Боловсрол гэж бид их ярьдаг. Ойлгох, ойлгохгүй нь их. Хүүхдийн боловсрол, их сургуулийн боловсрол, ард иргэдийн боловсрол гээд л хөвөрнө.
Би арван жилдээ хичээлдээ сонирхолгүй хүүхэд байв. Тийм олон л хүүхэд байсан. Одоо бодоход тэрийг ч сурахгүй яав, энийг ч ойлгохгүй яав гэж бодогдох.
Боловсролыг бид бүхэлд нь харахын тулд жаахан философийн асуудал хөндөх ёстой.
Ухаандаа. Хүний суурь дизайн нь боловсрох явдал юм гээд философийн томъёолол хэлчихэж болж байна.
Ерөөсөө хүн гэж амьтаны анхдагч өгөгдөл нь боловсрох байдаг учир өнөөдөр бид агуйгаас гараад ийм өндөр хөгжилд хүрээд явж байна.
Би өмнө нь бичсэн. Аливаа юманд олон шалтаг байж болох хэдий ч 2 л шалтгаан байна гэж. Тэр нь 1рт философийн, 2рт эдийн засгийн шалтгаан юм.
Зарим хүмүүс ярьдаг. Хөгжил дэвшил чинээндээ туллаа, одоо хүн төрлөхтөн мөхөх нь гэж. Харамсалтай нь тийм биш. Хүн гэж амьтаны боловсрох философийн шалтгаан нь мөнхийн учир ханаж зогсоно гэж байхгүй.
Энэ нь боловсрох философийн учир шалтгаантай нь холбоотой.
За тэгэхээр, хүүхэд бүр боловсрох философийн шалтгаантай юм байна. (боловсролтой хүн их мөнгө олдог гэвэл эдийн засгийн шалтгаан ч бас байна)
Тэгээд яагаад анги бүрт муу сурагч нар байдаг билээ. Их дээд сургуулиуд муу оюутнуудаар хахдаг билээ. Энэ сурагч нар, оюутнуудад буруу байхгүй л юм байна ш дээ.
Миний бодлоор заах арга технологи, өгч байгаа боловсролын контентод их асуудал байна. Дэлхий даяар шүү.
1 настай хүүхдүүдийг ажиглахад тэс ондоо характерууд харагддаг. Түүнтэй адил хүний боловсрох арга барил нь хандлагаасаа хамаарч өөр өөр байх нь тодорхой. Ийм байсаар байтал хэнд зориулж боловсруулсан нь мэдэгдэхгүй масс заах технологи, масс контент чихээд байхаар хүн яаж юм сурах.
Тааруу сурлагатай байсан сурагч нар том корпораци байгуулаад, том дарга хийгээд явах тохиолдол зөндөө л байдаг. Эд нар тэгэхээр боловсролын системийн гадуур боловсрол олж авсан болж таарах гээд байна. Оюуны чадамж сул учраас тааруу сурлагатай байсан биш, ердөөсөө л систем таарахгүй байж.
Дэлхийд боловсролын систем ялангуяа нүсэр, ойлгомжгүй, хуучны, хөшүүн болсон гэдэгтэй хэн ч маргахгүй байх.
Тэгвэл Монгол улсын хөгжил нь боловсролын системийг цоо шинээр реформ хийхээс эхэлнэ. Ингэж чадвал бид дэлхийд тэргүүлэгч гүрэн болж болно.
Дэлхийн сурган хүмүүжүүлэх нөөцийг харъя. Хамгийн хөгшин их сургууль 1000 орчим жилийн настай гэж үзвэл төдийлэн эрт биш л байна. Хамгийн ахмад сурах бичиг болох Библи (хамгийн олон найруулга засварт орж, олон зуун жилийн шүүлтүүр орсон цорын ганц сурах бичиг юм) 1700 (тийм байхаа) орчим жилийн настай. (Буддын Библээс ч эртний олон судрууд бий боловч Библи шиг энгийн, ойлгомжтой, түгээмэл болж шалгараагүй гэж үзэв.)
Бид үсэг, 4 аргын тоо заахаас эхэлдэг боловсролын системтэй (Орос ч юмуу Англи ч юмуу Франц ч юм уу суурьтай). Бидний гүйцэж очих гэж буй гүрнүүд бүгд энэ, үүнээс ч илүү аргаар заадаг. Бид яаж тэдний аргаар тэднийг гүйцэх.
Миний санаа бол хүүхдийг бага гэж гололгүй фундаментал төвшнөөс нь боловсролыг олгож эхлэх нь зөв. Эхлээд 18 хүртэл, дараа нь 22 хүртэл нь хэнд, юунд хэрэгтэй, яаж хэрэглэх гээд байгаа нь ойлгогдохгүй "мэдээллээр" бөмбөгдчихөөд боловсрол олгосон гэж нэрлэж болохгүй байх.
Бид "мэдлэг" олгодог боловсролын системтэй байх ёстой. 23X32= гэдэг бол мэдээлэл болохоос мэдлэг биш юм. "Мэдлэг" ухамсарлагдсан байдаг, түүнийг хүн өөрийн амьдралд бүрэн ашиглаж болохоор байдаг бол "Мэдээлэл" нь цээжлэгдсэн байгаад мартагддаг жамтай юм.
Шууд амьдралын утга учир, зорилго чиглэл, хайр, бүтээл, нөхөрлөл, өрсөлдөөн, урлаг, соёлын сэдэврүү орвол яахав. Амьдрал гэж юмны суурь утга учрыг нь заахгүйгээр логарифм заагаад яана. Түүнийг юунд хэрэглэх?
Барилга гэж зүйлийг бүтээл талаас нь, урлаг талаас нь, бахархал талаас нь заахгүй - Барилгын инженерээр төгсгөж болох уу?!
Тийм л учраас хазгай муруй ханатай, аюулгүй байдал хангаагүй, оршин суугчид гоё мэдрэмж өгөхгүй барилгууд дүүрэн Монголоор босоогүй юу.
Энэ бүх л мэргэжилд хамаатай.
Гиппократын тангарагынхаа философийг ойлгоогүй 10 жил сурсан эмчээр яг юу хийх вэ. Хэнийг, яаж эмчилнэ гэж найдаж суух вэ. Эд ,эсийн ангилал зүйн мэдээллийг тархиндаа хүчээр цээжлээд онц дүн авсан эмч шинэ эмчилгээний арга зохиож барах уу?
Гэтэл эмчлэхүйн философи, хүнийг энэрэхүй, өөрийгөө олны төлөө цөлхүй, бахархалыг бүтээх, бүтээх, урлах философийг заалгасан хүн тэр эд эсийн ангилалыг чинь нэг хараад цээжлэх бус ухамсарлах юм шиг санагдана.
Дахиад хэлэхэд Боловсрол гэдэг бол хүний суурь өгөгдөл. Хүн бүр боловсрох дуусашгүй эрмэлзэлтэй.
Би сая хөдөө явлаа. Нэг малчин залуу хонио туун зам гарна. Би бодов. Энэ залуу өглөө гараад орой гэртээ орж байгаа. Энэ хооронд ямар ч шинэ мэдлэг нэмэгдэхгүй. Хэрэв залуугийн боловсрох философийн өгөгдлийг нь ямар нэгэн байдлаар хангаж чадсан бол энэ залуу биотехнологийн лабораторид суугаад нээлт хийж суух ч билүү хэн мэдлээ.
1-р ангид А үсэг заахад төвлөрөх биш харин "Боловсрох суурь дизайнтай - түүнийгээ хангах нь чухал юм" гэдгийг л хүүхдэд ухамсарлуулбал барна.
Малчин залуу энэ суурь дизайнаа мэдэрсэн байсан бол яах вэ. Би үргэлжлүүлж бодсон юм. "Энэ залуу өдөрт 10, үгүй 30, ер нь өдөржин мал дагаж яваа юм чинь 50 англи үг өлхөн цээжлэх юм байна. Энэ маягаараа сард 1500, 1 жилийн дараа гэхэд толь бичгийг дуусгахнээ."
3-5 өдөрт 1 номыг цааш харуулна гэж бодвол жилд 50 гаруй номны ард гарна. Малчин залуу үнэхээр боловсрох дизайнаа мэдрээд, арга барилаа заалгачихсан байсан бол 2 жилийн дотор суут ухаантан болох нь.
Мэдээж ярих амархан хийх хэцүү. Хэрэв миний хэлсэн шиг боловсролын системийг бүхэлд нь мэдээлэл өгөхөд биш харин мэдлэгийг өөрөө олж авах сэдлийг бий болгоход чиглүүлбэл юу болох вэ. Интернет дээр бүх мэдээлэл орчин цагт байхад - бид хүүхдүүдийг шийтгэж байгаа юм шиг модон сандал дээр өдөржин хадах эдийн засгийн утга учир байна уу ер нь.
Боловсрох эрмэлзлээ нээчихсэн хүүхэд, арга барилаа эзэмшчихсэн хүүхэд тэр хэдэн сар үздэг логарифмийг чинь 5 минутанд л ютюбээс сурна ш дээ одоо. Дэлхийн газарзүйг 1 баримтат кино үзээд л 3-4 жил алдаг оног халтуурдсанаас давуулна ш дээ одоо.
Мэдээж иймэрхүү санаа, ярианд хамгийн том хаалт хийх хүмүүс бол манай боловсролынхон өөрсдөө байх болно.
No comments:
Post a Comment