Миний сууж байсан курсэд Бутаны оюутан байв. Бутан бол Төвд ба Энэтхэгтэй хил залгаа жижигхэн улс гэдгийг мэдэх байх.
Анх тэр хүнээс Үндэстэний Аз Жаргал (Gross National Happiness) хэмээх албан ёсны хэмжүүрийн тухай сонсож билээ. Энэ улс ҮАЗ индексээр дэлхийд тэргүүлдэг гэж ярьж байв. Мэдээж өндөр уулсаар хүрээлэгдэж, орчлон ертөнцөөс хөгжлөөрөө хол тасарсан, техник технологи мэдэхгүй, харанхуй хаант засагтай Бутан улс эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэхэд хол байна.
Гол нь Бутан улс ҮАЗ индексээр тэргүүлсэн учир эдийн засгийн хөгжил дэвшил огт хэрэггүй гэх мэтээр ярьсан нь миний эгдүүцлийг төрүүлж бид хоёр бяцхан маргалдаж билээ.
Бутан улс Хятад улстай хилийн маргаантай. Саявтархан Хятадын цэрэг Бутаны газар нутагт бааз байгуулсан гэх мэдээ сонсогдож билээ. Өмнө нь ч гэсэн Хятад улс Бутаны статусд халдаж байсан тохиолдлууд хэд хэд гарч байж.
Энэ хэрэг явдлаас гадна нэг залуутай хийсэн саяханы яриа санагдана. "Бид Америк улсыг хөгжлийн жишиг болгох шаардлагагүй, тэртэй тэргүй өндөр хөгжилтэй орнууд эргээд хотоос-байгал, хөгжлөөс-харилцан зохицолдлогоруу шилжиж байна. Монголчууд мал маллахаа больж болохгүй, хотод амьдрах хэрэггүй. Угаасаа дэлхий эргээд өмнөх түүхрүүгээ буцаж байна."
Үнэн бол гоё л доо. Бутан шиг бас Монгол шиг хоцрогдсон улсуудын хувьд хичнээн завшаантай.
Өөрийгөө либерал, либертариан үзэлтэй гэж нэрлэсэн зарим хүмүүс бас асуудлыг дутуу хараад байх шиг. Төр огт зах зээлд оролцож болохгүй юм гэнэ. Уг нь энэ нео А.Смит төвтэй үзэл 2008 онд цохигдчихсон юм л даа. Ер нь төр нь оролцолгүйгээр хөгжсөн улс энэ дэлхийд байдаг юм болов уу. Төр гэж юмны үүрэг нь юу юм бэ? Хөгжил дэвшил биш гэж үү.
Либерал, либертариан үзэлтэй гэж өөрийгөө нэрлэхийн тулд юуны өмнө улс төрийн философийг нэвт судласан байх ёстой. Төрт ёсны түүхийг мэддэг байх ёстой юм шиг санагдана.
Бутан улсын эдийн засгийг хааны хамаатан саднууд хувааж эзэмшдэг гэж ярьж байсныг тэнд очсон хүнээс нь сонсож байсан юм байна. Ийм байхад Бутанчууд дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүсээр тодорчээ.
Аз жаргал гэж юу юм бэ? Аз жаргал бол нэг талаас философийн, нөгөө талаас психологийн ухааны асуудал мөн.
Аливаа хүнийг оролцуулахгүйгээр нийт хүн төрлөхтөний хувьд АЗ ЖАРГАЛыг тодорхойлох нь философийн асуудал болно. Харин тухайн хүний хувьд АЗ ЖАРГАЛ яаж тодорхойлогдож байгааг судлах нь психологийн ухааны асуудал болно.
Психологич Д.Гилберт "Аз жаргал хүн бүрийн хувьд өөрөөр, тухайн нөхцөл байдалтай уялдан тодорхойлогддог." гэж бичсэн байдаг.
Эдийн засагч С.Левитт "Америкчуудыг судлаж үзэхэд жилийн 70,000 доллар буюу дунджаас ялимгүй дээш төвшний орлого хүртэл, мөнгө аз жаргалд тодорхой нөлөөтэй байдаг боловч түүнээс дээш аз жаргал нь мөнгөнд мэдрэмжгүй юм." гэж бас мөнгө ба аз жаргалын хамаарлыг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл аз жаргал бидний боддог шиг мөнгөнөөс их хамаардаггүй байх нь.
Мөн Political Philosophies in Moral Conflict номонд "Харвардын оюутнуудыг судлагаанд хамруулж - а. Таны цалин жилийн 45,000 доллар, гэхдээ энэ нь бусад хүмүүсийн дундаж цалинтай ижил. б. Таны цалин жилийн 25,000 доллар, гэхдээ бусад хүмүүсийн дундаж цалин 19,000 доллар. та алийг нь сонгох вэ?" гэсэн судлагаа явуулахад оюутнууд .б. хувилбарыг сонгосон байдаг. Өөрөөр хэлбэл аз жаргал харьцангуй байдлаар хэмжигддэг байх нь. Хажуу айлын Дорж шинэ машин аваад уначихвал би аз жаргалгүй болно. Би Доржоос илүү сайн машин унавал би аз жаргалтай гэх мэт.
Хувь хүмүүсийн хувьд аз жаргал гэж ийм юм байж. Тэгвэл үндэсний аз жаргал юу вэ.
Хэрэв Бутанчуудыг бүгдийг нь дайчилж Хятадаас хамгаалсан том бэхлэлт баривал яах вэ. Бутанчууд аз жаргалгүй болох уу? Эсрэгээр Монгол улс хүнсний хувьд хараат бус байхын тулд бүх оюутнуудыг газар тариалангийн ажилд дайчилбал яах вэ? Монголчуудын аз жаргал буурах уу?
Либерал ба либертариан үзлээр бол энэ хориотой.
Гэтэл аз жаргалыг зөвхөн тухайн моментод, ялангуяа үндэсний хувьд тодорхойлох нь зөв үү.
Үндэстэн оршин тогтнох эсэх нь эгзэгтэй болоод байгаа үед (магадгүй Бутаны одоогийн жишээг хэтрүүлж бодлоо гэж үзье) аз жаргалыг яаж хэмжих вэ.
Энэ нь сэтгэлийн их зовлонтой хүн хар тамхи эсвэл архи хэрэглэж түр тайтгарахтай адил аз жаргал биш гэж үү?
Монгол улс хөгжилтэй орнуудаас хол хоцорсон байхад, Монголчууд бид аз жаргалтай ард түмэн гэж өөрсдийгөө томъёолж болох уу. Хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэж, дээрэмдэж ирсэн нь дэлхийн түүх биш үү. Энэ түүхийг бид дунд сургуульдаа үзээгүй гэж үү. Энэ түүхийн хичээлдээ муу сурч байсан нөхдүүд өнөөдөр өнгөрсөн, одоо, ирээдүйг дэнсэлж чадахгүй Монгол улсыг чөлөөт зах зээл нь Адам Смитийн далд гарын тусламжтайгаар хөгжүүлнэ гэж дэлхийн түүхэнд тохиолдож байгаагүй зүйлийг яриад явж байгаа юм биш биз.
Төрийг барьдаг, төрийг удирддаг, улсыг хөгжүүлдэг хүн тэгвэл үндэстний аз жаргалыг яаж тодорхойлох ёстой вэ. Өөрөө бүх бизнесийг нь булаагаад авчихсан хаан хүн магадгүй хэзээ ч Хятадад дээрэлхүүлж магадгүй, хоцрогдсон, бүдүүлэг ард түмнийхээ тархийг "та нар аз жаргалтай" гэж угаадаг байж болох юм. Монголд харин юу вэ?
"Монгол улс 200 жилийн төлөвлөгөө гаргаад дэлхийд манлайлая" гэж намайг ярихад лидер гэгдэх хүмүүс солиотой хүн харж байгаа мэт хардаг. Энэ хоосон амбиц уу. Бүтэшгүй мөрөөдөл үү. Зүгээр л нэг залуугийн цээжинд орсон үг үү.
Үнэн хэрэгтээ бид дэлхийд манлайлах технологи, хөгжлийг эзэмшихгүй бол манай улсын, бидний үндэстний оршин тогтнолд аюул заналхийлэл учрахгүй гэж үү. Энэ бол хоосон амбиц, тэнэг мөрөөдөл биш - бодит шаардлага гэж би харах юм.
Бодит шаардлага бидний өмнө байна. Барьж аваад шаардлагыг биелүүлэх нь л төрийн хар хүний үүрэг юм. Гэтэл бодит шаардлага энэ байна шүү - гэж заасан хүнээ тэнэг хүн мэт харж эхэлбэл, энэ юу болох вэ.
Айх аюулгүй, сөргөлдөх дайсангүй, дээрэлхэгч хүнгүй байх нь үндэстэний АЗ ЖАРГАЛ юм бус уу.
Хүчтэй хүнийг хэн ч дээрэлхэхгүй. Хүчгүй хүнийг бүгд дээрэлхэнэ. Одоо яг ямар дүр зураг явагдаж байна дээ тэгээд.
Дэлхийн Эдийн Засгийн Форумаас мөнгө төгрөг гаргаж Монгол улсын хөгжлийн сценарийг гаргалаа. Сүр дуулиан болж манай төрийн ордонд, Эдийн засгийн форум дээр танилцуулав. Хачирхалтай нь Монгол улсын ирээдүй нь А ба Б хувилбартай. А - Хятад улс хөгжвөл, Б - Хятад улс хөгжихгүй бол гэсэн утгатай таамаг дэвшүүлсэн байх юм.
Бид чинь толгой тархигүй болтлоо дорд орсон ард түмэн үү. Хэзээнээс эхлээд Хятад хөгжих, эсэхээс бидний талх хамаардаг болсон бэ. Хэзээнээс эхлээд Монголын төр ийм утгагүй тэнэглэлийг төрийн ордондоо залж авчраад сонсдог болсон бэ.
Хэзээнээс эхлээд бид нар өөрсдөө таамгаа гаргаж. А. Бид нанотехнологид өрсөлдвөл, Б. Бид биотехнологид өрсөлдвөл гэх маягаар төсөөлж эхлэх вэ. Төрийн харчуудаа?
No comments:
Post a Comment