:::Фундаментал Сэтгэлгээ::: Шинж чанарыг үл тоож, Мөн чанарыг хайна. Туйлын үнэн байна гэдэгт итгэнэ. Үзэгдлийг хуйвалдаан, нэг бүлэг, нэг хүн, бурхан биш харин фундаментал зүй тогтол бий болгодог гэж үзнэ. Төгс бүтээл, төгс системд тэмүүлнэ.
Monday, May 4, 2015
Сэтгэл зүйн гаж дон
Сэтгэл зүйчид сүүлийн үед хүний автомат тархи ба ухаалаг тархи хоёрын талаар их ярих болсон. Энэ яриа уг нь тийм ч сүүлийн үеийн зүйл ч бас биш. Бүүр 2500 жилийн өмнөөс Грекчүүд хүний 4 темпраментийг (мэлийхойлог гм) гаргаж ирж байсан бол 100 жилийн өмнө Зигмунд далд ухамсарын тухай онолдсон.
1950-иад оноос эхлээд эдийн засгийн уламжлалт онолууд хүчтэй цохилтууд амсаж эхэлсэн. Бодит бараа таваарын, бодит логистикийг голдуу авч үзсэн болхидуу онолууд орчин үеийн глобал санхүүгийн зах зээлийн шинэ парадигмийг тайлбарлаж чадахгүй байсан хэрэг.
Ялангуяа эдийн засаг дахь хүний сэтгэл зүйн факторыг тооцож чадсангүй.
Хүнийг дандаа Рационал (Ухаалаг зөв шийдвэр гаргагч) гэж таамаглаж онолууд гарч байв. Харамсалтай нь АНУ-н төв банкийг 17 жил удирдсан алдар А.Грийнспан "Irrational Exuberance" хэмээн уулга алдаж хүнийг үнэн хэрэгтээ Иррационал (Ухаалаг бус) болохыг нь тунхагласан хэрэг.
Ямар сайндаа л Сэтгэл зүйч хүн Эдийн засгаар Нобелийн шагнал авч байхав.
Хэрэглээний сэтгэл зүй, Хэрэглээний санхүү (Behavioral Finance), Эдийн засгийн сэтгэл зүй (Behavioral Economy) гэх мэт шинэ ухаанууд гэнэт хүчийг авав. Жишээ нь уламжлалт макро эдийн засгийн онолд Эрэлт Нийлүүлэлтийн хууль гэж байх бөгөөд үнэ өсвөл эрэлт буудаг, үнэ унавал эрэлт өсөх хуулийн тухай номлодог. Харамсалтай нь зарим бүтээгдэхүүний хувьд үнэ өсөхөд эрэлт өсөөд, үнэ буухад эрэлт буудаг зүй тогтол байна.
Гэх мэтчилэн хүний Рационал ба Иррационал талуудыг тайлбарлаж, бодит амьдралд маш олон туршилт хийж үзээд байна.
Бидний амьдралын 95 хувийг Автомат тархи буюу Иррационал тархи маань удирддаг гэсэн дүгнэлт хүртэл гаргаж амжив. Аймаар дүгнэлт шүү.
Автомат тархи бол уг нь эдийн засгийн шийдвэр гаргахад зориулагдаагүй. Амиа авархад буюу байгал эхтэй харилцахад зориулсан, асар богино хугацаанд хариу үйлдэл үзүүлэгч тархи юм.
Хэрхэн тэтгэвэрийн хөгшинд 5 саяын үнэтэй тоос сорогч шахаж чадаад байна вэ. Үүний хариулт бол борлуулалтыг Автомат тархинд хийж байгаатай холбогдоно. Рационал тархи бол хэзээ ч ийм шийдвэр гаргахгүй л дээ.
Рационал тархи бол эдийн засгийн шийдвэр гаргаж, бизнес удирдаж, хурал даргалж байвал зохилтой тархи билээ.
Гэвч бизнес уулзалтууд дээр бид хэчнээн удаа нэг нэгнийхээ илт дургүйцсэн царайг хардаг билээ. Энэ бол автомат тархи. Уг нь рационал тархи жаахан тэсвэртэй байж чадна л даа.
Өөр хаа нэгтээ хэн нэгэн илүү ойлгомжтой тодорхойлсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ надад дараах санаа байна.
Хүний автомат тархи бол рефлекс юм. Жишээ нь ойд явж байтал гэнэт Бар гарч ирлээ. Энэ хооронд рационал тархи бодож, тунгааж, дүгнэж байхыг нь хүлээгээд хүн зогсч байж таарахгүй. Огт юу ч бодохгүй, автоматаар л үйлдэл хийж таарна. Энэ бол бидэнд байгалаас заяасан бэлэг юм.
Харин нийгмийн харилцаанд ч гэсэн бидний автомат тархи ажилласаар л байна. Автомат тархи төрөлхийн зөн (амиа аврах)гөөс гадна бас зуршилийг өөртөө агуулдаг бололтой.
Зуршил бол хүнтэй цуг төрсөн байгалийн өгөгдөл биш харин олон удаа давтсаар суусан зүйл. Тамхи татах бол хүний физиологийн зуршил (сайн ухвал сэтгэл зүйн болж таарна л даа) гэж үзвэл хүнд ямар ямар сэтгэл зүйн зуршил байна вэ.
Хүмүүс өөрт нь таалагдахгүй зүйл ярих бүрт чангаар буруушаах зуршил байж болно. Эсвэл хурал дээр өөр хүний ярьж буй зүйлийг үл ойшоож буйгаа нүүрний хөдөлгөөнөөр илэрхийлдэг буруу зуршил байж болно. Бүүр үнэтэй л бол чанартай гэж бодох нь ч өөрөө зуршил л юм.
Рационал тархийг авч үзье. Надад таалагдахгүй зүйлийг хүн ярихад би буруушааж өөртөө дайсан бэлтгэх хэрэггүй. Хүний ярьж буй зүйлийг би анхааралтай сонсож байж (ядаж дүр эсгэж) тэр хүний хүндлэлийг авах болохоос биш өөдөөс нь нүүр амаа янз янз болгох хэрэггүй. Ер нь бол үнэ нь өртөгтэй нь маш ойрхон зүйл л чанартай шүү дээ.
Харж байна уу.
Хоёр тархи огт өөрөөр сэтгэж, өөрөөр авирлаж байна.
Зуршил суудаг. Буруу зуршил хортой. Буруу зуршлийг тамхиа хаяхтай адил хаяж чаддаг байх ёстой.
Зуршил дандаа үнэн дүр төрхийн эсрэг байдаг. Жишээ нь хүмүүст тус хүргэх сэдэлтэй, хүмүүсийг хайрладаг суурь бодолтой хүн байя. Гэтэл сэтгэл зүйн буруу зуршлаасаа болоод дандаа хүмүүсийг гомдоож явдаг байж болно.
Зохиолч Марк Твэйн "Хүн ядаж 7 хоногт 1 удаа боддог бол" гэж дуу алдсан гэдэг. Санаа нь рационал тархиа хүн хааяа ч гэсэн ажиллуулж бодит байдалд бодитой үнэлэлт дүгнэлт өгч байх хэрэгтэй юм.
Бид амьдралынхаа 95 хувийг сэтгэл зүйн буруу зуршлаараа удирдаад яваад байгаа юм биш биз?
Амьтанд байдаг, амиа аврахад зориулагдсан Автомат тархи маань хүний нийгмийн мэдлэг, бодолт шаардсан үйлдлүүдийг удирдахад хүрэлцэхгүй байгаа юм биш биз?
Зуршил буруу бас зөв байж болно.
Сэтгэл зүйн зөв зуршлийг автомат тархиндаа суулгаж болно. Ингэхийн тулд бид мэдлэгээ зузаалж, Рационал тархиараа Автомат тархиа удирдаж, түүндээ сэтгэл зүйн зөв зуршлуудыг суулгаж сурах хэрэгтэй юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment