:::Фундаментал Сэтгэлгээ::: Шинж чанарыг үл тоож, Мөн чанарыг хайна. Туйлын үнэн байна гэдэгт итгэнэ. Үзэгдлийг хуйвалдаан, нэг бүлэг, нэг хүн, бурхан биш харин фундаментал зүй тогтол бий болгодог гэж үзнэ. Төгс бүтээл, төгс системд тэмүүлнэ.
Monday, June 2, 2014
Цаг хугацаа гэж үгүй, зөвхөн Өөрчлөлт л бий
Физикт цаг хугацаа гэж байдаг эсэх талаар маргалддаг. Цаг хугацааг нэг хэмжүүр гэж үздэг уламжлалт хандлага байдгийг тэмдэглэх нь зүйтэй.
Гэхдээ цаг хугацаа бол бидний төсөөлдөг шиг өрнөл биш харин зөвхөн ӨӨРЧЛӨЛТийн хэмжүүр юм гэж үзэх физикч нар олноор гарч ирэх болсон.
Бодит амьдрал дээр "цаг нь болоогүй", "эрт байна", "цаг нь ирэхээр" гэх мэт яриа түгээмэл сонсогдоно.
Анх 2005 оноос бизнесийн янз бүрийн санаа оноог зах зээлийн хөгжил дэвшилтэй холбон сэдэж байхдаа "удахгүй цаг нь ирнэ, удахгүй зах зээл ингэж хөгжинө, тийм төвшинд хүрнэ" хэмээн таамагладаг байв.
Уул уурхайн баялагаа гаргаж, эдийн засаг өсч, удахгүй хөрөнгийн зах хөгжинө - дилер мэргэжил эзэмшсэнийхээ хэргийг гаргана гэж хардаг байв.
Өнөөдөр 10 жил шахуу өнгөрлөө, хөрөнгийн захад бодитой хөгжил гарсан юм алга. 10 жил гэж бодоход үнэхээр хүний амьдралын том мөчлөг өнгөрсөн нь харагдана. 10 жилийн өмнө гаднаас ирсэн зөвлөх шиг "Хөрөнгийн захын хөгжил хэрэгтэй" гэж лоозогнож л мэддэг байсан бол өнөөдөр яагаад хөрөнгийн зах хөгжих хэрэгтэй вэ гэдгийг ухамсарлаж байна.
Бас яагаад хөгжихгүй байгаа вэ гэдгийг ухамсарлаж байна.
Зөв цаг гэж байдаггүй, цаг нь ирнэ гэж байдаггүй юм байна л даа. Өөрөөр хэлбэл цаг хугацаа гэж байдаггүй юм байна. Харин зөвхөн өөрчлөлт л гэж байдаг юм байна.
Өөрчлөлтийг хэн ч хийгээгүй учраас өнөөдөр хөрөнгийн зах бахь байдгаараа л байгаа. Энэ зах зээл дээр цаг хугацаа өрнөсөнгүй. Хөрөнгийн зах гэж юу болох талаар төсөөлөл ч үгүй уншигч нар олон байгаа байх. Товчхон л хэлье.
Хөрөнгийн зах хөгжихгүй бол, Монгол улс яг одоогийн байдлаараа хадгалагдана. Ухаантай улс төрч (Чингис хаан II) гарч ирээд хөгжүүлнэ гэж бүгд далд ухамсартаа хүлээж байгаа нь нууц биш ээ. Бодитой хүлээлт биш юм. Боломжгүй хүлээлт юм. Утопи, парадокс хүлээлт юм.
Одоогийн байдал гэж юу вэ? Баян айлд төрсөн хүүхэд баян амьдарч, ядуу айлд төрсөн хүүхэд ядуу дуусах ийм л байдал юм. Бид үр хүүхэддээ ийм ирээдүйг үлдээх гэж байгаа. Үүнийг хэн ч харж чадахгүй байгаа нь үнэн. Нотолгоо нь, ямар ч улс төрч хөрөнгийн захын хөгжилд анхаарлаа хандуулахгүй байгаа бодит фактаар илрэнэ.
За тэгвэл, цаг хугацаа гэж байдаггүй юм байна, тэгвэл ӨӨРЧЛӨЛТ гэж юу вэ.
Логикоор өөрчлөлт хийдэг, өөрчлөлтийг авчирдаг, өөрчлөлтийг бий болгодог байж таарах гээд байна. Тэрнээс биш цаг хугацаа шиг өөрөө урсаж байдаггүй байх нь.
Хөрөнгийн зах эдийн засгийн өсөлттэй хамт хөгжиж, брокерийн бизнес цэцэглэж, баялагийн хуваарилалт зөв явагдаж эхлэх юм байна гэж 2005 онд бодож байсан маань таг худлаа болов.
Яг энэ байдлаараа өөрчлөлтийг хийхгүй, авчрахгүй, эхлүүлэхгүй бол 2025 онд яг хэвээрээ байна гэдгийг баттай мэдэв.
Чамайг Харвардын доктор, УИХ-н гишүүн, Тэрбумтан баянаас ялгах ГРАНД ЯЛГАРАЛ бол чи ӨӨРЧЛӨЛТИЙН ЭЗЭН байж чадах эсэх болой.
Хөрөнгийн зах бол фундаментал өөрчлөлт мөн. Гэтэл зам барих, оксфорд системийг боловсролд суулгах, хэдэн хүлэмж барих, долларын ханшийг хазаарлах зэрэг нь юусан билээ дээ. Хөрөнгийн захыг хөгжүүлэхэд - зам баригдаж, боловсрол сайжирч, зээлийн хүү буурч ... гэх мэтчилэн одоо бидний хийх гээд майлж буй өөрчлөлтүүд дагавар төдийгээр л хийгдэнэ.
Гэтэл ухамсарын хувьсгалаас илүү фундаментал ямар өөрчлөлт байх билээ? ӨӨРЧЛӨЛТийн эсрэг таг зогсож буй ухамсар дорой, үхээнц, негатив зан чанарыг өөрчлөхөөс илүү фундаментал өөрчлөлт гэж байх уу. ӨӨРЧЛӨЛТийн эзэн болох сэдлийг, зоригийг, хариуцлагыг суулгадаг өөрчлөлтөөс илүү ГРАНД өөрчлөлт гэж байх уу.
За яг ийм өөрчлөлтийг Монгол улсад хийж чадсан хүн Дэлхийн түүхэнд нэрээ мөнхлүүлж, зууны их сэтгэгч, нийгмийн лидерээр тодорч Махатма Ганди тэргүүтэнтэй зэрэгцэх болно.
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
Ойлголоо
Post a Comment