Monday, April 2, 2012

Fate destroyed

Миний нэг найз байх.

Бид анх 5-р ангидаа танилцсан юм. Хотын төвд Өвөө, Аав, 7-р ангийн эгчтэйгээ амьдардаг сайхан айл байсан боловч бид хоёрыг танилцсанаас хойш ердөө хэдхэн сарын дотор Өвөө, Аав хоёр нь бурхан болсон юм. Ийнхүү 2 балчир хүүхдийг хөдөөнөөс ирсэн хамаатнууд нь харж асрамжлах болов.

Бид хоёр үй зайгүй, цугтаа каратэгийн дугуйландаа явна, цугтаа гадуур "тэнэнэ", цугтаа Их дэлгүүр дээрээс ундааны шил авч архины үйлдвэрүүдэд "тушаана". Өдөртөө 1000 төгрөг олдог байж билээ. 7-р ангийн хүүхдүүдэд бол боломжийн л мөнгө байж. Тэгээд 250 төгрөгөөр нь Хужаагийн нуль гурил амтагдсан (гурил л байсан гэж залбирая) "шоколад" авч хувааж иднэ.

Шил ховордоод ирэхийн цагт бид 40 мянгатын айлуудаар явж шил асуудаг байж билээ. Одоо "шил авна, шил авна" гэж гадаа сонсогдоход нь инээд хүрдэг юм. Бид бараг л анхны шил-авнууд байсан байх даа.

Найз маань бие хаа, царай зүс сайтай, охидууд араас нь их гүйнэ, хотын төвийн цагаан хүү байлаа. Мань эр над шиг амьдралтай хүн хүний охин хүүхдийн амьдралыг авч явж чадахгүй шүү дээ гээд халгаадаггүй байж билээ.

Би бушуухан том болоод мундаг том компани байгуулж муу найзыгаа өөд нь татна даа гэж мөрөөддөгсөн.

10-р ангид ордог жил нөгөө хамаатнууд нь байрыг нь зарж, өөрсдөө хойшоо хашаа авч, манай хоёрт ойр зуурханы хувцас хунараас өөр юм авч өгсөнгүй.

Би ядуу оюутны замналаараа замнаж, найз маань сураг алдрав. Тэгэж тэгэж уулзахад мань эр бас ч гэж гайгүй ойр зуурханы ажил төрөл хийсэн шигээ байлаа. Дахиад жаахан тэсээрэй гэж би найздаа хэлж билээ.

Ингээд дахиад хэдэн жилийн дараа уулзахад найз маань их л гундуу, царай алдчихсан байв. Тэр маань надтай гар барьж чадахгүй халгана. Нүдэнд нь нулимс цийлэгнэж "хөгшин чинь хуруунуудгүй болчихсон ш дээ" гэлээ. Газан бортго бүлээсгэх гэж галд ойрхон барьж байгаад дэлбэлчихжээ. Хоёр гарынх нь хуруунуудаас юм үлдсэнгүй.

5-р ангийн дэгэж дэрвэж явсан жаал хүү, надтай цуг хүнд шилтэй үүргэвч үүрээд явж байсан тэр жаал хүүд ямар ч буруу байгаагүй ээ.

Хүнд ямар ч гэр бүл, ямар ч хувь заяа ногдсон байсан тэгш боломж олгогддог тийм л нийгмийг цогцлоон байгуулах нь бидний зорилго юм шиг.

1 comment:

Anonymous said...

Уйлмаар юмбэ