Thursday, November 29, 2012

newspaper interview

newspaper interview



Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч, Мандал Даатгалын ерөнхийлөгч, Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн гишүүн  Ө.Ганзоригтой цаг үеийн болоод эдийн засгийн асуудлын талаар ярилцлаа.

-Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой янз бүрийн яриа их гарах боллоо, Монголчууд өнөөдрийн хүртэл гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж ирсэн, гэтэл саяханаас энэ байр суурь өөрлчгдөж байгаа мэт харагдах боллоо, та юу гэж бодож байна?

Улсын эдийн засаг гэдэг их энгийн юм гэж би санадаг юм. Яг л өрх айлтай ижил. Цалин авна, орлого орж ирнэ. Амьдралдаа зарцуулна.

Улсад бол орлого орж ирдэг хоёр л зам байгаа юм. Нэг нь экспортлосон байгалын баялагын маань орлого. Нөгөөх нь гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалт. Аль аль тохиолдолд манай улсад мөнгө орж ирж байна, бид тэр мөнгөөр нь шинэ үйлдвэрүүд барьж ажлын байр бэлдээд, зам харгуйгаа засдаг.

Сүүлийн үед хийрхэлтэй гэмээр “монголчууд бүгдийг нь булаана, дээрэмдэнэ” гэсэн утгатай мессеж гадуур яваад байгаад би арван хэдэн жил эдийн засгаар дагнасан хүний хувьд их цочирдож хүлээж авдаг. Энэ бол наад захын эдийн засгийн мэдлэггүй хүний туйлын хариуцлаггүй яриа гэж би хэлнэ.

Өнөөдөр Монголын ард түмний сайн сайхан амьдралыг хангахын тулд бидэнд мөнгө хэрэгтэй. Энэ мөнгө хоёр л замаар орж ирдэг. Гадаадын хөрөнгө оруулалт ба Экспортын орлого. Энэ хоёр урсгалаа тасалчихалгүй дэмжиж байх учиртай.


-Гадаадын хөрөнгө оруулалтыг яг яаж авч үзэх ёстой юм бэ?

Монгол хүн Монгол улсдаа эзэн байх асуудлыг дэлхийд хэн ч сөрдөггүй тийм улс орноо байгуулаад амьдарч яваа хүмүүс шүү дээ бид чинь. Тэгэхээр хэн эзэн болох тухай өнөөдөр санаа зовоод байх шаардлагагүй гэж бодно.  

Дэлхий хоёр зуу гаруй улс оронтой. Гадаадын хөрөнгө оруулагчын хувьд заавал Монголд ирж зовж байж олсон хэдэн цаасаа үрэх алба ч байхгүй.

Тийм учраас бид харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр ажиллах ёстой. Мөнгөө бариад ирж байгаа хүмүүст хүндэтгэлтэй, авах гээхийн ухаанаар хандах ёстой. Монголын компаниуд гадаадад очиж улс орноо рекламдаж, гуйж түүж байж арай гэж хөрөнгө оруулалт олж ирдэг. Олж ирсэн мөнгөөрөө үйлдвэр байгуулна, барилга барина, уул уурхайг эргэлтэнд оруулна. Ажлын байр бий болгоно, улсад татвар төлнө. Эцэст нь Хөрөнгө оруулагч оруулсан мөнгөө тодорхой хувиар өсгөөд гарах сонирхолтой. Хэн ч айж ичин байж хэдэн төгрөгөө алдах эрсдэлд оруулахыг хүсэхгүй нь ойлгомжтой.

Блүүмберг телевизийг асаагаад үзвэл Тайланд, Малайз, Индонез, Хонг Конг гээд бүх л улс орнууд “манайд хөрөнгө оруулаач, сайхан таатай хөрөнгө оруулалтын орчин байна” гээд засгийн газрууд нь бодлоготойгоор зар сурталчилгаа явуулж байна шүү дээ. Гэтэл бид хураана, булаана гээд сөрөг мессеж цацаад байж болохгүй.
Яг одоо маш олон зуун сая долларын хөрөнгө оруулалт энэ сөрөг мессежээс болоод хил дээр гацчихаад байгааг би баттай, хариуцлагатайгаар хэлж болж байна. Энэ бүрийн ард зөндөө олон Монгол компаниуд хөрөнгө оруулалт авч чадахгүй, ажлын байр шинээр бий болгож чадахгүй болчихоод сууж байна.     


Оюу толгойн гэрээний талаар сүүлийн хэдэн саруудад олон яриа гарч байна, та үүнийг юу гэж хүлээж авдаг вэ, саяхан мэтгэлцээн хүртэл болсон?

Би даатгалын компанид бас ажилладаг хүн. Хэрэв манай компани хүнээс мөнгийг нь авч даатгалын гэрээн дээр гарын үсэг зурчихсан хойноо хохирол болоод нөхөн төлбөр өгөх болоход “Өө, болилоо”, эсвэл би ажлаасаа гарсан хойно шинээр ирсэн захирал нь “Өмнөх хүний асуудлыг би мэдэхгүй, наад гэрээ чинь хүчингүй” гэж хэлвэл ямар байдал үүсэх вэ?

Ер нь хүн төрлөхтөн гэрээ гэдэг зүйлийг 6 мянган жилийн өмнө яах гэж бий болгосон юм бэ. Тогтвортой байдал гэж юу юм бэ. Яагаад хүн ирээдүй нь тогтвортой ойлгомжтой байхад дуртай байдаг юм бэ. Гээд наад захын, их сургуулийн нэгдүгээр курсын хүүхдүүдэд ч ойлгомжтой асуудлуудыг бид ер нь дахин дахин бодож үзмээр байгаа юм.

Хэрэв засгийн газар нь буруу гэрээ байгуулчихсан юм бол тэд нартайгаа хариуцлага тооцох ёстой. Энэ бол зарчмын асуудал. Хэрэв гэрээ хэт нэг талыг баригдаж хийгдсэн бол бид асуудлаа зөв зүйтэй байдлаар гаргаж тавих ёстой.

Тэрнээс биш дарамталж байгаа юм шиг, ойлгомжгүй байдлаар гэрээгээ өөрчилнө гээд айлгаад байж болохгүй. Ийм саналууд байна, харилцан зохицоод өөрчилөх талаас нь хараач гэдэг байдлаар хөрөнгө оруулагчид асуудлыг тавьж болно шүү дээ.  

-Оюу толгойн асуудлыг цаашид тэгээд яах нь зүйтэй гэж та үзэж байна?

Оюу толгой бол ганцхан орд, ганцхан компани. Ердөө хэдхэн мянган хүн л ажиллах юм шүү дээ. ХААН банкны ажилтануудын тоо гэхэд л Оюу толгойгоос давж гарна гээд бодохгүй юу.

Ийм жижигхэн асуудлыг ингэж том болгож, ард түмэнд утга учиргүй хүлээлт үүсгэж, шоудаж, бүүр сонгуулийн зорилт болтол нь дэвэргэж байгаад маш их эмзэглэж явдаг. Монгол улсын ирээдүй бол Оюу толгой биш. Монгол улсын ирээдүй бол Оюунтай толгой гэж улсын ерөнхийлөгч эртээд телевизээр хэлж байна билээ.

Ирэх 50 жилд Монгол улс үнэхээр хүчирхэг, баян, олон улсын тавцанд өрсөлдөж чадах улс байж чадна. Тийм болох эсэх тухай асуудалд Оюу толгой, түүний хэдэн хувийг нь авах асуудал бол огтхон ч хамаагүй юм шүү гэдгийг л хэлье дээ.


Санхүүгийн зах зээлийн байдлыг та юу гэж дүгнэж байна?

Улс орны хөгжлийн түлхүүр нь эдийн засгийн зөв бодлого.

Эдийн засгийн бодлого хэрэгжих дэд бүтэц нь санхүүгийн зах зээл. Манай холбоо байгуулагдаад 8 жил болж байна. Энэ хооронд ард иргэдийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг сайжруулах тал дээр олон ажил хийлээ. Ахиц дэвшил гарч л байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл манай санхүүгийн зах зээл дэд бүтэц болохынхоо хувьд энхэл доголтой сумын төвийн шороон зам шиг л байна. Энэ дэд бүтэц олигтой бүрдэж бий болж чадсангүй. Дэд бүтэц байхгүй байгаа учраас цаашид баялагийн ялгарал гамшгийн төвшинд хүртэл явагдана. Баян хоосны ялгаа маш их болно. Эдийн засгийн хөгжил бүрэн утгаараа явахгүй. Африкийн бүтэлгүйтсэн уул уурхайн орнуудтай төстэй болох эрсдэл бодитойгоор бий болж эхэлээ.

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, манай банкууд, брокерууд, даатгалын компаниуд хэрэндээ л хичээж ажиллаж байна. Гэтэл УИХ дээр ганц жижигхэн Оюу толгой гээд компанийн хувьцааг 50 хувийг нь авах уу 51 хувийг нь авах уу гэж яриад арваад жил болчихлоо шүү дээ. Үнэт цаасын зах зээлийн тухай хууль, Банкны тухай хууль, Хувийн хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль бол ерөөсөө сонин биш харин гадаадын хөрөнгө оруулагч нараас илүү ихийг авах тухай хууль л сонирхолтой, хэлэлцэгддэг, яригддаг ийм л асуудал байна.

Бизнес хийж байхад хэрэв эсрэг тал чинь чамайг яаж ийж байгаад дөнгөнө гэдгийг мэдэж байгаа бол хэн бидэндтэй ирж наймаа хийх юм болж байна?

No comments: