Friday, October 26, 2012

triangle

Сүүлийн үеийн "элит"-үүдийг ажигласан ажиглалтаас.

Манай яг одоо манлайлж буй элитүүд - эд нар бүхэлдээ гутранги байдалд орсон харагдана.

Улс орны ирээдүй бол огт сонин биш. Зүгээр л өнөөдрийн улс төр, түүнийг дагасан мөнгө чухал.

Тэгэхээр гол зорилго нь мөнгө, харин бахархал биш. УИХ-д амьдралдаа ганцхан сонгогдож болно, гэхдээ өөрөө өөрөөрөө бахархах ганцхан зүйл хийхэд л хангалттай. Яахав мөнгө амьдралын зорилго юм бол сонгогдохын тулд өөрийгөө зарахад ч бэлэн байх ёстой байх л даа. "Өө наад ард түмэн чинь одоо өнгөрсөөн, юун Америк шиг болох, амь амиа бодоорой..." гэх хандлага бүүр өөрийн эрхгүй ярианаас нь, нүднээс нь, хөдөлгөөнөөс нь мэдрэгдэнэ. Оюу толгой бол зайлуул ганцхан муу орд, дээд тал нь хэдхэн мянган хүн ажиллуулах ганц компани ш дээ. ХААН Банкны ажилтанууд л гэхэд Оюу толгойтой тоогоороо зэрэгцэнэ гээд бод л доо. Тэгэхээр энэ толгой яагаад сонин болов - эдийн засгийн хариулт нь их амар - өнөөдрийн хялбар мөнгө учраас тэр.


Нөгөө талд нь харин бас өөр нэг элитүүдийг яръя. Энэ бол гадаадад сургууль төгсөөд, эсвэл амьдарч байгаад ирсэн манайхан. (мэдээж бүгдийг нь хэлээгүй нь ойлгомжтой, нийтлэг төрх яриад байна)

Эд нараас харин тийм манарсан байдал үнэртэнэ. (deep confusion) Яах гээд ч буцаад ирчихсэн юм. Нүднээс нь шууд л ойд төөрсөн хүний харц анзаарагдана. Ам ажил хоёр нь зөрнө. Амаараа бол нэг л их мундаг баатар алс холын харь орноос нутгаа санаж ирээд улсаа хөгжүүлэх гээд байгаа юмаа даа. Ажил дээрээ бол таг. Тэгэж хэлчихээд л шууд цалин агнаад нэг уул уурхайн компанид орж өлөнтөнө.

Ер нь бол эд нар хойшоо сайхан алхаад гэр хороолол дундуураа яваад үзчих хэрэгтэй л дээ. Дэлгүүр хоршоогоор нь ороод, хүн ардтай уулзаад яг ямар улсад ирчихээд байгаагаа ойлгох, бүүр болж өгвөл ухамсарлах хэрэгтэй. Тэгэхгүй сэтгэл нь Америктаа, (даан ч тэнд нь хямрал болчихсон юм шүү дээ, юун ажил олдох) санаа нь энд, яриа нь шоктой - тэгээд нэг хотын төвийн хэдэн баараа хэсч нөгөө л нэг уулздаг өрөөсөн дугуй элитэнцэрүүдтэйгээ цаг өнгөрөөвөл амьдрал ямар харуусалтай вэ. Тэр хойно чинь дэлгүүрт талхыг хэрчмээр нь есийн тосыг (юу гээд байгааг нь мэдэх билүү, наранцэцэгийн тос) нь пенцилины шилээр (бас юу вэ?) зардаг юм ш дээ.

Харин соцын үеийн хуучны эрдэмтэд, манай академиа бас л их гунигтай харагдана. Би уг нь нэг л амьдрах юм чинь ямар ч гэсэн доктор хамгаалчихая гэж бодож байлаа. Тэгээд хэд хэдэн докторын шүүмж дээр суув аа. Үнэндээ реферат бичиж доктор хамгаалдаг юм бол тэрийг аваад ч яадаг юм. Энүүгээрээ би жинхэнэ нээлт хийж (докторын зэрэг авахын тулд нээлт хийх, эсвэл шинэ аргачлал зохиох ёстой - тэрнээс биш тэр номонд ингэж, энэ номонд ингэж гээд бичдэг юм биш) доктороо авсан олон сайхан эрдэмтэдээ үгүйсгээгүй юм шүү. Өнөөдөр манай шинжлэх ухааны салбар ийм л болчихож. Эдийн засаг оролддог хүний хувьд үүний шалтгаан нь их л энгийн.

Мөнгө байхгүй болохоор тэр. Яагаад. Яагаад гэвэл мөнгө гэдэг чинь хүний бүтээмжийг нийлүүлэх зориулалттай зохиогдсон эдийн засгийн зэмсэг юм. Бүүр хамгийн боловсронгуй нь гээч.

Мөнгө байхгүй газар доктор үнэгүйдэнэ. Би сайн санаж байна. Засгийн газар хэдэн жилийн өмнө монгол улсын тэргүүлэх салбараа зарлаж, тогтоосон. Жишээ нь биотехнологид хэдэн төгрөг өгсөнийг нь мэдэх үү. 10-20 сая төгрөг. Харин монголын ямаануудад хэдэн төгрөг өгсөнийг нь мэдэх үү. 30 тэрбум төгрөг, нэг жилд. Мал уг нь хувьд шилжээд удсан санагдах юм. Хувьд шилжээгүй шинжлэх ухаандаа түрүүлж мөнгө өгвөл, нөгөө эрдэмтэд нь генийн селекц хийж ноолуурын чанараа өвөр монголын ямаадыг давж гарах ч юм билүү.

Элитгүй монголд ард түмний харц өрөвдөлтэй.

Телевизээр нь харин бумба нь галзуураастай. Монголын ухаант өвгөд 100,000 жилийн өмнө 5 янзын энергийн эх үүсвэрийг нээсэн юм шүү дээ гээд л - соён гэгээрүүлж өгнө биз дээ. (Уг нь өнөөдрийн байдлаар хамгийн эртний хүний үлдэгдэл 75,000 жил, 100,000 жилийн өмнө хомо сапиенс үүсээгүй байхад Монголчууд энерги нээгээд тэрийгээ бичиж үлдээгээд - тэрийг нь нэг хүн номлоод байгаа юм уу даа). Яахав ээ. Орон гаран хүмүүс Америкт ч байж л байдаг. Гэхдээ тэрнийг CNN-ээр лекцийг нь бүтэн хэдэн цагаар, хэдэн сар дамнуулж гаргадаггүй л байхгүй юу. Ингээд харанхуй нүхэндээ бүрэн жив гээд байгаа юм уу хаашаа юм. Хятадын явуулга ч юм уу эсвэл. Өөрсдийгөө бас оюун ухааны удирдагч гээд нэрэлчихжээ.

Энэ бол зүгээр л ДУУДЛАГА. Энэ бүхэн нь өөрөө элит лидерүүдийг дуудаж байгаа ард түмний цөхөрсөн ДУУДЛАГА юм.

Тэгээд нөгөө элит лидерүүд нь хаана ч байгаа юм дээ. Уулны төлөө биш ард түмний төлөө л байлддаг юм ш дээ - жинхэнэ байлдаанд. Эдийн засгийн онол ч гэсэн Харвардын хамраа сөхсөн бацаануудад бие биендээ цэцэрхэхэд нь зориулж биш харин эгэл жирийн ард түмний тусын тулд л бичигддэг ухаантай.

ДУУДЛАГЫГ ухамсарлаж хүлээн авсан хүн ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ болно. ИТГЭЛ ҮНЭМШИЛ нь харин хүнийг элит лидер болгоно. Тэрнээс гудамжинд архчидад мөнгө төлж жагсаал зохион байгуулдаг шантаажлагчидийн тухай яриагүй байна.

1 comment:

Anonymous said...

Заримдаа ч нээрээ бид ийм нийгэмд амьдраад бга гэжүү? Нээрэнгээсээ би энийг сонсоод бн гэжүү? Зүүд ч юмуу тоглоод бгаан биш бгаа ч гэж асуумаар санагдтал юм ярина шүү тэ энэ дээдчүүд