Thursday, March 27, 2014

Эргүү төлөг


Америк улс 200 гаруй жил унаж босч хөгжсөөр өнөөгийн төвшинд хүрчээ. Олон улсын хөрөнгийн зах зээл сонгодог утгаараа 1604 оноос хөгжсөөн. Анхны нягтлан бодох бүртгэлийн хоёр талтай байх зарчмыг ( хөрөнгө = өр төлбөр + өөрийн хөрөнгө) 1300 оны орчимд Италийн үндэстэн дамнасан ломбарднууд (банкнууд л даа) зохиосоон. Магадлалын анхны математик онолууд ердөө 1500 оноос хойш хөгжиж, 1700 он гарахад анхны амьдралын хүснэгт бий болж амьдралын даатгал хөгжсөн түүхтэй. 

Өнөөдөр амьд буй ямар ч мундаг эрдэмтэн, зүтгэлтэнд энэ хөгжлийн "буруу" тохоогдохгүй ээ. Тэдний өвөг дээдэс харин үүнийг (тухайлбал ай-фон) бий болгожээ. Стив Жобс байсан болохоор л Ай-фон байсан мэтээр хүмүүст ойлгогддог нь үнэн. Гэтэл ЮУ байсан учраас Стив Жобс гэж эрхэм бий болсон юм бээ гэдэг асуултыг хэн ч асуухгүй юм аа. 

Нүдэнд үл үзэгдэх тэрхүү дэд бүтэц буюу ЮУ -г Америкийн эдүгээгийн ард түмний өвөг дээдэс хэдэн зуун жилийн турш бий болгожээ. Яаж босгосон, ямар асуудлууд тулгарсан, түүнийг хэрхэн шийдсэн тухай бүрэн гүйцэд төсөөлөлтэй байх бодит боломжгүй - өөрсдөө 1950 - 1960 - 1970 онд хөрөнгийн зах зээл, эдийн засгийн харилцаа, бүтээмж нь төгсөрчихсөн үеийн Америк улсад төрж өссөн ХҮМҮҮС Монгол улсад ирээд яаж хөгжихийг нь заах уу? 

Дэлхийд өнөөдөр Америк улсаас ухамсарын хувьд 150, чадамжийн хувьд 100 жилээр хоцрогдчихсон (Америк Монгол шиг байсан цаг хугацаануудыг авав) Монгол мэтийн улсыг 20 жилийн дотор улам бүр цаашаа хөгжиж буй Америкийг гүйцэж очих төвшинд хүргэх ЭДИЙН ЗАСГИЙН ОНОЛ байна уу? Байхгүй. 

Гэтэл Америкийн одоогийн эдийн засгийг цаашид яаж хөтөлж явуулах тухай онолыг баримтлаад Монгол улс Америкийг 20 жилийн дотор гүйцэж очиж болох уу. Мэдээж үгүй. Энэ бол парадокс. 

За тэгвэл. Хэн ийм урьд хожид байгаагүй - дэлхийн хамгийн ядуу улсуудын нэгнийг хамгийн баян улсын туулж хүрсэн өнөөгийн төвшинд нь 10 дахин богино хугацаанд хүргэх ОНОЛ зохиож чадах вэ? Америк, Харвардын профессор уу? Англи, Оксфордын эрдэмтэн үү? Ойлгомжтой шүү дээ - хэзээ ч картын бараанд очерлож үзээгүй, бүх юм нь бэлэн зэлэн өссөн, аль хэдийнэ хөгжчихсөн орны иргэн болж төрсөн хүмүүс яаж чадах юм бээ? Монголчуудыг хоцрогдсон нүүдэлчид гэж үзэхгүй байлаа байлаа гэхэд л ухамсарын хувьд амжихгүй. 

Гэгээрсэн хүн биш бол дийлэхгүй. 

Асуудал ийм энгийн, алган дээр тавьсан мэт ил байхад бид юунд ингэж эргүүтсэн төлөг мэт дороо эргэнэ вэ. Бид яах гэж Дэлхийн эдийн засгийн форум, Дэлхийн банк, НҮБ-г бидэнд хөгжлийн гарц өгөх болов уу гэж горьдсон нүдээр харна вэ. 

Сарынхаа цалингийн төлөө л ажилладаг, өөрийн гэх улс гүрэн ч бараг байхгүй шахуу, хөлсний эдийн засагч нар Монгол хүн, Монголын ард түмний өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйг нь нэгэн зэрэг дэнсэлж - цоо шинэ онол гаргаж чадах уу? Яаж чадах юм бэ. 

Монгол хүн өөрөө ч өөрийнхөө асуудлыг олж харж чадахгүй байхад, 3 сарын томилолттой хүн амжихгүй шүү дээ. 

Өөрийнхөө төлөө хумсаа ч хөдлөгөхгүй боловч өөрийг нь хэзээ ч хайхрах магадлал үгүй хүн өөрийг нь өргөж босгох болов уу гэж үхээнц байдлаар найдах байдлыг ухамсарын доройтол гэж нэрлэж байгаа юм. 

Тэгээд өөрийг нь өргөж босгохгүй болохоор гомдож харааж зүхэж байгаа (гадаадын хөрөнгө оруулагчдыг жигших хандлага) тэр байдлыг нь дутагдлын шок гэж нэрлэж байгаа юм. 


No comments: