Friday, October 1, 2010

Засаглал

Корпорацийн засаглал гээд хэн ч ойлгодоггүй зүйлийг хүн бүр ярьдаг. Заримдаа ярьж байгаа хүмүүс нь өөрсдөө юу ярьж байгаагаа ч ойлгодоггүй юм шиг...

Нэгэнт ойрд бичээгүй тул саяхан Танхим дээр тавьсан илтгэлээсээ товчилж бичье гэж бодлоо.

ТӨР ЗАХ ЗЭЭЛИЙН ХАРИЛЦАА (оригинал гарчиг)

Ардчилал бол нийгмийн хамгийн шудрага байгуулалт юм.

Ардчилал хэрэгжих механизм нь харин чөлөөт зах зээлт эдийн засгийн байгуулалт болно.

Чөлөөт зах зээлийн хөрс зөв бүрдээгүй цагт ардчилал цэцэглэхгүй.

Харин хүний нийгмийн хөгжлийн үндэс нь инноваци билээ. Гэтэл инноваци хамгийн өндөр төвшин зөвхөн чөлөөт зах зээлт эдийн засагтай ардчилсан нийгэмд оршдог.

Зорилго бол харьцангуй хүрэх зүйлийг илэрхийлсэн ойлголт. Гэтэл оршин байхуйг тайлбарласан ойлголтыг гаргаж ирэх нь зайлшгүй. Энэ бол Эрхэмсэг оршихуй (vision) билээ.

Хамгийн анхны корпорацийн эрхэмсэг оршихуй мөнгө олоход байсангүй. Бүтээл бүтээхэд оршин байсан юм.

Тэгвэл төрийн эрхэмсэг оршихуй юу вэ? Шудрага нийгэм, аюулгүй нийгэм, чөлөөт нийгмээс гадна Инноваци хамгийн дээд төвшинд хүртэл хийгддэг нийгмийг сахих нь төрийн ЭО юм.

Корпорацийн эздийн хурал бол Хувь нийлүүлэгчдийн хурал. Харин улсын эздийн хурал бол Сонгууль.

Эдгээр хурлуудаас удирдлагыг хэрэгжүүлэх төлөөлөл буюу ТУЗ - УИХ -г сонгодог. Тавигдах шалгуур нь хувь нийлүүлэгч-иргэн - ий эрх ашиг, шудрага ёс, ёс суртахуун, ардчилсан зарчим, чөлөөт зах зээл, мэргэжлийн боловсрол зэрэг болно.

ТУЗ-УИХ нь компани-улсын төлөвлөгөө, төсөв, стратегийн бодлогуудыг батлаж Гүйцэтгэх захирлыг-Ерөнхий сайдыг томилдог.

Гүйцэтгэх захирал- Ерөнхий сайд бол компани-улсыг өдөр тутмын удирлагаар хангаж батлагдсан төсвийн хүрээнд төлөвлөгөөнд хүрэх үүрэгтэй этгээд юм.

Гүйцэтгэх захиралд олгогддог ultimatum эрх мэдэл бол Хүний нөөцийг бүхэлд нь шийдвэрлэх асуудал юм. ТУЗ зөвхөн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулдаг бол Гүйцэтгэх захирал компанийн бусад бүх ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг.

Зорилгод хүрэх арга замыг гаргаж ирдэг хүн бол Гүйцэтгэх захирал юм. Тэр замаар хэнтэй явах нь тохиромжтой вэ гэдгийг мань хүн өөрөө шийдэх л асуудал. Арга замыг тайлбарлаж өгөөд байхад ойлгоогүй, тухайн замаар явах ачааллыг дийлэхгүй этгээдүүдийг халахаас өөр замгүй.

Төр бол муу менежер. Төр хэзээ ч сайн менежер байж чадахгүй. Яагаад гэвэл төр эсвэл хэн нэгэн этгээд дангаараа инноваци хийж чадахгүй.

Аливаа амьд биес байгалийн шалгарлыг тавьж генийн хувьд боловсронгуй болсоор байдаг. Ингэхийн тулд маш олон хувилбараар хөгжиж үздэг. Хөгжиж олон салаа болсон хувилбараас зөвхөн амьдрах чадвартай нь цаашид үлдэж хөгждөг. Хүний нийгмийн харилцаанд үүнтэй яг ижил ганцхан харилцаа байдаг нь зах зээлт эдийн засгийн харилцаа юм. Саяны олон улсын эдийн засгийн хямрал үүний жишээ. Хямрал гарцаагүй байсан байна. Хямрал болсон учраас бид цаашид хөгжив.

Олон ургальч үзэл бүхий зах зээл л төрөл бүрийн инноваци хийж, тэдгээрээс шалгарлыг давсан нь үлдэнэ. Нэг этгээд олон ургальч байх тийм зүй тогтол философийн хувьд байхгүй. Тэгэхээр төр бол зах зээлийн хувьд зөвхөн сайн зохицуулагч байх үүрэгтэй. Зах зээлээс аль болох цөөхөн алхамаар хоцорч явахыг тэд хичээх болохоос биш зах зээлийг түрүүлж явах тийм зүй тогтол байх боломжгүй.

Манай орны төрийн байгуулалтын хувьд олон дутагдал бий. Гэвч эдгээр нь ердөө шинж чанар төдий юм. Бодит асуудал юунд оршиж байгаа вэ гэхээр - энэ нь засаглалын асуудал билээ.

Хэрэв томилогдсон гүйцэтгэх захирал ажлаа хийж чадахгүй байгаа өөрийн харъяа этгээдүүдийг халж, өөрчилж чадахгүй бол юу болох вэ? Үүнтэй адилаар өөрийн чадвараар (merit based) биш аль нэг аймаг, нам, мафийн харъяалал бүхий этгээдүүд төрд дүүрсэн бөгөөд Ерөнхий сайд нь тэдгээрийг халж, өөрчилж чаддаггүй бол төрийн ажил хэрхэн урагшлах вэ?

Хувийн буюу бүлэглэлийн эрх ашгийг хамгаалах зорилгоор улсаас цалин авч ажиллах ямар ёс зүй байна вэ.

Жич: Улсын төлөө улсаас цалин авчихаад улсын төлөө юу ч хийдэггүй улсаас олгосон эрх мэдлийг хувийн ашиг сонирхлын төлөө хэрэглэдэг этгээдүүд дүүрчээ.

No comments: