Деривативийг бичихийн өмнө оршил болгож санхүүгийн зарим нэр томъёог тодорхой болгоё.
Санхүү бол тийм нарийн төвөгтэй, ойлгох боломжгүй зүйл биш л дээ. Гэтэл ихэнх хүмүүсийн хувьд ихээхэн төвөгтэй санагддаг. Үүний учир нь: нэг ойлголтыг олон янзаар тайлбарладагт оршино.
Жишээ нь:
"Хадгаламж" бол Банкны өнцгөөс харахад "санхүүгийн бүтээгдэхүүн" юм. Банк санхүүгийн бүтээгдэхүүн гаргаж, түүнийгээ маркетинг хийх замаар "борлуулдаг".
Гэтэл хадгаламж эзэмшигчийн өнцгөөс бол энэ нь "хөрөнгө оруулалтын хэрэгсэл" гэж харагдаж байна.
Хадгаламжийн дэвтэр бол худалдагч ба худалдан авагч хоёрын хоорондох хадгаламжийн хэлцэл болно.
Эдийн засагчийн нүдээр харвал банкны хадгаламж нь банкны "санхүүжилтийн хэрэгсэл" болой. Ажил гүйлгээний үүднээс харж үзвэл ердөө л Банк хадгаламж эзэмшигчээс зээл авч буй хэрэг юм. Худалдагч худалдан авагч биш харин зээлдэгч зээлдүүлэгч болон хувирч байгааг харж болно.
Аль ч байдлаар тодорхойлох нь буруу биш. Гагцхүү хэн ярьж байгааг л анхаарах нь чухал байна шүү дээ.
Хөрөнгийн зах дээр "арилжаалагддаг" үндсэн хоёр санхүүгийн хэрэгсэл нь: хувьцаа, бонд билээ.
Хувьцаа нь хувьцааг эзэмшигч нь хувьцаа гаргагч компани (зөвхөн компани хувьцаа гаргадаг) -д хувь эзэмшихийг (эзэн болохыг) гэрчилдэг.
Харин бонд нь бонд гаргагч бонд эзэмшигчээс зээл авсан болохыг гэрчилдэг.
Бонд эсвэл хувьцаа эзэмшигчийн өнцгөөс үзвэл эдгээр нь хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм.
Харин эсрэгээр, хувьцаа эсвэл бонд гаргагчийн үүднээс эдгээр нь санхүүжилтийн хэрэгсэл болой.
"Арилжаа" гэж санхүүгийн хэрэгслийг хоёр тал хоорондоо арилжих процессийг ерөнхийд нь хэлэх бол "хэлцэл" гэж арилжааны үр дүнд гарч ирж буй эрх зүйн баримтыг хэлэх юм. Хэлцэл өөртөө зөвхөн баримтыг агуулаад зогсохгүй талууд хэлцэлийн элементүүдийг харилцан тохиролцож буй процессийг агуулах юм. Хэлцэл хийх гэдэг тухайн нэг арилжааны хувьд яригдах бол арилжаа хийх гэдэг нь өөртөө олон хэлцэлийг агуулж болох нь байна.
No comments:
Post a Comment