Tuesday, November 27, 2012

Хямрал

Хямралаар амьсгалж явтал нэг мэдсэн 4 жил өнгөрчээ. Эхлээд санхүүгийн зах, тэгээд олон улсын эдийн засаг - харин одоо өрийн хямрал болоод явж байгаа билээ.

Эртээд нэг нөхөр энэ хямрал чинь уламжлал ёс заншлаа дагаагүйгээс болж байгаа юм шүү дээ гээд л бүлтэрч байна аа. Сүүлийн үед тв-н тоо өсөхтэй зэрэгцээд гудамжны хүмүүс экран дээр их гарч ирдэг болж дээ.

Эхлээд өөрсдөө ард түмнээ харанхуй болгочихоод дараа нь тэд нартаа таалагдах гэж харанхуй юм ярих нь өрөвдөлтэй ч юм шиг.

Ардчилалаа сайтар ойлгоогүй ардчилагчид, коммунизм-ямар нэг юм?! хоёрын дунд гацсан экс коммунистууд, 40 мянгатад төрсөн нэртэй дүр үзүүлэхээс өөр элит үнэр үгүй болсон элитэнцэрүүд, гадаадаас буцаж ирээд сэтгэл нь хил дээр гацсан экспатууд, улс төрийн хувьд хэт зөв болсон хулчгарууд, шинжлэх ухааны хувьд хэт зөв болчихсон залхуучууд гээд янз янзын бүлгийн нэгдэл хийгээд тэмцэлийн дор амьдрал өрнөнө.

Сиймхийгээр нь харин хэдэн төгрөг олох гэсэн солиотнууд эртний күнзийн суртал, библийн үлгэрүүд, буддизмийн философи тал хийгээд эзотерик талыг халтар хултар ойлгосноо тв-р бурж ард түмний тархийг ахиад эргүүлнэ.

Оюу толгойн гэрээ зөв хийгээд буруу эсэх, Хэрхэн ямар ч үнээр хамаагүй 10 мянган жилийн турш огтхон ч өөрчлөгдөөгүй уламжлалт мал аж ахуйгаа хадгалан үлдэх, Хэрхэн эсгийн таавчиг үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэлийг босгох, Чингис хаан дахин төрж ард түмнийг аврах эсэх гэх мэтийн яг үнэндээ эдийн засгийн бөгөөд нийгмийн огтхон ч ач холбогдолгүй хийрхэлүүд нь агаарт дэгдэж Улаанбаатарын амьдрал - утаатай ба хөмөрсөн тогоо мэт 4 уулын дундаа шалдар булдар үргэлжилнэ.

Ийм буруу сэтгэхүй ноёлсон орчинд зөв хүн хүртэл буруу юм ярьж, буруу үйлдэл хийх нь инээдтэй ба эмгэнэлтэй.

Гэхдээ хүний дизайн нь өөрөө хөгжих. Квант төвшинд ухамсар ба материйн аль нь анхдагч тухай ярих нь утгагүй биз. Ухамсар нь өөрөө квантын үндсэн дизайны бүрдэл хэсэг байх.

Манай малчдаас бусад нь бүгд л байгалийн хүчийг сөрсөөр өнөө үед ирлээ. Бид ч гэсэн нэг л өдөр фермжсэн аж ахуйд шилжих л болно. Уг нь хийж л байсан юм. Тэрийг нь харин 90 онд хувьчлал нэрээр будаа болгочихсон болохоос.

Хэрэв наран дээр тооцоолоогүй том дэлбэрэлт болвол, эсвэл том солир ирж дэлхийг цохивол, эсвэл цаг уурын аажим өөрчлөлт нь дэлхийн гадаргыг амьдрахад бэрх орчин болгон хувиргавал - хүн төрлөхтөн амьд үлдэхийн тулд өнөөдөр хөгжиж байгаа, технологийг эзэмшиж байгаа болохоос биш байгал дэлхийдээ зохицож амьдарч байна гээд хөдөө агуйд амьдардаг ч юм биш. Энергийн урсгалын хувьд (аль вэ?) зөв дизайнтай гээд гэрт хөлдөж үхдэг ч юм биш.

Тийм л учраас хүн ухамсартай, ухаантай - материйн хамгийн ахисан төвшний нэгдэл юм. Хэрэв нохой шиг амьдарч, нохой шиг үхэх байсан юм бол ухамсараа бас давхар гээх ёстой болно.

Ямар ч байсан бид хүн гэдгээ л санах хэрэгтэй. Хүн дандаа өөдөө, хөгжил дэвшилд тэмүүлж, эерэг сэдэлтэй байх ёстой юм.

Эхлээд бид хүн, хүмүүс. Дараа нь харин бид Монголчууд. Бид дэлхийн бусад хүмүүсийн дунд Монголчууд байгаад мөхдөг юм биш, Монголчууд байгаад эзэлж хүн амьтан алж талж, соёл дурсгалыг нь устгадаг ч юм биш - харин Хүн төрлөхтөний ирээдүйн хөгжлийн загварыг тодорхойлогч нар байх ёстой.

Нэгэнт Америк маягийн демократ, чөлөөт зах зээлт системд маш их гажиг байгаа нь саяын хямралаар ойлгогдсон. Одоо тэгвэл бид шинэ гарцыг гаргах тухай яривал сайнсан. Ер нь хүн төрлөхтөн ирээдүйд яаж хөгжих вэ.

Квант физик өнөөдөр дөнгөж л хөгжиж эхэлж байна. Үүнийг хамгийн түрүүнд ойлгосон хүн нь  л хөгжлийг тодорхойлно.

Ухааны дээд нь хамгийн ойлгоход төвөгтэй зүйлийг хамгийн юм мэддэггүй хүнд ойлгуулах төвшинд хүрэх явдал.

No comments: