Өмнөх бичлэг дээрээ нэмж ганц хоёр технологийн санаа бичье.
Жишээлбэл их дээд сургуулийн боловсролын чанарыг харахад хэд хэдэн өнцөг байна.
1. Монголд хамгийн сайн сургууль нь улсынх байна. Гадаадад хувийнх байдаг. Яагаад.
Учир нь Монголын хувийн сургуулиудад economy of scale буюу эдийн засгийн чадвахи үүсэхгүй байна. Хэт жижиг учраас тэр шүү дээ.
Тэгэхээр юуны өмнө энэ бэрхшээлийг хувийн сургуулиудыг нэгтгэж, нийлүүлэх явдлыг дэмжих замаар шийдэж болно.
2. Улсын сургуулиуд үргэлжийн мөнхөд хэрүүл тэмцэлтэй байдгийг та бид мэднэ. Ер нь тэр хүмүүс сургалтын шинэ технологи гаргаж суудаг уу, эсвэл албан тушаал булаалдаж суудаг уу гэвэл хариулт нь тодорхой гарах байх.
Үүний шалтгаан нь тодорхой. Удирдлагыг нь төр томилж байгаа учраас. Гашуун ч гэсэн бид нэг алхамыг яаралтай хийх хэрэгтэй.
Удирдлагыг нь хувьд шилжүүлэх. Өөрөөр хэлбэл Удирдах зөвлөлийнх нь 50-иас дээш хувийг нь компанийн захирлуудаар бүрдүүлэхэд бүх асуудал шийдэгдэнэ. Захирлыг УЗ томилох хэрэгтэй.
Ингэснээр улсын сургуулийн төгсөгчийн/бүтээгдэхүүний гол хэрэглэгчид нь арай гэж барааны хяналтаа тавих эрхтэй болно. Энэ хүмүүст яг үнэндээ аль намын хэн нь сургуулийн захирал хийх нь хөгийн инээдтэй асуудал. Харин ирээдүйн боловсон хүчин яаж бэлтгэгдэж байгаа нь сонин асуудал юм.
3. Би саявтархан Монголын хамгийн том компаниудын хүний нөөцийн менежерүүдтэй цуг нэгэн их сургуулиас зохион байгуулсан санал авах уулзалтанд орсон юм. Сургууль сургалтын хөтөлбөр дээрээ санал авсан хэрэг.
Би ч тойрч сууж байгаад "за шүүмжлээд байгаарай, саналаа нэгтгээд өгье" гэхэд нөгөө менежерүүд маань "эдний сургуулийн хүүхдүүд мундаг ш дээ, жаахан биеэ тоогоод байдаг л болохоос. Шүүмжлэх зүйл байхгүй." гэж нэгэн дуугаар хариулсан юм.
Энэ бол 60 чавганцаас нэг түрүүлсэн чавганцыг нь шагнаж буй хэрэг.
Бид асуудалд улс орны төвшинд, хамгийн гол нь "БИД ХААНА БАЙЖ БОЛОХ БАЙСАН БЭ?" гэдэг өнцгөөр хандах ёстой.
Мэдээж Монголын боловсролын системдээ сайнд тооцогдох тэр сургуулиас компани хүүхэд авах нь сайн хэрэг. Гэтэл бодит байдал дээр тэр хүүхдийн боловсрол байх төвшиндээ хүрсэн үү гэвэл их эргэлзээтэй асуудал болно.
Мөн дээрээс тэр хүүхдүүд яагаад биеэ тоох болов. Энэ хариултаас л манай боловсролын систем үндсэндээ ажиллаж чадахгүй байгаа нь харагдаж байгаа юм.
Хүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээл гаргаж байж л сая биеэ тоохтойгоо болдог юмаа гэдгийг нь ч ойлгуулж чадахгүй боловсролын систем байгаа юм. Монголдоо гайгүй сургууль төгсч буй боловч Олон улсад хэр хойно хаягдсаныг нь ч ухамсарлуулж чадаагүй систем.
No comments:
Post a Comment