Monday, March 3, 2014

Боловсролын философи


Яагаад Монголд хийсэн эсгий таавчиг маш үнэтэй, Хятадад хийснээс үнэтэй байдаг вэ?

Яагаад Монгол улсын экспортын 94 хувь нь уул уурхай, үлдсэн 6 хувь нь бараг бүхэлдээ мал аж ахуйн бүтээгдэхүүн байдаг вэ? Монгол хүний оюун ухааны бүтээл хаачив?

Стив Жобс эрхмийн байгуулсан Apple компани ердөө 80 мянган ажилтантай боловч 170 тэрбум доллар олж байхад, яагаад 3 сая иргэнтэй, дэлхийд томд тооцогдох газар нутагтай Монгол улсын эдийн засаг ердөө 10 гаруйхан тэрбум доллар байдаг юм?

Apple компанид нэг ажилтан нь жилд 2 сая доллар бүтээж байхад, Монгол улсад нэг хүн жилд 3 мянган доллар л бүтээж байна.

Монгол улсын эдийн засаг БҮТЭЭМЖ-н хямралд орчихоод байгаа юм. Монголчуудын хамгийн сайн хийдэг байх ёстой МАА хүртэл БҮТЭЭМЖ-н гүнзгий хямралд орчихоод байгаа юм.

Худлаа гэвэл махны үнээ хар. Нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд номер 1 орон Монголд махны үнэ хонь, үхэр огт байдаггүй оронтой адил байх уу. Энэ бол зүгээр л БҮТЭЭМЖ-н хямрал юм.

Тооноос чанарт шилжих хууль гэж бий. Хятад улс яагаад олимпийн хамаг алтан медалийг хамж эхлэв? 2008 онд Түвшинбаяр олимпийн аварга болсоноос хойш, одоо 16,000 хүүхэд жүдо бөхөөр хичээллэж байна гэнэ. Удахгүй Монголчууд дэлхийн жүдо бөхийн тавцанг бүрэн утгаар нь эзэгнэх болно.

Бид хэрэв 3-хан сая хүнийхээ талыг хонь дагуулаад хөдөөгөөр нэг тараачихвал, манайд тооноос чанарт шилжих хууль их л сөргөөр үйлчилэх нь мэдээж. Үр дүн нь илт байна. Экспортын 94 хувь нь УУ, 6 хувь нь МАА. Оюуны бүтээл таг чиг.

Монгол хүн яачихвал, 16,000 хүүхэд цөмийн физик, ахисан төвшний электроникоор хичээллэж эхлэх юм бол?

Бид сая нэлээн гаруй хүнээ хөдөө, 10,000 жилийн өмнөх МАА аргачлалаас нэг их ялгарахгүй байдалд хаячихсан боловч өнөөдөр Бангкокийн супермаркетад Австрали үхрийн стэйк, Шинэ зеланд хониний хавирга байх боловч Монгол мах байдаггүй ээ.

Уг нь тооноос чанарт шилжих хуулиар бол манай хүн амын тал нь ажиллаж буй 50 сая малын мах, ноолуур, ноос, арьс шир дэлхийг дагуулж байх ёстой юм биш үү.

Үгүй юм байна аа. МАА салбар нь миний өмнө хэлсэнээр 10,000 жилийн өмнө ямар байсан, яг тэр бахь байдгаараа явж байгаа учраас БҮТЭЭМЖ нь нойлын ногоон тэг болж.

Би 5 настайгаасаа эхлээд морио хөтлөөд хонь хариулсан. Миний санахын тэнд магадгүй уртын дуу, байгалиа магтсан шүлэг зохиол төрж болох л юм, Iphone утас л лав биш.

Яагаад бид Iphone утас хийх ёстой юм бэ?

Украйн шиг дээрэлхүүлж, газар нутгаа том хөршдөө алдахгүйн тулд.

БҮТЭЭМЖ гэдэг бол нэг малчинд хэдэн мал ногдож байна, нэг хониноос хэдэн кг ноос гарав, нэг үхрээс хичнээн кг мах гарав гэсэн асуудал юм.

Оюун ухааны бүтээл үйлдвэрлэхийн тулд Монголчууд бид Оюун ухааны Бүтээмжтэй байх ёстой.

Оюун ухааны бүтээмж гэдэг бол мэдлэгийг маш хурдтай олж аван, боловсруулж, шинэ мэдлэг бий болгох чадварыг хэлнэ. Монголчуудын оюуны бүтээмж бусад улс орны хүмүүстэй харьцуулахад ямар байгаа юм бол.

Дүн нь тодорхой бус уу.

Би улсын их сургуулийн төгсөлтийн шалгалтанд суулаа. Оюутнууд орж ирж байнаа. Сайн оюутнуудаа сүүл хэсэгрүүгээ шахсан юм байлгүй дээ гэж бодоод тэвчээртэй суув. Арай гэж нэг охин орж ирлээ. Сугалсан билетээ дуржигнатал ярив. Урам орж "за тийм байлгүй дээ" гэж бодоод ярьсан зүйлээс нь асуулт асуутал таг гацсан юм даа. Тэр охин ердөө л бүх билетээ цээжилж зайлуул. Ямар ч мэдлэг тархинд нь бий болсонгүй, үлдсэнгүй.

Боловсролын системийн шинэчлэл ярьж байна аа. Боловсролын системийн шинэчлэлийг боловсролын системийн философийг ойлгодог, зарчмыг нь харж байгаа хүн ярьж байгаа болов уу.

Ер нь Боловсрол гэж юу юм бэ? Мэдлэг юм уу? Боловсролтой хүн гэж хэн бэ? Боловсролын системийн зорилго юу вэ?

Бичиг үсэгт тайлагдахын зорилго нь юу вэ?

Мэдлэг олж авах гэж, чадвал өөрийн цоо шинээр бий болгосон мэдлэгийг бусдад үлдээх гэж.

Тэгвэл Монгол хэлээр дэлхийн их мэдлэгийн ямархуу хэсэг нь бичигдсэн байдаг юм бол доо.

Мунхаг миний бодоход, Монголын Боловсролын системийн зорилго нь Монгол иргэдийг Хятад, Орос, Америк хүмүүсээс асар хурдан хугацаанд Мэдлэгийг олж авч, задлан шинжилж, цоо шинээр мэдлэг бий болгох чадвартай ---- тийм төвшний Оюуны бүтээмжтэй болгож төлөвшүүлэхэд орших юм.

Мэдлэг нэг алхамын урд, гагцхүү үнэн байхдаа хүчтэй. Нэг алхамын урдах, цор үнэн мэдлэгийг цоо шинээр л бий болгодог. Энэ бол угтаа аливаа улс орны Боловсролын системийн үндсэн философи нь болно.

Хэрэв Хятадад 1 сая хүн цөмийн физик судлаж, тооноос чанарт шилжих хуулийн гайхамшигийг бидэнд харуулах гэж байгаа бол --- бид дэлхийн боловсролын системийн түүхэнд урд хожид хийгдэж байгаагүй агуу амбицтай, цоо шинэ Боловсролын аргачлалын бий болгож --- ердөө 5000 хүнийг цөмийн физикт дайчлаад л Хятадаас 2 дахин их Нобелийн шагнал авах төвшинд БҮТЭЭМЖИЙГ аваачих ёстой.

БҮТЭЭМЖ бол Эдийн засгийн хамгийн анхдагч асуудал. Эрэлт нийлүүлэлтийн хуулиас өмнө Бүтээмж байдаг.

Миний өнөөдөр ярьсан зүйлс бол зөвхөн Эдийн засгийн асуудал.

Эдийн засгийн сургуульд ийм л асуудлыг зааж, яаж шийдэх гарцыг буюу цоо шинэ мэдлэгийг бий болгож чадах эдийн засагчдийг бэлдэж төгсгөх ёстой. Эрэлт нийлүүлэлтийн хуулийг харин интернэтээс унших ёстой байхаа.

No comments: