Ер нь Ерөнхий сайдын дайны хүнийг ЕС болгодог юм уу, эсвэл хүн ЕС болчихоод юу хийх тухайгаа бодож эхлэх үү?
Яг үүнтэй ижил эцэг болоход бэлэн биш хүү хүүхэдтэй болвол өнчрүүлж хаяна. Хүүхэдтэй болоод эцэг болдог юм биш, эцэг болох парадигмийг (төлөвийг) өөртөө төлөвшүүлсэн хүн л хүүхэдтэй болох нь зүйтэй.
Сэлэнгэ ах маань нэг удаа хэлсэн юм. "Манай компанийн эзэд, сайн ерөнхий ня-богоо гүйцэтгэх захирал болгочихдог. Тэгээд нөгөөх нь ажлаа хийж чадахгүй болохоор толгойгоо маажаад гайхаад суудаг." гэж. Яг үнэн.
Монгол улс бол ерөөсөө гүйцэтгэх захирлын дутагдалд, ерөнхий сайдын дутагдалд орчихсон улс юм.
Бид сайн ажиллаж байсан ня-бо, эсвэл сайн борлуулагчаа гүйцэтгэх захирал болгон дэвшүүлдэг. Ихэнх тохиолдолд нөгөө хүний маань парадигм аль төвшинд яваа вэ гэдгийг бодолцож үздэггүй. Гүйцэтгэх захирлын зангараг суусан уу, үгүй юу, анхаардаггүй.
Мэдээж нөгөөх нь "миний өмнөх арга барил сайн байсан учраас л дэвшлээ, яг энэ хэвээрээ үзээд байна аа." гэж бодно. Ажил цалгардана. Эзэн гайхна. Сайн байсан хүн гэнэт асар муу хүн болон хувирч эзэн бүүр учраа олохоо болино.
Ингээд нэг хүний карьер баларч байгаа нь тэр. Зүй нь сайн ня-бо гүйцэтгэх захирал болж дэвшмэгцээ өөрийн парадигмийг өөрчлөх ёстой юм л даа. (уг нь бол ГЗ болохоосоо өмнө бэлэн болсон байх)
Гүйцэтгэх захирал хүн хорвоо ертөнцийг ямар өнцгөөр харах вэ. Өмнө нь харж байсан 90 градусын хурц өнцгөө дэлгэж 180 градус болговол ямар вэ. Яаж бодох вэ. Яаж хөгжих вэ. Гэх мэтчилэн парадигмаа тохируулж өөрчлөх ёстой.
Харамсалтай нь манай дунд боловсрол хүүхдүүдэд боловсрол олгож чаддаггүй. Дээд боловсрол нь оютнуудад боловсрол олгож чаддаггүй. Хэсэг бусаг мэдээлэл цээжлүүлээд гаргадагаас энэ улс манлайллын, удирдлагын, менежментийн хямралд орчихоод байгаа юм.
Дунд сургуульд хүүхдийг эцэг эх болгож парадигмийг нь бэлтгэх ёстой. Үүнийг л хүний БОЛОВСРОЛ гэдэг юм. Ийм парадигмийг өөртөө төлөвшүүлсэн хүнийг л боловсролтой хүн гэнэ. Түүнээс логарифм яаж хувиргахыг 5 минутанд ютюбээс сурах цаг үед амьдарч байна бид. Өмнө нь хүн төрлөхтөн 15 - 16-тай хүүхэдтэй болоод эцэг шиг эцэг, эх шиг эх болоод амьдардаг л байв. Одоо 25 хүрч хуучны цагаар бол бараг үхэх шахсан хэрнээ л (дээр үед дундаж наслалт 35 - 40 байв) хүүхдээ өсгөж чадахгүй хаяж байна. Энэ бол боловсролгүйн харгай. Залуучууд мэдлэгтэй байж болно, боловсрол алга.
Дээд боловсролын системд нь мянга мянгаар нь менежмент, маркетинг, бизнесээр 4 жил сургаж төгсгөх боловч ГЗ парадигм суулгахгүй юмаа гэхэд, ядаж л парадигмаа өөрчлөх, хөгжүүлэх чадвартай болгож чадахгүй байна. Менежментийн 5 функцийг википедиягаас 10 минутанд уншдаг цаг үед амьдарч байна бид. Тэрийг бүтэн 4 жил цээжлүүлэх ямар хэрэг байна. Түүний оронд менежер хүний парадигмтай хүмүүсийг л төгсгөе.
Нам дагасан залуус нь хүртэл, "эхлээд төрд гараадхая, дараа нь юу хийхээ бодъё." гэх маягаар хөдөлж байна.
Энэ бол нэг талаас залуучуудад асар их боломжийг (ГЗ) илтгэх нийтлэл, нөгөө талаас манай боловсролын систем хэрхэн хамаг асуудлын үүр уурхай, уг үндэс нь болж байгааг харуулж байгаа юм.
Чингис хаан бидэнтэй харьцуулахад мэдлэггүй боловч биднээс хавгүй илүү боловсролтой хүн байв. Боловсрол агуу амжилтанд хүргэдэг, мэдлэг бол боловсролгүй хүнд хог.
PS: Энэ чаддаг хүнийг чадахгүй болтол нь дэвшүүлдэг үзэгдлийг Peter Principle гэж нэрлэдэг бөгөөд үүнийг Уншигч Батбилэг маань шэйр хийсэн тул линкийг нь үзэж сонирхоорой. https://en.wikipedia.org/wiki/Peter_Principle
No comments:
Post a Comment