Monday, March 1, 2010

Хурлуудын эргэн тойронд ба генералистууд

Янзын янзын хурал цуглаан энд тэнд болж л байдаг.

Тэрэн дундаас Discover Mongolia төрийн бус байгууллага зохион байгуулдаг гэхэд овоо дөнгүүр нь юм болов уу. Нэлээн дээр үеэс ч эхэлсэн байх шүү. Жил бүр тогтмол ч явсан байх.

Бид (ACI MONGOLIA + Reuters) 2006 онд анх "Олон улсын хөрөнгийн захын бага хурал" гээч юм зохион байгуулж байлаа. Энэ хурлаар анх Хонг Конгийн хөрөнгийн бирж, Стандарт Чартеред банк, Софт банк болон хэд хэдэн хөрөнгө оруулалтын чиглэлийн байгууллагуудын төлөөллийг Монголд урьсан юм. Оролцсон 250 орчим хүнд олон улсын зах дээр яаж хувьцаа, бонд гаргах вэ, санхүүжилтийн стратегиа хэрхэн зөв боловсруулах вэ гэх мэт нарийвчилсан зүйлсээр илтгэл тавьсан билээ. Нэгэнт бид ашгийн бус учир цаашид тогтмолжуулж чадаагүй юм. Харин үүнээс хойшид жил бүр "UBIBOR" буюу Улаанбаатарын банк хоорондын захын хүүгийн контестийг дилерүүдийн дунд явуулж заншсан юм. Энэ уламжлалт арга хэмжээнд маань 30-40 орчим дилерүүд оролцож оны шилдгүүдээ тодруулж нэг оройг үддэг сайхан уламжлалтай билээ. Одоо ч бол хүн бүр л Хонг Конг, Лондон, Торонтод бонд хувьцаа гаргах тухай ярьдаг болж дээ. Анх 2006 онд бол цоо шинэ л сэдэв байлаа.

Саяны MEF буюу Монголын эдийн засгийн форумд боломжоороо оролцов. Нэг хэлэлцүүлэгт нь панелистаар суув. Үндсэндээ 6 дэд сэдвийн хүрээнд эргэлдэж 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн билээ. Үүний дотор миний анхаарал татаж байсан нь Хөрөнгийн зах ба Өрсөлдөх чадвар нар юм.

Энэ форум бол үнэхээр гайхамшигтай (Хэн зохион байгуулсан хэн орсон ямар үр дүн гарсан нь огт хамаагүй шүү)гээд би хэлчихмээр байна. Гол нь ийм форумыг зохион байгуулсан нь сайн хэрэг билээ. Үр дүн бол дандаа л чамлалттай байдаг шүү дээ.

Харин сургамжтай зүйл гэвэл нэг байнаа.

Хэлэлцүүлгүүдийн явц дахь асуулт хариултуудыг харж байхад үнэхээр манайхан агуу генералистууд (generalist) бөгөөд специалист (professional/specialist) тун цөөн, бараг байхгүй нь харагдана. Асуултууд тун ерөнхий тавигдаж байлаа, хариултууд ч мөн түүнийг дагасан ерөнхий хариултууд байсан.

Яаж та нар Монгол улсыг хөгжүүлэх гээд байнаа? гэх мэт.

Өрсөлдөх чадвар нэртэй хэлэлцүүлэгт яваад ортол малын үс, ноос яриад сууж байхаар нь жоохон дургүй хүрлээ. Гарлаа. Хэсэг явж байгаад дөхөөд очтол хэн нэгэн нь "Та нар хүнээ боловсруулах, хүнээ эрүүлжүүлэх асуудлаа ярихгүй юун мал яриад байна вээ?" гэж хашгирах нь сонсогдов. Миний ажлыг миний өмнөөс хийсэн тэр эрхэмд талархах сэтгэл төрж өөр хэлэлцүүлэг рүү зүглэлээ.

Үнэндээ бол өрсөлдөх чадвар гэдэг нь нэрнээсээ ойлгомжтой зүйл санагдана. Боксчиноор бол гэдсэнд нь цохих уу, нүүрэнд нь буулгах уу гэж ярихаасаа өмнө боксчин эрүүл үү?, боксчин технологио мэдэх үү?, боксчин ялах эрмэлзэлтэй юу? гэх зэрэг асуудлаа шийдэх ёстой байхаа даа.

Бид одоо Монголд анх удаа "Эрсдлийн удирдлагын форум"-ыг зохион байгуулах гэж байна. Энэ форумд маань 250 орчим бизнесийн төлөөлөл оролцох юм. Бид форумаараа Монголын бизнес эрхлэгчидэд эрсдлийн менежментийн арга технологийн анхны ойлголтыг өгөх зорилготой юм. Эрсдэл гэдэг хийсч ирдэггүй, харин бидний эргэн тойронд байнга байдаг. Эрсдэл нэгэнт ирсэн бол маш их хохирол амсч болно.

Нэгэн үлгэр....

Эртээ урьд цагт М гээд улсад нэг эксэлтэй хүн байжээ. Тэр эксэлтэй хүн 3 хүүхдээ эхнэртэйгээ тэжээхийн тулд халтуур хийж мөөг түүдэг байжээ. (Би халтуур хийдэг байхдаа мөөг түүх гэж нэрлэдэг байсан юм). Гэтэл нэгэн гайт өдөр цас оржээ. Цас орсны дараа М улсад цас цэвэрлэх машин үгүй учир аймшигтай юм болдог байж. Машин зам дээгүүр тэшүүрээр гулгамаар болдог байж л дээ. Ингээд эксэлтэй хүн ээлжит мөөг түүлгэндээ хүн амьтан мөргөхгүйг хичээн бээцэгнэн явж байтал гэнэт хар гай дайрч хажуугийн туслах замаас өөр нэг эксэлтэй хүн хар хурдаараа давхиж ирээд машиныг нь юу ч үгүй болтол мөргөн манай талын ахын хөлийг нь хүртэл хугалаж орхив. Мэдээж яах ийхийн зууртгүй цагдаа ирж, шүүх болоод л нөгөө мөргөсөн этгээдийн буруу, бас тэр согтуу болохыг тогтоож манай талын ахад бүх хохирлыг төл гэж зарлигдав. Мэдээж энэ хооронд манай ах хугархай хөлтэй, машин байхгүй, мөнгө байхгүй, өлсгөлөн хүүхдүүд бархиралдаад олон ч хоног хүлээжээ. Яг мөнгө төлдөг дээрээ тултал нөгөө согтуу дайсны тал мөнгө ч үгүй, машинаа банкны зээлээр авч ядарсан муу эхээ тэжээдэг хүн болж таарчээ. Ингээд орлогын эх үүсвэр болсон машинууд ч үгүй, өвчтэй эх, өлсгөлөн хүүхдүүд, гэмтсэн тэжээгч нар үлджээ.

Харин яг үүнийг гадаад орнуудад олон арван жилийн өмнө шийджээ. Тэнд жолоочийн хариуцлагын даатгал гэж М улсын Их хурлын гишүүдийн учрыг нь олдоггүй юмыг бодож олжээ. Тэр нь машин барьж байгаа хүн бүр - нэгэнт машин нь үхлийн зэвсэг болж хувирч мэдэхээр зүйл тул - жолоочын хариуцлагын даатгал хий гэж улсаас хууль гаргах явдал байжээ. Жолоочын хариуцлагын даатгалаар жолооч хүн жилдээ нэг л удаа 15,000 төгрөг төлөх ёстой юм байх. Харин хариуцлагаа санаандгүй байдлаар алдаж бусдад эд материал, бие эрхтэний хохирол учруулмагч даатгалын компани бүх зардлыг нь хариуцдаг тийм гайхалтай тогтолцоо юм байжээ. Яагаад ч юм М улс бол энэ тогтолцоог нэвтрүүлээгүй хэдхэн орны нэг юм.

1 comment:

Zolboo said...

Risk Management Forum hezee haana boloh bolon herhen burtguuleh tuhai bichne uu. Bayarlalaa