Thursday, April 12, 2012

Бизнесийн зорилго

Олон улсын хөрөнгө оруулалтын сангийн менежерийн өнцгөөс асуудлыг харахад сонин байх юм.

Сангийн хөрөнгийг үр ашигтай байршуулах, үндсэн дүнг алдчихалгүй байхын зэрэгцээ олох ашгийг максимум төвшинд аваачих нь ихээхэн төвөгтэй. Бас хийж байгаа ажлаасаа кайф авч орондоо тайван амардаг байх хэрэгтэй болно.

"Финляндад би жилийн ердөө 5 хувийн ашиг олдог, харин Монголд 20 орчим хувийг олох боломжтой. Гэхдээ би Финляндад эргэж очин дахин дахин хөрөнгө оруулалт хийсээр л байдаг, харин Монголд дахиж хөрөнгө оруулалт хиймээргүй санагддаг." гэж нэг танил маань хэлэв.

Ирээдүй их тодорхойгүй болоод ирэхээр л иймэрхүү мэдрэмж төрж байгаа юм. Хэдэн хувийн татварыг хэзээ яаж төлөх гээд байгаа нь ойлгомжгүй. Гэнэт нэг хууль гаргаад хөрөнгийг чинь булаагаад авч мэднэ. Ажлаа хийж чадахгүй байгаа ажилтныг халахад шүүхээс шийдвэр гаргаад өмнөх албан тушаалд нь эргүүлж авах лүндэн буулгана гэх мэт энэ улс Социалист юм уу, Ардчилсан юм уу - яах гээд байгаа нь ойлгомжгүй олон зүйлс бий.

10 аад жилийн өмнө Монгол улсад олборлогдож буй алтны үлэмж хэсгийн борлуулалт манай дилерийн ширээгээр (trading desk) дамждаг байв. Бид нар нийтдээ 100 гаруй алт олборлогч аж ахуйн нэгжүүдтэй харилцдаг, тэд маань дор бүрнээ хэдэн арваас, хэдэн зуун хүн ажиллуулдаг байсан. Компани бүр улсад олон тэрбум төгрөгний татвар төлдөг байлаа.

Гэтэл гэнэт Монголын бизнесийн ертөнцөд үргэлж тохиолддогчлон гахай модон дотроос, гай Монголын төрөөс - 68 хувийн татвар гээч юм гараад ирэвээ.

Уг түүхийг нь сонирхож үзвэл их гэгээлэг. Анхандаа бол манай 51 хувийн эзэмшилтэй Эрдэнэт үйлдвэр зэсийн үнийн өсөлтөөс ихээхэн ашиг олж эхэлсэн тул - Монгол өөртөө байгаа хөзрийг ашиглан үнийн өсөлтийн татвар гээч юмыг бий болгож авах содон арга сэдсэн. Харин хэлэлцүүлэг дээр гэнэт "Алтнаас бас авъя" гээд ороод ирж.

Харамсалтай нь үр дүнд нь дотоодын алтны сектор нэг л шөнийн дотор "будаа" болсон юм даа.

Ер нь бол улс орон, компани, айл өрх, гадаадын хөрөнгө оруулагч бүх л хүмүүст нэг л зүйл сонин байдаг. Энэ бол "тоглоомын дүрэм" тодорхой байх явдал юм.

Төр нь орж ирчихсэн компаниудад хэнийг ажилд авах, хэнийг халж болохгүй заагаад явж л байдаг.

Санхүүгийн секторт ажиллаж байгаа байгууллагууд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээл дээр нэвтрүүлэх бүртээ тусгай зөвшөөрөл авна. Тусгай зөвшөөрөл дотор тусгай зөвшөөрөл. Юу хийж болохгүйг нь л заах ёстой болохоос биш төр ингэж далдаганаж айл гэрийн унтлаганы өрөөний асуудлыг заагаад явж байж болохгүй.

Төр бол зохицуулах үүрэгтэй юм байна, оролцохгүй юм байна аа гэдгийг бид ойлгохгүй бол хоцрох нь. Тэр Монгол хэлний толь бичгээс зохицуулах гэж юу вэ гэдгийг нь тодруулж үзэх нь зөв байх.

Зарим хууль тогтоомжыг уншиж үзэхэд - хэнээс юуг хамгаалах гээд байгаа нь хүртэл ойлгомжгүй болж. Бүүр жишээ нь эзнээс нь хөрөнгийг нь хамгаалчихсан явж байх юм даа.

1 comment:

Google+ said...

"Би Атла Зээлийн Хөтөлбөр, Рон Холдинг компаниудтай хоёр тусдаа зээл дээр ажиллаж байсан. Тэд гайхалтай зүйл биш юм! Тус баг нь маш мэргэжлийн бөгөөд нэмэлт хөрөнгө нь манай бизнесийг өргөжүүлэхэд тусалсан. Өндөр зөвлөж байна. "
холбоо барих Atlasloanfirm@outlook.com/ Whatsap / Hangout / +1 (443) 345 9339