Юу болоод өнгөрөв...
Хэдэн жилийн өмнө улсын томоохон их сургуулийн төгсөлтийн шалгалтын комисст суусан юм.
Ганцхан охин л билетийн асуултаа боломжийн хариулсан. Гэвч задлаад асуулт асуутал тэр охин зүгээр л цээжилсэн зүйлээ (өөрөө огт ойлгоогүй) дуржигнуулсан байж. Би өөрөө Монголын боловсролын системийн бүтээгдэхүүн, мөн хэрэглэгч (ажил олгогч) болохын хувьд шалтгааныг нь сайн мэдэж байна.
Сүүлийн үед боломжтой эцэг эхчүүд дунд сургуулийн хүүхдээ Хятад улсын дунд сургуульд сургах нь элбэгшижээ. Хятадын боловсролын систем үнэхээр сайн гэж үү?
Ер нь төр засгаас боловсролын системийг авч үзэх хандлага гэж байдаг.
Тухайлбал Хятад улс хүүхэд бүрийг цөмийн физикч болгох зорилгогүй нь тодорхой. Нэгэнт 1.3 тэрбум хүнтэй тул тэндээс тооноос чанарт шилжих хуулийн дагуу Нобелийн шагналтнууд, мундаг бизнесмэнүүд төрж л таарах юм. Тийм ч учраас Хятадын төр боловсролын системээ авч үзэхдээ 2 зарчим баримтлана.
1. Хүн бүр минимум төвшний боловсролтой байна. (бослого гаргачихгүй төвшинд)
2. Мундаг хүн шалгарлаар (өрсөлдөөн - ширэнгийн хууль - хүчтэй нь амьд үлдэнэ) гарч ирнэ.
Америк ч бас ийм л зарчмаар явна. Хөгжлийн тодорхой төвшинд хүрчихсэн, олон хүн амтай улсуудад зохимжтой мэт.
1990 он хүртэл Монголын боловсролын систем арай өөр хандлагатай явж ирсэн юм. Тухайлбал Төр хүн бүрийг чухалд авч үзэж, хүн бүрийг хөгжүүлэх тал дээр анхаарч байв. (Ариун цэврийн бүлгэм, пионерууд)
Хүн бүрээ - Өв тэгш (мэдлэг/бие бялдарын хувьд) болгоход чиглэгдэж байв.
Ардчилсан, тэгээд чөлөөт зах зээлтэй нийгэмд хөгжил дэвшлийг өрсөлдөөнөөр шийддэг. Энийг уншигч авгай мэднэ. IBM, Apple хоёр өрсөлдөхөд Америк улс эцэст нь технологийн тэргүүлэгч гүрэн болж хожиж байх жишээтэй. Боловсрол ч мөн адил. Өрсөлдөөн - шалгарал дээр суурилсан хандлагатай.
1990 оноос хойш Монголын Төр боловсролын системээ яаж авч үзэж эхэлсэн бэ? Энэ асуултын хариулт нь бидний бүүр нийтлэлийн эхэнд асуусан асуултын хариулт болох юм.
Ардчилал, чөлөөт зах зээлийг мэдээж өрсөлдөөн гэж ойлгосон Монголын "ногоон" төр Боловсролын системээ үндсэнд нь хаясан. Өнөөдөр хүртэл ийм л маягаар явж ирсэн.
Ганц ууланд буй нүүрс зэсийн асуудал болоход бие биендээ дүрэмдэж, захиа занаа шидэж, мэдэгдэл хийж сүржигнэдэг боловч Боловсролын асуудлаар бие биендээ шаардлага тавьж байхыг нь харсан уу ер нь?
Гэтэл энд л өнгөрсөн 25 жилийн хамгийн том логикийн алдаа агуулагдаж байгаа юм.
Америк бол дэлхийн тэргүүлэгч гүрэн. Хятад бол дэлхийн хамгийн том гүрэн. Гэтэл Монгол бол дэлхийд 100 хэддүгээрт жагсдаг орон.
Дэлхий дээр Монгол гэж ганцхан улс байгаад, дэлхийн хүн ам ердөө 3 сая байсан бол Монголын төрийн Боловсролд хандах одоогийн хандлага зохимжтой юм.
Гэтэл дэлхий дээр 200 гаруй улстай, Монгол улс хөгжлөөр хойгуур жагсаж, тэргүүлэгч гүрнүүдээс өдөр ирэх тутам хоцорч байгаа ийм нөхцөлд - Боловсролыг ШАЛГАРАЛ гэж харж болох уу???
Монголын төрийн хувьд 3 сая хүний, 1 бүр нь үнэ цэнэтэй.
Монгол хүүхэд бүр Харвардын төвшний боловсрол авах ёстой. Тэрнээс МУИС гэж хамгийн гайгүй сургуультай, тэр нь өөрөө чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байж болохгүй. Хамгийн муу сургууль нь л одоогийн МУИС шиг байх ёстой. Тэгэж байж Монгол улс, Монгол хүн Хятадтай өрсөлдөх тухай ярина.
Хятадын топ 3 сая боловсролтой хүнийг Монголын 3 сая хүнтэй харьцуулж үздэг тийм л боловсролын систем байх ёстой.
Тооноос чанарт шилжих хуулийг эргээд санацгаая. Бид 3 сая хүнийхээ талыг нь мал дээр хөөж гаргачихаад, үлдсэнийх нь 90 хувийг бизнесээр сургачихаад, үлдсэн хэсгээс нь Нобелийн шагналтан гарна гэж найдах уу?
Монгол улс 100 жилийн дараа оршин тогтнож байх эсэх нь Монголын хамгийн боловсрол муутай хүний төвшин дэлхийн дунджаас дээгүүр байх тэр л нөхцөлд тодорхойлогдоно.
Боловсролыг хэрхэн реформ хийх вэ...
Би төр боловсролыг яагаад 25 жил буруугаар харсан, яаж харвал зохих тухай дээр бичлээ.
Одоо харин Боловсролын сайд хүн системийг яаж өөрчилж болох тухай яръя.
Монгол улсын өнөөдрийн боловсролын системд муу дүн тавьбал зохино. Цэцэрлэгээс эхлээд, дунд сургуулиар дамжаад, их сургууль төгсөөд 20 орчим жил сураад ирж буй залуу, ажил дээр гараад бүтээмж гаргаж чадахгүй байгаагаар энэ дүн тавигдаж байгаа юм.
Монголын боловсролын систем 1990 оноос хойшоо тархины нядалгааны газар болж хувирсан байна. (би хувийн блог дээрээ онгодоо оруулж бичиж байгааг болгооно бизээ)
Монголын боловсролын систем бол ангилал зүй дээр суурилсан систем юм.
Монголын боловсролын систем бол ангилал зүй дээр суурилсан систем юм. Үүнийг давтаж хэлмээр байна. Монголын боловсролын систем бол ангилал зүй дээр суурилсан систем юм.
Би зургаар үзүүлье.
Ангилал зүй дээр суурилсан боловсролын систем гэдэг бол сурагчид "мод гэж юу вэ?" гэдгийг заахдаа - дээрх шиг том зургийг нь эхэлж харуулаад, дараа нь үндэснээс эхэлж заагаад хамгийн сүүлд нь навчист хүрэх биш. Харин шууд навчиснаас эхлэж, тэр навч, энэ навч, бор навч, ногоон навч гэж ангилал зүйн "эргүүтэлд" оруулдаг системийг хэлнэ.
Мод яагаад оршдог, түүний утга учир нь юу болох тухай Навчисаас хайгаад олохгүй шүү дээ.
Дунд сургуульд жишээлбэл логарфим, өнцгийн косинус, синус, арифметик прогресс, геометр прогресс гэх мэт маш олон навчис заадаг. Энэ бол ЮУ? гэсэн асуултын хариултууд.
Их сургуульд маркетинг, хүний нөөц, софтвэйр, хардвэйр гээд заадаг. Энэ бол ЮУ? гэсэн асуултын хариултууд.
Харин ЯАГААД? гэдэг асуултын хариултыг Монголын боловсролын систем огт хөндөж чаддаггүй. Тийм учраас төгсөлтийн шалгалтаа өгч байгаа оюутнууд бүгд ташраараа унаж (миний буюу ажил олгогчийн шалгуураар) байгаа юм.
ЮУ? гэдэг асуултын хариултыг зөвхөн цээжлэх л боломжтой. Ойлгох боломжгүй. (шалгалт дээр дуржигнуулсан охиныг санацгаая)
ЯАГААД? гэдэг асуултын хариултыг харин ойлгох л боломжтой. Цээжлэх боломжгүй.
Тийм учраас ЯАГААД? логарфим, түүх, нягтлан бодох бүртгэл, дансны давхар бичилт, маркетинг, мэдээллийн технологи, архитектур, геологи - гэдэгт огт хариулахгүйгээр навчисийн ангилал зүйг зааж - тархины нядалгаа хийж байгаа юм. Түүхийг хүн яагаад судлах ёстой юм бэ, түүхийн том дүр зураг нь юу байв гэдгийг зааж эхлэх ёстой болохоос биш 15-р зууныг нь нэг сар үзээд, дараа нь 17-р зууныг нь үздэг юм биш.
Компьютерийн их сургуульд программ хангамж, техник хангамж л гэж зааснаас биш Хүн төрлөхтөний мэдээллийн зах зээлийг бүхэлд нь заасангүй. Тийм ч учраас өнөөдөр бид дэлхийн зах зээл дээр мобайл аппликэйшн нийлүүлж чадахгүй сууж байна. C++ гэдэг нэг хэл - нэг навч заасан болохоос биш үндсийг нь заасангүй. Том зургийг нь харуулж чадсангүй.
Мобайл апп зах зээлд Английн 16 настай бацаан ганц апп хийгээд л 40 тэрбум төгрөг олж байна. Бидний толгой тэр Англи бацаанаас дутахгүй. Гэтэл Компьютераар төгсч буй мянга мянган залуусдаа бид үндсийг нь, их биеийг нь, мөчирийг нь харуулж, ЯАГААД гэдэг асуултанд нь хариулж чадсангүй. Харин ямар нэг C++, сүлжээний угсралт, процессорын ажиллагаа гэх мэт навчис л заав.
Монголын бизнесмэнүүд, захирлуудаас хамгийн том проблемийг нь асуухад нэг дуугаар ХҮН гэж хэлдэг.
Хүн нь асуудалтай компани ашиг олж чадах уу. Шинэ бүтээгдэхүүн гаргаж чадах уу. Олон улсад өрсөлдөж чадах уу.
Асуудалтай хүмүүс ОТ, ТТ-г шийдэж чадахгүйтэй л адил шүү дээ.
Хэн ч харахад илт Боловсролын системдээ биш харин ТТ, ОТ-д бүх асуудлаа төр нь хандуулж байна гэдэг нь өөрөө Монгол улсын Боловсрол ямархуу гамшгийн төвшинд очоод байгааг харуулж буй юм.
Монгол улс 100 жилийн дараа орших уу эс орших уу гэдэг нь Оюу толгой, Таван толгой биш харин Монгол толгойдоо ТӨР хэр анхаарал хандуулснаар л тодорхойлогдоно.
No comments:
Post a Comment