Хүн ер нь хийж байгаа зүйлээ бичээд байх сонирхолгүй байдаг юм шиг байна. Хүмүүс надаар миний санхүү, даатгалын үйл ажиллагааны талаар бичүүлэх сонирхолтой байдаг. Гэвч надад тэр сонирхол нь ховор юм даа. Үнэхээр сурах, мэдэх хүсэлтэй байгаа бол над дээр ирээд надтай хамтарч ажиллах бүх хаалга нээлттэй билээ. Юу ч гэсэн би харилцагч нартаа явуулсан мемог хэсэгчлэн тавихаар шийдлээ.
Эрхэм харилцагчидаа,
Даатгалын компани бол хамтын эрсдлийн сан билээ. Энэхүү сангийн хувь нийлүүлэгчид нь даатгуулагчид та бүгд юм. Харин бид даатгуулагч нарын мөнгөн хөрөнгийг зохистой удирдах, нөхөн төлбөр олгох, илүүдэл мөнгөн хөрөнгийг үр ашигтай байршуулахад анхаарлаа хандуулдаг.
Хамгийн чухал нь биднийг хүрээлэн буй олон янзын эрсдлүүдийг бууруулахад анхаарч ажиллах нь даатгалын байгууллагын түгээмэл зорилго мөн. Орчны эрсдэл өссөнөөр бизнест, хувь хүнд учирч болзошгүй аюул нэмэгддэг. Энэхүү эрсдэл нь хохирол болж ирэхэд даатгалын компанийн нөхөн төлбөрийн зардал нэмэгддэг. Магадгүй цөөн тооны ашгийн байгууллагууд, тэр дундаа даатгалын компаниудад л замын гэрлэн дохио ажиллаж байгаа эсэх, цас орсны дараа түүнийг цэвэрлэж байгаа эсэх, хотын удирдлага төлөвлөлтөө буруу хийснээс болж амьсгалах агаар бохирдож байгаа эсэх, малчин малаа харж хандаагүйгээс болж тэр нь зам дээгүүр бэлчин жолооч нарын амь насанд аюул дуудаж буй эсэх нь хамаатай, сонирхолтой байдаг биз. Эдгээр бүгдээс хариуцлагатай, аюулгүй нийгмийн тухай асуудал нэвт шувт ханхална. Яагаад гэвэл дэлхийн анхны даатгалын компанийг хариуцлагатай иргэд, даатгуулагч та бүгд байгуулсан билээ. Даатгалын компани амьдрах орчинд буй эрсдлийг бууруулах, тархаах зорилготой л байгуулагдсан юм. Харин орчин үед ихэнх даатгалын байгууллага энэхүү оригинал зорилгоосоо хэт хазайгаад явчихсан юм шиг байна.
Бид харин өрсөлдөгч нөхөддөө зөв үлгэр дуурайл үзүүлж, даатгалын бизнесийг зохистой хийх замаар хариуцлагатай, аюулгүй, тайван нийгмийг цогцлооход жинтэй хувь нэмэр оруулахаар зэхэж байна.
Би маш олон жишээ хэлж чадах боловч хамгийн энгийн нэг жишээг татъя. Жил бүр манай олон харилцагч хот хоорондын зам дээр мал мөргөж өөрийн эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирдог. Түүгээр ч зогсохгүй малчин эзэнд малыг нь төлж барагдуулах хариуцлагад унадаг.
Хэрэв гарцгүй газраар хүүхэд, том хүн ялгаагүй гарч яваад машинд мөргүүлвэл мөргүүлсэн хүн буруутдаг. Хэрэв машины эзэн хагарсан гэрэл, толио нэхэмжлэх юм бол мөргүүлсэн хүн төлбөр төлөх хариуцлагад унаж ч болно. Хэн нэгэн этгээддийн нохой хүн ноцсон тохиолдолд нохойны эзэн буруутдаг. Хүүхдээ хараа хяналтгүй орхисноос хүүхэд нь машин зам дээр мөргүүлсэн тохиолдолд эцэг эх нь буруутдаг эрх зүйн практик байдаг.
Тэгээд яахлаараа хүний өмч явах ёсгүй газраараа зугаалж яваад хүнд хохирол учруулсан тохиолдолд өөрийн өмчөө харж хандаагүй эзэн буруутах нь байтугай нөхөн төлөөс авах ёстой болдог юм бэ. Хот хооронд аялж яваа манай мянга мянган даатгуулагч нар яагаад байнга түгшүүртэй явах ёстой юм бэ.
Энэ мэтчилэн маш олон шийдвэрлэх асуудал, хийх ёстой ажил байна. Энэ бүгдийг бид өнгөрсөн хугацаанд бага багаар хийж ирлээ. Нийгэм, ажиллаж амьдарч буй орчин, бизнесийн эрсдлийг бууруулахад та бид бүгдийн хамтын оролцоо, идвэх санаачлага чухал.
Гүйцэтгэх захирлын хувьд би өөрийн байгууллагыг мэргэжлийн өндөр чадвар, ёс суртахууны чиг баримжаатай байлгахад онцгой анхаарч ажиллаж байна. Ингэснээр бидэнд өндөр итгэл хүлээлгэсэн даатгуулагч та бүгдийн эрсдэл найдвартай гарт байх боломж бүрдэх билээ.
Эрсдлийн удирдлага
Бид даатгалыг уламжлалт, баригдмал, зөвхөн хураамжийн орлого олоход чиглэгдсэн байдлаар биш харин эрсдлийн удирдлагын цогц ойлголтын хүрээнд томъёолж эхэлсэн. Бид харилцагч нараа анхаарч сонсон, тэдний бизнест өдөр тутам тохиолддог эрсдлүүдийг хэрхэн удирдах, хэрхэн бууруулах вэ гэдэг дээр санаа оноогоо уралдуулж эхэлсэн юм. Бид харилцагч нарынхаа эрсдлийг тодорхойлдог, хэмждэг, бууруулах аргачлалыг боловсруулдаг төвшинд хүртэл хөгжихөөр зорьж байна.
2010 онд зохион байгуулагдсан Эрсдлийн форумд 200 гаруй гадаад дотоодын зочид төлөөлөгч нар оролцлоо. Ирэх жилүүдэд зохиогдох форумуудад та бид хамтдаа бизнес, хувь хүн, айл гэрт тохиолддог бүхий л эрсдлүүдийг хэрхэн бууруулах талаар хэлэлцэн зөвлөлдөх болно. Бид валютын ханшийн эрсдэл, бизнест өдөр тутам тохиолддог эрсдлүүдээс авахуулаад байгал цаг уурын эрсдэл хүртлэх өргөн хүрээнд асуудлыг авч үзнэ. Үүнд та бүгдийн дуу хоолой, үнэтэй санаачлага чухал билээ.
Та бидний өмнө маш том сорилт байна. Бид хамтдаа эрсдлийн удирдлагыг амжилттай хийж чадсанаар илүү тогтвортой бизнесийн орчин, илүү тайван амьдрах орчин, илүү аятайхан, илүү таатай улс орон, нийгмийг цогцлоон босгож чадна. Бид үүнийг хамтдаа бүтээн байгуулж чадна.
Ө.Ганзориг
No comments:
Post a Comment