Do not talk it mean it!
Амны салиа нь арилаагүй бацаанаас чиний амьдралын зорилго юу вэ гэж асуувал улс орноо хөгжүүлэх, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах гэж хэлнэ.
Зарим залуучууд "Хүнд таалагдах 9 арга", "Лидер хүний 5 шинж" гэх мэтийн угаагдсан тархийг улам булингартуулах зорилгоор (or just a monetary purpose) бичигдсэн номнуудаас хазгай муруй цээжилсэн юмаа ярьж - энд тэндэхийн холбоо, эвсэл, залуу үүр, идэр халаа мэтийн байгууллагаар хэрхэн манипуляци хийхийг сурч хүмүүжсээр - 30 хан настай боловч тогоо шиг том гэдсэн дээрээ зангиагаа далбайлгаж нүүр шигээ том зангидаад телевизээр гарч эхэлнэ дээ. Шудрага ёс, ардчилал, хүний эрх, эрх чөлөө гээд. Хамгийн аймаар нь өөрийнхөө ярьж байгаа зүйлсийг ойлгохгүй юм. Тэр улс орноо хөгжүүлэх гэж байгаа 10 настай хүүхэд, нөгөө 35 -тай нөхөр хоёрын хооронд ямар ялгаа байна.
Харин Америк бацаанаас ижил асуулт асуувал тэгэж хариулахгүй л болов уу.
Үүнийг уншсан ихэнх хүмүүс цочиж сандал дээрээ өндөлзөхийг би мэдэж байна. Маш эвгүй сонсогдож байгаа. Гэхдээ бодит үнэн ийм юм. Монголчууд бид худлаа номчирхдог, худлаа лоозогнодог энэ байдал нь бүүр бидний өсвөр үед хүртэл шингээд байгааг бид анзаараагүй л байгаа. Телевиз асаамагц л хэн нэгэн нь Монгол хүн шиг ухаантай хүн байхгүй болохыг мэдэрлээ гэж ирээд л ярина. Монгол хэл шиг уран төгс, яруу хэл байхгүй. Монгол шиг гоё байгалтай газар байхгүй. Нүүдэлчин соёл шиг шилдэг соёл байхгүй.
Манайхан буруу ярьж зөв ойлгодог гэдэг. Ойлгодог байсан бололтой юм. Буруу ярьдгаа бол хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ. Зөв харин ойлгохоо болисон биз.
Бахархал гэж юу юм бэ. Бид харин бахархалыг буруу ойлгоод ондоо зүйлтэй хольж солиод байгаа юм бишүү. Бахархал гэж одоо цагт хийж бүтээж, ирээдүйд цогцлох тэр зүйл болохоос биш Монгол хүн шиг оюуны чадамжтай хүн дэлхийд байхгүй мэтээр телевизээр ярьж байгаа тэр цэвэрхэн хувцасласан бүсгүй, "би Чингисийн үр сад байна" гэж хашгиран орцонд согтуу хэвтэж байгаа залуу хоёрын хооронд ямар ялгаа байгаа юм?
Төрөхөд байсан, уламжлагдаж ирсэн, бусдын хийсэн зүйлээр ингэж хэтрүүлж бахархаад байх хэрэг ер нь байна уу. Тэгэж ярьвал баян хүчтэй оронд төрснөөрөө Америк хүн Монгол хүнээс илүү бахархах ёстой болж байна уу. Түүх бол түүх. Бид түүхийг хүндэтгэдэг, сургамж авдаг. Бид түүхээрээ гайхуулахгүй, ичихгүй. Бид түүхээ улиглаж хэрэггүй шүү дээ.
Орчин үеийн ухамсартай хүн зөвхөн ирээдүйгээ харж, өнөөдөр түүний төлөө юу хийж байгаагаа л ярьдаг. Унаган онгон байгал гээд яриад байж байтал нь тэр нь аль хэдийнээ уул уурхайд дуусаад, усгүй болоод, элсэн цөл болон хувираад байдаг. Чухамдаа бол ирээдүйд цэцэг алагласан нугатай, загас жараахай нь бужигнасан устай нутгийг хэрхэн цогцлоохын тулд өнөөдөр юу хийж, юу зорьж байгаагаа ярих ёстой бус уу.
Захын дурак гарч ирээд улс орноо хөгжүүлэх гээд, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гээд яриад байхаар чинь жоохон утгаа алдаад байгаа юм бишүү. Нүдээ нээгээд бодит байдлыг харах нь зүйтэй юм болов уу.
"Монгол хэл бол уран яруу, гайхамшигтай хэл ш дээ" гэж хүнтэй хэрэлдэхээсээ өмнө ядаж англи хэлийг Тоефлийн 600 онооны төвшинд сурчих ёстой юм биш үү. Хэрэв монгол хэлнээс өөр хэл мэдэхгүй бол, нэгэнт түүний уран яруу эсэхийг бусад хэлтэй харьцуулах чадваргүй юм бол дуугүй сууж байсан нь дээргүй юу.
Хорвоо дэлхий Богд уулын хаяа, өөрийнх нь уншсан хөгийн орчуулгын ном, секонд хэнд лексусных нь кабинаас хэтрэхгүй, монголчууд бол дэлхийн хамгийн ухаантай ард түмэн гэж боддог "хуучин хүү" л Монголын хөгжлийн гацаа.
Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр тул урд хормойгоо хойд хормойгоороо нөхөөд баян болохын тулд өр авалгүй амьдрах хөгийн философио таягдан хаях цаг болжээ.
Маргаашийн өөхийг бүтээхийн төлөө, өнөөдөр хөгийн уушгинд хууртаж "за" гэхгүйн төлөө, нэг хормойгоо нөгөөгөөр нь нөхөх биш харин хуучирсан муу дээлээ солихын төлөө, ирээдүйдээ итгэлтэй алхдаг хүний хувьд өр тавьж өнөөдрийн асуудлуудаа шийдэж, ирээдүйгээ улам гэрэлтэй болгохын төлөө Монгол хүн сэрэх ёстой. Асуудлыг бодитойгоор харах ёстой. Өөрөөсөө эхлэх ёстой. Бусдыг сонсож сурах ёстой. Нүүдэлчин сэтгэлгээнээсээ салах ёстой.
No comments:
Post a Comment