Эдийн засаг бол үзэгдэл болохоос байгалийн хууль биш. Эдийн засаг бол хүний шинж чанар болохоос мөн чанар биш юм. Тийм учраас эдийн засгийг ойлгохын тулд хүний философийн мөн чанарыг авч үзэхээс өөр аргагүй.
Ингээд Эдийн засаг гэж чухам юу болох талаар ярилцацгаая.
Хүн ямар нэг хөдөлмөр бүтээж (модон сандал хийх, үс засах, айл нүүлгэх, програм бичих г.м.) нөгөө хүндээ зарж, орлого олохоос эдийн засаг эхэлж байгаа юм.
Орлогыг яах гэж олдог юм бэ. Мэдээж хэрэглэх гэж. Тэгэхээр эдийн засгийн суурь нь хэрэглээ юм. ( Үүнийг эрэлт гэж эдийн засагт хэлдэгийг санаж буй бизээ). Хэрэглэх хэрэглэхдээ хангалуун идэж ууж, өмсөж зүүхийг хичээдэг, хүн.
Тэгэхээр хөдөлмөр байж орлого олох тухай асуудал яригдах нь. Энэ орлого олж чаддаг хөдөлмөрийг БҮТЭЭГДЭХҮҮН (product and services) гэж нэрлэнэ.
Бүтээгдэхүүн нь хүний ур ухаан шингэсэн байдаг.
Нүүрс бол бүтээгдэхүүн биш. Зэс, алт, ноос, ноолуур ч бүтээгдэхүүн биш. Эдгээр нь түүхий эд (commodity) юм.
Монгол улсын хэмжээнд авч үзвэл манай жилийн экспортын 97 хувь нь түүхий эд. Бид БҮТЭЭГДЭХҮҮН экспортолдог улс биш. Байгал эхийн бидэнд өгсөн бэлэн түүхий эдийг зарж орлого олж, хэрэглээгээ зохицуулдаг улс юм.
Дээр дурьдсан хүнээр авч үзвэл, эцэг эхээс өвлүүлсэн хөрөнгөө бага багаар зарж, хоногийн хоолоо залгуулдаг. Өөрөө бол юу ч хийдэггүй залуутай адил гэсэн үг. Энэ бол Эдийн засгийн бодит үнэн.
Яагаад манай улс бүтээгдэхүүн огт хийдэггүй, хийж чадахгүй байна вэ?
БҮТЭЭГДЭХҮҮН байхын тулд БҮТЭЭМЖ (productivity) хэрэгтэй. Хятад хүн цагт 2 хадаас үйлдвэрлэдэг байхад Монгол хүн цагт 1 хадаас хийж байвал энэ маш муу бүтээмж гэсэн үг. Ийм бүтээмжийн дүнд бий болсон бүтээгдэхүүн хэнд ч зарагдахгүй хог болно. Монголд үйлдвэрлэсэн аливаа зүйлс гаднаас тээврийн зардал, татвар, цаг хугацаа шингэж импортлосон бүтээгдэхүүнээс дандаа үнэтэй байдгийг анзаарч байсан уу, та? Бүтээмж муу байна л гэсэн үг.
Улс орны төвшинд БҮТЭЭМЖИЙГ бий болгодог институцийг КОМПАНИ гэж нэрлэнэ. Тиймээ, компани бол хүн төрлөхтөний бодож олсон бүтээмжийг хурдасгаж, бүтээгдэхүүнийг гаргадаг институц юм.
Тэгэхээр Монгол улс бүтээгдэхүүн гаргаж зарж чадахгүй (ердөө 3 хувь) байгаа гэдэг чинь КОМПАНИУД нь туйлын дорой, буурай байна аа л гэсэн үг.
Тэгвэл компанид хэн ажиллаж бүтээмжийг бий болгож байдаг юм бэ. ХҮН. Тийм ч учраас Менежментийн ухаанд компанийн нөөцийг ХҮН, ТЕХНОЛОГИ, КАПИТАЛ гэж авч үздэгийг сануулах юун.
Эдийн засгийн ухаанд хамгийн чухал ойлголтуудыг би дээрээс эхлээд дэс дарааллан бичиж байна. Хүн бол маш чухал хүчин зүйл билээ.
Өнөөдөр эдийн засагчийн өнцөгөөс авч үзвэл Монгол хүн бүтээмжгүй, бүтээгдэхүүн гаргаж чаддаггүй болсон нь тоогоор нотлогдох аж.
Би эдийн засгийн философи ярина гэж хэлсэн билээ. Философи ярилгүйгээр улс орны эдийн засгийг удирдах боломжгүй.
Хүний амьдрал утга учиртай өнгөрөх ёстой. Хүн бүр амьдралдаа утга учир хайж байдаг. Аз жаргалтай амьдрал гэдэг бол чухамдаа мөнгөтэй эсвэл байнга инээсэн амьдрал биш харин утга учиртай амьдрал болно. Үүнийг олон философичид хэлжээ.
Нөгөө талаас хүн ба амьтны ялгаа нь хорвоо дэлхийд үлдээх ул мөр нь юм. Зөвхөн хүн л бусад амьтнаас ялгарч өөрийн гэсэн бүтээлийг (Форд, Ай-Фон, Пушкин) хорвоо дэлхийд үлдээж чаддаг. Тийм ч учраас хүний амьдралын утга учрыг түүний бүтээл (би энд бүтээгдэхүүнийг бүтээл гэж нэрлээд эхэлсэн болно) тодорхойлно. Хүн бүтээл хийж байхдаа л аз жаргалтай байдаг гэж хэлж ч бас болно.
Энд л Эдийн засаг ба Философи хоёр холбогдож байгаа юм. Хүний философийн утга учир нь бүтээл бүтээх байдаг бол, Харин нөгөө талд нь үнэ цэнэтэй бүтээгдэхүүн экспортлодог улс баян байдаг.
Мэдээж хэн нэгэн нь асууж болно. Түүхий эдээ экспортлоод л, орж ирсэн орлогоор нь хэрэглээгээ хангадаг эдийн засагтай байж болохгүй юу гэж. Зөв асуулт.
Хариулт нь. Түүхий эд аюулгүй байдлыг батладаггүй. Түүхий эд дуусна. Харин хүн төрлөхтөнд хэрэгтэй, өвөрмөц бүтээгдэхүүнтэй улс гүрэнд хэн ч халдахгүй. Түүхий эд баянтай, харин бүтээгдэхүүнгүй улс түүхийн турш дандаа эзлэгдэж, газар нутгаасаа хөөгдөж байсан. Энэ бол геополитик, нарийн өргөн төмөр зам гэхээсээ цэвэр эдийн засгийн учир шалтгаан байдаг гэдгийг бид сайн ойлгох хэрэгтэй.
Чихрийн шижинг эмчлэх технологийг (бас л нэг бүтээгдэхүүн) эзэмшдэг улс оронд хэн ч халдахгүй. Учир нь энэ бол глобал эдийн засаг.
За эргээд үндсэн асуудалдаа оръё.
Хүн өөрийн бүтээлч мөн чанараа нээж чадахгүй бол амьдрал нь утга учиргүй өнгөрнө. Амьтнаас ялгаагүй, үр зулзгаа үлдээх төдийгээр л хорвоо дэлхийгээс тасарна. Монгол улсын эдийн засгийн бодит асуудал тодорхой болсон байхаа гэж бодож байна.
No comments:
Post a Comment