Бид бүгд хөгжих гэж яарч бас ядарч байна. Зам засагдана, шинэ онгоцны буудал баригдана, өндөр шилэн барилгууд босноо босно.
Гэхдээ энэ чинь хөгжил биш. Хонг Конгод эсвэл Лондонд очоод тэгш дардан зам, өндөр шилэн барилгуудыг хараад "Аяа Хөгжил дэвшил гэж энэ болой" хэмээн дуу алдсан бол бид их л гүехэн сэтгэсэн байх юм.
Тэрний цаана нь, ард нь, гүнд нь нуугдан буй зүйлсийг бид ухан ойлгосноор сая хөгжил гэж юу болох, түүнд хүрэхэд юу хэрэгтэй ухамсарлах болно.
2008 онд олон улсын эдийн засгийн хямрал ид нүргэлж эхлэх үеэр нэг асуудал миний толгойг байнга зовоох болсон. Би тухайн үед шийдвэр гаргагч олон хүмүүсээс асууж ч байв. Яг л энэ үед бид зөв хөгжил, буруу хөгжил хоёрын аль нэгийг нь сонгох салаа замын эхэн дээр зогсч буй мэт санагдаж байлаа. Одоо бол харин аль хэдийнэ буруу замаар яваад эхэлчихсэн. Тухайн үед нийтлэл бичсэн санагдана.
Бид 10 ширхэг өндөр шилэн байшинтай, тэр байшингуудын хооронд дардан сайхан замтай, баячууд нь орж үйлчлүүлдэг өндөр үнэтэй эмнэлэг, барууны зочин гийчин тухлах үнэтэй ресторан тэргүүтэн, ухамсар-боловсрол-ядуурлын хам шинж доройтолд орсон дундаж анги, олон улсад эцсийн бүтээгдэхүүнээр өрсөлдөх ганц ч секторгүй тийм л улсыг зүглэн эргэлт буцалтгүй алхаж байгаа.
Миний хүүг ХУРАНДААГИЙН хүүхэд зодчиход хариуцлага хүлээхгүй. Харин миний хүү ХУРАНДААГИЙН хүүг зодвол шоронд сууна. Бид ийм нийгэмд алхаад орчихожээ.
Зарим хүмүүс баячуудын хороолол үүслээ, баячуудын хүүхэд сурдаг сургууль байна гэх мэтчилэн бичсэн байна лээ. Үгүй ээ. Энэ бол буруу. Ингэж ярьж болохгүй. Бид огт хөдөлмөр хийдэггүйгээсээ болоод ядуурлын туйлд орсон цөөхөн ядуу бүлэг, маш сайн хөдөлмөрлөж бас магадгүй луйвардаж мөнгөтэй болсон цөөхөн хэсэг хүмүүсийг одоо ярихгүй. Ярьдаг цаг, үе нь байдаг. Би дундаж ангийг, хүн амын 90%-ийг бүрдүүлэх дундаж анги 5, 10, 50 жилийн дараа хаана байх вэ гэдгийг л харж байгаа. Тэрнээс биш баян хүмүүсийг үзэн ядаад байгаа ч юм шиг тэнэг зүйл ярьж болохгүй. Тэдэн дунд чинь бас чин шудрага хөдөлмөрөөрөө мөнгө олсон хүмүүс ч бий.
Хаана байж болзошгүйг нь хэлэхээр "хараар будлаа" гэх мэтчилэн хүртэл хэлсэн. Хар зүйлийг хараар нь л хэллээ. Хэн нэгэнд таалагдахын тулд хар зүйлийг Цагаанаар будаж хэлэх ёстой байсан юм уу эсвэл?
Өнөөдөр Эрсдэл гэхээр үер усны эрсдэл ярьдаг, өрсөлдөх чадвар гэхээр ямааны ноолуур ярьдаг ийм ухамсарын доройтолтой элитүүдтэй нийгэмд бид алхан оров. Өнөөдөр эдийн засгийн тэгш өсөлт гэхээр Төр гүйж очиж хувьцаа хуваарилж, хүмүүст ижилтгэн мөнгө тараадаг ийм нийгэмд бид 20 жил ухантаж ухантаж алхан оров. Социализмийн үед ядаж илүү хөдөлмөрлөсөн нь арай илүүг авдаг меритокраси систем бий болгох гэж үзэж байсан юм ш дээ.
Хонг Конгод очин, өндөр шилэн байшингуудын дээд давхаруудаар биш харин доод давхарын дэлгүүрүүдээр хэсч хэсч ирчихээд "намайг Хонг Конгод байхад..." гэж ярих эсвэл Америкт очин пицца зөөсөөр сургуулиа дүүргээд яг Америк мөн чанар, нийгмийн утга учрыг ойлголгүй ирчихээд Америкийг нэвт шувт мэддэг хүн шиг ярих тэргүүтэн нь үлгэрлэвээс бид ардчилалын мөн чанарыг огт ойлголгүйгээр 20 жилийн турш ардчилал хийсэнтэй, зах зээлийн эдийн засгийг бүрэн ухалгүйгээр 20 жил төрийн ч юм шиг, зах зээлийн ч юм шиг эдийн засгийг халтуурдсантай агаар нэгэн буй.
Миний бичлэгүүдээс гадаадад төгссөн хүмүүст аллергитай ч юм шиг уншигддаг гэнэ. Үгүй. Би тэр хүмүүс илүү их үүрэг хариуцлага хүлээх ёстой учраас гоморхож байгаа юм. Би тэр хүмүүст ухамсарын шанаа өгч байгаа юм. Илүү ихийг хийгээсэй билээ дээ. Илүү хариуцлагатай байгаасай даа.
Чөлөөт зах зээлт ардчилсан дэглэмт нийгмийн агаар ус нь хүн өөрийн хувь заяаны эзэн байж, улс орны хөгжлийг нуруун дээрээ авч явахад оршино. Хүн өөрийнхөө хувь заяаны эзэн байж чадах нөхцөл бүрдэхгүй байхаар зарим хүмүүс хувьсгал хийнэ гээд явж ч байх шиг, орц болгон бөөтэй болж ч байх шиг. Эр хүн ядрахаараа яадаг гэдэг билээ дээ.
Төр бол загалмайлсан эцэг биш. Төр анх бий болоод дараа нь хүн бий болоогүй билээ. Төр бий болоод дараа нь нийгэм бий болоогүй билээ.
Ардчилсан дэглэмт, чөлөөт зах зээлт нийгмийн үндэс нь хүн өөрийнхөө хувь заяаны эзэн байх нөхцөл бүхий цогц дэд бүтэц байх явдал мөн. Энэхүү цогц дэд бүтцийн нэгэн чухал салбар дэд бүтэц нь төр болно. Төр гэхдээ өөр үндсэн 3 дэд бүтцийн нэг нь л болохоос биш толгойд нь байдаг дэд бүтэц бишээ. Тэр нөгөө ижил төвшний хоёр дэд бүтэц нь нийгмийн сайн дурын байгууллага, бизнесийн байгууллага нар болно.
Өнгөрсөн 20 жилд дээрх 2 огт хөгжсөнгүй. Огт алга байна. Бизнесийн нэртэй байгууллагууд бий болов ч эдгээр нь ердөө мөнгө хүүлэгч болхи хэлбэрийн ломбардууд төдий.
Баялагийн тэгш хуваарилалт гэж ярьж байна. Тийм юм байхгүй. Баялагийг шудрага хуваарилдаг зах зээл л гэж байдаг болохоос биш хэн нэгэн этгээд хуваарилах гээд байгаа юм шиг Монгол хэлний үгийн санд бүүр сууж эхэллээ. Энэ бол тоо томшгүй мушгисан, гуйвуулсан ойлголтуудын нэг. Энэ бол ухамсарын доройтлын шинж чанар.
Бид эрсдэл гэхээр жишээлбэл Эрсдэлийг удирддаг нийгмийн дэд бүтцийг яаж хөгжүүлэх тухай ярих ёстой. Бид өрсөлдөх чадвар гэхээр өрсөлдөх чадварыг байнга дээшлүүлж байдаг дэд бүтцийг хэрхэн бий болгох тухай ярьж байх ёстой юм биш үү? Яагаад бид нар ямааны ноолуур яриад сууж байгаа юм бэ дээ.
Бид өнөөдөр баялагийг зөв, шудрага хуваарилдаг зах зээлийн дэд бүтцийг бий болгох тухай ярих ёстой болохоос биш Багш нарын цалинг нэмнэ, Махны үнийг бууруулна, Таван толгойн хувьцааг тараана - ингэж ярьж болохгүй ш дээ. Арай ч дээ. Тэгвэл болиод буцаад социалист орон болчихоё л доо.
Махын үнийг хэн нэгэн манипуляци хийж өсгөх хийгээд, хэн нэгэн буулгасан дүр үзүүлж баатар болж ард түмний өмнө тоглолт хийгээд байгаа юм уу эсвэл.
Өнөөдөр махны үнэ шудрага, зөв, үр ашигтай тогтох тийм механизм - дэд бүтцийг хэрхэн бий болгох тухай яръя л даа.
Тэр тухай purplebook.mn дээр ярилцацгаая. Бид одоо цэцэрхэж ханалаа. Хэрэв бид иргэн мөн ухаантай, Монгол хүний цустай нь үнэн л юм бол энэ асуудлуудаас нэгийг нь тэр мундаг facebook, google-ээ ашиглаад интернетээс судлаад бичмээр байна.
Чи өнөөдөр Монгол хүн болсоныхоо хувьд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэггүй юм бол би амьтан болсоны чинь хувьд үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ (эрүүл, аюулгүй, шудрага орчинд амьдруулах) биелүүлэхийг шаардаж байна.
Хувьсгалын төлөө биш, эх орныхоо төлөө биш, өөрийнхөө төлөө биш, хань ижлийнхээ төлөө биш харин үр хүүхдийнхээ төлөө интернэт ух, бич, - facebookд, twitterд,хэрэгтэй бол жагс.
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг яаралтай баталцгаая, хувийн тэтгэвэрийн тогтолцоог яаралтай нэвтрүүлье, боловсролын системд жил бүр хэдэн тэрбумаар нь хөрөнгө оруулалт хийцгээе, монгол малын махны гарцыг сайжруулъя, утааг арилгая, 5-р цахилгаан станцыг баръя - ийм асуудлуудыг бариад өлсгөлөн зарлаж болно, тэмцэл хийж болно.
No comments:
Post a Comment