"Стратеги бол цаасан дээр бичсэн хоосон лоозон биш харин бодитой, үйл ажиллагаа, алхамууд юм. "
Монгол улсын стратеги юу вэ. Байхгүй гэж хэлэхгүй. Цаасан дээр бичээд тавьсан сайхан лоозонгууд бол зөндөө л байгаа.
Гэхдээ стратеги бол зорилго биш юм. "Монгол хүн бүрийг байртай болгоно" гэдэг бол зорилго. Стратеги нь харин зорилгод хүрэх арга зам юм. Зарим компанийн ТУЗ дээр Харилцагчийг эрхэмлэх стратеги гэх мэт үгс сонсогдож байдаг. Энэ бол зайлшгүй шаардлага болохоос биш стратеги бас биш юм шүү, холивзаа. Эсвэл үндэсний уламжлалаа хадгалж хөгжинэ гэдэг бол зүгээр л сануулга болохоос биш стратеги ч биш зорилго ч биш юм.
Монгол улсын хувьд Алсын хараа, зорилгууд нь хэнд ч ойлгомжтой байх. Түүнд харин хэрхэн хүрэх вэ гэдэг тал дээр бодитой өнцгөөс нь ярилцая.
Үндсэндээ хоёр арга зам харагдаж байна.
1. Орчин үеийн ардчилсан хөгжилтэй орнуудын явсан замаар, тэдний хөгжсөн аргаар хөгжих.
Эртээд нэг нөхөр надтай "Катар яацын, Араб яацын" гэж твиттерээр хэрүүл хийсэн. Энд нэг зүйлийг сануулъя. Бид ардчилсан улс болохоос биш балар эртний овгийн байгуулалттай, хаант засаглалтай Арабын хойг биш юм шүү.
Өөрөөр хэлбэл бидний хөгжлийн зам нь зөвхөн ардчилсан үнэт зүйлсийн хүрээнд, чөлөөт зах зээлт эдийн засагт суурилж явагдах юм. Тухайлбал манай боловсролын систем, санхүүгийн зах зээл, аж үйлдвэржилт, дэд бүтэц, эрүүл мэндийн систем нь тэдний (АНУ, Англи) туршлагыг давтах байдлаар хөгжинө гэсэн үг.
Энэ тохиолдолд бид "дугуйг" дахин зохиогоод байх шаардлагагүй, харин аль болох богино хугацаанд Америкийг гүйцэж очино гэх мэт зорилго тавина. Мэдээж тэд урагшлаад хөгжөөд байгаа. Бид хойноос нь гүйцэж очихыг хичээнэ гэсэн үг.
2. Энэ дэлхийд төгс юм гэж үгүй. Америкийн одоог хүртэл явж ирсэн хөгжлийн стратеги, нийгмийн бүтэц, эдийн засгийн зохион байгуулалт нь төгс үү? мэдээж үгүй. Тэгвэл хоёрдох буюу арай хэцүү хувилбарт тэд нараас огт өөр стратегийг баримталж шууд урд талд нь "үсэрч" гарах явдал.
Тухайлбал Боловсролын систем нь цоо шинэ энэ дэлхийд өмнө нь туршигдаагүй системээр явагдах. Санхүүгийн дэд бүтцийг огт өөрөөр зохион байгуулах. Шүүх систем дээр мөн цоо шинэ нээлт хийх.
Өөрөөр хэлбэл 5000 жилийн турш явагдаж ирсэн хөгжлийн загварт тэсрэлт хийж, зөвхөн Монголчууд биш харин Хүн төрлөхтөнд Ухамсарын хувьсгал хийх нөхцлийг бүрдүүлэх тухай ярьж байна.
Мэдээж энэ бол Утопи. Гэхдээ боломжгүй гэсэн үг биш. Бид АНУ, Англи, Япон ер нь дэлхийд маш их гажиг, болохгүй бүтэхгүй юм харж байна. Өөрөөр хэлбэл загвар өөрөө төгс биш юмаа гэдгийг харж байна.
Энд гэхдээ нэг зүйлийг хэлэлгүй болохгүй. АНУ-н загвар нь (ардчилалын жишээ болгож аваад байгаа олон орон үүнд хамаарна шүү) байнга шинэчилэгдэн сайжирч, алдаанаас суралцаж дээшээ хөгжиж байдгаараа АГУУ гэдгийг тэмдэглэх ёстой. Тийм ч учраас энэ загвар нь Орос (нэг хүн) эсвэл Хятадаас (нэг нам) зарчмын хувьд дээр загвар гэдгийг ойлгох буйзаа.
Олон улсын эдийн засгийн хямрал боллоо. Зөндөө олон гажигууд ил гарлаа. Зөндөө олон онолууд цохилтонд орлоо. Хэзээ Монгол хүн Глобал Макро Эдийн засгийн онол гаргах вэ? Бид хэдэн онд Физикээр Нобел авах вэ.
Квант физикийг жишээ нь яръя. Дэлхийд юмс үзэгдлийн мөн чанарыг (жин, таталцал, квант хэсгүүд) тайлбарлаж чаддаг эрдэмтэн алга байна, өнөөдөр. Ертөнцийн 70 гаруй хувийг бүрдүүлдэг Хар Энерги юу вэ. Мэддэг хүн байхгүй. Тэрнийг анхлан Монгол хүн мэдэж болж байна. Тийм боломж байна.
Гэтэл талхны үнээ мэдэх, мэдэхгүй тухай хэрүүл хийгээд, бөөгөөс очиж ирээдүйгээ асууж байгаа нөхцөлд энэ бол УТОПИ.
Монгол хүн Америк хүнтэй ТЭГШ БОЛОМЖ-той болох нөхцлийг бүрдүүлэх дэд зорилго байна. Америк хүнтэй тэгш боломжтой болж байж Монгол залуу Глобал онол зохиох боломжтой болно. Магадгүй бид 30 жилийн дотор гэхэд Монгол хүн Америк хүнтэй Глобал төвшинд ТЭГШ БОЛОМЖтой байх нөхцлийг бүрдүүлье гээд зорилго тавьчихая.
Социалист байгуулалтын үед Боловсролын системд бид тодорхой загвартай байв. Тухайлбал Шинжлэх Ухаанч иргэд бэлтгэнэ гэх мэт. Энэ стратегийн ачаар Орос хүмүүс ямар олон онол зохиов.
Тэгвэл бидний хувьд, өнөөдөр боловсролын системийн стратеги юу вэ. Хэрэв оюун ухаан капитал юм бол бид хамгийн түрүүнд боловсролын системийг ярих ёстой. Өнөөдөр бид 2013 онд Хатан Ухаан яриад л сууцгааж байгаа шүү дээ.
1-р ангиас нь эхэлж философи заая. Философийн түүх биш харин иргэдээ Амьдралын мөн чанарыг "ухамсарладаг", Амьдралыг үнэлж чаддаг болгож бэлтгэе. Ухамсаргүйгээр Логарифм хувиргаж боддог биш (wikipedia-с 5 минутанд л сурна) харин Амьдралын мөн чанарыг ухаж ойлгодог хүмүүс бэлтгэе. Амьдралын мөн чанарыг ухаж чаддаг хүн Физикийн мөн чанарыг ухаад гаргаад ирэх байлгүй дээ. Амьдралаас авахад биш харин амьдралд өгөхөд өөрсдийгөө зориулдаг эрдэмтэд ямар ч агуу нээлтийг хийж чадна гэж итгэнэм.
1-р ангиас нь эхэлж психологи заая. Сэтгэл зүйн ухааны ангилал зүй биш харин Сэтгэл зүйгээ зөв бэлтгэж, өөртөө итгэлтэй, тэвчээртэй, шудрага болгож хүүхдүүдээ бэлтгэе. Хүчээр хамаагүй илүү бөх боловч Олимпийн тавцанд очоод өвдөг нь чичрээд гар нь хүндрээд байгаа нь ТВ-р харахад илт мэдрэгддэг тийм хүмүүс биш Сэтгэл зүйн хүчтэй, Глобал төвшинд хэлэлцээ хийж чадах иргэд бэлдэе.
Би энд стратеги ерөнхийгөөс тусгайруу, тусгайгаас төлөвлөгөөрүү, төлөвлөгөөнөөс хэрэгжилтрүү яаж шилжих тухай ийм болхи жишээ авлаа. Бидэнд яаралтай Стратеги хэрэгтэй байна.
Хэзээ Монгол улс Америкийг давж гарах вэ? Асуулт хариултаа хүлээсээр л...
No comments:
Post a Comment