Анхны Эрсдлийн Удирдлагын Форумын үзэл баримтлал
2007-2010 онуудын олон улсын санхүү эдийн засгийн хямралаас бид олон тооны сургамж авлаа. Эдгээрээс онцлох нэг асуудал нь эрсдлийн удирдлагын асуудал байсан билээ. Эрсдлийн удирдлагыг сайн ойлгодоггүй ТУЗ, эрсдлийн удирдлагыг сайтар хэрэгжүүлдэггүй гүйцэтгэх удирдлагаас болж урьд хожид хэзээ ч учирч байгаагүй санхүүгийн хохирол учирсан билээ.
Эрсдлийн удирдлага хувь хүн, айл өрх, бизнес ба байгууллага, улс үндэстэний хэмжээнээс давж олон улсын зах зээлийн төвшинд яригдах болжээ. Хэрхэн хүн төрлөхтөн, бизнес эрхлэгч, улс гүрэнд эрсдэлгүй, аюулгүй орчинг хамтдаа бий болгох вэ гэсэн асуудлыг анхаарч үзэж байна. Хүн бүр, институт бүр өөрсдийн хариуцлага, хийх ёстой ажлаа ухамсарлах ёстой болж байна.
Хүн төрлөхтөн анхны агуйн нийгмийг байгуулж амьдарч эхэлсэн суурь шаардлагуудын нэг нь хамтын хүчээр аюулыг сөрөхөд байсан буйзаа. Эхэндээ хүний бус хүчин зүйлсээс хамааралтай эрсдэлээс хамгаалах нь туйлын зорилт байсан бол яваандаа нийгмийн хөгжил улам гүнзгийрч түүний харилцаа холбоо төвөгтэй болохын хэрээр хүний буруутай, болгоомжгүй үйлдлээс шалтгаалсан эрсдлүүдийг авч үзэх хэрэгттэй болсон юм.
Эрсдлийн удирдлагын орчин үеийн технологиудыг нэвтрүүлэх, эрсдлийн тохиолдлын мэдээллийн баазыг бий болгох, актуар тооцооллыг өргөнөөр ашиглах, эрсдлийг байнга үнэлж бууруулах арга хэмжээ авах, даатгалын бизнесийн хөгжүүлэх, даатгалын зөв зохистой хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг олон асуудлууд бидний өмнө тулгамдаж ирлээ.
Монголын компаниуд нэгдэж анхны эрсдлийн форумыг хийснээр дээр дурьдсан олон талт асуудлуудаар олон улсын төвшний мэргэжилтнүүдтэй санал хуваалцах, өөр хоорондоо мэдээлэл солилцох, нэгдсэн ойлголтыг бий болгох зэрэг ач холбогдолтой.
Эрсдэлгүй нийгэм, эрсдэлгүй бизнесийн орчинг бий болгохын төлөө Төрийн, Ашгийн бус мэргэжлийн болон бизнесийн байгууллагууд бүгдээрээ хамтын хүчин чармайлт гаргах түүхэн шаардлага бидний өмнө тулгарч ирлээ.
No comments:
Post a Comment