Tuesday, December 11, 2012

Giving or Taking


Гадаадад магистр хийсэн, мундаг чадвартай боловч зөвхөн өнөөдрөөрөө сэтгэдэг хүмүүсийг зөндөө харсан. Өнөөдөр хүсэхгүй, чадахгүй, боломжгүй, эсвэл боломжтой санагдвал үйлдэл хийж л байдаг. Тэгээд тэр нь дандаа балардаг. Яагаад хүн өнөөдрөөр сэтгээд эхэлдэг вэ гэхээр зөвхөн өөрийгөө бодоод эхлэхээр тэр.

Саяхан олон улсын үндэстэн дамнасан, ашгийн бус бодлого тодорхойлогч байгууллагын глобал даатгалын захиралтай уулзав. Глобал захирал гэхээр бүгдийг нь баздаг нөхөр нь гэсэн үг. Монгол улсад эрсдэл ямархуу байгааг тандаж яваа нь тэр.

Монгол улсаас маш их эрсдэл Монголын даатгалын салбараар дамжилгүй шууд гадаадын даатгагч нарт явж байгаа, түүнээс зарим хэсгийг нь авч үлдээх хэрэгтэй байгаа талаар хэлэв. Мань хүн эрс эсэргүүцэж бид хоёр бяцхан маргасан юм.

Монгол хүн мөртлөө Монголын компаниуд дээр очиж манай дотоодын даатгалын компаниуд мяаа, шууд гадаадад даатгуулчих гээд явж байдаг хүн жишээ нь байж л байдаг.

Би маргааш тавих лекцээ бэлтгэх зуур манай залуусын бэлдсэн Монгол улсын эрсдлийн матрицыг харж суув. Ер нь бол хөгийн дүр зураг буудаг л даа. Товчхондоо бол Монгол улс ажиллахад, амьдрахад, бизнес хийхэд эрсдэлтэй газар л болчихож. Хүүхдээ гадаа тоглуулахдаа л араас нь айж суудаг ийм л газар болсон байна. Жишээ нь Улаанбаатар хотод газар хөдлөхөд газар хөдлөлтөөс болж бус харин бэлтгэлгүйгээс болж энд тэнд нурангид дарагдсан барьсан, галын аюулгүй систем байхгүйгээс болж шатсан түлэгдсэн хүмүүсийн үхлийн тоо хэдэн мянгаараа л тоологдоно. Эрсдэл гэж ийм л юм байдаг юм. Газар хөдлөсөнд нь бус харин түүнд бэлтгэлгүй байснаас болж хүмүүс үхдэг юм.

Яагаад ийм байгаа талаар олон шалтгаан бий. Гэхдээ энэн дундаас нэгэн том шалтгаан тодроно. Энэ бол дотоодын даатгалын компаниудын хөгжил сул байгаа асуудал билээ. Гэтэл эд хөгжихийн тулд санхүүгийн чадвар сайтай байх ёстой билээ. Чадвахиа сайжруулахын тулд гадагшаа гараад байгаа даатгалаасаа тодорхой хэсгийг нь авч үлдэх л учиртай.

Ухаандаа бол даатгал гэдэг нь туйлын өвөрмөц, зүгээр л даатгалын компани фундаментал мөн чанарынхаа хувьд яаж ажиллах ёстой - түүгээр нь ажиллуулахад л нийгмийн агуу хариуцлагыг хэрэгжүүлчихдэг - үндсэн бизнесийнхээ хажуугаар балай юм шиг очиж хог түүж - түүнийгээ нийгмийн хариуцлага гэж зарлах шаардлагагүй ийм л сонин бизнес.

Гэтэл Нью-Йоркт суудаг Герман энэ эрхэм бол - Дотоодын компаниуд угаасаа чадахгүй юм чинь даатгал авах хэрэггүй ш дээ гээд өөдөөс хэрэлдээд байгаа. Би харин өмнөөс нь 100 жилийн өмнө танай Ханновер Ре чинь ч гэсэн бяцхан компани байсан шүү. Яаж харин томорсон билээ - сануулаад өгөх үү гээд л сууж байгаа.

Аргагүй л дээ, аргагүй. Үхсэнээ ч хийж герман хүн Нью-Йоркт явж байдаг юм. Ямар ч эмпати, ард түмэндээ хүлээх хариуцлагагүй - зүгээр л нэг кариерист эр.

Монголын даатгалыг шууд Хонг-Конгод хэлцэл хийгээд авсан тэр гадаадын даатгалын компанийн захирал Монголд ирчихсээн монголын ард иргэдийн эрсдлийг бууруулах уу яахав гээд өдрийн бодол шөнийн зүүд болоод явдаггүй л байхгүй юу. Эсвэл Эрсдлийн Удирдлагын Форум хийж хүн амьтанд номын дуу сонсгоно гээд хүн амьтаныг гуйж гувшаад, нүүрээ улалзуулаад ч явахгүй л юм.

Монгол компаниуд нь олон улсын зах дээрээс очоод тэрбум тэрбумаар нь хийчихсэн юм шиг л аашилж - Хонг-Конг нисч даатгуулаад л.

Уул нь энэ муу хэдэн дотоодын даатгалын компаниуд нь том байвал гудамжинд хөөрхий гэмгүй оюутан залуу алхаж яваа секундын дотор төмөр турбанд цохиулж үхэхгүй л байсан юм. Өдөр болгон нэг хүн замын хөдөлгөөний ослоор нас барахгүй байсан юм. Байдал ийм л байгаа.

Нэг л их өөртөө юм унагах гэсэн, өөрөөсөө өөр хэнийг ч боддоггүй хүмүүс. Бодол нь хүртэл богино, ухаан хүртэл мөчид.

Дэлхийд эхний 4-т жагсдаг санхүүгийн үйлчилгээ явуулдаг компани -  Олон улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудын захирлуудаас эрсдлийн санал асуулга явуулахад хамгийн чухал эрсдлээр өрсөлдөөнийг нэрлэсэн байх жишээтэй. Өрсөлдөөн гэж эрсдэл байдаггүй юм ш дээ гэж намайг хэлэхэд тэр судлагаа авсан компанийн захирал англи эрхэм надруу ярьдаг сармагчин харж байгаа аятай харж байх шиг. Монгол болохоор тэр.

Гэтэл Монгол улсын эрсдлийн тайлан гээд баримт бичиг олж үзтэл - түүн дээр - Засгийн газар буруу шийдвэр гаргах эрсдэл гээд биччихсэн ч байх шиг. Монгол улсын хамгийн том эрсдэл нь тэр юм гэнэ дээ. Үүнийг жишээ нь тэр баруунд чинь доктор, магистрийг нь хийсэн хүн бичсэн байгаа юм.

Ер нь бол яг үнэндээ задгай сэтгэж чаддаггүй, улс төрийн хувьд зөв, академикийн хувьд зөв тийм хүмүүс өрсөлдөөнд ялагддаг хуультай.

Тийм болохоор залуусаа, боломж маш их байна. Маш олон тэнэг хүмүүс энэ дэлхийд том том албан тушаал хашиж байна. Мэдээж тэдний хажууд Стив Жобс мэтийн өөрөөсөө илүү гарч, хүмүүсийн төлөө хийж бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн хүмүүсийн мөрөөдлөөр жигүүрлэн дэлхий хөгжинө. Тэдний далбаан дор яахав хэдэн алиалагч нар байх л байлгүй.

Фундаментал асуудал бүүр дэндүү энгийн. Too simple to understand.

Амьдрал гэдэг чинь авахад биш харин өгөхөд оршдог юм. Амьдралаас яаж авах тухай л бодвол Харвард ч бай, дэлхийн хамгийн ухаантай хүн ч бай, аавын чинь мундаг тоо боддог ген ч бай юу ч чамд тус болохгүй. Чи бүтэлгүй амьтан болно эсвэл ялзарсан бэртэгчин болно.

Чи яаж харин амьдралд, хүмүүст өгөх тухай бодож эхлэвэл чи өөрийгөө олж авч, мөнгөтэй ч бай мөнгөгүй ч бай сэтгэл хангалуун болох болно.

Мэдээж энэ нь "Би ядууст тусалдаг төрийн бус байгууллага байгуулмаар байна" гэж хашгирахыг хэлэхгүй нь ойлгомжтой. Энэ бол найзуудтайгаа урьд шөнө Бриксдээд өглөө нь шартсан хэвтэж байхдаа бодож олдог мэргэн санаа ч биш. Энэ бол ИТГЭЛ ҮНЭМШИЛ, ЗОРИЛГО, ТЭМЦЭЛИЙН тухай асуудал билээ.

Хэдэн захирлуудтай ярихад нэг л зүйл дээр гомдоллоно. Ажилд орох гээд ярилцлаганд орж байгаа хүмүүс дотор би байгууллагадаа ийм зүйл өгнө гэж хэлсэн нэг хүн байна уу гэж бие биенээсээ асуух. Нээрэн бодоод үзсэн чинь - би тэдэн төгрөгийн цалин авмаар байна - би их юм сурч авмаар байна - зөвхөн л авах тухай нөгөө утгагүй яриа.

Тэгээд ажлаа хийж чадахгүй болохоороо дэлхий ертөнцөд байж болох бүх л зүйлст бурууг тохдог юм гэнэ дээ, цаана чинь.

No comments: