Monday, October 5, 2009

Хэлний бэрхшээл

Санхүү, бизнес, менежментийн мэргэжлийн дотоодын их дээд сургууль төгсөгчид хангалтгүй төгсөж байгаад магадгүй 1 сая шалтгаан байгаа байх. Тэдгээр нь бидний уламжлалт нүүдэлчин соёлоос авахуулаад дотоодын сургуулиудын сургалтын чанар, багш нарын чансаа, өмнөх боловсрол буюу 10 жилийн боловсрол, түүний өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн хүмүүжил гээд яриад байвал дуусахгүй.

Харин бидний төдийлэн анзаардаггүй нэг шалтгаан нь хэлний бэрхшээл юм. Хэл бүр өөрийн уран яруу онцлогтой байдаг нь дамжиггүй. Тэр тусмаа Монгол хэл нь эртний түүхтэй хэл бөгөөд түүний уран яруу аялгуу бидний өдөр тутмын бичгийн соёлд нэвт шингэсэн байдаг. Дэлхий дээр тун цөөхөн хүн ярьдаг хэдий ч хэлээ энэ төвшинд хадгалж үлдсэн нь бидний бахархал мөн. Харамсалтай нь орчин үеийн хөгжлийн чиг баримжаа нүүдэлчин бус суурин соёлоос үүдэлтэй нь бидний хэлж дадаагүй, мэдэхгүй ойлголтуудыг богино хугацаанд эрчимтэй оруулж ирсэн. Эх хэлээ авч үлдэх ажлын хүрээнд эдгээр бүх харийн ойлголтуудыг эх хэлнээ орчуулж хэрэглэх ажлыг эхлүүлсэн нь маш сайшаалтай. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр энэ хичээл зүтгэл нь зарим талаар оюутнууд тухайн мэргэжлийн талаар хангалттай ойлголт авч чадахгүйд хүргэж байгаа нь харамсалтай юм.

Өөрт тохиолдсон бяцхан жишээг дурдая. Чингис хааныг байлдан дагуулалт хийж байх тэр үест хөгшин европт анхын засгийн газрын бонд гаргаж байсан билээ. Засгийн газар өөрийн зардлууд, тухайлбал цэрэг дайны үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор хааны тамга бүхий хэвлэмэл бичгийг хөрөнгө оруулагчидад худалдаж мөнгө "босгодог" байв. Энэхүү бичиг нь үндсэндээ засгийн газрын зээлж авч буй мөнгөн хэмжээ, хүү, хугацаа, эргүүлж хэрхэн төлөх зэрэг мэдээллийг агуулсан байсан. Энэ нь үндсэндээ зээл бөгөөд онцлог нь энэхүү хааны дардастай бичгийг хүмүүс өөр хоорондоо шилжүүлж болдог байв. Үүнийг bond гэж нэрлэж байв. Bond нь анхандаа хэвлэмэл сертификат хэлбэртэй байсан боловч мэдээллийн технологийн хөгжилтэй уялдан сүүлийн 20 гаруй жилийн дотор үндсэндээ электрон болж хувирсан билээ. Bond нь эртнээс эхлэн ийнхүү эргэн төлөх баталгаа бүхий тамга, усан хээ зэрэгтэй байсан учир түүнийг хувьцаатай хамтад нь security гэж нэрлэсэн байна (гэхдээ хувьцаа сүүлд буюу 1600 он орчимд гарсан). Security нь сүүлд нь эдгээр санхүүгийн хэрэгслийг төлөөлөх үг болж хувирсан боловч анх бонд гарч байх үед security нь ерөнхийдөө баталгаа гэсэн утгаар ойлгогдож байжээ. Үүнийг монгол хэлнээ орчуулахдаа (хэзээ орчуулсан нь тодорхойгүй) "үнэт цаас" хэмээн буулгасан байна. Мэдээж security гэж үнэ бүхий хэвлэмэл цаас, сертификатыг илэрхийлж байсан тул ийнхүү орчуулах нь зүйтэй байж, тэр үедээ.

Хэдэн жилийн өмнө миний бие "Дериватив" нэртэй хичээл санхүүгийн мэргэжилтэнүүдэд зааж байв. Энэхүү ойлголт нь нэгэн төрлийн санхүүгийн хэрэгслийг илэрхийлэх бөгөөд англиар derive гэдэг үг нь төрөх, үүсэх гэсэн утгыг илэрхийлдэг тул derivative нь үндсэндээ үүсмэл гэсэн утга санааг илэрхийлэх юм. Дериватив нь та бидний мэддэг хувьцаа, бонд, валют зэрэг санхүүгийн хэрэгсэл дээр үндэслэн бий болдог санхүүгийн хэрэгсэл юм. Үндсэндээ дериватив бүр нь тэгэхээр аль нэг санхүүгийн хэрэгсэл дээр суурилж түүний хавсарга болж явдаг байх нь. Эргээд нөгөө тохиолдолдоо оръё... Дериватив бол миний заадаг хичээлүүдээс хамгийн хүнд нь юм. Деривативыг хүмүүст ойлгуулна гэдэг нь нэлээд бэрхшээлтэй ажил билээ. Би 2 цаг лекц уншиж дууссаны дараа асуулт хариултын хэсэгтээ орох үед нэг эгч гараа өргөн "Багшаа, энэ деривативыг чинь тэгээд хэн гаргадаг юм бэ?" гэж асуух нь тэр. Танхимд зөвхөн хүмүүст юм заачих санаатай очсон миний хувьд бол энэ том цохилт байлаа. Учир нь деривативийг хэн ч гаргах шаардлагагүй, хэлцэл хэлбэртэй санхүүгийн хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл эрэлт ба нийлүүлэлт нь хоёр талын хоорондох хэлцэл байдлаар хангагддаг гэсэн үг. Бирж дээрх зах дээр дериватив хэлцэлийн стандарт загварыг л тодорхойлсон байдаг бол биржээс гадуурх зах зээл дээр практик стандарт эсвэл харгалзах холбооноос тодорхойлсон стандартаар явдаг зүйл юм. (Деривативийн талаар тусад нь нийтлэл тавих болно) Асуудал миний заах ур чадварт байсан гэж би төсөөлөөгүй бөгөөд нөгөө эгчийн сурах эрмэлзэлд ч бас байгаагүй гэж би баттай бодож байв. Ингээд маш хурданаар би дериватив гэсэн үгийг монголоор орчуулсан орчуулганд гол учир байна гэж бодсон юм. Учир нь манай иргэний хууль болон сурах бичгүүдэд деривативийг "үүсмэл үнэт цаас" гэж орчуулжээ. Мэдээж үнэт цаасыг хэн нэгэн гаргадаг (мөнгөн тэмдэгтийг төв банк, хэвлэмэл бондыг засгийн газар, хадгаламжийн сертификатыг банк г.м) учир монгол орчуулгын дагуу бол деривативийг хэн нэгэн гаргах нь логикийн хувьд зөв юм.

Та анзаарсан бол монгол орчуулга нь зөвхөн утгын төөрөгдөлд оруулаад зогсохгүй нэг үгээр төлөөлөгдөх нэг ойлголтыг гурван холбоо монгол үгээр илэрхийлж байна.

Олон үгний хувьд гэвэл мэдээж хүн бүр супер тогтоох чадваргүй тул аливаа ойлголтыг цөөхөн үгс бүхий өгүүлбэрүүдээр тайлбарлах нь хамгийн ойлгомжтой гэдэгтэй маргахгүй буй заа. Тэгэхээр дараах харьцуулсан жишээг бүгдээрээ харъя.

"Derivatives are important component of international financial markets." 8
"Үүсмэл үнэт цаас нь олон улсын санхүүгийн зах зээлийн чухал хэсэг мөн." 12

Өгүүлбэрүүдийн хойно өгүүлбэрт байгаа үгсийн тоог гаргалаа.

Эдгээр хоёр өгүүлбэрүүдийн өгүүлэмж ба агуулга нь үндсэндээ яг ижил байгаа боловч орчин үеийн мэргэжлийн нэр томъёо бүхий өгүүлбэрүүдийг монгол хэлээр бичих нь эдгээр ойлголтыг анх удаа авахаар оролдож буй оюутнуудын хувьд ямар бэрхшээлтэй ажил болох нь илт харагдаж байгаа юм. (42)

Энэ мэтчилэн харьцуулсан статистик хийж үзэхэд мэргэжлийн нэр томъёо бүхий сурах бичгийн дундаж өгүүлбэрийн урт англи хэлээр бичигдсэн ном зохиолд байгаа өгүллбэрээс даруй 20 орчим хувиар илүү байна. Мэргэжлийн ном зохиолоос халиад цааш нь үзвэл бидний өдөр тутам хэрэглэдэг - Сурах бичиг, хэв журам, ёс суртахуун, ёс зүй, зах зээл, үйл ажиллагаа, хамт олон гэх мэт маш олон ойлголт хоёр үгээр орчуулагджээ.

6 comments:

batu1225 said...

Энэ нийтлэл таалагдаж байна. Дериватив гэдэг үгийн тухайд асуух зүйл байна. Англи-орос толиноос харахад "derivative" буюу "derivative security" гэдэг үгийг "производная ценная бумага (ценная бумага, стоимость которой частично определяется стоимостью другой, основной ценной бумаги)" гэж орчуулсан байх юм. Тэгэхлээр манайхны "үүсмэл үнэт цаас" гээд байгаа нь оросуудын орчуулгыг хуулбарлаж орчуулснаас үүсэлтэй байх л даа. Энд л миний асуух гээд байгаа зүйл байна. Оросууд яагаад "производная ценная бумага" гэж орчуулсан юм бол?

Anonymous said...

Mongol helnii ontsloguudiin neg bol ug niileh argaar shine ug buteeh yos bolgoo. "Uusmel unet tsaas" gedgiig 3 "shirheg" ug gej uzej bgaa bol ta enduurch baina.
"Olon uls"iin gedeg gedeg ug ch gesen ugtaa neg "shirheg" l ug.
Eniig tootsood dahiad toolood uzne uu.

Anonymous said...

sain btsgaana uu? bi yum asuuh gesen yum. MGL-d forex deer trading hiihed ta buhen yamar company-iin platform hereglej bna? neteer ariljaa hiihed yamar neg asuudal uuseheergui bna uu?

UNZO said...

Нэг үгийг олон үгээр орчуулж байгаа нь өгүүлбэрийг хэт урт болгож байгаа бөгөөд энэ нь магадгүй зарим ухаантай хүмүүсийн (ж.нь дээрх)хувьд асуудал биш боловч Монголчууд ихэвчилэн дундаж тархины чадвартай хүмүүс байдаг гэж үзвэл урт өгүүлбэрүүд нь шинээр ойлголт авахад бэрхшээлийг бий болгож байгаа юм. Ийм бэрхшээл үүсч байгааг нийтлэл бүхэлдээ идэрхийлж байгаа боловч зарим хүмүүст энэ нь ойлгогдохгүй байгаа юм байна.

Anonymous said...

"Uusmel unet tsaas" gedeg urt bolohoor ... ????
Ene asuudal gej uu?
Tovhclol gej neg arga bas bn shuu dee. Deerh ugiig UUTS geed tovchlood yavchihval (surah bichgend) asuudal uuseh uu? Uusmel unet tsaasnii talaar medej bgaa hen buhen "UUTS" gej tovchilsoniig medej bgaa bolohoor...
Angli hel ch gesen "urt" gedgiig ta nadaar heluuleltgui medej bgaa bh. USA, UK, NASA......
Deer ni UUTS(3 useg) gevel magadgui tanii heleed bgaa derivative(10 useg)aas ch bogino "ug" uusgej bolj bn shuud ee.
Hichneen urt bsan ch gelee eh hel ruugee tun onovchtoi orchuulsan yum shig sanagdaj bn. (Magadgui enenees iluu orchuulga bhgui bh. :) )

Daraagiin niitleliig chini huleegeed suuj baiya daa. :) Amjilt husye.

NaGa said...

Энэ нийтлэл их таалагдлаа. Монгол хэлний үгсийн сан аль ч орны үгсийн сангаас баялаг гэдэг боловч гадаад мэргэжлийн үг хэллэгийг орчуулах тал дээр ихээхэн дутагдалтай байдаг нь хэнд ч ойлгомжтой. Хүний оюун ухааны чадамж ямар нэгэн зүйлийг хүлээн авах тодорхой хязгаартай түүнийг буруу орчуулсан юм уу эсвэл хэт олон үгсийн цуглуулгаар дүүргэнэ гэдэг утгагүй. Дээр нь хэр олон хүн үг нийлж бүтэх аргаар үүссэн үгний товчлолыг ойлгох юм бол доо...тата тунгаадхуу?