Thursday, March 27, 2014

Ерөнхийгөөс Тусгайруу

Хүн гэж амьтаны дизайн нь өөрөө сайн сайхны төлөө цохилох зүрх байдаг. Нийгмийн байгуулалт нь ямар байхаас үл хамаараад хүн гэж амьтан сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөө байдаг юм.

Сайн сайханд хүрэх арга замыг сонгох тал дээр харин өнгөрсөн хугацаанд социализм, коммунизм, ардчилал, феодализм зэрэг олон замыг туршиж үзжээ. Арга нь өөр боловч зорилго нь ижил.

Буруу арга зам гэж бий. Жишээ нь феодализм буруу болох нь олон мянган жилийн туршилтаар нотлогдсон. Учир нь лидершип цус дамждаггүй. Цэнхэр цус гэж байхгүй. Ядуу малчин, баян аристократ бүгд адил улаан л цустай гэдгийг 10 мянган жил, их цус урсгаж байж арай гэж ойлгомоор аядаад явж байгаа ийм л амьтаны төрөл, бид.

Америк болон Европ 600 жил арилжаа, улмаар чөлөөт зах зээл, цаашлаад ардчилалд шилжиж өнөөгийн төвшинд хүрсэн. Европт ардчилал бүүр 1500 оноос алгуур эхэлсэн юм шүү.

Монгол харин энэ хооронд 1921 он хүртэл харанхуй балай феодализм, харийн дарлалд живж байгаад 70 жил социализмийг туршиж үзсэн.

Социализм бол Утопи арга зам. Капитализмийг алгасаад харайж буй морьтоны зураг бол яг үнэндээ худал ч зүйл юм биш. Капитализмийн дараах нийгэм нь Социализм байх бүрэн боломжтой. Гэхдээ хүн төрлөхтөн ирэх 2000 жилдээ л лав социализмд - буюу өөрийгөө бусдын төлөө гэсэн системд бэлэн болж амжихгүй.

Монгол улсын зорилго урд зурайх зам мэт тодорхой. Монгол улсын зорилго нь 30 онд олимп зохиох, эсвэл нэг хүнд ногдох ДНБ-ээ 10 мянган доллар болгох явдал яав ч биш. Монгол улсын зорилго нь дэлхийн тэргүүлэгч гүрэн болоход, гагцхүү түүнд л оршино.

Зорилгыг иймэрхүү байдлаар тодорхойлсны дараа их энгийн асуулт ургаж гарч ирдэг. Хэзээ зорилгодоо хүрэх алхамаа хийж эхлэх юм бэ - гэж. Өнгөрсөн 23 жилд л лав нэг ч алхам хийгээгүй.

Бодит байдал их энгийн. Бид Европ төвтэй хөгжлөөс дор хаяад 100 жилээр хоцорсон. 1990 онд Хятад Монгол хоёр бараг ойролцоо байсан бол одоо Хятад хамгийн багаар бодоход Монголоос 20 жилээр түрүүллээ.

Дэлхийд ийм нөхцөл байдал урьд нь тулгарч байсаан. Хятад Монголоос ойролцоогоор 500 жилээр түрүүлсэн байсан тийм нөхцөлд Тэмүүжин ба түүний нөхөд хэмээх хэсэг Монгол залуус гарч ирэн, Монголчуудыг нэгтгэж дэлхийн хамгийн том гүрэнг байгуулсан нь түүх. Гэвч зохион байгуулалтын зөв хэлбэрт буюу ардчилсан хэлбэрт шилжиж чадалгүй феодал буюу угаасаа буруу моделиор үргэлжилсэн учир Монголын их эзэнт гүрэн маш хурдан задран унасан.

Бид нар дахиад чадна. Дахиад дэлхийг өнгөлөх ёстой.

Ер нь хөгжих дэвшихэд баримтлах ерөнхий зарчим гэж бий. Энэ ерөнхий зарчмуудыг хүн төрлөхтөн алдаж онон сурчээ. Тэр нь номын санд буй. Тухайлбал хөрөнгийн зах зээлийг хөгжүүлснээр эдийн засгаа хүчирхэгжүүлдэг нь ийм ерөнхий хууль юм.

Гэтэл нөгөө талд яг өнөөгийн Монголын нөхцөл байдал дэлхийн түүхэнд өмнө нь давтагдаагүй учир бид зөвхөн энэ нөхцөлд тохирсон ТУСГАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ОНОЛ гаргах ёстой юм.

Бид ерөнхий зарчмуудыг мөрдөхийн зэрэгцээ, тусгай бодлогын дагуу тусгай хөдөлгөөн хийх ёстой.

Улирсан, баларсантай зууралдах шаардлагагүй. Тэмүүжиний тухай үед баримталсан тусгай бодлого өнөөгийн огт өөр нөхцөл байдалд үйлчилэх ямар ч боломжгүй гэдгийг хатуу санах ёстой. Яг үүнтэй адил Чилийн загвар, Норвегийн хувилбар бидэнд тус болохгүй. Мэдлэгт мэдээж бүгд л дусал нэмэр.

Философигүй хөгжил гэж үгүй. Грекийн Философийн хөгжил дээр үндэслэн Грекийн агуу эзэн гүрнүүд байгуулагдаж байв. Македоны Александр тухайлбал агуу философич Аристотлийн шавь байв. Чингис хаан Монголын нэгтгэж дуусмагц яаралтай философичдийн залж авчирч сургаалийг нь сонссон байдаг. Грекийн философи дээр үндэслэн Ромын хамгийн удаан оршин тогтносон агуу эзэнт гүрэн амжилт олж байв.

Грек, ромын философи дээр суурилсан соёл иргэншлийг Христийн шашиний философи нам дарав. Христийн философи дээр үндэслэн соёл иргэншлүүд Лалын философи дээр үндэслэсэн соёл иргэншлүүдтэй дайтаж, дэлхий хоёр том хүчинд хуваагдаж байв. Эдгээр философиудын эцэг философи болох Еврейн философи бөөрөнд наалдах маягтай оршин тогтнож саяханыг хүртэл дэлхийн санхүү мөнгийг атгаж байв. Эсрэг талд нь Будда, Хиндийн философи цэцэглэж дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улс Энэтхэгт оршин байв. Түүнээс цаашхнаа Хятадын дао, күнзийн философи дээр суурилсан аварга том гүрнүүд Хятадад оршин байв.

Дэлхий дээр хамгийн олон жил оршин тогтносон корпораци болох КАТОЛОКИЙН Сүмийг философи нь л ингэж оршин тогтнуулав.

Хөгжил, дэвшил, эзэнт гүрэн бүрийн цаана ФИЛОСОФИ байв. Эхлээд философи шашны хэлбэртэй байсан бол яваандаа шинжлэх ухааны хэлбэрийг олов.

Ерөнхийд нь тоймлон харахад ФИЛОСОФИЙН хэлбэр шашинлаг байдлаас шинжлэх ухаанлаг байдалд шилжих явц ид өрнөж буй тул дэлхий самуунтай байна. Бурханд бид итгэнэ гэж мөнгөн дэвсгэрт дээрээ бичсэн Америк хүртэл шилжилт хийж, хүн бүр самуурсан байна.

Магадгүй энэ нь ШИНЭ, ЦОО ШИНЭ ФИЛОСОФИЙН тунхаглалыг гаргах дараагийн улсад боломж олгож байгаа ч юм билүү. Энэхүү шинэ урсгал, хандлагыг цэвэрхэн цаас шиг улс л гаргаж чадна. Америк, Орос, Хятад, Европ бүгд улирсан баларсан философидоо самуурсан гэж өөдрөгөөр бодвол МОНГОЛД маш том боломж байна. Магадгүй бид 100 жилийн дотор дэлхийд өнгөлж болно.

Ай-фоныг мундаг инженер биш харин ФИЛОСОФИЙН дэд бүтэц бий болгосон. Өнөөг хүртэл нүдэнд үл үзэгдэх энэ Философийн нууцлаг дэд бүтцийн талаар шинжлэх ухаан битгий хэл шашин ч нээж бичээгүй л байна.

Хүний нөөцийн онол нь гэхэд л хүнийг яаж урамшуулах вэ гэсэн төвшин дээрээ л явж байна. Гэтэл эдийн засгийн хамгийн суурь асуудал болох БҮТЭЭМЖ хэзээ хамгийн өндөр байдаг вэ?

Шийтгэл өгөхөд хүний бүтээмж эрс сайжирна. Харин урамшуулбал бүтээмж бүүр ч дээшилнэ. Гэтэл философийн итгэл үнэмшилтэй болсон хүнд шийтгэл, урамшуулал огт хэрэггүй - энэ хүн урлагийн бүтээлийг гаргана.

Уран зураач - мөнгөний төлөө эсвэл шийтгэлээс айж агуу урлагийн бүтээл гаргадаг уу? Хариулт ойлгомжтой - тэгвэл тэр аймшигтай өндөр төвшний - эдийн засагч - компанийн захирал хүн бүрийн мөрөөдөх БҮТЭЭМЖИЙГ юу нөхцөлдүүлдэг юм бэ? Тэр бол философийн итгэл үнэмшил, чиг баримжаа - миний яриад байгаа нүдэнд үл үзэгдэх дэд бүтэц юм.

Монголын бүх иргэн Ван Гог шиг бүтээлч байна гээд төсөөлөөд үз. Бид хүн төрлөхтөний оюун ухааныг эзэмдэх болно. Гэтэл энэ философи нь хаана байгаа юм, гараад ирлээ гэхэд яаж хүн бүрт ухамсарлуулах вэ гэдэг өөрөө бараг л бүтэшгүй асуудал л даа.

Эргүү төлөг


Америк улс 200 гаруй жил унаж босч хөгжсөөр өнөөгийн төвшинд хүрчээ. Олон улсын хөрөнгийн зах зээл сонгодог утгаараа 1604 оноос хөгжсөөн. Анхны нягтлан бодох бүртгэлийн хоёр талтай байх зарчмыг ( хөрөнгө = өр төлбөр + өөрийн хөрөнгө) 1300 оны орчимд Италийн үндэстэн дамнасан ломбарднууд (банкнууд л даа) зохиосоон. Магадлалын анхны математик онолууд ердөө 1500 оноос хойш хөгжиж, 1700 он гарахад анхны амьдралын хүснэгт бий болж амьдралын даатгал хөгжсөн түүхтэй. 

Өнөөдөр амьд буй ямар ч мундаг эрдэмтэн, зүтгэлтэнд энэ хөгжлийн "буруу" тохоогдохгүй ээ. Тэдний өвөг дээдэс харин үүнийг (тухайлбал ай-фон) бий болгожээ. Стив Жобс байсан болохоор л Ай-фон байсан мэтээр хүмүүст ойлгогддог нь үнэн. Гэтэл ЮУ байсан учраас Стив Жобс гэж эрхэм бий болсон юм бээ гэдэг асуултыг хэн ч асуухгүй юм аа. 

Нүдэнд үл үзэгдэх тэрхүү дэд бүтэц буюу ЮУ -г Америкийн эдүгээгийн ард түмний өвөг дээдэс хэдэн зуун жилийн турш бий болгожээ. Яаж босгосон, ямар асуудлууд тулгарсан, түүнийг хэрхэн шийдсэн тухай бүрэн гүйцэд төсөөлөлтэй байх бодит боломжгүй - өөрсдөө 1950 - 1960 - 1970 онд хөрөнгийн зах зээл, эдийн засгийн харилцаа, бүтээмж нь төгсөрчихсөн үеийн Америк улсад төрж өссөн ХҮМҮҮС Монгол улсад ирээд яаж хөгжихийг нь заах уу? 

Дэлхийд өнөөдөр Америк улсаас ухамсарын хувьд 150, чадамжийн хувьд 100 жилээр хоцрогдчихсон (Америк Монгол шиг байсан цаг хугацаануудыг авав) Монгол мэтийн улсыг 20 жилийн дотор улам бүр цаашаа хөгжиж буй Америкийг гүйцэж очих төвшинд хүргэх ЭДИЙН ЗАСГИЙН ОНОЛ байна уу? Байхгүй. 

Гэтэл Америкийн одоогийн эдийн засгийг цаашид яаж хөтөлж явуулах тухай онолыг баримтлаад Монгол улс Америкийг 20 жилийн дотор гүйцэж очиж болох уу. Мэдээж үгүй. Энэ бол парадокс. 

За тэгвэл. Хэн ийм урьд хожид байгаагүй - дэлхийн хамгийн ядуу улсуудын нэгнийг хамгийн баян улсын туулж хүрсэн өнөөгийн төвшинд нь 10 дахин богино хугацаанд хүргэх ОНОЛ зохиож чадах вэ? Америк, Харвардын профессор уу? Англи, Оксфордын эрдэмтэн үү? Ойлгомжтой шүү дээ - хэзээ ч картын бараанд очерлож үзээгүй, бүх юм нь бэлэн зэлэн өссөн, аль хэдийнэ хөгжчихсөн орны иргэн болж төрсөн хүмүүс яаж чадах юм бээ? Монголчуудыг хоцрогдсон нүүдэлчид гэж үзэхгүй байлаа байлаа гэхэд л ухамсарын хувьд амжихгүй. 

Гэгээрсэн хүн биш бол дийлэхгүй. 

Асуудал ийм энгийн, алган дээр тавьсан мэт ил байхад бид юунд ингэж эргүүтсэн төлөг мэт дороо эргэнэ вэ. Бид яах гэж Дэлхийн эдийн засгийн форум, Дэлхийн банк, НҮБ-г бидэнд хөгжлийн гарц өгөх болов уу гэж горьдсон нүдээр харна вэ. 

Сарынхаа цалингийн төлөө л ажилладаг, өөрийн гэх улс гүрэн ч бараг байхгүй шахуу, хөлсний эдийн засагч нар Монгол хүн, Монголын ард түмний өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйг нь нэгэн зэрэг дэнсэлж - цоо шинэ онол гаргаж чадах уу? Яаж чадах юм бэ. 

Монгол хүн өөрөө ч өөрийнхөө асуудлыг олж харж чадахгүй байхад, 3 сарын томилолттой хүн амжихгүй шүү дээ. 

Өөрийнхөө төлөө хумсаа ч хөдлөгөхгүй боловч өөрийг нь хэзээ ч хайхрах магадлал үгүй хүн өөрийг нь өргөж босгох болов уу гэж үхээнц байдлаар найдах байдлыг ухамсарын доройтол гэж нэрлэж байгаа юм. 

Тэгээд өөрийг нь өргөж босгохгүй болохоор гомдож харааж зүхэж байгаа (гадаадын хөрөнгө оруулагчдыг жигших хандлага) тэр байдлыг нь дутагдлын шок гэж нэрлэж байгаа юм. 


Wednesday, March 12, 2014

Тэгш хэмийн гайхамшиг - Иррационал ба Рационал


Нокиа ид үедээ 100 илүү модел зардаг хэзээ ч дийлдэхээргүй аварга том корпораци байв. Дэлгэгддэг, жижиг, том, өнгөт дэлгэцтэй, интернетэд ордог, төмөр гадаргуутай гэх мэт ямар ч хүн өөртөө тохирох загварыг сонгоод авахаар тийм л олон төрлийн утас хийдэг байж. Гэтэл ганцхан шөнийн дотор эргэлт гарч iphone буюу ганцхан загварын өрсөлдөгч утас гарч ирээд Нокиагийн түүхийг үндсэнд нь дуусгасан.

Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг Нокиагийн 100 илүү загварын утас бүгдээрээ нийлээд ч хангаж чадсангүй, харин Iphone, ганцхан утас хар, цагаан, баян, ядуу бүх хүний хэрэгцээ шаардлагыг хангажээ. Урлагийн бүтээл гэж энэ буюу.

Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага гэж юу юм бэ? Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлага гэж хэрэглэгч өөрөө ч ойлгохгүй байгаа, удахгүй тэр зүйлийг асар ихээр хүснэ гэдгээ ч мэдэхгүй байгаа тэр зөн билгийг хэлж байгаа юм. Түүнийг Стив Жобс байнга амжилттай олж хардаг байв.

Маркетингийн шилдэг номон дээр бичиж байна аа. Харилцагч бол үнэнч. Брэндээ солих тун дургүй. Тийм учраас зах зээлд түрүүлж орсон нь л ялдаг.

Үнэн. Бас туйлын худал.

Энд хүн гэж амьтаны тэгш хэмийн гайхамшиг гарч ирж байгаа юм.

Хэрэв бид тийм хуучинсаг, шинэ зүйлээс айдаг амьтад байсан юм бол агуйдаа хэвтэж байх байсан юм. Хүн далд ухамсартаа байнга шинэ зүйлийг хүсэн мөрөөдөж, шинэ зүйлд тэмүүлж (иррационал ) байдаг бол харин ухаан бодолдоо байнга эрсдэлийг тооцоолж, аливаа шинэ зүйлээс айж явдаг (рационал).

Эцсийн эцэст рационал бодол иррационал шийдвэрт дийлддэг нь маркетингийн хууль юм бус уу.

Аливаа маркетингийн ялалтанд хүрэхийн нууц нь хүний мөн чанар буюу иррационал сэтгэлгээ, заримдаа далд ухамсар гэж нэрлэж болох - тэр төвшинд нэвтэрч орон, өнгийж харах явдал юм гэж бодно.

Яриа бол хоосон үгс, харин түүний ард ямар хүсэл нуугдаж байгааг нэвт шувт харж мэдэж сурсанаар магадгүй далд ухамсарт ойртож болно.



Monday, March 3, 2014

Боловсролын философи


Яагаад Монголд хийсэн эсгий таавчиг маш үнэтэй, Хятадад хийснээс үнэтэй байдаг вэ?

Яагаад Монгол улсын экспортын 94 хувь нь уул уурхай, үлдсэн 6 хувь нь бараг бүхэлдээ мал аж ахуйн бүтээгдэхүүн байдаг вэ? Монгол хүний оюун ухааны бүтээл хаачив?

Стив Жобс эрхмийн байгуулсан Apple компани ердөө 80 мянган ажилтантай боловч 170 тэрбум доллар олж байхад, яагаад 3 сая иргэнтэй, дэлхийд томд тооцогдох газар нутагтай Монгол улсын эдийн засаг ердөө 10 гаруйхан тэрбум доллар байдаг юм?

Apple компанид нэг ажилтан нь жилд 2 сая доллар бүтээж байхад, Монгол улсад нэг хүн жилд 3 мянган доллар л бүтээж байна.

Монгол улсын эдийн засаг БҮТЭЭМЖ-н хямралд орчихоод байгаа юм. Монголчуудын хамгийн сайн хийдэг байх ёстой МАА хүртэл БҮТЭЭМЖ-н гүнзгий хямралд орчихоод байгаа юм.

Худлаа гэвэл махны үнээ хар. Нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд номер 1 орон Монголд махны үнэ хонь, үхэр огт байдаггүй оронтой адил байх уу. Энэ бол зүгээр л БҮТЭЭМЖ-н хямрал юм.

Тооноос чанарт шилжих хууль гэж бий. Хятад улс яагаад олимпийн хамаг алтан медалийг хамж эхлэв? 2008 онд Түвшинбаяр олимпийн аварга болсоноос хойш, одоо 16,000 хүүхэд жүдо бөхөөр хичээллэж байна гэнэ. Удахгүй Монголчууд дэлхийн жүдо бөхийн тавцанг бүрэн утгаар нь эзэгнэх болно.

Бид хэрэв 3-хан сая хүнийхээ талыг хонь дагуулаад хөдөөгөөр нэг тараачихвал, манайд тооноос чанарт шилжих хууль их л сөргөөр үйлчилэх нь мэдээж. Үр дүн нь илт байна. Экспортын 94 хувь нь УУ, 6 хувь нь МАА. Оюуны бүтээл таг чиг.

Монгол хүн яачихвал, 16,000 хүүхэд цөмийн физик, ахисан төвшний электроникоор хичээллэж эхлэх юм бол?

Бид сая нэлээн гаруй хүнээ хөдөө, 10,000 жилийн өмнөх МАА аргачлалаас нэг их ялгарахгүй байдалд хаячихсан боловч өнөөдөр Бангкокийн супермаркетад Австрали үхрийн стэйк, Шинэ зеланд хониний хавирга байх боловч Монгол мах байдаггүй ээ.

Уг нь тооноос чанарт шилжих хуулиар бол манай хүн амын тал нь ажиллаж буй 50 сая малын мах, ноолуур, ноос, арьс шир дэлхийг дагуулж байх ёстой юм биш үү.

Үгүй юм байна аа. МАА салбар нь миний өмнө хэлсэнээр 10,000 жилийн өмнө ямар байсан, яг тэр бахь байдгаараа явж байгаа учраас БҮТЭЭМЖ нь нойлын ногоон тэг болж.

Би 5 настайгаасаа эхлээд морио хөтлөөд хонь хариулсан. Миний санахын тэнд магадгүй уртын дуу, байгалиа магтсан шүлэг зохиол төрж болох л юм, Iphone утас л лав биш.

Яагаад бид Iphone утас хийх ёстой юм бэ?

Украйн шиг дээрэлхүүлж, газар нутгаа том хөршдөө алдахгүйн тулд.

БҮТЭЭМЖ гэдэг бол нэг малчинд хэдэн мал ногдож байна, нэг хониноос хэдэн кг ноос гарав, нэг үхрээс хичнээн кг мах гарав гэсэн асуудал юм.

Оюун ухааны бүтээл үйлдвэрлэхийн тулд Монголчууд бид Оюун ухааны Бүтээмжтэй байх ёстой.

Оюун ухааны бүтээмж гэдэг бол мэдлэгийг маш хурдтай олж аван, боловсруулж, шинэ мэдлэг бий болгох чадварыг хэлнэ. Монголчуудын оюуны бүтээмж бусад улс орны хүмүүстэй харьцуулахад ямар байгаа юм бол.

Дүн нь тодорхой бус уу.

Би улсын их сургуулийн төгсөлтийн шалгалтанд суулаа. Оюутнууд орж ирж байнаа. Сайн оюутнуудаа сүүл хэсэгрүүгээ шахсан юм байлгүй дээ гэж бодоод тэвчээртэй суув. Арай гэж нэг охин орж ирлээ. Сугалсан билетээ дуржигнатал ярив. Урам орж "за тийм байлгүй дээ" гэж бодоод ярьсан зүйлээс нь асуулт асуутал таг гацсан юм даа. Тэр охин ердөө л бүх билетээ цээжилж зайлуул. Ямар ч мэдлэг тархинд нь бий болсонгүй, үлдсэнгүй.

Боловсролын системийн шинэчлэл ярьж байна аа. Боловсролын системийн шинэчлэлийг боловсролын системийн философийг ойлгодог, зарчмыг нь харж байгаа хүн ярьж байгаа болов уу.

Ер нь Боловсрол гэж юу юм бэ? Мэдлэг юм уу? Боловсролтой хүн гэж хэн бэ? Боловсролын системийн зорилго юу вэ?

Бичиг үсэгт тайлагдахын зорилго нь юу вэ?

Мэдлэг олж авах гэж, чадвал өөрийн цоо шинээр бий болгосон мэдлэгийг бусдад үлдээх гэж.

Тэгвэл Монгол хэлээр дэлхийн их мэдлэгийн ямархуу хэсэг нь бичигдсэн байдаг юм бол доо.

Мунхаг миний бодоход, Монголын Боловсролын системийн зорилго нь Монгол иргэдийг Хятад, Орос, Америк хүмүүсээс асар хурдан хугацаанд Мэдлэгийг олж авч, задлан шинжилж, цоо шинээр мэдлэг бий болгох чадвартай ---- тийм төвшний Оюуны бүтээмжтэй болгож төлөвшүүлэхэд орших юм.

Мэдлэг нэг алхамын урд, гагцхүү үнэн байхдаа хүчтэй. Нэг алхамын урдах, цор үнэн мэдлэгийг цоо шинээр л бий болгодог. Энэ бол угтаа аливаа улс орны Боловсролын системийн үндсэн философи нь болно.

Хэрэв Хятадад 1 сая хүн цөмийн физик судлаж, тооноос чанарт шилжих хуулийн гайхамшигийг бидэнд харуулах гэж байгаа бол --- бид дэлхийн боловсролын системийн түүхэнд урд хожид хийгдэж байгаагүй агуу амбицтай, цоо шинэ Боловсролын аргачлалын бий болгож --- ердөө 5000 хүнийг цөмийн физикт дайчлаад л Хятадаас 2 дахин их Нобелийн шагнал авах төвшинд БҮТЭЭМЖИЙГ аваачих ёстой.

БҮТЭЭМЖ бол Эдийн засгийн хамгийн анхдагч асуудал. Эрэлт нийлүүлэлтийн хуулиас өмнө Бүтээмж байдаг.

Миний өнөөдөр ярьсан зүйлс бол зөвхөн Эдийн засгийн асуудал.

Эдийн засгийн сургуульд ийм л асуудлыг зааж, яаж шийдэх гарцыг буюу цоо шинэ мэдлэгийг бий болгож чадах эдийн засагчдийг бэлдэж төгсгөх ёстой. Эрэлт нийлүүлэлтийн хуулийг харин интернэтээс унших ёстой байхаа.