:::Фундаментал Сэтгэлгээ::: Шинж чанарыг үл тоож, Мөн чанарыг хайна. Туйлын үнэн байна гэдэгт итгэнэ. Үзэгдлийг хуйвалдаан, нэг бүлэг, нэг хүн, бурхан биш харин фундаментал зүй тогтол бий болгодог гэж үзнэ. Төгс бүтээл, төгс системд тэмүүлнэ.
Monday, May 25, 2015
IQ vs EQ: round one: Боловсролын реформ 7
Дастин Хофман болон Том Круз нарын Рэйнмэн киног бид мэднэ. Энд маш өндөр оюуны чадвартай (IQ) аутизмтай залуу, түүний ах хоёрын тухай гардаг. Аутизмтай залуу хүнтэй огт харилцах чадваргүй боловч маш өндөр оюуны чадвартай.
Маш хүнд бодлого өгөхөд л хариуг нь тэр дор гаргах. Эсвэл маш олон дараалал комбинацыг төвөггүй цээжлэх гэх мэт тархины чадвар нь IQ юм. Үүнийг оюуны чадвар гэж орчуулж болох юм.
Харин эрдэмтэд сүүлийн үед EQ (Emotional Intelligence) буюу Харилцааны чадварт ихээхэн анхаарлаа хандуулж буй. Энэ нь бас л нэг тархины чадвахи юм.
Харвардын эрдэмтэд Америкийн топ компаниудыг судлаж үзээд амжилтын 75-аас дээш хувийг EQ харин ердөө 25 хүрэхгүй хувийг IQ бүрдүүлж байгааг тогтоогоод буй.
Тухайлбал 1920 оны үед Америкийн сэтгэлзүйч нар тухайн үеийн математик, физикийн болон бусад олимпиадын аварга, тэргүүлэгч сурагчид, болон дундаж сурлагатай хүүхдүүдээс бүрдсэн ажиглалтын бүлэг бий болгожээ. Эдгээр сурагчдыг оюутан, ажилтан, нас тогтсон хүмүүс хүртэл нь дагаж судласан байна. Сонирхолтой нь нөгөө мундаг аваргууд болон дундаж хүүхдүүдийн хооронд амжилтын ямар ч ялгаа гарсангүй.
Бид ч гэсэн мундаг сурлагатай, мундаг олимпиадын аварга хүүхдүүдийг цаашид байнга л манлайлах мэт сэтгэдэг. Гэвч амьдрал дээр тийм биш байдаг билээ.
Мундаг сурлагатай, олимпиадын аварга байна гэдэг нь IQ өндөртэй байна гэсэн үг. Гэтэл энэ амжилтыг тайлбарлаж чадсангүй. Тийм ч учраас 1950 оноос Америкийн сэтгэл зүйч нар өөр факторыг хайж эхэлсэн байдаг. Тэгээд EQ-г нээжээ.
EQ гэдэгт хүний сэтгэл зүй болон харилцааны олон үзүүлэлт орно. Тухайлбал.
- Бусдыг таньж ойлгох
- Өөрийгөө мэдэж хянах
- Зорилго чиглэлтэй байх
- Сэтгэлийн хатуужилтай байх
- Аливаа зүйлд эерэг хандах
- Багийн сайн гишүүн байх
- Бусдад хэрэгтэй зүйлс хийж бүтээх эрмэлзэл гэх мэт бүтээмжийн олон үзүүлэлт багтдаг.
2008 онд Монгол улс олимпийн анхны алтан медал авахад би ТВ үзэж байв. Түвшинбаяр хэмээх тэр залуугийн сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг нь гайхаж байлаа. Өмнө нь ТВ-р дэлхийн чанартай тэмцээн үзэхэд манай тамирчдын царайнаас дандаа л нэг бол айж сандарсан, эсвэл яарсан, үгүй бол уурласан дүр харагддаг байсан бол Түвшинбаяр огт өөр хүн байв.
Монголд олимпийн аварга болох бие хаатай залуус олон бий. (IQ гэж үзье) Гэтэл хичнээн нь тэр заяагдмал нөөцөө эрч хүч, эерэг хандлага, тэсвэр хатуужил, зорилго чиглэлээр баяжуулж амжилтад хүрч чаддаг вэ.
Яг үүнтэй л адил тархины өндөр чадвартай (IQ) залуус зөндөө л байдаг. Гэтэл дундаж тархины чадвартай залуу гарч ирээд цахиур хагалдаг нь ердөө өндөр EQ-тэй нь холбоотой.
Улс орон хүчирхэг байхын тулд Эдийн засаг баялаг бүтээдэг байх ёстой.
Эдийн засаг баялаг бүтээдэг байхын тулд Компаниуд өндөр бүтээмжтэй ажилладаг байх ёстой.
Гэтэл өнөөдөр Монголын компани бүрийн захирлуудын толгойны өвчин нь Хүний нөөц болоод байна.
Бүтээмж муутай хүний нөөцөөр хол явахгүй. Тийм учраас л Монголд улсад гаргаад заръя нүүрснээс өөр юм алга. Нүүрсийг ямар бид хийсэн биш байгал эхийн хишиг.
Хүний нөөцийн үндсэн асуудал нь EQ л байдаг. Тархи толгой нь мундаг ажилладаг залуус монголд зөндөө л байдаг. Харин мундаг харилцдаг залуусыг хайгаад хайгаад олохгүй.
Үг хэлнэ, ойлгохгүй. Өөрийн бодсоноо илэрхийлж чадахгүй. Хүний нүдрүү эгц хараад зөв ойлголт өгч чадахгүй. Ийм л хүний нөөцийг манай боловсролын систем мянга мянгаар нь үйлдвэрлэн гаргаж байгаа.
Манай дунд сургуульд хэлж бичүүлж, тоо бодуулж, ангилал зүй цээжлүүлээд гаргаж байна. Өөрөөр хэлбэл IQ хөгжүүлэлт хийхээс биш EQ хөгжүүлэлт огт хийгддэггүй. Их дээд сургууль мөн адил.
Амжилтын ердөө 25 хувийн хүчин зүйл дээр суурилсан 1950 оны хоцрогдсон боловсролын системээр бид хол явахгүй ээ.
Харин бид цоо шинэ систем гаргаж амжилтын 75 хувь дээр суурилсан боловсролын системтэй болох ёстой. Сэтгэл зүйн хувьд Түвшинбаяр шиг хатуужилтай, Стив Жобс шиг эрч хүчтэй, Элбэгдорж шиг уран таниулдаг, Энхболд шиг сонсож чаддаг, Ганбаатар шиг шаргуу, Билл Гэйтс шиг тусч тийм хүмүүсийг бэлтгэе.
Логарифм яаж хувиргадагийг 5 минутанд Хан Академиас сурдаг тийм цаг үед бид амьдарч байна. Сэрцгээе нөхдөө.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment