Би өмнөх хэдэн нийтлэлээрээ Боловсрол гэж юу болох тухай, Төр түүнд хэрхэн хандах тухай суурь асуудлыг бичсэн. Одоо Монголын боловсролын реформын талаар технологийн асуудлуудыг бичиж эхлэе.
Юуны өмнө боловсрох шаардлагатай байгаа хүн амыг хэдэн бүлэгт хувааж үзнэ.
1. Багш нар
2. Цэцэрлэг, Дунд сургууль, Их сургуулийн (мэргэжлийн гм) хүүхдүүд.
3. Ажилтанууд (сургуулиа төгсчихсөн ажил дээр гарсан)
4. Эцэг эх
5. Улс төрчид, бизнесийн эзэд
Одоо нэг нэгээр нь технологийн суурь асуудлуудыг тоочиж эхлэе. Нийгмийн аливаа үзэгдэлд эдийн засгийн ба/эсвэл философийн гэсэн 2 шалтгаан л бий бусад нь шалтаг байдаг. Тийм учраас энэ хоёр дээр би төвлөрч бичнэ.
1. 1990 он хүртэл багш хамгийн өндөр цалинтай хүн байв. Харин одоо хамгийн бага цалинтай хүн болж хувирсан. Бид ирээдүйгээ хамгийн бага цалинтай хүнээр бэлтгүүлнэ гэж байхгүй. Энэ бол Монгол улсын ирээдүй сүйрэх эдийн засгийн шалтгааныг нь бид өөрсдөө засч өгсөн гэсэн үг.
Боловсролын реформ хийх ажлыг хамгийн хүчтэй эсэргүүцэх хүмүүс бол багш нар өөрсдөө байх учир юуны өмнө эдийн засгийн шалтгааныг нь бий болгох ёстой.
Хоёрдугаарт багш нарын философийн шалтгааныг бий болгох буюу бүх багш нарыг дахин сургалтанд хамруулж ЯАГААД гэдэг асуултын хариултыг заах төвшинд аваачина.
2. Цэцэрлэг, дунд сургууль, Их сургуулийн хүүхдүүдийн боловсролын програмыг бүхэлд нь шинэчилнэ. ЮУ? -г заадаг биш ЯАГААД?-г заадаг болгож өөрчилнө. Энэ их хэцүү ажил биш.
Монгол улс дэлхийд тэргүүлэхийн тулд бусдын технологийг хуулж болохгүй. Бусдын технологийг амжилттай хуулсан Япон зэрэг орнууд байдаг тухай бид ярьдаг. Гэхдээ Япон Монгол хоёр маш ялгаатай. Манай хүн ам цөөн учир бид өвөрмөц технологи гаргаж таарна. Дээрээс нь манай боловсролын систем бүхэлдээ ӨРСӨЛДӨӨН ШАЛГАРАЛД биш харин ХҮН БҮР ҮНЭТЭЙ гэсэн суурьтай байх тухай би өмнө бичсэн. Энэ хугацаа нь ойролцоогоор практик туршилт зэрэгтэйгээ нийлээд 5-10 жил болно.
Шинэ технологи гаргах процесс нь энгийн дараалалтай явдаг. Доор харуулъя.
- Одоо байгаа бэрхшээлийг судлах.
- Зорилго тавих.
- Бусдын туршлагыг судлах.
- Шинэ технологийн талаар онол дэвшүүлэх.
- Шинэ технологийг практикт туршиж эхлэх - туршилтын явцад сайжруулж эцэслэх.
Жишээлбэл цэцэрлэгийн хүүхдийн Монтессори технологи бол яг дээрх байдлаар гарч ирсэн.
3. Одоо 22 - 60 насны хүмүүс бол хамгийн төвөгтэй хэсэг юм. Энэ хүмүүс нэгэнт сургуулиа төгсөөд одоо Монгол улсын нийгэм эдийн засгийг нуруун дээрээ авч яваа.
Ийм хүмүүсийг дахин сургах тал дээр хүн төрлөхтөн олон янзын арга хэрэглэж ирсэн.
Монгол улс энэ тал дээр бүрэн бүтэлгүйтсэн. Аливаа нэг нийгмийн системээс нөгөөд шилжихэд заавал бүх нийтийг дахин сургах хэрэгтэй байдаг. Манайх харин тэгэх оролдлого ч хийгээгүй.
1990 онд чөлөөт зах зээлт тогтолцоонд шилжихэд бид маш олон мундаг эрдэмтэд, багш нар, сэхээтнүүдээ тархины нядалгаанд оруулж дуусгасан. Энэ хүмүүс бизнес мэдэхгүй, бүтээгдэхүүн мэдэхгүй, зах зээлд хөлөө олох учраа мэдэхгүй, нэг л өдөр та нарын хийж явсан бүх зүйл худлаа байсан гэж хэлээд гудамжинд гаргасан. Хүний 70 жил хийсэн системийг нураахад ердөө нэг л өдөр хангалттай.
Тэгэхээр бид нөхөж дахин сургах хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой. Маш төвөгтэй сонсогдож байгааг ойлгож байна.
Гэхдээ бидэнд өмнө нь хүн төрлөхтөнд байгаагүй мэдээллийн технологи гэж нэг шинэ хэрэгсэл бий гэдгийг санах хэрэгтэй. Шийдчихэж болохоор харагдаж байгаа.
4. Эцэг эх. 1990 оноос өмнө иргэнийг эцэг эх биш харин төр бэлтгэж өгдөг байсан юм. Харин 1990 он гарснаас хойш Төр энэ үүргээсээ ухарснаа ч хэлээгүй, эцэг эхчүүд нь ч мэдээгүй бөөн хаос болж байгааг та бид гадарлана.
Эцэг эхчүүдийг илүү сайн эцэг эх байх дахин боловсролын хөтөлбөр боловсруулна. Хүүхдийн зан төлөвшил ердөө эхний 20 сарын дотор төлөвшдөг тухай судлагаанууд бий. Ийм учраас эцэг эхчүүд хүүхдийн боловсролын эхний чухал шатыг нь тавьж байгаа. Монгол улс хүчирхэг тэргүүлэгч гүрэн болъё л гэж байгаа бол Эцэг эхчүүдэд хүүхэд хөгжүүлэх технологийг эзэмшүүлэх ёстой.
5. Улс төрчид, бизнесийн эзэд буюу одоогийн элитүүдийн ертөнцөд хандах хандлагыг өөрчлөх шаардлагатай.
Монгол улс одоо болтол ВИЖНгүй явж байгаа нь чухамхүү энэ хүмүүстэй холбоотой.
Аливаа дахин боловсролын арга хэмжээг хамгийн хүлээж авахгүй бүлэг нь энэ бүлэг байх болно. Шалтгаан нь тодорхой. Меритокрасигаар гарч ирээгүй учир.
Дээрх бүгдийг би маш объектив байдлаар, хайрцагнаас буюу улсаас гарч гаднаас нь харж байгаа байдлаар бичиж байгааг болгоогоорой. Энд хувь хүний талаар сүүдэр ч байхгүй, харин улс орны өчигдөр, өнөөдөр, маргаашийг дэнслэх, өнөөдөр тулгараад байгаа бэрхшээлийг шийдэх, маргааш орших уу эс орших уу гэсэн асуултыг болгоох зэрэг олон зангилааны уулзвар дээрх санаа юм.
No comments:
Post a Comment