ Америкийн үнэт зүйлсийг ойлгож чадахгүй (нийгмийн харилцаанд нь орж амжихгүй байна) буцаж ирээд их санасан газар  9 хоноод байна.

Жич: Би энд хавтгайруулж яриагүй нь тодорхой. Тэрийгээ мэдэгдэх гэж өгүүлбэрүүдийнхээ хүчийг сулруулахыг хүссэнгүй.

Monday, September 16, 2013

Монголын стратеги

"Стратеги бол цаасан дээр бичсэн хоосон лоозон биш харин бодитой, үйл ажиллагаа, алхамууд юм. "

Монгол улсын стратеги юу вэ. Байхгүй гэж хэлэхгүй. Цаасан дээр бичээд тавьсан сайхан лоозонгууд бол зөндөө л байгаа.

Гэхдээ стратеги бол зорилго биш юм. "Монгол хүн бүрийг байртай болгоно" гэдэг бол зорилго. Стратеги нь харин зорилгод хүрэх арга зам юм. Зарим компанийн ТУЗ дээр Харилцагчийг эрхэмлэх стратеги гэх мэт үгс сонсогдож байдаг. Энэ бол зайлшгүй шаардлага болохоос биш стратеги бас биш юм шүү, холивзаа. Эсвэл үндэсний уламжлалаа хадгалж хөгжинэ гэдэг бол зүгээр л сануулга болохоос биш стратеги ч биш зорилго ч биш юм.

Монгол улсын хувьд Алсын хараа, зорилгууд нь хэнд ч ойлгомжтой байх. Түүнд харин хэрхэн хүрэх вэ гэдэг тал дээр бодитой өнцгөөс нь ярилцая.

Үндсэндээ хоёр арга зам харагдаж байна.

1. Орчин үеийн ардчилсан хөгжилтэй орнуудын явсан замаар, тэдний хөгжсөн аргаар хөгжих.
Эртээд нэг нөхөр надтай "Катар яацын, Араб яацын" гэж твиттерээр хэрүүл хийсэн.  Энд нэг зүйлийг сануулъя. Бид ардчилсан улс болохоос биш балар эртний овгийн байгуулалттай, хаант засаглалтай Арабын хойг биш юм шүү.
Өөрөөр хэлбэл бидний хөгжлийн зам нь зөвхөн ардчилсан үнэт зүйлсийн хүрээнд, чөлөөт зах зээлт эдийн засагт суурилж явагдах юм. Тухайлбал манай боловсролын систем, санхүүгийн зах зээл, аж үйлдвэржилт, дэд бүтэц, эрүүл мэндийн систем нь тэдний (АНУ, Англи) туршлагыг давтах байдлаар хөгжинө гэсэн үг.
Энэ тохиолдолд бид "дугуйг" дахин зохиогоод байх шаардлагагүй, харин аль болох богино хугацаанд Америкийг гүйцэж очино гэх мэт зорилго тавина. Мэдээж тэд урагшлаад хөгжөөд байгаа. Бид хойноос нь гүйцэж очихыг хичээнэ гэсэн үг.

2. Энэ дэлхийд төгс юм гэж үгүй. Америкийн одоог хүртэл явж ирсэн хөгжлийн стратеги, нийгмийн бүтэц, эдийн засгийн зохион байгуулалт нь төгс үү? мэдээж үгүй. Тэгвэл хоёрдох буюу арай хэцүү хувилбарт тэд нараас огт өөр стратегийг баримталж шууд урд талд нь "үсэрч" гарах явдал.

Тухайлбал Боловсролын систем нь цоо шинэ энэ дэлхийд өмнө нь туршигдаагүй системээр явагдах. Санхүүгийн дэд бүтцийг огт өөрөөр зохион байгуулах. Шүүх систем дээр мөн цоо шинэ нээлт хийх.

Өөрөөр хэлбэл 5000 жилийн турш явагдаж ирсэн хөгжлийн загварт тэсрэлт хийж, зөвхөн Монголчууд биш харин Хүн төрлөхтөнд Ухамсарын хувьсгал хийх нөхцлийг бүрдүүлэх тухай ярьж байна.

Мэдээж энэ бол Утопи. Гэхдээ боломжгүй гэсэн үг биш. Бид АНУ, Англи, Япон ер нь дэлхийд маш их гажиг, болохгүй бүтэхгүй юм харж байна. Өөрөөр хэлбэл загвар өөрөө төгс биш юмаа гэдгийг харж байна.

Энд гэхдээ нэг зүйлийг хэлэлгүй болохгүй. АНУ-н загвар нь (ардчилалын жишээ болгож аваад байгаа олон орон үүнд хамаарна шүү) байнга шинэчилэгдэн сайжирч, алдаанаас суралцаж дээшээ хөгжиж байдгаараа АГУУ гэдгийг тэмдэглэх ёстой. Тийм ч учраас энэ загвар нь Орос (нэг хүн) эсвэл Хятадаас (нэг нам) зарчмын хувьд дээр загвар гэдгийг ойлгох буйзаа.  

Олон улсын эдийн засгийн хямрал боллоо. Зөндөө олон гажигууд ил гарлаа. Зөндөө олон онолууд цохилтонд орлоо. Хэзээ Монгол хүн Глобал Макро Эдийн засгийн онол гаргах вэ? Бид хэдэн онд Физикээр Нобел авах вэ.

Квант физикийг жишээ нь яръя. Дэлхийд юмс үзэгдлийн мөн чанарыг (жин, таталцал, квант хэсгүүд) тайлбарлаж чаддаг эрдэмтэн алга байна, өнөөдөр. Ертөнцийн 70 гаруй хувийг бүрдүүлдэг Хар Энерги юу вэ. Мэддэг хүн байхгүй. Тэрнийг анхлан Монгол хүн мэдэж болж байна. Тийм боломж байна.

Гэтэл талхны үнээ мэдэх, мэдэхгүй тухай хэрүүл хийгээд, бөөгөөс очиж ирээдүйгээ асууж байгаа нөхцөлд энэ бол УТОПИ.  

Монгол хүн Америк хүнтэй ТЭГШ БОЛОМЖ-той болох нөхцлийг бүрдүүлэх дэд зорилго байна. Америк хүнтэй тэгш боломжтой болж байж Монгол залуу Глобал онол зохиох боломжтой болно. Магадгүй бид 30 жилийн дотор гэхэд Монгол хүн Америк хүнтэй Глобал төвшинд ТЭГШ БОЛОМЖтой байх нөхцлийг бүрдүүлье гээд зорилго тавьчихая.

Социалист байгуулалтын үед Боловсролын системд бид тодорхой загвартай байв. Тухайлбал Шинжлэх Ухаанч иргэд бэлтгэнэ гэх мэт. Энэ стратегийн ачаар Орос хүмүүс ямар олон онол зохиов.

Тэгвэл бидний хувьд, өнөөдөр боловсролын системийн стратеги юу вэ. Хэрэв оюун ухаан капитал юм бол бид хамгийн түрүүнд боловсролын системийг ярих ёстой. Өнөөдөр бид 2013 онд Хатан Ухаан яриад л сууцгааж байгаа шүү дээ.

1-р ангиас нь эхэлж философи заая. Философийн түүх биш харин иргэдээ Амьдралын мөн чанарыг "ухамсарладаг", Амьдралыг үнэлж чаддаг болгож бэлтгэе. Ухамсаргүйгээр Логарифм хувиргаж боддог биш (wikipedia-с 5 минутанд л сурна) харин Амьдралын мөн чанарыг ухаж ойлгодог хүмүүс бэлтгэе. Амьдралын мөн чанарыг ухаж чаддаг хүн Физикийн мөн чанарыг ухаад гаргаад ирэх байлгүй дээ. Амьдралаас авахад биш харин амьдралд өгөхөд өөрсдийгөө зориулдаг эрдэмтэд ямар ч агуу нээлтийг хийж чадна гэж итгэнэм.

1-р ангиас нь эхэлж психологи заая. Сэтгэл зүйн ухааны ангилал зүй биш харин Сэтгэл зүйгээ зөв бэлтгэж, өөртөө итгэлтэй, тэвчээртэй, шудрага болгож хүүхдүүдээ бэлтгэе. Хүчээр хамаагүй илүү бөх боловч Олимпийн тавцанд очоод өвдөг нь чичрээд гар нь хүндрээд байгаа нь ТВ-р харахад илт мэдрэгддэг тийм хүмүүс биш Сэтгэл зүйн хүчтэй, Глобал төвшинд хэлэлцээ хийж чадах иргэд бэлдэе.

Би энд стратеги ерөнхийгөөс тусгайруу, тусгайгаас төлөвлөгөөрүү, төлөвлөгөөнөөс хэрэгжилтрүү яаж шилжих тухай ийм болхи жишээ авлаа. Бидэнд яаралтай Стратеги хэрэгтэй байна.

Хэзээ Монгол улс Америкийг давж гарах вэ? Асуулт хариултаа хүлээсээр л...

Tuesday, August 27, 2013

Дүлий хүн

Корпорацын сэтгэл зүйн талаар бас нэгэн огт онолгүй практик ажиглалтаа бичье.

Хайр гэдэг нь өгөхийн нэр болохоос авахын нэр биш юмаа гэж би өмнө нь бичсэн.

Үүнээс ургуулаад бизнесийн хар практикт арван хэдэн жил ажигласан нэгэн асуудлыг бичье.

Корпорацын дүлий хүн гэж байна. Ийм дүлийчүүд Монголын компаниудад хэдэн мянгаараа байна.

Би өнөөдөр ийм дүлий хүмүүсийн талаар бичнэ.

Сонсох чадвар (listening comprehension skill) гээд бизнесийн харилцааны чухал софт чадвар байх. Монголчууд бол энийг шууд л эсрэг хүнийг ярьж байхад дуугүй суух гээд ойлгочихдог. Үнэндээ огт эсрэгээрээ. Сонсох чадвар гэдэг нь эсрэг хүнээ сайтар ажиглаж, ярьж байгаа бүх зүйлсийг нь ухаж ойлгож, дууны өнгийг нь шинжилж тархинд нь болж байгаа процессийг бүрэн мэдрэхийг хэлж байгаа юм.

Бизнес бол олон эсрэг тэсрэг сонирхол бүхий хүмүүсийн төвөгтэй харилцаа. Үүнийг Том далайтай зүйрлэвэл сонсох чадвар нь найдвартай завь юм.

Сонсох чадваргүй хүн бол Корпорацын дүлий хүн юм. Бизнест байнга асуудал ургаж байдаг. Асуудалд шалтгаан, түүнийг шийдэх гарц гэсэн хоёрхон тал бий. Харин дүлийчүүд ШАЛТАГ гэсэн том мангас гаргаж ирдэг нь хачирхамаар зүйл биш.

Дүлий хүн нь аливаа харилцааны бүх бэрхшээлд эсрэг талаа буруутгадаг нь гэм биш зан. Намайг ингээд бичээд эхлэнгүүт танай компанид байгаа ийм хэд хэдэн этгээдүүдийн дүр тархинд чинь буух нь мэдээж. Харин Корпорацын дүлий хүн үүнийг уншиж байгаа бол "энэ одоо юу солиорно вэ" гэж бодох нь бас ойлгомжтой.

Хүнд юу ч өгөх сонирхолгүй, өгөх юмгүй хүн ер нь хүнийг огт сонирхож сонсдоггүй юм. Харин хүнд юм өгөх хүсэлтэй буюу хүнийг хайрлаж чаддаг хүн нь аливаа эсрэг талын хүнээ үнэн сэтгэлээсээ сонирхож, юу хүсээд, юу яриад, яах гээд байгааг нь тандаж байдаг юм.

Корпорацын дүлий хүмүүс байнга л гомдоллож, хэн нэгэнд буруугаа чихэж явдаг. За гадаадад МВА хийснүүд нь бол ур чадвар нь яаж дээшилдэг вэ гэхээр - уран уран ШАЛТАГУУД, ямар нэгэн гогцоо маш түргэн бодож олж эсрэг талаа мяалах тал дээрээ гаргууд болдог юм.

Ер нь бизнесмэн, лидер хүний гол чанар бол аливаа асуудалд шууд өөрөөсөө бурууг хайх тэр гайхамшигтай чанар юм. Би хаана алдчихав, би энэ хүнд өөрийгөө буруу ойлгуулчихав уу, би энэ хүнийг бүрэн дүүрэн сонсч чадсангүй юу гэж бодлууд эхлэх учиртай юм.

Корпорацын дүлий хүн мөн гэдэг нь баттай яаж мэдэгддэг вэ гэхээр - энгийн логик, корпорацын соёл, засаглалын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, батлагдсан бизнес төлөвлөгөө, хийгдсэн гэрээний заалтууд бариад яриад, яриад, яриад - хэдэн сар жилээр яриад байхад л СОНСОХГҮЙ, нөгөө л уран уран шалтагуудаа бодож олоод ӨӨРӨӨ нэг л их хохирсон хүн, өрөөл болохоор ХАДНЫ МАНГАА мэтээр өөдөөс дүлийрээд, муйхарлаад дайрдаг юм.

Би компанийн захирал хийгээд олон компаниас гэрээ хийж, үйлчилгээ авч байлаа. Хэд хэдэн ийм Корпорацын дүлий хүнэн Гүйцэтгэх захирлуудыг харсан даа. Сүүлдээ мөнгөө төлөөд, яг таг гэрээний үндсэн дээр үйлчилгээ авсан ХААН Харилцагч би түмэн зүйлээр буруутаад дуусдаг тохиолдол байдаг.

Тэгэхээр би дүлий хүн гэж зөвхөн харилцаан дээр биш ер нь бүхэлд нь ярьж буйг уншигч авгай ойлгосон буй заа. Корпорацын дүлий хүн бүүр өөрийнхөө хаана, юу хийж яваагаа ч ойлгохоо байчихсан байдаг нь нэг шинж чанар нь.

Нэгэн найз маань хэлж билээ - Өөрийгөө хайрлаж чаддаг хүн л бусдыг хайрлаж мэддэг юм аа- гэж.

Магадгүй энэ аналогиор бол Өөрийгөө сайтар сонсч чаддаг хүн л бусдыг сонсч чаддаг байх.

Тэгэхээр эргэн тойрондоо байгаа энэ Корпорацын дүлий хүмүүсээ Сэтгэл зүйн яаралтай тусламжид явуулах хэрэгтэй гэж зөвлөх гээд байгаа юм. Тэгэхгүй бол компанийг өөртэйгээ хамт дүлийрүүлэх эрсдэлтэй байдаг. Ийм дүлий хүн философийн мэдлэг олж авч чадахгүй эсвэл сэтгэл зүйн асуудлаа шийдэж чадахгүй Баруунд МВА хийчихвэл жинхэнэ том асуудал босч ирж байгаа нь тэр. Яагаад гэвэл суурь сэтгэцийн эмгэгтэй хүн САРнаас том Эготой болчихвол жинхэнэ том хэрэг мандана.

Миний энэ удаагийн бичих хэлбэр баахан назгай болсоныг хүлцэнэ бизээ.


Wednesday, August 14, 2013

Цай, талх

Сэтгэл зүй - Психологи бол миний хувьд Философитой адил сонирхолтой сэдэв.

Дилер хийдэг байхдаа дэлгэцэн дээр тасралтгүй жирэлзэх олон тоог биш харин тэдгээрийг хөдөлгөж байгаа этгээдүүдийн сэтгэл зүйг илүү их сонирхдог байв.

Байгууллагын Сэтгэл Зүй бол менежментийн ухаанд шинэ сэдэв. Бага судлагдсан, гэхдээ хамгийн чухал сэдэв.

Би өнөөдөр байгууллагын сэтгэл зүйн талаар нэг хоёр зүйлийг бичих гэсэн юм.


НЭГ. СОНГОЛТ ГЭЖ ҮҮ
Гэр бүл үү, Ажил уу гэсэн томъёололыг би их олон удаа сонссон доо. Яг л 90-ээд онд эхнэрүүд Архи уу эсвэл Би юу, одоо Сонго! гэж нөхрөөсөө асуудаг байсан шиг.

Ер нь бол Сонголт нь өөрөө аль нэгийг нь л сонгох эсвэл аль алинийг нь сонгох гэсэн хоёр хувилбартай байж болох юм.

Архи болон Эхнэр хоёрын аль нэгийг нь Сонгохоос өөр аргагүй нь ойлгомжтой байх. Гэтэл логикийн болон хүний амьдралын философийн үүднээс Ажил уу, Гэр бүл үү гэдгийн аль нэгийг нь л сонгох гээд байдгийг би харин огт ойлгодоггүй юм.

Би үүнийг өглөөний цайтай зүйрлэж ярих дуртай. Өглөөний цай сайхан халуун цай эсвэл кофе, тэгээд өндөгтэй шарсан талхнаас бүрдэнэ гэж үзье л дээ. Цай байхгүй бол горойно. Өндөгтэй талх байхгүй бол өлсөнө. Хоёулаа байж л энэ өөрөө өглөөний цай болно.

Хүний амьдрал тэгвэл Өглөөний цайтай л адил юм. Цай нь Гэр бүл, Талх нь Ажил. Энд аль нэгийг нь сонгоод байх шаардлага байхгүй, харин хольцийг нь тааруулах л асуудал байна.

Хэрэв чи ажилдаа хэт улайраад гэр бүлээ огоорвол кофе биш, бүүр цай ч биш, зүгээр буцалсан ус ууж магадгүй л юм. Нөгөө талаас Гэр бүл, гэр бүл гээд Ажлаа хаявал өндөг байтугай талх ч идэхгүй байж мэдэх л.

Ажлаасаа болоод үр хүүхдээ золиослоод байна гэж ярьдаг. Тэгвэл үр хүүхдийнхээ хажууд өдөржингөө хэвтээд байвал Хүүхдүүд чинь бие даалт байхгүй, өөрөө өндөгтэй талх шараад идчихэж чадахгүй тийм л хүмүүс болно. Амьдрал бол хольцийг нь л тааруулах асуудал болохоос биш ультиматум тавиад нэгийг нь сонгоод байх асуудал биш гэдгийг ойлгоосой.

Бас өөрийн дуртай ажлаа хийх үү, өндөр цалинтай дургүй ажлаа хийх үү гэдэг асуулт их гардаг даа. Би лекцүүддээ жишээ болгож ярьдаг - Анх ажлын гараагаа эхлэхдээ 400 долларын цалинтай төслийн ня-богийн ажлаа хаяад өөрийн сэтгэл зүрхнийхээ дуудлага болох 80 мянган төгрөгний цалинтай дилерийн ажилд орж байлаа гэж. Ажил бол хүний амьдрал болохоос биш зүгээр л мөнгө олдог, гэр бүлийн дараа хоёрт орох зүйл биш юм. Ухаараасай. Гэр бүл цай нь, ажил бол талх нь.

Хүүхдүүдээ өндөр төлбөртэй сургуульд оруулахын тулд сэтгэл зүрхнийхээ дуудлагыг дагаж биш харин өндөр цалинтай газар суудал бөглөж суудаг хүмүүс хэдэн мянгаараа байдаг. Би тэд нарт хэлдэг юм. Дэлхийн хамгийн агуу суутнууд хамгийн үнэтэй сургуулиудаас биш харин шороон дундаас төрдөг юм гэж. Яагаад гэвэл дэлхийн ард түмэн ядуу амьдардаг юм. Эгэл жирийн хөдөлмөрч ард түмний амьдралыг мэдэхгүй төлбөртэй сургууль, авилгач, хулгайч, наймаачдын хүүхдүүдтэй сураад магадгүй мундаг дипломтой хүүхэд гарч ирэх байх л даа. Гэхдээ энд бас эцэг эхийн үүргийг хэтрүүлж ойлгоод байх шиг. Эцэг эх үр хүүхэддээ зөв амьдралыг зааж, зөв хүмүүжлийг олгож шудрага, хөдөлмөрч иргэн болгож бэлтгэх үүрэгтэй болохоос биш хүнээс дутаахгүй нь энэ гээд бэлэнчилэх сэтгэлгээтэй бэртэгчин болгож болохгүй нь.

Дээхнэ танил эгч маань хүүхдээ Америк сургуульд явуулж хүний хүүхдээс дутаахгүй гээд ярьж байна аа. Монголд маш танил яриа тийм үү. Би мань хүнд хэлсэн юм "Хүн хүнээс дутуугаа мэдэрч байж Хүн болдог юм аа - таны хүүхдээ хүнээс дутаахгүй гэж ярьж байгаа чинь зүгээр л өөрийнхөө сэтгэлийг хуурч байгаа хэрэг". Бид хүүхдэд хөдөлмөрийн үнэ цэнийг, өөрөө өөрийнхөө амьдралд эзэн болох тэр л хүмүүжлийг өгөх ёстой болохоос биш өөрсдөө кайф авах гэж гангалаад, Америк сургуульд явуулаад яах юм.

Амжилттай карьерийн нууц - Өөрийн дуртай ажлаа хийх - гээд одоо хэдэн мянган номонд бичиж, хэдэн арван мянган алдартан хэлсэн байх. Яагаад гэвэл хүн өөрийн дуртай ажлаа хийвэл Бүтээл бүтээж чадна. Бүтээл харин хэдэн зуун мянгаар биш хэдэн зуун саяар үнэлэгдэх боломжтой.


ХОЁР. СЭТГЭЦИЙН ЭМГЭГ

Ажлын байран дээр түгээмэл тохиолддог  сэтгэцийн эмгэгийн тухай жаахан бичье гэж бодлоо.

Хүн Гэр бүл буюу Цай, Ажил буй Талх гэсэн Өглөөний цай буюу Амьдралыг зооглодог. Цай ч кайф төрүүлэх ёстой, Талх ч сайхан амттай байх ёстой. Тэгэж байж л сайхан өглөөний цай болно.

Гэтэл мянга мянган хүмүүс нэг бол Гэр бүлээсээ хайр халамжыг мэдэрч чаддаггүй. Эсвэл сэтгэл зүрхнийхээ дуудлагаар биш мөнгөөр сонгосон ажлаасаа хийж бүтээхийн кайфыг авч чаддаггүй.

Ингээд амтгүй цайгаа ахиухан талхаар, эсвэл аргуу талхаа өтгөн цайгаар нөхөх гэж оролддог. Энэ нь даамжирч явсаар Сэтгэцийн эмгэг болтлоо гүнзгийрч сүүлдээ Бодит байдлаас хөндийрч Параной болдог тохиолдол элбэг байна.

Гэр бүлээсээ авч чадаагүй зүйлээ Ажлаасаа авах гэж дэмий оролдлого хийгээд хэт эмзэг болох, ажил дээрээ бүтээл гаргаж чадахгүй байх. Үүндээ бүүр шоконд орох, унасан спиралд орох, ийм хандлага маш их байна. Эсвэл Ажил дээрээс авч чадахгүй таашаалаа гэр бүлээсээ авах гэж оролдох.

Ер нь энэ дэлхийд дан Цай эсвэл дан Талхтай тийм Өглөөний цай хаана байна.

Энэ сэтгэцийн эмгэгээс болж түмэн зүйл, мянган төрлийн Сэтгэл зүйн асуудал үүсч Хүн бодит байдлаас тасарч, Рационал шийдвэр гаргаж чадахаа больж эхэлдэг байна. Ажил дээр юун багийн тоглогч болохтой манатай - харин ч багийн дайсан, хагалган бутаргагч болж хувирдаг.

Ажил дээрээ чи профешионал, Гэртээ чи аав эсвэл ээж байх ёстой. Энэ дүрүүдийг хольж хутгаад байх явдал байхгүй. Хольж хутгах боломжгүй.