2000-2001 оны үед дээ. Вагнер Ази Монголд Форд Экспедишн гэх бандгар жийп 200 гаруйг зарж, Фордын оны хамгийн өндөр өсөлттэй зах зээлээр тодорч. Вагнер Азийн дилерүүд гэх хүмүүс сард 10 20 саяын бонус авдаг гээд л ёстой домог шиг яригддаг байв.
Тэр дилерүүд гэх хүмүүс нь бараг л тэнгэрээс төрсөн тусгай хүмүүс байдаг мэтээр ойлгогдож. Тэр хүмүүс л тийм өндөр борлуулалт хийгээд байгаа мэтээр сэтгэгдэж.
Яг үүнтэй адилаар 2010 оны үед Монголд Луи Вуттон нээгдсэний дараа борлуулалтын өсөлт нь бүс нутагтаа дээгүүр хэмжигдэж ам дамжин яригдаж байв. Гэтэл нөгөө талд 2008 оны үед шиг санана, МакДоналдсынхан Монголд ирээд энэ зах зээлд салбараа нээх тохиромжгүй юм гэж дүгнэчихээд явсан.
МакДоналдс Биг Мак нь зарагдахгүй гэж айсан хэрэг л дээ.
Хэрэглэгчийн сэтгэл зүйг моделчилж болдоггүй төвөгтэй эд. Ямар сайндаа л Эдийн засгийн ухааны эрэлт нийлүүлэлтийн хууль нь бүх талаар цохилтонд орж байхав. Би өмнө нь бичсэн шиг санагдана - "намайг алтны дилер хийж байхад алтны үнэ өсөх тусам л эрэлт нь нэмэгдээд байхыг харсан" гэж. Амьдрал дээр хэрэгждэггүй бол хууль гэж нэрлэх хэрэг юусан билээ.
Асуудлын гол нь хэрэв 2008 онд Макдоналдс Монголд салбараа нээсэн бол үнэхээр бүтэлгүйтэх байсан гэж үү. Макдоналдс аливаа улс оронд салбараа нээх шийдвэрээ гаргахдаа тухайн улс орны эдийн засгийн нөхцөл байдал, хүн амын худалдан авах чадварыг харгалздаг гэж байгаа. Мэдээж чанартай бүтээгдэхүүн хүргэх боломж нөхцөл зэргийг бас харгалзана.
Макдоналдсын менежерүүд маш муухай, бүдүүлэг алдаа гаргаж байх шиг санагдана. Ер нь тэднийд хэрэглэгчийн сэтгэл зүй ойлгодог хүн байна уу?
Гол асуудал нь нөхцөл байдлын ялгаанд оршиж байна гэж бодном.
Тухайлбал дэлхийд хөгжлөөр тэргүүлэгч Америк улсад Макдоналдс брэндийг цоо шинэ бүтээгдэхүүн болгож гаргахад хэрэглэгчийн худалдан авах чадвар ямар түвшинд байх ёстой вэ? Гэтэл нөгөө талд нь хэдийгээр ядуу ч гэсэн Америкийн кино зохиолоор хүмүүжиж, Макдоналдсыг хэрэглээний охь манлай гээд ойлгочихсон ард түмэнд Макдоналдсыг хүргэх нь ямархуу байх бол.
Хүн ер нь хэрэглээг чухалчилдаг амьтан юм шиг. Учир нь хүн хэрэглээнээсээ таашаал авч байдаг шүү дээ. Сүүлчийн мөнгөө шавхаад Луй Вуттоны цүнх авч байгаа хүнийг харж байлаа.
Ер нь Монголын ард түмэн дэлхийн хөгжилтэй орнуудаас хэрэглээгээрээ яажшуухан хоцорсон байгаагаа мэдэхийн дээдээр мэдэж л байгаа шүү дээ. Дутуугаа мэдэрсэн хүн түүнийгээ гүйцээхийн тулд юу ч хийхээс буцахгүй. Өр зээл тавьж байгаад ч болсон хэрэглэхийг л бодно.
Бидний хэрэглээний иймэрхүү хандлагыг ойлгож чадсан Луй Вуттоныхон мундаг байхад, Макдоналдсынхан үнэхээр арчаагүй л байна даа.
No comments:
Post a Comment