Friday, November 13, 2009

Хөрөнгийн захад - Ёс зүй хамгийн чухал нь

Сайн брокер бол ёс зүйтэй брокер болохоос биш мэдлэгтэй брокер биш юм.

Хөрөнгийн захын хөгжлийн асуудал улам бүр анхаарал татаж байна. Гадаадын санхүүгийн хөрөнгө оруулагчид монголд ирэхдээ хөрөнгийн зах зээлийг сонирхож ирдэг боловч байр авах эсвэл банкинд хадгаламж хийхээс өөр сонголтгүй болж буцаж байна.

Яагаад гэвэл манай хөрөнгийн захад хөрөнгө оруулах найдвартай бүтээгдэхүүн байхгүй, хөрөнгө оруулалт найдвартай байх дэд бүтэц бүрэлдэхгүй байгаатай холбоотой.

Юуны өмнө хөрөнгийн зах бол санхүүгийн зах зээлийн салшгүй нэг хэсэг нь юм. Тийм учраас хөрөнгийн захын хөгжил нь санхүүгийн бусад зах зээлийн хөгжилтэй нягт уялдаа холбоотой байх ёстой.

Хөрөнгийн захын дэд бүтэцийг барьж байгуулахдаа баримтлах суурь дүрэм гэж байдаг. Энэ нь орчин үеийн санхүүгийн зах зээл дээр сүүлийн 500 жилийн турш аажмаар бүрэлдэн бий болсон мэргэжлийн ёс зүйн дүрэм билээ. Дэд бүтэц нь олон улсад нийтээр хүлээн зөвшөөрсөн энэхүү дүрэмд суурилах ёстой бөгөөд өөрөө ёс зүйтэй зах зээлийг хөгжүүлэхүйц байх ёстой.

Санхүүгийн зах зээлийн хөгжлийг ярихад хамгийн чухал боловч огт дурьдалгүй өнгөрдөг нэг асуудал бол мэргэжлийн ёс зүйн асуудал мөн. Мэргэжлийн ёс зүйтэй зах зээлийг бүрдүүлсэнээр хөрөнгийн захын дэд бүтцийн 50 хувийг барьж байгуулсан гэж ойлгож болно. Хэрэв хөрөнгийн зах нь санхүүгийн бүтээгдэхүүн арилжаалагддаг зах зээл гэж үзэх юм бол энэ бүтээгдэхүүний чанарыг тодорхойлоход зах зээлд оролцож байгаа мэргэжилтэнүүдийн мэргэжлийн ёс зүй хамгийн чухал үүрэгтэй.

Хөрөнгийн зах зээл дээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа брокер дилер зэрэг мэргэжилтэнийг зоосоор төлөөлүүлж үзвэл сүлдтэй тал нь мэргэжлийн ёс зүй, тоотой тал нь мэргэжлийн мэдлэгийг төлөөлдөг гэж ойлгож болох юм.

Манай хөрөнгийн зах зээл дээр ёс зүйгүй асуудлууд өнгөрсөн жилүүдэд оршин ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй буй заа. Үүний нэг нь харилцагчийн нэр дээр байсан хувьцааг брокерууд дур мэдэн борлуулах асуудал байлаа. Энэ бол ёс зүйн маш том зөрчил төдийгүй хууль зөрчсөн үйлдэл мөн. Энэ үйл явдлаас болж зах зээлийн нэр хүнд хөрөнгө оруулагчидын өмнө ихээр унасан. Харин энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооноос санаачлага гарган ажилласны дүнд тодорхой тооны зөрчил арилсан.

Харамсалтай нь хувьцааны үнийг зохиомлоор өсгөх, бууруулах, дотоод мэдээлэл ашиглан арилжаа хийж өөртөө ашиг олох, хөрөнгө оруулагчидад очих ёстой мэдээллийг нуун дарагдуулах, худлаа мэдээлэл өгөх зэрэг мэргэжлийн оролцогч нарын ёс зүйгүй үйл явдал өнөөдрийг хүртэл амь бөхтэй оршин тогтносоор байна. Дэлхийн хөрөнгийн зах зээл хөгжсөн бүх орнуудад эдгээр үйлдлүүдийг эрүүгийн хуулиндаа тусган хориглосон байдаг бөгөөд зөрчсөн тохиолдолд маш хатуу шийтгэдэг. Ийм үйлдэл хийсэн мэргэжлийн брокер дилер хөрөнгийн зах зээлд ажиллах эрхээ насан туршдаа хасуулдаг.

Манай хөрөнгийн зах зээл олон жилийн турш алдаатай оноотой явж ирлээ. Бидэнд алдаа нь их оноо нь бага байсан нь одоогийн хөрөнгийн захын хөгжлийн төвшингээс тодорхой харагдана. Алдаа гаргасан үйл явц нь туршлага мэдлэг дутсанаас болсон болохоос биш гэмт үйлдэлдээ амтшиж бусдыг луйвардах санаа агуулаагүй гэж би итгэж байна. Хөрөнгийн зах дээр ажиллаж буй мэргэжлийн оролцогчид нь харилцагч нарын итгэлийг тээж, тэд нарын мөнгийг удирдан чиглүүлдэг өндөр хариуцлагатай мэргэжил билээ. Манай хөрөнгийн захын оролцогчид өмнөх үеийн алдаа туршлагаас суралцаж яаралтай олон улсын баримжаатай мэргэжлийн ёс суртахуун бүхий зах зээлийг төлөвшүүлэх цаг ирлээ.


Харин одоо хөрөнгийн захын дэд бүтцийн материаллаг талыг авч үзье.

Мэдээллийн технологи ба арилжааны систем
Орчин үед санхүүгийн дэд бүтэц мэдээллийн технологийн хөгжилтэй уялдан маш уян хатан болов. Хөрөнгө оруулагч нар а. зах, б. үндэстэн дамнаж хөрөнгө оруулах сонирхолтой болсонтой холбогдон биржүүд зах, үндэстэн дамнан өөр хоорондоо нэгдэж эхэллээ. Үүнийг дагаад үндэстэн дамнасан брокерууд, үндэстэн дамнасан клирингийн байгууллагууд бий болсон. Одоо дэлхийн хамгийн том бирж болох NYSE Euronext гэхэд л 7-8 пан европ, пан америкийн биржүүдийн нэгдэл байх жишээтэй. Энэ бол ердөө сүүлийн 5 жилийн тренд.

Урьд нь валютын бирж, таваарын бирж, хөрөнгийн бирж гээд төрөлжсөн санхүүгийн зах зээлийн биржүүд байсан бол одоо бид санхүүгийн зах зээлийг бүхэлд нь багтаасан биржүүдийг харж болохоор болсон. Нэг бирж дээр нэг л брокероор дамжуулан валют, бонд, хувьцаа, хүү, таваар гээд бүх төрлийн арилжаанд оролцож болохоор болжээ. Мөн компаниуд хувьцаагаа хэд хэдэн бирж дээр дамнуулан гаргах (dual listing) үзэгдэл ч газар авлаа.

Хөрөнгийн захын арилжааны систем нь орчин үеийн олон улсын санхүүгийн захын дээрх хандлагыг өөртөө тусгасан байх ёстой. Аливаа арилжааны систем нь үндсэндээ ханш тогтох хамгийн шудрага механизм бий болгоход чиглэгддэг гэдгийг санахад илүүдэхгүй бизээ.

Төлбөр тооцооны механизм
Мөн төлбөр тооцоо хийх механизм буюу клирингийн системийн асуудал дэд бүтцэд багтаж хөндөгддөг. Манай улсын хувьд клиринг ба хөрөнгийн биржүүд нь тусдаа байгууллагууд байдаг. Арилжаа хийсэн талуудын нэгэнд нь санхүүгийн хэрэгсэл шилжиж нөгөөд нь мөнгө шилжих хамгийн энгийн төлбөр тооцооны хэлбэрээс авахуулаад үнэт цаасыг хадгалах, үнэт цаасыг зээлүүлж түүнийг эзэмшигчид ашиг олж өгөх нарийн төвөгтэй үйл ажиллагаа хүртэл төлбөр тооцооны системд багтдаг билээ.

Арилжааны эргэлт ба спекуляторууд
Спекуляторуудыг (ханшийн хөдөлгөөнөөс ашиг олох зорилготой хөрөнгө оруулагчид) ханшийн огцом савлагаа үүсгэдэг хэмээн буруутгах нь олонтаа тааралддаг боловч үнэн хэрэгтээ орчин үеийн олон улсын санхүүгийн зах зээлийг өнөөдрийн төвшинд хүртэл хөгжихөд спекуляторуудын оруулсан үүрэг нэмэр их.

Аливаа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд арилжааны эргэлтийг нэмэгдүүлэх асуудал нь хөрөнгийн бирж бүрийн шүдний өвчин болдог. Харин спекуляторууд нь арилжааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой чухал үүрэгтэй.

Харин ханшийн огцом савлагаанаас хамгаалж өдрийн савлагааны дээд лимит тогтоох зэрэг аргуудыг биржүүд түгээмэл ашигладаг. Хамгийн гол нь спекулятор бол зах зээлийн салшгүй нэг хэсэг гэдгийг ойлгож зөв өнцгөөс харах нь чухал юм.

Спекуляторууд зөвхөн ханшийн өсөлт төдийгүй ханшийн бууралтаас хүртэл ашиг олох сонирхолтой байдаг. Олон улсын ихэнх биржүүд ханшийн уналтаас ашиг олох боломжийг бүрдүүлэх зорилгоор хувьцааг зээлээр худалдах арилжааг тодорхой хэмжээнд зөвшөөрсөн байдаг.

Шинэ бүтээгдэхүүн
Дериватив буюу эрсдлээс хамгаалах санхүүгийн хэрэгслүүд нь зах зээлийн хөгжилд онцгой хувь нэмэртэй. Эдийн засагчид бол харин орчин үеийн санхүүгийн зах зээлийн хямралыг деривативтай холбон тайлбарлах нь тааралддаг. Гэхдээ энэ нь зарчмын хувьд буруу тайлбар гэдгийг анхаарах хэрэгтэй. Mortgage backed security буюу хэргийн эзэн болох санхүүгийн хэрэгсэл бол structured instrument (төв банкнаас тавьсан шаардлагыг тойрч гарах зорилгоор үнэт цаасны шинж чанарыг өөрчилсөн гэж ойлгож болно) болохоос биш derivative биш гэдгийг санхүүгийн мэргэжлийн хүмүүс харин мэдэх буй заа.

Хувьцаа болон бонд дээр, мөн индекс дээр суурилсан фючерс, опшинийг нэвтрүүлэх нь зах зээлд чухал ач холбогдолтой.

Дериватив анх үүсэхдээ л эрсдлээс хамгаалах зорилгоор үүссэн. Тийм ч учраас дериватив бүтээгдэхүүний суурь философи нь зөв юм. Харин түүнийг буруугаар ашиглах боломжуудыг зохицуулах байгууллага, хөрөнгийн биржээс хааж өгөх нь зүйтэй.

Байгууллагын хөрөнгө оруулагчид
Хөрөнгө оруулалтын сан хөрөнгийн захын хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Хүн бүр хөрөнгийн захыг байнга судлаж, шинжилж байх боломжгүй. Харин хүн бүр тодорхой хэмжээгээр хуримтлалаа хөрөнгийн захад байршуулж өгөөж олох сонирхолтой байдаг. Тэгвэл энэ эсрэг тэсрэг шаардлагыг хангахад хөрөнгө оруулалтын сан онцгой үүрэгтэй. Хөрөнгө оруулалтын сан нь мэргэжлийн ёс суртахуунтай менежерүүдээс бүрдсэн мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллага юм. Сан хөрөнгө оруулалт хийхдээ голдуу жижиглэнгийн хөрөнгө оруулагчдыг төлөөлж тэдгээрийн мөнгөн хөрөнгийг нэгдсэн санд төвлөрүүлэн түүнээсээ зохистой бүтээгдэхүүнүүдэд хөрөнгө оруулалт хийдэг. Сангийн менежерүүд нь харин үзүүлсэн үйлчилгээнийхээ хариуд тодорхой хэмжээний шимтгэл авдаг.

1970-аад оноос үүссэн Биржээр арилжаалагддаг сангууд нь (ETF) хөрөнгийн захын эргэлтийг нэмэгдүүлэхэд мөн сайн талтай байдаг.

Хөрөнгө оруулагчдын боловсрол
Дотоодын хөрөнгө оруулагчдыг боловсруулах асуудал манайд нэлээд хурцадмал болоод байгаа. Шинээр зохион байгуулагдсан СЗХ энэ тал дээр зарим ажил хийж буй боловч энэ нь хангалттай бус. Энэ тал дээр мэргэжлийн брокер дилерийн байгууллагууд, ялангуяа хөрөнгө оруулалтын сангууд маш их ажил хийдэг барууны туршлага байна.

Хөрөнгө оруулагчид боловсролгүй байгаа нь тэдгээрийг аливаа хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа эргэлзэхэд хүргэдэг билээ.

Компанийн засаглал ба бүтээгдэхүүний талаарх мэдээлэл
Компанийн засаглалын асуудлаар нэлээд ажлууд хийгдэж байна гэж ойлгож байгаа. Энэ ажлуудыг эрчимжүүлэх хэрэгтэй.

Чухамдаа бол Хөрөнгийн биржийн вэб хуудсан дээр биржэд бүртгэлтэй бүх компанийн санхүүгийн тайлангууд түүхэн дарааллаар олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцэхүйц хэлбэрээр тайлагнагдаж байх ёстой. Мөн бүртгэлтэй компанитай холбоотой чухал үйл явдал болох тус бүрт тэр мэдээлэл нь хөрөнгө оруулагч нарт хүрэх шаардлагыг тавьдаг.

Өөрөөр хэлбэл өөртөө мэдээлэл агуулаагүй хувьцаа нь дэлгүүрийн лангуун дээр уутгүй (хэзээ хаана хийсэн нь үл мэдэгдэх) боорцог асгасанаас өөрцгүй.

Хөрөнгө оруулагч нар хангалттай мэдээлэл авч чадахгүй бол тухайн хувьцаа, бондод итгэл төрж чадахгүй. (Сүүлийн үеийн харамсалтай жишээг санацгаая)

Нэгэнт хувьцаагаа олон нийтэд гаргасан компанийн удирдлага, дийлэнх эзэд мэдээллээ нийтэд гаргах үүргээ ухамсарлаж хэрэгжүүлэх нь маш чухал.



Эцэст нь хэлэхэд уншигч та бид санхүүгийн мэргэжилтэнүүдээс ёс зүйтэй байхыг шаардах нь бидний монгол улсдаа, хөрөнгийн захын хөгжилдөө оруулах хувь нэмэр юм.

4 comments:

Vinzo said...

It is nice to learn that you provide more frequent posts to share and convey your thoughts.

Z. said...

Great article. I think that the management of the MSE has to be changed in order for it to grow further.The listed companies need to submit their financial statements every quarter, not every 6 months as it is currently. The majority of the 365 listed companies are a joke, Top-20 companies account for 74% of the market capitalization of the entire market and the trading volume of Top-20 companies is also about 71%. The public lost confidence in the market and the only way to revive it is to bring the foreign institutional investors. But in order to attract those people, we will need to show good research reports and reliable, responsible listed companies who have Investor Relations department and who care about their minor shareholders.

Unknown said...

Sain bn uu, yunii umnu tanii niitleluud tun dajgui yum. Ushuu ihiig hiij buteegeerei.
Tanaas huseh negen huselt bn. Bi UK-d huuliin master hiij bga. Dissertation-ii sedevee mgl-iin IPO-iin chigleleer hiivel ih sonirholtoi sanagdaad bga yum.getel ene talaar (mgl-iin) medeelel, niitlel mash homs bn.tiimees herev tand mgl-iin IPO-tei holbootoi medee, medeelel, article bval nadad ilgeej tusalna uu.
Ene tal deer sudalgaa hiivel ireeduid mgl-iin hurungiin zah zeeld baga ch bolow heregtei gej bodson yum.
Mun tsaashid ene tal deer tantai sanaa bodol, medleg, medeellee soliltsoj bolohson bolow uu. minii mail hayag: suugii9222@yahoo.com

Hundetgesen,

Surenkhuu

Anonymous said...

Vinzo,
Hope you are doing good back in Japan.

Zolboo,
Thanks for the comment.

Sukhee,
Medeelel erunhiiduu ih baga. Haival ganst hoyor zuil oldono. Hurungiin zahiin erh zuig behjuuleh asuudlaar dissertation-oo hiivel chi mongold ene chigleliin barag gants professional ni boloh baih shuu. Bi ene tal deer bolomjooroo sanaa onoo uguhiig hicheeye.
If you could send me your initial thoughts about the content of your dissertation, I would like to work on that with great interest. I believe the dissertation alone will be a groundbreaking paper for Mongolia. Shoot me at ganzorig@fma.mn

Good luck