Wednesday, October 10, 2012

Барьцалт

Дэлхийн банкнаас Монгол улсын санхүүгийн секторыг бүтэн 6 сарын турш үнэлж тайлан гаргажээ. Удахгүй вэб хуудсан дээр нь гарна гэнэ.

Ерөнхийдөө тайланг танилцуулах хурал нь уламжлалт маягтай. Тухайлбал Монголын засгийн газар, Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо нар нь ямар гайхамшигтай амжилттай ажиллаж, яг зөв үед нь онож шийдвэр гаргаж байсныг бахдаж яриагаа эхлэв.

Арга ч үгүй биз дээ.

Хүн амынхаа талыг хядчихсан Камбожид эсвэл цэргийн дэглэмтэй, бодол санаагаа илэрхийлмэгц алуулчихдаг Мянмарт өнгөрсөн долоо хоногт ажиллаж байгаад ирсэн дэлхийн банкны шинжээчидэд Монгол бараг л диваажин шиг санагдаж таараа. Ганц болсон болоогүй журам гаргасан нь бараг л шинэ технологи нээчихсэн аятай санагддаг байлгүй.

Үүнийг сонсож суусан миний сэтгэлд хүүдээ Харвардад сурч дэлхийн хэмжээний хүн болоорой гээд өгсөн мөнгөөр - хүү нь шоудаад гудамжинд явж байгааг харж байгаа эцэг хүн шиг л харуусал төрнө.

Ер нь Монголын байгууллагуудад ч гэсэн их анзаарагддаг. "Тэр ажил хийхгүй байгаа юм чинь би ч ажил хийхгүй." "Энэ юу ч хийхгүй байна, тэр ажлаа хийж чадахгүй байна"

Монголын өрхүүдэд бас ийм ярих их сонсогдоно. "Ядуу айлын хүүхдүүд өдрийн хоол ч үгүй, өмсөх хувцасгүй байна - тэгэхэд чи өөрийгөө хар! ямар сайхан амьдарч байна?"

Тиймээ тийм, бид нар Мянмар, Камбожтой барьцвал зөндөө юм хийсэн байх л даа. Монгол бараг л диваажин байж таарна биз дээ.

Бид нар ингээд л доошоо барьцаад, тэнэг хүмүүстэй харьцуулахад бид арай бага тэнэг байна гэж тэнэглэн бодоод байвал яах юм болж байна.

Хүн гэж амьтан дандаа дээшээ харж, дээшээ барьцаж, дээшээ тэмүүлж амьдрах учиртай байтал өөрсдийгөө "юу ч хийхгүй байж болох байтал, ганц журам гаргасан байна шүү, мундаг аа" гэж хөөргөвөл - энэ нь харин жинхэнэ ухамсарын доройтол буй заа.

Бид нар дандаа доошоо барьцаж амьдарвал манай улс хэзээ ч Америк шиг болохгүй.

Америкийн төр захиргааны байгууллагууд өнгөрсөн сард 1000 ажил хийсэн байна, бид харин ердөө 100-г л хийсэн байна шүү - Америкийн компаниуд I-Phone хийж байхад бид ердөө бэлэн байгаа нүүрсээ л ухаж зөөсөн байна шүү - Америкийн оюутнууд сургуулиа төгсөхдөө ийм мундаг мэдлэгтэй төгсч байхад бид хажууд нь муу байна шүү - гэж бид дээшээ барьцаж байж л Америк шиг болох байлгүй дээ.

Хуралд суусан Монголын төр, захиргааны байгууллагуудын олон дарга нар эрх биш дотроо нэгийг бодож, хоёрыг тунгаасан байлгүй дээ.

1 comment:

Anonymous said...

өөрсдийгөө "юу ч хийхгүй байж болох байтал, ганц журам гаргасан байна шүү, мундаг аа" гэж хөөргөвөл - энэ нь харин жинхэнэ ухамсарын доройтол буй заа... Ккк энэ нэрэ инээдтэй комеди болох юм бнда. Хэзэ ийм бгада ичдэг болох вэ ццц