Корпорацын сэтгэл зүйн талаар бас нэгэн огт онолгүй практик ажиглалтаа бичье.
Хайр гэдэг нь өгөхийн нэр болохоос авахын нэр биш юмаа гэж би өмнө нь бичсэн.
Үүнээс ургуулаад бизнесийн хар практикт арван хэдэн жил ажигласан нэгэн асуудлыг бичье.
Корпорацын дүлий хүн гэж байна. Ийм дүлийчүүд Монголын компаниудад хэдэн мянгаараа байна.
Би өнөөдөр ийм дүлий хүмүүсийн талаар бичнэ.
Сонсох чадвар (listening comprehension skill) гээд бизнесийн харилцааны чухал софт чадвар байх. Монголчууд бол энийг шууд л эсрэг хүнийг ярьж байхад дуугүй суух гээд ойлгочихдог. Үнэндээ огт эсрэгээрээ. Сонсох чадвар гэдэг нь эсрэг хүнээ сайтар ажиглаж, ярьж байгаа бүх зүйлсийг нь ухаж ойлгож, дууны өнгийг нь шинжилж тархинд нь болж байгаа процессийг бүрэн мэдрэхийг хэлж байгаа юм.
Бизнес бол олон эсрэг тэсрэг сонирхол бүхий хүмүүсийн төвөгтэй харилцаа. Үүнийг Том далайтай зүйрлэвэл сонсох чадвар нь найдвартай завь юм.
Сонсох чадваргүй хүн бол Корпорацын дүлий хүн юм. Бизнест байнга асуудал ургаж байдаг. Асуудалд шалтгаан, түүнийг шийдэх гарц гэсэн хоёрхон тал бий. Харин дүлийчүүд ШАЛТАГ гэсэн том мангас гаргаж ирдэг нь хачирхамаар зүйл биш.
Дүлий хүн нь аливаа харилцааны бүх бэрхшээлд эсрэг талаа буруутгадаг нь гэм биш зан. Намайг ингээд бичээд эхлэнгүүт танай компанид байгаа ийм хэд хэдэн этгээдүүдийн дүр тархинд чинь буух нь мэдээж. Харин Корпорацын дүлий хүн үүнийг уншиж байгаа бол "энэ одоо юу солиорно вэ" гэж бодох нь бас ойлгомжтой.
Хүнд юу ч өгөх сонирхолгүй, өгөх юмгүй хүн ер нь хүнийг огт сонирхож сонсдоггүй юм. Харин хүнд юм өгөх хүсэлтэй буюу хүнийг хайрлаж чаддаг хүн нь аливаа эсрэг талын хүнээ үнэн сэтгэлээсээ сонирхож, юу хүсээд, юу яриад, яах гээд байгааг нь тандаж байдаг юм.
Корпорацын дүлий хүмүүс байнга л гомдоллож, хэн нэгэнд буруугаа чихэж явдаг. За гадаадад МВА хийснүүд нь бол ур чадвар нь яаж дээшилдэг вэ гэхээр - уран уран ШАЛТАГУУД, ямар нэгэн гогцоо маш түргэн бодож олж эсрэг талаа мяалах тал дээрээ гаргууд болдог юм.
Ер нь бизнесмэн, лидер хүний гол чанар бол аливаа асуудалд шууд өөрөөсөө бурууг хайх тэр гайхамшигтай чанар юм. Би хаана алдчихав, би энэ хүнд өөрийгөө буруу ойлгуулчихав уу, би энэ хүнийг бүрэн дүүрэн сонсч чадсангүй юу гэж бодлууд эхлэх учиртай юм.
Корпорацын дүлий хүн мөн гэдэг нь баттай яаж мэдэгддэг вэ гэхээр - энгийн логик, корпорацын соёл, засаглалын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, батлагдсан бизнес төлөвлөгөө, хийгдсэн гэрээний заалтууд бариад яриад, яриад, яриад - хэдэн сар жилээр яриад байхад л СОНСОХГҮЙ, нөгөө л уран уран шалтагуудаа бодож олоод ӨӨРӨӨ нэг л их хохирсон хүн, өрөөл болохоор ХАДНЫ МАНГАА мэтээр өөдөөс дүлийрээд, муйхарлаад дайрдаг юм.
Би компанийн захирал хийгээд олон компаниас гэрээ хийж, үйлчилгээ авч байлаа. Хэд хэдэн ийм Корпорацын дүлий хүнэн Гүйцэтгэх захирлуудыг харсан даа. Сүүлдээ мөнгөө төлөөд, яг таг гэрээний үндсэн дээр үйлчилгээ авсан ХААН Харилцагч би түмэн зүйлээр буруутаад дуусдаг тохиолдол байдаг.
Тэгэхээр би дүлий хүн гэж зөвхөн харилцаан дээр биш ер нь бүхэлд нь ярьж буйг уншигч авгай ойлгосон буй заа. Корпорацын дүлий хүн бүүр өөрийнхөө хаана, юу хийж яваагаа ч ойлгохоо байчихсан байдаг нь нэг шинж чанар нь.
Нэгэн найз маань хэлж билээ - Өөрийгөө хайрлаж чаддаг хүн л бусдыг хайрлаж мэддэг юм аа- гэж.
Магадгүй энэ аналогиор бол Өөрийгөө сайтар сонсч чаддаг хүн л бусдыг сонсч чаддаг байх.
Тэгэхээр эргэн тойрондоо байгаа энэ Корпорацын дүлий хүмүүсээ Сэтгэл зүйн яаралтай тусламжид явуулах хэрэгтэй гэж зөвлөх гээд байгаа юм. Тэгэхгүй бол компанийг өөртэйгээ хамт дүлийрүүлэх эрсдэлтэй байдаг. Ийм дүлий хүн философийн мэдлэг олж авч чадахгүй эсвэл сэтгэл зүйн асуудлаа шийдэж чадахгүй Баруунд МВА хийчихвэл жинхэнэ том асуудал босч ирж байгаа нь тэр. Яагаад гэвэл суурь сэтгэцийн эмгэгтэй хүн САРнаас том Эготой болчихвол жинхэнэ том хэрэг мандана.
Миний энэ удаагийн бичих хэлбэр баахан назгай болсоныг хүлцэнэ бизээ.
No comments:
Post a Comment