Monday, March 30, 2015

Төрийн философи


Интернет орчинд "Төрийг урлах" тухай нэгэн хүүрнэл хийсч явахтай таарав. Халамжийн төр, хамжлагын төр гэх мэтээр төрийг ангилжээ. Мөн саяхан ерөнхийлөгчийн гадаад хүнд үзүүлсэн уучлалтай холбоотой баахан маргаан дэгдсэн билээ. Шүүгчийн шийдвэрийг ерөнхийлөгч өршөөсөн нь ер нь зөв үү буруу юу? Цэвэр философи нь юу вэ.

Энэ бүгдээс үүдээд төрийн философийн мөн чанарын талаар бичье гэж бодлоо.

Би нэг газар лекц уншиж яваад, "Хэрэв та анх шууд л Кораныг уншсан бол Лалын шашинтан болчихсон байх байсан юм." гэж нэг лалын шашинтай залуугаас сонсч билээ. Энэ логикоор 18 настай хүүхдэд шууд л Либертарианизм уншуулвал тэр хүн Либертариан болох нь.

Саяхандаа, "төр эдийн засагт огт оролцож болохгүй" гэсэн маргаан бас хэсэг дэгдэв дээ. Ард нь өөрсдийгөө либертариан гэж үзэгч хүмүүс байх шиг байсан.

Төрийн шинж чанарыг бид ийнхүү нэг нэгээр нь тоочоод, маргаад баршгүй билээ. Тийм учир төр гэж юмны цор ганц учир шалтгаан болох нэг л мөн чанарыг нь олохыг хичээцгээе.

Би өмнөх нийтлэл дээрээ "Нийгэм байхгүй нөхцөлд буюу арал дээр цор ганцаар амьдарч өөрөөс нь өөр хүмүүс байдаг тухай мэдэхгүй хүн хүн мөн үү" гэж асуусан. Энэ асуултаараа би хүн бол нийгмийн амьтан мөн гэдгийг харуулахыг зорьсон юм.

Нийгэм бол хүний философийн утга учир нь болдог. Харин түүний бие махбодь нь амьтан талыг нь харуулж байдаг.

Нийгэмд зорилго, чиглэл бий болдог. Үүнийгээ дагаад нийгэмд харилцаа үүсдэг. Нийгэмд хөдөлмөрийн хуваарь тогтдог. Өөрөөр хэлбэл зорилгод хүрэх ажлыг хувааж үүрнэ гэсэн үг.

Эндээс эхлээд философийн төвөгтэй асуудлууд гарч эхэлнэ. Тухайлбал "ижил хүйстний гэрлэлт зөв үү, үр хөндүүлэх нь зөв үү." гэх мэтчилэн философийн ахисан төвшний асуултууд гарч ирнэ. Ийм асуултын хариултыг зүгээр нэг Либертариан үзлийн тухай 2 ном уншаад л хариулчихдаггүй юм. Аль эсвэл Коран эсвэл Библи судараас ч хариулж болохгүй.

Зорилго бол цор үнэн байдаг. Гэтэл түүнд хүрэх арга зам маш олон салаа (үр хөндөлттэй зам ба үр хөндөлтгүй зам?) учир, аль нь зөв болохыг хариулах хэрэгтэй болдог.

Бид зөв бурууг ялгах хэрэгтэй болж байна гэсэн үг.

Төр гэхээр бидэнд ихэвчлэн эзэн бие төсөөлөгддөг. Цэрэг, цагдаа, сонгууль, хууль нүдэнд буудаг. Гэтэл үнэн хэрэгтээ эд нар чинь төрийн шинж чанарууд болохоос биш мөн чанар огтхон ч биш. Шинж чанар байнга өөрчлөгдөнө, түр зуурынх. Цагдаагүй төр байж болно.

Хүмүүс ухамсарын дээд төвшинд хүрэх тэр мөчид цагдаагүй, хуульгүй утопи төр оршиж болно гэдгийг санах хэрэгтэй.

Төрийн мөн чанар юу вэ? Агуйд 100,000 жилийн өмнө төрийг бий болгосон мөн чанар - учир шалтгаан юу вэ.

Энэ бол нийгэмд зөв бурууг шийдэх хэрэгцээ шаардлага юм. Нийгмийн цор үнэн зорилгыг биелүүлэхийн тулд олон салаа замаас дандаа зөв замыг нь сонгох тухай асуулт юм.

Энэ асуултын хариулт нь ардчилал байсангүй. Харамсалтай нь.

Агуйн 30 сармагчин санал хураалтаар олонхийг дагаад бүтэлтэй юм болоогүй юм. Олонх дандаа олонх л байдаг. Тийм ч учраас нийгэмд - философид Меритокраси (гавъяатанд эрх мэдлийг өгөх) тухай ойлголт гарч ирсэн. Гавъяатай нэг буюу нэг хэсэг хүмүүс нь зөв ба бурууг ялгаж эхэлсэн.

Энэ гавъяатнууд (агуйд суугаа хэсэг хөгшдийг төсөөл) бол төр юм. Тэд нар зөв ба бурууг дэнслэхийн тулд хуулийг, зөвийг мөрдүүлж, бурууг хаахын тулд цагдааг бий болгосон. Энэ бол төр юм.

Философийн ухаан тэр чигтээ зөв ба бурууг ялгахад байдаг гээд хэлчихвэл хилсдэхгүй байх. Тийм учраас төр бол филосфийн ухааны чухал судлагдахуун юм.

Төрийн философи ийм байхад бид Төр Эдийн засагт оролцох нь зөв үү, буруу юу гээд яриад сууж байж болох уу.

Дашрамд хэлэхэд би өөрөө либертари чиг хандлагатай хүн бөгөөд, аливаа философийн ахисан шатны салаа замуудыг заасан ухааныг авч үзэхдээ суурь ойлголтын талаар сайтар бясалгасан байвал зохино.

Төр олон хэлбэрийг туулсан нь үнээн. Гавъяатан нь гэнэт хаан болж хувираад, гавъяа нь цус дамжиж балайраад 6000 жил хүн төрлөхтөний хөгжлийг сааруулсан нь ч үнэн. Нөгөө талд нь Черчилийн хэлсэн шиг "Ардчилал бол муу төр, гэхдээ одоохондоо нээгдээд байгаа хамгийн сайн нь" гэж. Ямар ч гавъяагүй хүн их мөнгө зараад сонгогдож болдог төр нь ардчилал юм.

Гэхдээ мөнгө гэж юмны философийн утга учир нь уг нь гавъяаг хэмжих хэмжүүр юм. Гэвч тэр утгыг нь зөв хэрэгжүүлэхийн тулд сайтар хөгжсөн санхүүгийн зах зээл байх хэрэгтэй. Үгүй бол мөнгө буруу хүний гарт орж "зөв ба бурууг" шийдэх философийн утга учираа төр үндсэндээ алдаж төр биш болно.

No comments: