Thursday, November 12, 2009

Үгүйсгэлийн үгүйсгэл ба хүлээн зөвшөөрөхүй

Хааяа энд тэнд нийтлэл тавихад хүмүүсээс коммент ирдэг. Тэдгээрээс нэг нийтлэг зүйл ажиглагдаж буй тул түүнтэй холбоотой бичих нь зөв гэж бодлоо.

2003 оноос эхлээд би 7 хоног бүр олон улсын зах зээлийн анализ бэлтгэж эхэлсэн юм. Тэр үед би банкинд ажиллаж байсан тул энэ анализаа харилцагч нартаа тараадаг байв. Яагаад гэвэл манай харилцагч нар зах зээлийн талаар байнга шийдвэр гаргах шаардлагатай байсан тул мэргэжлийн хүний санал бодлыг сонсох нь чухал байсан. Анализ үндсэндээ олон улсын үнэт метал ба валютын зах зээлийн тойм, ирээдүйн хандлага, заримдаа олон улсын эдийн засгийн хандлагыг агуулдаг байлаа. Би энэ анализаа 3 жил гаран бэлтгэсэн билээ. Үүнийгээ хийгээд жил гаруй явж байтал нэг өдөр манай нэг газрын захирал надаас энэ анализаа хаанаас орчуулж тавьдаг талаар асуув. Сонирхож судласны эцэст би манай банкны бүх хүмүүс (би бүх гэж бодсон) намайг энэ анализаа хаа нэгтээ гадны эх сурвалжаас орчуулж тавьдаг гэж боддог болохыг мэдсэн юм.

Миний философийн хувьд анализ хийнэ гэдэг "анализ хийнэ" гэсэн үг болохоос өөр гадаад хүний бичсэн анализийг монгол хэлнээ хөрвүүлнэ гэсэн үг биш билээ.

Тухайн үед би асуудлыг өөр дээрээ тусган авч "яагаад Ганзориг анализ хийж болохгүйсэн билээ?" гэж ундууцан бодож байсан билээ.

Одоо харин "одоо" цагтаа эргэж оръё. Би доор над дээр ирдэг нийтлэг комментоос иш татлаа...

Нийтлэг коммент
...Болсон болоогүй юм гаднаас дуулаад тэгээд юу гэх гээд байгаа юм бүү мэд дээ. хүү минь эхлээд Монгол хэлээ сайжруул за...


Иймэрхүү үгсийг бид нар өдөр тутам хаа сайгүй л хэн нэгэн нөгөөгөө шүүмжлэх явцад сонссоор дасал болжээ. Угтаа бол яг энэ комментийг бичсэн хүн бол Монгол хүн гэж би ойлгож байгаа. Аан бас энэ хүн намайг Монгол хүн гэдэгт эргэлзээгүй гэж би лавтай бодож байна. За тэгэхээр их сонин логик харагданаа. Монгол хүн юм яриад, юм бичээд эхлэхээр энэ хүн автоматаар гаднаас сонссон, дуулсан юмаа хэллээ, ярилаа гэж бодож байх нь байна шүү. Үндсэндээ бол энэ чинь мань хүний логикоор бол Монгол хүн өөрөө юм сэтгэж хийх, бүтээх чадваргүй гэсэн үг байх нь байна шүү дээ. Мань хүн өөрөө монгол хүн юм чинь "би сэтгэх чадваргүй" гэж хэлсэнтэй яг дүйхнэ байна.

Яагаад дэлхийн талыг удирдаж байсан Монгол хүн өнөөдөр хэнээс ч юм хуулахгүйгээр өөрийн оюун ухааны хүчээр юм бодож, тэрийгээ бичиж, хийж болохгүй гэж? Яагаад монгол хүн эдийн засгийн онол зохиож болохгүй гэж, яагаад монгол хүн менежментийн шинэ технологи гаргаж болохгүй гэж.

Эцсийн эцэст Монгол улс, монголчууд ийм арчаагүй дорой байгаа нь үүний гай. Монгол хүн өөртөө итгэхээ больсоны лай.

Яагаад нэг байгууллагад ажиллаж байгаа Монгол хүн Гадаад хүн хоёрын цалин 10 дахин ялгаатай байна вэ? Монгол хүмүүс өөрсдөө өөрсдийнхөө үнэ цэнийг ингэж газар доор оруулж байхад хэн Монгол хүмүүсийн үнэ цэнийг өргөх вэ.

Дундаж Монгол хүн өнөөдөр цус нэгт бусдыгаа үгүйсгэж чадахгүй бас хүлээн зөвшөөрч чадахгүй болсон байна. Яагаад гэвэл Монгол хүн бодохгүй байна.

Нийгмийн хөгжил үгүйсгэлийн үгүйсгэлийн хууль ёсоор явагддаг. Энэ нь өмнө хийсэн бүтээснээ нулимна гэсэн үг биш харин сайжруулна гэсэн үг. Хүлээн зөвшөөрч үгүйсгэх нь хөгжлийн гол суурь. Хүний гаргасан санаа оноотой санал нийлэхгүй байгааг олон ургальч үзэл гэж ойлгодог болохоос биш доромжлол болгож гутааж болохгүй. Монгол хүмүүсийг ажиглаж байхад мэдээж маш олон дутагдал байдаг. Тэрний онцлон тэмдэглүүштэй нэг дутагдал нь хүлээн зөвшөөрч чадахгүй байх явдал. Хүн агуу байхын хамгийн эхний алхам нь хүлээн зөвшөөрч сурах явдал юм. Хүн өөрийгөө болон бусдыг сайнтай нь муутай нь хүлээн зөвшөөрч чадаваас нийгмийн хариуцлагатай гишүүн болох эхний алхамаа хийдэг.

Хүлээн зөвшөөрч чадсан хүн шүүмжилж чадна. Шүүмжлэлийг бид эсрэг хүнээ ухаараасай гэсэн мотивацийн үндсэнд хийдэг болохоос биш дайсантай болох гэж хийдэггүй. Яагаад гэвэл хүн гэдэг амьтан эргэн тойрон амьдарч байгаа орчноо сайн сайхан болгох суурь эрмэлзэлтэй. Үг дугарсан хүн болгоныг доромжилвол дайсаны тоо нэмэгдэнэ. Энэ үед оршин тогтнох асуудал эмзэг болж эхлэнэ. Ийм хүн бол нийгэмийн зөв гишүүн биш юм гэсэн дүгнэлтэнд хүрнэ.

Боловсролын системд сүүлийн 19 жилд шинэчлэлт хийгээгүй нь маш том хохирлын авчирч магадгүй. Манай боловсролын систем бол ердөө юм уншуулдаг систем. Бидэнд юм бодуулдаг боловсролын систем хэрэгтэй байна. Тийм ч учраас бакалаврын зэрэгтэй мөртлөө юу ч мэдэхгүй мэргэжилтэнүүдээр дүүрчээд байна.

2 comments:

Итгэл-Арвижих said...

зөв л санаа

batu1225 said...

Сайн байцгаана уу?

Унзогийн бичсэн зүйлсийг алгасалгүй шимтэж уншдаг миний бие энд тэндээс ирж байгаа "коммент"-уудад хувь нэмрээ оруулъя аа. Хэлж байгаа санаануудыг нь шүүмжлээд байх юм надад алга. Мөн Монгол хүн гадаадынхнаас юугаар ч дутахгүй гэдэгтэй бүрэн санал нийлдэг.

Харин "Монгол хэлээ сайжруул за" гэж зөв хэлжээ. Хэдийгээр энэ нь Унзо таны энэ сэдэвтэй хамааралгүй боловч хэлчихмээр санагдаад дараахь хэдэн зүйлсийг дурдъя.

1. Хэдийгээр бичиж байгаа зүйлээ монгол хэлээр төгс найруулж бай гэж танаас шаардахгүй ч хэл найруулгын алдаа их ажиглагддаг. Жишээ татъя. "Над дээр ирдэг нийтлэг коммент", "бид нар", "Угтаа бол яг энэ комментийг бичсэн хүн бол", "Монгол хүмүүсийн үнэ цэнэ", "онцлон тэмдэглүүштэй нэг дутагдал", "эсрэг хүнээ" гэх мэт дүүрэн. Хамгийн эвгүй алдаа: "Бидэнд юм бодуулдаг боловсролын систем хэрэгтэй байна. Тийм ч учраас бакалаврын зэрэгтэй мөртлөө юу ч мэдэхгүй мэргэжилтэнүүдээр дүүрчээд байна." Энэ хоёр өгүүлбэрийг холбож дахин уншаад үзээрэй.

2. Зөв бичгийн алдаа мөн их тааралдаж байна. Жишээ: "Дүйхнэ", "больсоны", "чадаваас", "дайсаны", "нийгэмийн", "мэргэжилтэнүүдээр", "дүүрчээд", "метал" гэх мэт.

3. Монголоор хэлчихэж болох гадаад үг их хэрэглэж байна. Жишээ: "мотивац", "коммент", "философи", "анализ", "автоматаар", "боловсролын систем" гэх мэт. Иймэрхүү янзаар гадаад үг их хэрэглэсэн үед "Энэ ганцаараа гадаад хэл мэддэг юм уу, ядчихсан амьтан бэ" гэх маягийн сөрөг сэтгэгдэл төрөх гээд байдаг.

Миний бичсэнийг Баабар гуай тоож харах юм бол намайг шууд бөмбөгдөх биз. Ха ха. Блогчид яаж ч бичсэн яадаг юм, хэлний дүрэм мүрэм ямар ч шаардлагагүй гэж гогогийн кафед ярилцлаганд оролцож байхдаа хэлж байсан юм. (Гэхдээ өөрөө хэл найруулга сайтай, зөв бичгийн алдаагүй л бичдэг ш дээ, уул нь)

За за, хэтэрхий урт шүүмжлэл маягийн юм биччихлээ. Дайсантай болох гэж энэ бүгдийг хийсэнгүй, харин алдаагүй, зөв сайхан бичвэл улам л амттай болно шүү дээ гэж л хэлэх гэсэн юм. Унзогийхоо нийтлэлүүдийг цаашид ч шимтэн уншсаар байх болно оо.