Wednesday, October 28, 2009

Хар матери, хар энерги

Сүүлийн хэдэн жилд бидний ертөнцийн талаарх ойлголт эрс өөрчлөгдөж байна. Энэ ертөнцийн 96 хувь нь бидний огт мэдэхгүй, хэмжиж үл чадах зүйлсээс тогтдог бол ердөө 4 хувь нь та бидний мэддэг одод, одод хоорондын хий болж таарав. Эдгээр 96 хувиас 22 хувь нь хэмжихэд арай дөхөм хар матери бол үлдсэн 74 хувь нь огт мэдэгдэхгүй байгаа хар энерги юм.
Эрдэмтэдийн үзэж байгаагаар хар матери нь орчлон ертөнцийг барьж тогтоох үүргийг гүйцэтгэдэг бол хар энерги нь улам бүр сарнин одож байгаа ертөнцийн сарнилыг хурдасгах үүрэг гүйцэтгэж байгаа болтой.
Ертөнц олон тэрбум жилийн өмнө нэгж /singular/ биет байсан боловч их тэсрэлт /big bang/ болсоны дараагаас тал тал тийшээ сарних болсон гэсэн нэгдмэл үзэл бий болсон. Харин саяханаас энэхүү сарнилын хурд нь улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд түүний буруутан нь хар энерги гэсэн үзэл түгээмэл сонсогдох болсон билээ.
Энэ бүгд нь эргээд ертөнцийн үүсэл ба төгсгөлийн тухай философийн эцэс төгсгөлгүй асуудалтай холбогдох бөгөөд астрофизик ба философи нар яг энэ үед давхцдаг нь сонирхолтой юм.
Ертөнц тэлж буй буюу өөрөөр хэлбэл одод, галактикууд нь бие биенээсээ улам бүр холдон одсоор байгаа нь эрдэмтэдийн дунд том маргаан дэгдээсэн юм.

1998 онд 2 бүлэг эрдэмтэд алсын суперновагаас ирж буй гэрлийг хэмжиж үзэхэд тэр нь байх ёстойгоосоо илүү бүдэг байжээ. Энэ нь ертөнцийн сарнилын хурдац нэмэгдэж байгаа бөгөөд тэр хэргийн эзэн нь хар энерги юм гэсэн онолын суурийг тавьсан.

Гэтэл ердөө 2 сарын өмнө хар энергийг бүхэлд нь үгүйсгэж болохоор шинэ онолын санаа дэвшүүлжээ. Энэ санаагаар бол их тэсрэлтийн долгионы явцад ертөнц жигд бус тархсан бөгөөд манай "сүүн зам" галактик нь ертөнцийн нягтрал багатай хэсэгт оршин байна гэж үзсэн. Нягтрал ертөнцөд ийнхүү жигд бус байх нь манай галактикаас алсын зүйлийг ажиглахад нөлөөлөл үүсгэнэ гэж тайлбарлажээ.

Гэвч орчин үеийн астрофизикийн суурь онолуудад Коперникийн дүрмийг ашигладаг бөгөөд энэ дүрэм ёсоор бол ертөнц дэх галактикууд ерөнхийдөө жигд тархсан байдалтай.

За ингээд асуултын хариултаа хайсаар, олон онолууд гараад байгаа боловч астрофизикийн нэг онцлог нь эдгээр онолуудыг батлахад ихээхэн төвөгтэй, хангалттай хэмжээний баталгаа оршдоггүйд байна. Учир нь бүх онол нь зөвхөн нэг ажиглалтын цэгээс (дэлхий дээрээс) хийгддэг нь бусад хувилбаруудыг шалгах боломжийг хаадаг.

Ер нь одоо бидний оршин байгаа ертөнц (хязгаартай гэдгийг нь тогтоосон) цор ганц ертөнц үү, эсвэл яг манай галактик шиг маш олон ертөнцийн нэг үү гэдэг асуулт ч бас хариултаа хүлээсээр л...

1 comment:

Anonymous said...

hun medehgui yumaa meddeg ch yum shig yarih ontsgui yumaa. Medehgui yumaa medehgui yum shig bichne gedeg bas neg urlag shuu